Чингэлтэй дүүргийн шүүхийн 330 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Чингэлтэй дүүргийн шүүхийн 330 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.1-Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр                                        Дугаар 330                                      Улаанбаатар хот
сарын 13-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Б.Цогт даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Чингис,
Улсын яллагч С.Нансалмаа,
Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Н.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох 20847152 дугаартай эрүүгийн хэргийг 2008 оны 11 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...онд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, инженер мэргэжилтэй, Нийслэлийн … дүүргийн ерөнхий боловсролын … дүгээр сургуулийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.

О нь Нийслэлийн .. дүгээр дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Ц” төвийн үүдэнд 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэн Н-г тус сургуульд нярвын ажилд авахаар урьдчилан амлан 300.000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: “2007 онд манай сургуулийн нярав Д гуай өндөр насны тэтгэвэрт гарах болоод орны хүн хайж зар өгөхөд 5 хүн над руу ярьж, зарим нь биеэр ирж уулзсан. Н гэдэг хүн 2007 оны 6 сарын эхээр надтай ирж уулзаад “Сургуульд болон танд хандив өгч болно. Амьдрал боломжтой, хувийн 2 давхар байшинтай. 5 жил гаруй ажил хийгээгүй, хамт олон л хэрэгтэй байна” гэсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа над руу утсаар яриад “Ц” төвийн дэргэд уулзъя гэхээр нь би хотын төвд ажилтай байсан учир далимаар нь очиж уулзахад намайг шахаж, “Хэдэн төгрөгийн хандив өгөх вэ” гэхээр нь “Надад бол хэрэггүй, үнэхээр сургуульд өгч байгаа юм бол авъя” гээд 300.000 төгрөг тоолж аваад, мөнгө авлаа гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үед сургуулийн амралт эхэлчихсэн, нягтлан Б жирэмсэн төрөх гэж байсан учраас гэрээрээ ажлаа хийж байсан. Тиймээс энэ мөнгийг данс бүртгэлд тусгаагүй нь миний буруу. Энэн дээр хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би Н-ээс 300.000 төгрөгийн хандив авсан. Энэ мөнгөний 150.000 төгрөгөөр сургуульдаа 2 ширхэг өсгөгч авч, дансанд авахуулсан. Энэ өсгөгчийг одоо ч сургууль ашиглаж байгаа. Үлдсэн мөнгийг нь үндсэндээ сургуулийн засвар, шатахуун зэрэг зүйлд зарцуулсан ч баримт нь байхгүй. Н-г ажилд авахдаа 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Н эхэндээ ажлаа сайн хийж байгаад сүүлдээ удирдлагын хооронд хов хутган үймүүлэх зэргээр зохисгүй зүйл хийгээд байхаар нь захирлын дэргэдэх зөвлөлийн 2008 оны 2 сарын 15-ны өдрийн хурлаар түүний асуудлыг авч хэлэлцээд дотоод журам зөрчсөн, удирдах ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэн ажлаас халах, эсхүл өөр ажилд томилох үүргийг надад өгсөн. Тэгээд түүнтэй уулзахад “Хавар хүртэл үлдээгээч. Шенгэний виз хөөцөлдөж байгаа” гэхээр нь 1 сарын цалинг 20 хувиар хасах захиргааны арга хэмжээ авсан. Энэ явдлаас хойш Н надтай хонь чоно болж миний талаар материал цуглуулж байсныг сүүлд авилгатай тэмцэх газар дуудахаар нь мэдсэн. 2008 оны 5 сард бүх багш, ажилчдын ажлыг дүгнэх үеэр Н-ийг дуудаж “Чиний гэрээний хугацаа дууссан” гэхэд “Чамайг энэ ажил дээр чинь байхыг харна” гээд хаалга саваад гарсан. Өнөөдөр би улсын яллагчаас ял сонсож байгаадаа харамсаж байна. Би 28 жил боловсролын салбарт ажиллахдаа 12 жил ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд надад авлига авах гэсэн сэдэл, санаа, зорилго үнэхээр байгаагүй. Миний хүмүүжил ч тийм биш. Харин хандив аваад түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг дутуу шалгасан тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Мөн хэлэлцүүлэгт гэрч Д мэдүүлэхдээ: “2007 оны 9 сарын 2-ны өдөр намайг жижүүртэй байхад О машинаасаа 2 өсгөгч оруул гэхээр нь өрөөнд нь оруулж өгсөн. Маргааш нь хичээл эхлэх гэж байсан учраас сар, өдрийг сайн санаж байна. 2008 оны 5 сараас цахилгаанчин мужаанаар ажиллаж байгаа. Энэ өсгөгчүүдийг одоо хүртэл сургууль ашиглаж байгаа. Мөн тэр өдөр 3 ширхэг ус буцалгагч өрөөнд нь оруулж өгсөн” гэв.

Мөрдөн байцаалтад Н-г яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: “2007 оны 6 сарын 8-нд найзындаа байсан зар сонин дээр ерөнхий боловсролын сургуульд нярав ажилд авна гэсэн зар байхаар нь утсаар эхэлж ярихад ирж уулз гэхээр нь тэр дороо очиж уулзахад 1 дэх өдөр ир гэсэн. Үдээс хойш нь очиж уулзахад юм ярьж байгаад “Төрийн алба босго өндөртэй байдаг юм билээ. Захирал хүртэл сая төгрөгийн ханштай байдаг юм байна лээ. Тэгэхээр чи надад 300.000 төгрөг өгвөл няраваар авья” гэсэн. Би “гэрийнхэнтэйгээ ярьж байгаад больё” гэхэд эргээд уулз гэсэн. Тэгээд маргааш нь 2 дахь өдөр О над руу залгаад “Чи нөгөө ажилд орох хүн мөн үү. Гэрийнхэнтэйгээ ярьсан уу, нөгөө мөнгө чинь хэрэг болоод байна” гэхээр нь “Би завгүй байна” гэсэн. Дараа нь 6 сарын 14-ний өглөө О “Нөгөө мөнгө чинь хэрэг болоод байна. Чи ядаж 250.000 төгрөг өгчих” гэхээр нь би өдөр тийшээ завтай болно гэхэд 12 цаг 40 минутын үед залгаад 1 цагт үл хөдлөх дээр уулзая гэсэн. Тэгээд би “Ц” төвийн хойд өнцөгт машинтайгаа зогсож байхад машинд орж ирээд “Чи эргэлзэх хэрэггүй. Би чамайг найдвартай ажилд авна. Наад мөнгө чинь хэрэг болоод байна” гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө өгөхгүй барьж байгаад “Би ажилд ороогүй байж гарын үсэг, баримтгүй яаж хүнд мөнгө өгөх вэ. Та надад мөнгө авсан нь үнэн гэсэн баримт бичиж өг” гэхэд мөнгө авахын тулд “Н-ээс 300.000 төгрөг авсан нь үнэн болно” гээд гарын үсэг зурсан. Хэрвээ би мөнгөө түрүүлээд өгсөн бол надад бичиг хийж өгөхгүй байсан байх. Үүнээс хойш 6 сарын 20-ны үед асуухад “Чи хүлээж бай, хүмүүсээ амраачихаад хэдэн хүн үлдээгээд чамайг ажилд авна. Санаа зоволтгүй” гэсэн. 7 сарын 4-ний өглөө над руу залгаад “Хүрч ирээд ажлаа ав” гэхээр нь очоод ажил авахад хуучин нярав нь их дургүй ажлаа хүлээлгэн өгсөн. Хандив энэ тэр гэж юу ч яриагүй, 300.000 төгрөг өгчих, ажилд авья гэсэн. Тэгээд ажлаа хэвийн хийж байтал 2008 оны 1 дүгээр сарын 21-нд дуудаж ажлаас халах шийдвэр гаргасан. Би сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргаж үйлдвэрчний хороо хуралдаад ажлаас халах, 2 сарын цалингийн 20 хувиар, 1 сарын цалингийн 20 хувиар бууруулах шийдвэрийг хууль бус гэж шийдвэр гаргасан. Ингээд ажлаа хийж байтал 2008 оны 5 дугаар сарын 22-нд О өрөөндөө дуудаж 2008 оны 6 дугаар сарын 15-нд чамайг ажлаас хална гэж хэлсэн. Намайг ажлаас халах нь тодорхой байгаа тул О-д 300.000 төгрөгийн авилга өгснөө өөрийн биеэр илчилж байна. Танай байгууллагад хандсанаас хойш намайг өрөөндөө дуудаад “Чи надад хандив өгсөн гээд хэлчих. Эсвэл би чамд одоо тэр мөнгийг чинь өгчихье” гээд байнга гуйдаг байсан” /37, 136, 177 дугаар хуудас/

Гэрч Л мэдүүлэхдээ: “Би 2007 оны 2 сараас 49 дүгээр сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байна. Сургуульд эцэг, эхчүүд хүүхдүүдээс өгч байгаа хандивын мөнгийг бэлнээр нь өгвөл нярав кассын орлого бичиж аваад нягтлан бодогчийн цохолтоор хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг. Багш, ажилчдаас сургуульд хандив өгч байсныг мэдэхгүй. Сурагчдаас сургуульд өгсөн хандив нь санхүүгийн баримтад тусгагдсан байгаа. 2007 онд сургуулийн нярав Н сургуульд 300.000 төгрөг хандивлан өгсөн баримт байхгүй. Багш хөгжлийн төвийг Д менежер хариуцаж ажиллаж байсан. Д надад 2007-2008 оны хичээлийн жил спорт заал, хөгжлийн төвд хийсэн ажлын тайлангаас харахад Н-ээс 300.000 төрөг авч орлого, зарлагдсан зүйл харагдахгүй байна. Захирлын өрөөний засварыг 2007 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд хийсэн. Хичээл эхэлсний дараа захирал О “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас захирлын өрөөнд засвар хийж өгсөн гэж хэлж байсан. 2007 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хөрөнгө гаргаж дээврийн засвар хийсэн. 2007 онд захирал О 3 ширхэг ус буцалгагч авч сургуульд өгсөн талаар мэдэхгүй. Харин хандиваар ирсэн 5 ширхэг ус буцалгагчийг орлогод аваагүй. Яагаад гэвэл хэврэг 2 ширхэг нь залгангуут шатсан. Харин хүлээлгэн өгсөн хүмүүсийн нэр эд хариуцагчийн картан дээр байгаа. 6-7 боодол бичгийн цаасны талаар 2007 оны хандивын тайланд ороогүй байна” /15-17 дугаар хуудас/;

Гэрч Д мэдүүлэхдээ: “2007 оны 9 сарын 3-наас сургалтын менежерээр одоо хүртэл ажиллаж байна. Захирлын өгсөн үүргийн дагуу сургуулийн багш хөгжлийн төвийг байгуулж, тохижуулах ажлыг ахлах, дунд, бага ангийн сургалтын менежерүүд хариуцдаг. Сургуулийн спорт зааланд мөнгөөр хүүхэд тоглуулаад спорт заалыг тохижуулж, багш хөгжлийн төвийг байгуулсан. Багш хөгжлийн төвд хандив тусламж өгч байгаагүй. Харин залуу багш нараар засварын ажлыг хийлгэж байна. Сургуулийн нярав Н төвийг байгуулж, тохижуулахад 300.000 төгрөгийн хандив өгөөгүй. Спорт зааланд хүүхэд тоглуулсан мөнгийг тухай бүр нь хариуцсан багшаар гарын үсэг зуруулж аваад юунд зарцуулсан талаар тайлан бичээд захиралд танилцуулдаг. Захирал хийх ажил, авах зүйлийн талаар хэлж шаардлагатай зүйлийг дээрх мөнгөнөөс авдаг” /18-19 дүгээр хуудас/;

Гэрч Ч мэдүүлэхдээ: “1996 оны 9 сарын 9-нөөс 2007 оны 7 сарын 4 хүртэл 49 дүгээр сургуульд нярваар ажилласан. Захирал 2007 оны 6 дугаар сарын 20-ны үеэр дуудаад “Та тэтгэврээ тогтоолгочихсон, одоо таныг ажиллуулахгүй” гэсэн. Тэгээд 7 сарын 1-ний үеэр шинэ нярав эмэгтэйд ажлаа хүлээлгэж өгсөн. Намайг ажиллах хугацаанд Н 300.000 төгрөг сургуульд хандиваар өгсөн гэж захирал О хэлж, кассын орлогод авахуулж байгаагүй. О миний оронд дүүргийн хөдөлмөр зохицуулалтын албанаас хүн өгнө гэж хэлж байсан” /20-21 дүгээр хуудас/;

Гэрч Ц мэдүүлэхдээ: “49 дүгээр сургуулийн дээврийн ажлыг хийлгэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас манай компанид санал болгож 14 сая төгрөгийн ажил хийсэн. Энэ ажлыг 2007 оны 7 дугаар сард наадмын дараа эхлээд 14 хоногт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэсэн. Сургуультай мөнгө төгрөгийн талаар ямар ч хамаагүй. … дүгээр сургуулийн захирал О манай ажиллаж байсан хүмүүст хоолны мөнгө буюу хоол авч өгч байсан зүйлгүй” /40-41 дүгээр хуудас/;

Гэрч Б мэдүүлэхдээ: “Би “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт зохицуулагч ажилтай. Манай судалгаагаар … дүгээр сургуулийн өргөтгөлд засвар хийх шаардлага гарсан 13.904.192 төгрөгийн төсөвтэйгөөр 2007 оны 7 сарын 20-ноос 8 сарын 15-ны хооронд хийсэн. Захирлын өрөө 1 давхарт байсан. Тэгээд 2 давхарт өрөөгөө сольж орохдоо зассан байсан. Өргөтгөлийн засварын ажлаас бага зэрэг илүү гарсан зүйлээр захирлын өрөө зассаныг үгүйсгэхгүй. Захирлын өрөөг засахад өөрөөсөө мөнгө гаргасан гэж яриагүй” /50 дугаар хуудас/;

Гэрч Ба мэдүүлэхдээ: “2007 оны 7 сарын 17-нд “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагатай хийсэн гэрээгээр … дүгээр сургуулийн өргөтгөлийн засварын нийт 13.604.142 төгрөгийн төсөвтэй ажил хийсэн. Сургуулийн захирлын өрөөг засах ажил энэ төсөвт тусгагдаагүй, захирлын өрөөг засахад сургуулиас нь мөнгө гаргаагүй. Манай илүү дутуу материалаар хийсэн” /125 дугаар хуудас/;

Гэрч Ш мэдүүлэхдээ: “Миний дунд хүү Э 2007 онд Нийслэлийн … дүгээр сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Улаан шугам татаж хүү маань 9 дүгээр ангид элсэж чадаагүй учир сургуулийн захиралд өргөдөл гарган 70.000 төгрөг хандивлан 9 дүгээр ангид ороод одоо суралцаж байгаа. Захирлаас нь хэдэн төгрөг хандивлах вэ гэхэд 70.000 төгрөг гэсэн. Хандивлах мөнгөө бэлнээр нь өгөх үү гэхэд 70.000 төгрөгт багтаагаад сургуульд хэрэгтэй зүйл өгвөл болно гэхээр нь захаас 3 ширхэг ус буцалгагч, 3 ширхэг салаа залгуур, 10 ширхэг цонхны шил, бичгийн цагаан цаас 1 боодол зэргийг О багшид хүлээлгэн өгсөн. Цонхны шилийг нярав хүлээн авсан” /164 дүгээр хуудас/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2968 дугаар дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн дэвтрийн цаасны тасархай хэсэгт “300.000 төгрөг Н-ээс авсан болно” гэсэн гар бичмэлийн дор зурагдсан гарын үсгийг О зурсан байна” /57-58 дугаар хуудас/ гэж дүгнэжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын … дүгээр сургуулийн захирлын Н-г нярвын ажилд авсан тушаал /119 дүгээр хуудас/;

Шүүгдэгч О-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /152 дугаар хуудас/;

Шүүгдэгч, Нийслэлийн … дүүргийн ерөнхий боловсролын … дүгээр сургуулийн захирал О нь тус сургуулийн нярвын ажилд ажилтан сонгон шалгаруулж авахаар “Шуурхай зар” сонинд /60 дугаар хуудас/ зар гаргасан атлаа хүнсний технологич мэргэжилтэй Н-д “300.000 төгрөг өгвөл нярвын ажилд авна” хэмээн урьдчилан амлаж, 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр … дүүргийн 1 дүгээр хороо, “Ц” төвийн дэргэдэх автомашины зогсоол дээр 300.000 төгрөг /4 дүгээр хуудас/-ийн хээл хахууль авчээ.

Өөрөөр хэлбэл хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс мэргэжлийн бус хүнийг сонгон шалгаруулалгүйгээр нярвын албан тушаалд авахаар урьдчилан амлаж авлига авсан нь мөрдөн байцаалтад “Хээл хахууль өгөх” гэмт хэргийн яллагдагч Н-ийн мэдүүлэг, тус сургуулийн багш, ажилчдын болон бусад гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О-д “хээл хахууль өгсөн” Н-д холбогдох хэргийг “Хээл хахууль өгсөн этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураар илчилж ирсэн” гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад хэрэгсэхгүй болгосон /1841 дүгээр хуудас/ нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 1 дүгээр тогтоолд “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан эсэхийг үл харгалзан заавал хураана” гэж заасан тул шүүгдэгчийн хээл хахуульд авсан 300.000 төгрөгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О-г хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-с 300.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг ... дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О-ийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОГТ