Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 157 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 157 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 он 11 сар 14 өдөр                                  Дугаар 157                                  Сүхбаатар сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж аймгийн шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга М.Гансүх
Улсын яллагч Ч.Шаравнямбуу
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Л.Доржпүрэв
Орчуулагч Х.Уламбаатар

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн Шалгах хэлтэсээс мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269-р зүйлийн 268.1, 269.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В, Б нарт холбогдох Хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэх 20713305 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, эрэгтэй … онд Хар мөрөн мужид төрсөн, … настай хан үндэстэн, дээд боловсролтой, барилга байгууламжийн инженер мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт БНХАУ-ын … мужийн … газрын … дүүрэг … гудамж … тоотод оршин суух, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визтэй, одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын … ХХК-нд менежер ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шитйгэл үгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай В.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, … онд … аймгийн … суманд төрсөн, … настай, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт … аймгийн … сумын … тоот хашаанд оршин суух, гэмт хэрэг үйлдэх үедээ … сумын засаг дарга ажилтай байсан. Одоо ажиллаж байгаа, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б.

Шүүгдэгч В нь 2005 оны 12-р сард “Б” ХХК-ний … суман дахь “Төмөртэй хүдэр” уурхайд замын инженерээр ажилаж байхдаа “Х” ХХК-ний менежер Л-ээр зуучлуулан … сумын засаг дарга Б-д 1.5 сая төгрөг, 300 ш тоосгыг хээл хахуульд өгч 1031 га газрыг тоосгоны үйлдвэрийн зориулалтаар эзэмших захирамж гаргуулсан, шүүгдэгч Б нь 2005 оны 12-р сард … сумын засаг даргын албан тушаалд ажиллаж байхдаа ”Х” ХХК-ний менежер Л-ээр зуучлуулан “Б” ХХК-нд үйлдвэрлэлийн зориулалтаар 1031 га газрыг эзэмшиж, ашиглуулах захирамж гаргаж В-ээс 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөг, 300ш тоосгыг хахуульд авсан гэмт хэрэгт холбогдсон гэж аймгийн Прокурорын газраас БНХАУ-ын иргэн В-ийг Эрүүгийн хуулийн 269-р зүйлийг 269.1 дэх хэсэгт зааснаар “ Хээл хахууль өгөх”, шүүгдэгч Б-ийг мөн хуулийн 268-р зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Санхүүгийн баримт:
2005 оны 12-р сарын 09-ны өдөр 1.5 сая төгрөгийг ажлын хэрэгцээнд гаргуулсан авсан гэжээ. / хх-ийн 87 /
Гэрч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2005 оны өвөл шиг санагдаж байна. … сумын “Х” ХХК-нд менежерээр ажиллаж байхдаа “Т” ХХК-ний захирал Ц газар эзэмших гэрчилгээ аваад өгөөч гэхээр нь … сумыг засаг дарга Б-тэй очиж уулзахад газрын төлбөрийн үлдэгдэл байгаа энэ талаар удирдлагуудтай нь уулзана гэхээр нь тухайн үед тус компаний удирдлагууд нь байхгүй байсан учраас зам хариуцсан инженер БНХАУ-ын иргэн В-д орчуулагчаар нь дамжуулж хэлсэн. Тухайн үед орчуулагч нь юу гэж хэлж орчуулсныг мэдэхгүй.
Энэ газар нь 2002 онд аймгийн засаг даргын захирамжаар Төмөртэй орд газрын эдэлбэр газрыг 60 жилийн хугацаатайгаар олгосон байсныг би бодохдоо тухайн газраас 1031 га газрыг гэрчилгээжүүлхээр Б захирамж гаргасан гэж бодож байна. Түүнээс биш би В-д засаг дарга хахуульд нь мөнгө авъя гэж ерөөсөө хэлээгүй, хэн ч бодсон гэсэн тэгж хэлэх ёсгүй. Тухайн мөнгө өгөх үед би цуг байгаагүй. Энэ өгсөн мөнгийг газрын төлбөрийн дутуу өгөгдсөн мөнгийг гүйцээж өгсөн гэж л бодож явсан. 300ш тоосго өгснийг мэдээгүй. Сүүлд нь мэдсэн.

Гэрч А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
Би одоо яг хэдийд гэдгийг нь санахгүй байна. Л захирал … сумын төв орж ирээд намайг дуудаад, “Та В-д орчуулга хийх хэрэгтэй байна.”гээд намайг дагуулаад В дээр очоод надаар дамжуулан доорх зүйлийг хэлж байсан. “Тоосгоны үйлдвэр барих газар авах гэсэн чинь … сумын засаг дарга Б гарын үсэг зурахгүй байна. 1500000 / нэг сая таван зуун мянган төгрөг, 300ш тоосго аваад ир гэж байна “ гээд хэлсэн юм. Би тэрийг нь В-д орчуулаад хэлсэн чинь , В хариуд нь “Гарын үсэг зурах юм бол хамаа алга байна.”гэж хэлсэн. В Хустай руу мөнгө, тоосго авах гээд явсан. В хустай руу яваад эргээд ирсэн, тэгэхдээ нэг машинд тоосго ачсан байсан… В бид хоёр шууд … сум орсон. … Засаг даргынх нь өрөөнд нь орсон. Тэгэхэд Л ирсэн, засаг дараг Б бас сууж байсан. .1500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Б-д өөрт нь өгсөн мөнгийг аваад шууд ширээнийхээ шүүгээнд хийж байсан. 300ш тоосгыг нь би Б-ийн гэрийнх нь хүнээр заалгуулж байгаад буулгаж байсан гэжээ. / хх-ийн 48 /
…Мөнгө өгч авалцахад Б, Л, бид хэд байсан. Тэр даруйдаа падаан авъя гэхэд засаг дарга “Авахгүй юу” гэж уурласан. Хэд хэдэн удаа падаан авъя гэж очиход “Юу билээ, нягтлантайгаа ярьж байгаад өгье” гээд байсан гэжээ.

Шүүгдэгч В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2005 онд он сар өдрийг нь сайн санахгүй байна. Их л хүйтэрсэн байсан.
“Т” ХХК-ний ерөнхий захирал нь байгаагүй. Нилээд хугацаа өнгөрсөн учир мартсан зүйл байж магадгүй, Л гуайгаас тодруулаарай. Тухайн үед Л гуай орчуулагч А-аар дамжуулан “Т” ХХК-ний газрын төлбөр төлөх ёстой гэж надад хэлсэн. Би тодорхой сайн мэдэхгүй учраас тухайн үедээ замын төлбөр төлөөгүй байж магадгүй гэж бодож байсан. Би тус компанид мөнгө захиран зарцуулах эрхгүй учраас тухайн үедээ өөрийнхөө нэр дээр баримт бичин 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөгийг зээлж, 300ш тоосгыг машинд ачуулсан орчуулагч А-ын хамт … сум орж засаг даргад нь мөнгөө өгсөн. Харин 300ш тоосгыг хаана буулгаж хэн хэрэглэснийг мэдэхгүй. 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөгдөө баримт авах гэж орчуулагчаараа дамжуулан хэлэхэд засаг дарга нь “Дараа нь ярилцаж байгаад өгье” гэсэн гэж орчуулагч тухайн үед нь надад хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа баримт авах гэж очсон боловч баримт бичих хүн нь байхгүй байна гээд өгөөгүй. Одоо би “Т” ХХК-нд 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөгний өр миний нэр дээр байгаа. Тухайн үед би нарийн тодорхой зүйлийг нь сайн мэдээгүй. Надад хэн ч хахуульд мөнгө өгөх тухай хэлээгүй. Тоосгоны үйлдвэрийн газар авах талаар тухайн үед би мэдээгүй юм.

Шүүгдэгч Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Манай … сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Т“ ХХК нь манайхаас үйлдвэрийн зориулалтаар аймгийн засаг даргын захирамжаар олгогдсон 28635 га газраас хэсэгчилсэн 1031га газар олгох хүсэлт 2005 оны зун “Т” ХХК гаргасан байсан. Тухайн үед нь би ээлжийн амралтаа авсан байсан учраас шийдэгдээгүй үлдсэн юм. 2005 оны 12-р сарын 01-ний өдөр захирамж гарган түүний дагуу гэрчилгээ бичигдсэн. Би энэ захирамжийг хууль бусаар гаргаагүй, аймгийн Засаг даргын 2002 оны 373-р захирамжаар … аймгийн …, … сумдын нутаг дэвсгэрээс “Т” ХХК-нд нийт 28635га газар олгосон байсныг үндэслэн 1031га газрыг хэсэгчилэн олгож захирамжаараа баталгаажуулж, гэрчилгээ олгож байгаа юм.
Тухайн үед Л дарга бид хоёрын дунд мөнгө төгрөг өгч, авалцах асуудал ерөөсөө яригдаагүй, 300 ш тоосгоны хувьд би … суманд очоод удаагүй байсан, манайх хувьдаа байшин барьж байсан учраас манай хашаанд буулгасан тоосгыг хэрэглэсэн нь үнэн. Түүнээс биш захирамж гаргуулсан гэж өгөөгүй. Тухайн үедээ ямар хүмүүс тоосго буулгасныг мэдээгүй, сүүлд нь мэдсэн.
1500000 / нэг сая таван зууг мянган/ төгрөгийг би захирамж гаргах үед аваагүй, харин 12-р сарын 20-доор В зах банз авна гэхээр нь банз авч өгөх зорилготой авсан юм. Уг мөнгийг ахмадын баяраар хэрэглэсэн. Бие биедээ тусалж байна гэж ойлгосон.
Шүүгдэгч В нь 2005 оны 12-р сард “Б” ХХК-ний … суман дахь “Т” уурхайд замын инженерээр ажиллаж байхдаа “Х” ХХК-ний менежер Л-ээр зуучлуулан … сумын засаг дарга Б-д 1.5 сая төгрөг, 300ш тоосгыг хээл хахуульд өгч 1031га газрыг тоосгоны үйлдвэрийн зориулалтаар эзэмших захирамж гаргуулсан, шүүгдэгч Б нь 2005 оны 12-р сард … сумын засаг даргын албан тушаалд ажиллаж байхдаа “Х” ХХК-ний менежер Л-ээр зуучлуулан”Б” ХХК-ний “Т” ХХК-нд үйлдвэрлэлийн зориулалтаар 1031га газрыг эзэмшиж, ашиглуулах захирамж гаргаж “Б” ХХК-ний ажилтан В-ээс 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөг, 300ш тоосгыг хахуульд авсан гэмт хэрэгт холбогдсон гэж аймгийн Прокурорын газраас БНХАУ-ын иргэн В-ийг Эрүүгийн хуулийн 269-р зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль өгөх” шүүгдэгч Б-ийг мөн хуулийн 268-р зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Энэ талаар шүүгдэгч В шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Х” ХХК-ний дэд захирал Л танай компани 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөгний төлбөртэй байсан гэж орчуулагч А-аар дамжуулан хэлэхээр нь би бодохдоо замын төлбөр л байх гэж бодоод, компаний санхүүгээс өөрийн нэр дээр баримт бичиж / зээлээр/ 1500000/ нэг сая таван зуун мянган/ төгрөгийг авч … сумын засаг дараг Б-д өгсөн. Уг мөнгийг өгөхдөө тухайн үед нь баримт бичиж өгөх талаар орчуулагчаараа дамжуулан хэлэхэд “Баримт бичдэг хүн нь байхгүй байна, дараа өгье” гэж байсан. Түүнээс хойш орчуулагчтайгаа удаа дараа очиж 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг авсан баримт бичиж өгөх талаар шаардаж байсан боловч надад өгөөгүй” гэж мэдүүлсэн байгаа нь шүүгдэгч В нь … сумын засаг дарга Б-д ямар учраас мөнгө өгснөө ойлгож мэдээгүй байгаа нь шүүгдэгчийг … сумын засаг даргад хахууль өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлийн 13.2 дах хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг… шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б нь “Х” ХХК-ний менежер Л-ээр зуучлуулан 1500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөг, 300ш тоосгыг авч хувьдаа хэрэглэсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн 268-р зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 263-р зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахад тухайн үйлдэл нь 2005 оны 12-р сарын 09-ны өдөр болсон байх бөгөөд хөнгөн гэмт хэрэгт хамааралтай байгаа нь Эрүүгийн хуулийн 72-р зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, мөн зүйл ангид заасан хохиролын хэмжээ нь үлэмж хэмжээтэй байх бөгөөд 2005 оны хохиролын хэмжээгээрээ бага бус хохиролд хамрагдаж байгаа нь хохиролын хэмжээнд хүрэхгүй тул Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
… аймгийн … суман дахь “Х” ХХК нь 1500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөг 300ш тоосгыг Б-ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290-р зүйлийн 290.3, 294,297, 298-р зүйлд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 13-р зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 269-р зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268-р зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох хэргийг мөн хуулийн 263-р зүйлийн 263.1 болгон өөрчилсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72-р зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар Б-ийг эрүүгийн хэргээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Б, В нарын хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292-р зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар … аймгийн … суман дахь “Х” ХХК нь Б-ээс 1500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөг, 300ш тоосгыг иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаа шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолыг бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулж өгөхийг шүүхийн нарийн бичгийн даргад даалгасугай.
9.Монгол Улсын Эрүүгийн шийтгэх хуулийн 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор … аймгийн шүүхэд давж заалдах , прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ СОЁЛМАА