Баянзүрх дүүргийн шүүхийн 614 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Баянзүрх дүүргийн шүүхийн 614 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 148.2, 261.1, 268.1-Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох, Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр                         Дугаар 614                          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Д.Чулуунхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одгэрэл
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Шүүгдэгийн өмгөөлөгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261-р зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох 20629315 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 11-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ... онд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, … дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж дэслэгч цолтой байсан. Ам бүл …, … дүүргийн …-р хороо …-р байрны …тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М ,

Шүүгдэгч М. нь хээл хахууль өгөгчийн /Г/ ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр, өөрөө хээл хахуульд 50 000 төгрөг авсан., мөн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, албан тушаалын байдлаа ашиглаж залилан мэхэлж 50 000 төгрөг авсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхэд талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М 2006 оны 2 дугаар сарын 28-нд сэжигтнээр тооцогдож анхны удаад байцаагдахдаа мэдүүлсэн: 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б холбогдох материал цохогдсон бөгөөд тухайн өдөр өглөө 9 цагт Г гуай 50 000 төгрөг өгөөд ах нь янз бүрийн асуудал гаргахгүй, ав гэсээр байгаад өгсөн юм. Цагаан сарын дараа … дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” кафейны үүдэнд орой 20 цагийн үед Б-ын аав Г-ээс прокуроруудыг хооллож байна гэж худал хэлж 20 000 төгрөг аваад өөрийн найз Ж-тэй цуг хэрэглэсэн юм. Ж. миний багын найз, уурхайд ажилладаг юм. /ХХ-91/ гэсэн мэдүүлэг, яллагдагчаар татагдан 2006 оны 3 дугаар сарын 21-нд байцаагдахдаа мэдүүлсэн: … Г-ээс прокуроруудыг хооллож байна гэж 50 000 төгрөг аваад найз Ж-тай хамт хэрэглэсэн. /ХХ-94/ гэсэн мэдүүлэг, … Би санаатайгаар зайлсхийгээгүй, Сингапур явж эмчилгээ хийлгэж байгаад 2007 оны 8 дугаар сарын 25-ны үеэр ирсэн. … прокурорын шатанд байхдаа Сингапур явсан. Тэгээд прокурортоо уг өвчний байдлаа хэлж чадаагүй явсан юм. Одоо ч гэсэн миний толгой өвддөг юм. /ХХ-211, 212/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлсэн: Би хүү Б-ийг батлан даалтанд өгөхдөө аав Г-ээс 50 000 төгрөг авсан нь үнэн. Энэ миний буруу дараа нь цагаан сарын дараа шинийн гурванд “Б” кафений үүдэнд Г-ийг утсаар дуудаад прокуроруудыг хооллож байна. Юмыг чинь янзлаад өгье гэж худал хэлж 50 000 төгрөг авсан нь үнэн. Би энэ хэрэгт шалгагдаж байхдаа аавыгаа Хөх хотод эмчлүүлж, дараа нь Москва явж эм авч ирсэн юм. Би Нарантуул дээр анх хэрэг бүртгэгчээр ажиллаж эхлээд 5 жил ажилласан. Би Б-ийн ялыг харахад урьд арга хэмжээ авагдсан байж болзошгүй тул цагдан хорино гэсэн. Аав нас барж эхнэр салснаас хойш архи уугаад сүүлд нь 50 000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г 2006 оны 3 дугаар сарын 02-нд байцаагдахдаа мэдүүлсэн: Миний хүү Б нь … дүүргийн цагдаагийн хэлтэст түр саатуулагдсан байсан бөгөөд 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б-ээ авах зорилгоор очиж жижүүр Р-д хүү Б-г батлан даалтанд авахаар тодорхойлолт бичгээр гаргаж Б-г даалтанд аваад хэрэг бүртгэгч Р маргааш 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө 9 цагт ир гэсний дагуу маргааш цагдаагийн хэлтэс дээр өглөө 9 цагт очиход Б-ийн асуудал хэрэг бүртгэгч М дээр цохогдсон байсан. М хэрэг бүртгэгчтэй уулзахад танай хүүг хорьж шалгахаас өөр ямар ч боломж алга гэж хэлсэн. … Би ямар шаардлага хангаж байж Б-ийг даалтанд авах вэ? Гэхэд М цагаан сараар алга болчихож магадгүй, саатуулсан нь дээр гэсэн. Би мөнгө өгч байж даалтанд авах юм байна гэж ойлгосон. Тийм учраас би 50 000 төгрөг өгсөн юм. Дараа нь асуудал маш шуурхай шийдэгдэж даалтанд Б-ийг өгсөн юм. Дараа нь М утсаар яриад танай хүүхдийн асуудал гэр бүлийн асуудал байна. Би прокурортой яриад нэг тийш нь шийдүүлэх талаар ярилцаж байна. Та сансар баарны дэргэд тунелийн харалдаа байж бай. Прокурор хоолонд оруулах хэрэг байна гэж хэлсэн. Би 20 цагийн үед тунелийн харалдаа зогсож байхад М нь гадуур хувцасгүй гарч ирээд прокурор хэргийг уншиж байна гэсэн. Би орж уулзая гэхэд та уулзаж, харагдаж болохгүй. Та харин цайнд оруулах мөнгийг нь өгчих гэсэн. Би М-д санал болгосноор нь 50 000 төгрөг өгсөн. М худлаа ярьж надаас мөнгө далимдуулж авч байсныг ойлгоод асуудал гаргасан юмаа./ХХ-65, 66/ гэсэн мэдүүлэг, 2006 оны 3 дугаар сарын 21-нд дахин байцаагдахдаа мэдүүлсэн: … М-оос 100 000 төгрөгөө эргүүлж авсан. М нь ухамсарлаж ойлгоод шахаж шаардуулалгүй мөнгийг надад өгсөн. Гомдол санал байхгүй, эвлэрч учир зүйгээ олсон. Хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү /ХХ-69/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б-ээс 2006 оны 3 дугаар сарын 02-нд байцаагдахдаа мэдүүлсэн: … манай гэр бүлийн хүн Ц Эрээн хот руу шинэ жилийн солют аваад ирнэ, 4-5 нугалж зарна гээд явуулсан. Би уг солютыг Эрээн хотоос авчрах гэж яваад хураалгасан юм. Гэтэл Ц нь намайг мөнгө авч явж залилсан гэж өргөдөл гаргаад намайг … дүүргийн Цагдаагийн хэлтэс баривчилж, … дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр түр саатуулсан. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан хэрэг бүртгэгч Р намайг даалтанд гаргасан. Маргааш нь 28-нд аав Г-ийн хамт очиход хэрэг бүртгэгч М дээр материал цохогдсон байсан бөгөөд М-тэй уулзахад уг асуудлыг шалгана, дуудсан цагт ирээрэй гээд аав Г-ээр батлан даалт гаргуулж авсан юм. М нь надаас нэг ч удаа байцаалт, тайлбар аваагүй бөгөөд сүүлд дэд хурандаа Э дээр миний хэрэг очсон юм. Манай аав Г нь М-д Бишрэлт кафейн тэнд 50 000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. /ХХ-70/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Э-ээс 2006 оны 2 дугаар сарын 28-нд байцаагдахдаа мэдүүлсэн: … Б-д холбогдох хэргийг 2006 оны 2 дугаар сарын 14-нд дүүргийн прокуророор зааварчилгаа бичүүлж 2006 оны 2 дугаар сарын 15-ны хүлээн авч Б-ийг сэжигтнээр тооцож байцаалт авсан. Хохирогч Ц-г байцаасан байсан . /ХХ-78/ гэсэн мэдүүлэг.

Гэрч: Ц-ээс 2006 оны 3 дугаар сарын 03-нд байцаагдахдаа мэдүүлсэн….хэрэг бүртгэгч М нь уг материал дээр огт юм хийхгүй байсан юм. /ХХ-83/ гэсэн мэдүүлэг.

Гэрч Д-ээс 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байаагдахдаа мэдүүлсэн:….. Б-ийн аав Г нь надад хэрэг бүртгэгч М нь прокурор хооллож байна гээд 50.000 төгрөг авсан гэж хэлж байсан юм.

Шүүгдэгч М-ийг … дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч дадлагажих ажилтнаар 2004 оны 6 дугаар сарын 08-наас томилж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 260 тоот тушаал /ХХ-109/,

Шүүгдэгч М. урьд ял шийтгэгдэж байгаагүй болохыг шалгасан хуудас /ХХ-113/,

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын түдгэлзүүлэх тухай 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 90.1 тоот прокурорын тогтоол: М-ийн хаа байгаа нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр /ХХ-157/,

М-ийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол /ХХ-158/,

Шүүгдэгч М Монгол улсын хилээр 2006 оны 4 дүгээр сарын 22-нд Замын-Үүд боомтоор орсон, 2006 оны 4 дүгээр сарын 25-нд гарсан, 10 дугаар сарын 28-нд гарсан, 12 дугаар сарын 3-нд гарсан, 12 дугаар сарын 7-нд орсон, 12 дугаар сарын 16-нд гарсан, 12 дугаар сарын 17-нд орсон, Буянт-Ухаа боомтоор 2007 оны 2 дугаар сарын 18-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ-135 аялалын онгоцоор гарсан, Сүхбаатар боомтоор 2007 оны 3 дугаар сарын 11-нд орсон, 4 дүгээр сарын 20-нд Улаанбаатар-Москва чиглэлийн 05-р галт тэргээр гарсан бүртгэлд авагдсаныг Хил хамгаалах ерөнхий газрын 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1-6/1002 тоотоор тодорхойлсон байна. /ХХ-171/,

Шүүгдэгч М-ийг зарлан дуудсан, эрж сургалсан тухай тэмдэглэлүүд /ХХ-171-185/,

Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тогтоол 2007 оны 4 дүгээр сарын 06 ноймер 32, 2006 оны 8 дугаар сарын 08-ны тогтоолыг хүчингүй болгосон /ХХ-164/

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 37 тоот тогтоол: М. нь 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар-Москвагийн чиглэлийн галт тэргээр Монгол улсын хилээр гарч мөрдөн байцаалтаас оргосон гэж /ХХ-ийн-189/

Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол: 2007 оны 5 дугаар сарын 14 өдрийн ноймер 07 /ХХ-190/,

Хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай тогтоол: 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ноймер 108: М-ийг 2007 оны 8 дугаар сарын 27-нд эрэн сурвалжлагдан баригдсан гэж сэргээх мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн /ХХ-192/,

Сэжигтнийг баривчлах тогтоол 2007 оны 8 дугаар сарын 27-нд М-ийг баривчилж, 2007 оны 8 дугаар сарын 30-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /ХХ-193, 196/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж барьцаа авах /500 000 төгрөг/ таслан сэргийлэх арга хэмжээ авсан /ХХ-227/,
М-ийг 2006 оны 2 дугаар сарын 28-нд У, О. нарын батлан даалтанд өгөхөөр таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, батлан даалт /ХХ-89/,

Эд мөрийн баримтаар шүүгдэгч М-ээс 50 000 төгрөг хурааж, хадгалах тухай тогтоол /ХХ-327, 328/,

Шүүгдэгч М-ээс бусдад учруулсан хохирол болох 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г-т олгож хохирол барагдуулсан тухай мөрдөн байцаагч З-гийн тайлбар /ХХ-329/,

Шүүгдэгч М-ийг … дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчийн ажлаас 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөр тасалбар болгон халж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан тухай. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 тоот тушаал /ХХ-340/,

Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэгт мөрдөгдөж байсан Б-д холбогдох хэргийг өршөөл үзүүлэх тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 23-ны/ 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон тогтоол. /2007 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ноймер 133/, /ХХ-342,/,

Г 50 000 төгрөг хахуульд өгснөө сайн дураараа илчилж ирсэн гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /ХХ-122/ зэрэг болно.

Шүүгдэгч М нь … дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа өөрт цохогдсон иргэн Ц-ийн “хамтран амьдрагч Б нь 3040000 төгрөгийг залилан мэхэлж авсан” гэх тухай гомдлыг шалгаж байх хугацаандаа 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б-ийн эцэг Г-д “хүүг чинь хорьж шалгана, өөр ямар ч боломж алга, цагаан сараар алга болчихож магадгүй учраас саатуулсан нь дээр “ хэмээн хэлснээс хүүгээ хориулахгүй гэсэн эцэг Г-ээс 50.000 төгрөг авч Б-ээр дуудсан хугацаанд чирэгдэлгүй ирнэ” гэсэн тодорхойлолт бичүүлэн авч явуулсан, мөн 2006 оны 2 дугаар сарын цагаан сарын дараа Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төв дэх “Б” баарны гадна иргэн Г-ийг утсаар дуудан ирүүлж, хүү Б-д холбогдуулан шалгаж байсан хэргийг “ дээрх хэрэг нь иргэний хэрэг байна. Иймд асуудлыг нэг тийш болгохоор прокурорыг хоолонд оруулж байна” хэмээн худал хэлж 50.000 төгрөгийг авсан, мөн дээрх хэрэг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2006 оны 7 дугаар сараас 2007 оны 8 дугаар сарын 27 ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанд хүрэлцэн ирээгүй болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлэгийн үед шинжилсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт цугларсан нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан журмаар цугларсан, энэ хэрэгт хамааралтай байна.

Шүүгдэгч М нь албан тушаалтан хэрэг бүртгэгч офицер байсан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажилд томилж, цол олгосноор /ХХ-338,339/, хахууль өгөгч Г-ийн хүүхдээ хориулахгүй байх ашиг сонирхолын үүднээс өгсөн 50.000 төгрөгийг авч хүү Б-ийг хориогүй явуулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч М нь “Б” баарны гадаа Г-ийг дуудсан”…хэргийг нэг тийш болгохоор прокурорыг хоолонд оруулж байна” гэж худал хэлж, хэрэг бүртгэгчийн албан тушаалаа ашиглаж 50.000 төгрөг авсан нь мөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч М нь энэ хэрэгт шалгагдаж байхдаа 2006 оны 2 дугаар сарын 28-нд У О нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ /ХХ-89/ авагдсан нь тогтоогдсон ба энэ арга хэмжээтэй байх үедээ мөрдөн байцаалтанд ирээгүй 2006 оны 4 дүгээр сарын 22-наас 2007 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд улсын хилээр удаа дараа орж, гарч байсныг хил хамгаалах ерөнхий газраас 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1-6/100 тоот албан бичгээр /хх-171/ тогтоогдсон байна. Шүүгдэгч М-ийг хаа байгаа нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр 2006 оны 8 дугаар сарын 8-нд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тогтоол гарсан байх ба түүнийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тогтоол гарч, мөрдөн байцаагчийн зүгээс зарлан дуудах бичиж, тэмдэглэлүүд үйлдсэн байна. Улмаар 2007 оны 8 дугаар 27-нд эрэн сурвалжлагдаж, баригдсан гэж хэргийг сэргээсэн ба М-ийг сэжигтнээр баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь нотлогдож байна.
Шүүх, шүүгдэгч М-ийг албан тушаалтан байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэж үүргээ хэрэгжүүлээгүй байхаар хээл хахууль авсан, таслан сэргийлэх арга хэмжээ арга хэмжээ авагдсан яллагдагч байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг тогтоож, яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйлчлэлээр ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М-ийн үйлдсэн албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилан мэхэлж 50000 төгрөг авсан үйлдэл нь 2006 оны 2 дугаар сард цагаан сарын дараа шинийн 3-н 4-ний үед болсон нь тогтоогдсон тухайн үеийн дагаж мөрдөж байсан хуулиар гэм буруутай боловч 2008 оны 2 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд орсон өөрчлөлтөөр энэ хэрэг нь бага бус хэмжээний хохирол учруулсан байхыг зааж өөрчлөлт орсон. Бага бус хэмжээг тодорхойлох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2006 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс 53000 төгрөг байхаар тогтоогдсон ба шүүдэгч М нь 50000 төгрөг авсан нь бага бус хэмжээнд хүрэхгүй тул шүүгдэгч М-ийн энэ үйлдэлийг шинэ хуулийн өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцохгүй болсон тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болсон байна. Иймд шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчид учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт шүүхэд ирсэн 50000 төгрөгийг гэмт хэргийн замаар олсон байх тул улсын орлого болгохоор шийдвэрлэв. Хээл хахууль өгөгч Г нь хэргээ сайн дураар илчилж ирсэн тул тухайн үед үйлчилж байсан хуулиар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М нь 2006 оны 4 дүгээр сарын 10-нд гарсан хүү Ц-ын хүү О-ын төрсөн эцэг байх боломжтой тухай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн биологийн шинжээчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан байна. Эцэг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байна. Хорооны засаг даргын тодорхойлолтонд эхнэр Ц гадаадад ажиллахаар 2007 онд явсан гэж тодорхойлсон. Шүүгдэгч М-ийг Ц-тэй гэрлэж байгаагүй гэх нотлох баримтгүй тул гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн ниймгийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хохирол нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 90 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М-ийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.шүүгдэгч М нь албан тушаалтан байхдаа хээл хахууль, өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар хээл хахууль авсан,
Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосугай.
3.Шүүгдэгч М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М-д энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах эрхийг хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М-н цагдан хоригдсон 2007 оны 8 дугаар сарын 27-ноос 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 35 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч М нь бусдад төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг … дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
10.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч М-ийн тодорхой албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын 1 жил 6 сарын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
11. Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулнаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
12.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-ийг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч барьцааны 500.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн төрийн сангийн … тоот данснаас гаргуулж шүүгдэгч М-д буцаан олгосугай.


ДАРГАЛАГЧ…………………..Д.ЧУЛУУНХҮҮ