Орхон аймгийн шүүхийн 186 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Орхон аймгийн шүүхийн 186 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

Дугаар 186                                          2008 он 12 сарын 04 өдөр                                         Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүлйийн 264.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 20825035тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч А.Баярмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанхуяг /№…../, шүүгдэгч М, хохирогч байгууллагын төлөөлөгч Л, нарийн бичгийн дарга Д.Нямдэлэг нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 онд … аймгийн … суманд төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл .., эхнэр … хүүхдийн хамт … аймгийн … сумын … багийн … дугаар байрны … тоотод оршин суух, хэрэгт татагдах үедээ … аймгийн … сумын Засаг дарга ажилтай байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М нь … аймгийн … сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2007 оны 07-р сард хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн тус сумын нутагт байрлах “Э” компанийн эзэмшлийн 1100 метр ган хоолой, 161ширхэг сувгийн тэвш таг зэргийг албан тушаалаа хэтрүүлэн бусдад зарсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М нь … аймгийн … сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2007 оны 07 дугаар сард хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн тус сумын нутагт байрлах “Э” ОНӨХК-ний өмч болох 800 орчим метр ган хоолой, 140 ш сувгийн тэвш /лотки/, 159ш сувгийн тэвшний таг зэргийг албан тушаалаа хэтрүүлэн Г, Ч нарт зарсны улмаас “Э” ОНӨХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнд:
Хэргийн газар 2008.01.20-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:
“…Үзлэгээр усан сангаас үнээний ферм хүртэл ухсан байх ба нүхний зүүн газрын хөрсний хар шороог овоолон буулгасан. Газрын зарим хэсэгт том машины мөр байх ба ухсан улаан нүхний өргөн гүн нь янз бүр байна. Гүн нь дунджаар 1.5 метр байна гэжээ. /хх-ийн 18-22/,
Үзлэгийн үеэр авсан гэрэл зургууд / хх-ийн 20-22/,
Трубаг ачсан автомашины гэрэл зураг /хх-ийн 13/,
““Э” ОНӨХК-ний үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 54-62/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч”Э”ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л-ийн мөрдөн бацаалтанд өгсөн:
Нөөц усан сан бол ус сувгийн байгууллагын гол байгууламж байгаа юм. Резурвуарыг ашигласнаар хэрэглэсэн цэвэр усны гурав хоногийн нөөц, шөнийн хэрэглээний цахилгаан зарцуулах хэмнэлтийг бүрдүүлдэг юм. Цаашид тухайн … сум өргөжихөд хангамжийн гол үүсвэр нь энэ усан сан болох байсан юм. Усан сангийн хоолойнууд нь усан сангаар дамжуулан цэвэр усыг хэрэглэгчдэд шууд хүрч байхаар хийгдсэн байна. Түүнийг тасдаж одоо ажиллахааргүй болгосон. Хэдий ашигладаггүй ч гэсэн чанарын сайн нөхцөлд хадгалагдаж чадсан труба байсан. Миний бие Ц, П, Д нарын хамтаар газар дээр нь очиж тооллого бүртгэлийг хийсэн. Энэ тооллогоор 580 метр хос шугам буюу … метр чанар сайтай, орос ган хоолой, 140 ширхэг сувгийн тэвш буюу лотки, 159 ширхэг таг алдагдсан гэж бүртгэж үнэлгээ гаргасан. Сувгийн тэвшийг 1 ширхэгийг …. төгрөгөөр, тагийг 19600 төгрөгөөр тус тус үнэлж нэхэмжилж байна “гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-121, 160,196, болон шүүх хуралдааны тэмдэглэлд/
Гэрч Ё-ын мөрдөн байцаалтанд өгсөн:
….2007.07.18-ны өдөр манай “Э” ХК-ийн захирал Р нь …. сумын салбарын ажил шалгахаар очиход тус суманд байдаг манай байгууллагын мэдлийн цэвэр усны шугамын трубаг хүмүүс ухаж байна гэхээр нь очиход ухаад 2 машинд ачсан. Заан Ч гэдэг хүн өөрийхөө ….УБ дугаартай ………… өнгийн жип машинтай бас нэлээн хэдэн хүмүүс байсан. Ч нь машинаасаа бууж ирээд “Та нарт хамаагүй, би …. сумын Засаг даргын захимрамжтай байгаа гэхээр нь М даргатай уулзахад “Аймгийн Засаг дарга хогоо цэвэрэлы гэж үүрэг өгсөн учраас түрүүчээс нь хийж байна” гэсэн. М “Энэ трубаг авах гэрээ захирамж байгаа бол үзье” гэхэд үзүүлээгүй юм. Гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92/,
Гэрч Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
………”2007 оны 08 сард “Эрдэнэт ус ХК-ийн захирал Р нь надтай “… сумын засаг дарга М нь труба ухаад зарсан байна” Тэгэхээр нь би “та нар юмаа ухаад авч байхад яагаад арга хэмжээ аваагүй юм гэхэд “Улсын заан Б гэрээ хийгээд авсан” гэж хэлсэн байсан. Үнэлгээ хийхэд 29 сая төгрөг болж байсан…, … сумын засаг дарга М-д 2005 эхлээд 1200 үнээний фирмийг нураагаад балгас үлдсэн түүний хогийг цэвэрэл гэснээс биш трубаг ухаад ав гэж огт хэлээгүй. Уг труба нь “Э” компани орон нутгийн өмч …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,
Гэрч Р 97-98, Бо, 93-94, Ж /хх-ийн 150-151/, Га /хх-ийн 157-158/, Ч /хх-ийн 197/, Ба/хх-ийн 199/, Х, 203-204/ Н /хх-ийн 205-206/, Ж /хх-ийн 213-215/, Т /хх-ийн 218-221, У /хх-ийн 224-225/,
Гэрч Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн:
…2007 оны 7 дугаар сард … сумын засаг дарга М-ын утсыг олж аваад “Танай нутагт байгаа трубанаас зарах уу” гэхэд зарж болно”гэсэн. Намайг очиход 30 орчим метр газар ухсан байсан. Би газар доор булаатай байгаагаар нь 1 метрийг нь 3000 төгрөгөөр зарах уу гэхэд “5500-д зарж болно” гэхээр нь дагуулж очиж хэмжиж үзсэн 900 метр байна гэж тооцогдсон. М болохоор 1000 метр гарнаа гэсэн. Тэгэхээр нь би “Энэ трубаг худалдаж авъя. Чи захирамж болон холбогдох бичиг баримтаа бүрдүүл” гэсэн. Тэгэхэд “Та бичиг баримтаа үлдээ” гэхээр нь үлдээгээд явсан. Түүнээс хойш 7 сарын 5-6-ны үед засаг дарга М миний гар утас руу залгаж “Захирамж гарсан, ирж трубагаа авахгүй юм уу” гэсэн. Би тэр өдөртөө очиж чадаагүй. 2-3 хоногийн дара … суманд очсон чинь баярын дараа бол гэж хэлсэн. Тэгээд баярын дараа 15-16-ны үед уулзаад нэг метрийг нь 5500 төгрөгөөр бодож 5500000 төгрөг бэлнээр нь өгсөн. М захирамж гэж надад өгөөгүй. Тэгээд цэргийн 113- ангиас 20 цэрэг, нэг ухдаг эксковатор хөлсөлж 3 хоног ажиллуулсан. 3 хоног ухаад ажил дуусаагүй байхад цэргийн анги техникээ татахаар нь Орхоноос ГОК-ын эксковатор хөлсөлж цэргийн ангиас 15 цэрэг дахин хөлсөлж 2 хоног ажил хийлгээд газраа ухаад дууссан. Тэгээд дахин 3 хоног трубагаа тасалж машинд ачиж авсан…Ачиж байхад хүмүүс ирэхэд М “Би өөрөө аймаг орж шийднэ” гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь залгаад “та нарын асуудал болчихлоо. А даргаас бичиг хийлгээд ав. Би хэлчихсэн” гэхээр нь А-г хүлээж уулзахад бичиг хийж өгсөн. Тэгээд тубагаа аваад явсан. Анх тохирохдоо трубаг нэг ширхэгээр нь гэж тооцоогүй метрээр гээд лотки тагийг нь хамтад нь авсан юм. 48 лотки 36 ширхэг тагаа … сумын зах дээр нэг хүнд бөөнд нь 4.1 сая төгрөгөөр зарсан. 14 лотки 24 таг ашиглах боломжгүй болж тэнд нь хаясан. Сүүлд нь үлдсэн 200 орчим метр труба үлдээсэн лотки тагаа авахаар 9 сард М-тэй ярихад одоо өнгөрсөн гэж хэлсэн…”гэсэн мэдүүлэг/хх-ийн 134-136, 226-229/,
Гэрч Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
…2007 оны 7 дугаар сард Г утсаар ярьж “… аймгийн … суманд 700 гаруй метр труба байна. 10 саяд авах уу” гэж санал хэлсэн. Түүнийх нь дагуу тохиролцож бэлнээр 10 сая төгрөг өгөөд хэд хоногийн дараа камаз шаланз хөлслөөд … сум руу явуулсан. Тэгэхэд хөлсөлсөн машины жолооч над руу залгаад “Нөгөө трубаг ачсан чинь хүмүүс ирээд явуулахгүй байна: гэхээр нь очоод Г-тэй уулзаад мөнгөө буцааж авъя гэхэд мөнгийг чинь тушаах газарт нь тушаагаад ашгаа аваад хэрэглэчихсэн гэсэн. Засаг даргатай нь уулзаад “мөнгөө танайх авсан юм уу” гэхэд “авсан” гэсэн. Тэгэхээр та нар бичиг хийж өг гэхэд А гэж хүн хийж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх137-138/,
Гэрч К-ын мөрдөн байцаалтанд өгсөн:
…2007 оны 7 дугаар сарын дундуур намайг жижүүрт шинжээчээр ажиллаж байхад … суманд хулгайн хэрэг гарлаа гэх дуудлагаар очсон…Тэгэхэд … сумын засаг дарга М гэж өөрийгөө танилцуулаад “Энд эндүүрэл гараад байна. Цагдаа дуудах асуудал биш. Манай нутагт хэрэглэгдэхгүй байгаа объектуудыг шийдвэрлэх эрх нь сумын засаг дарга надад байгаа. Би ашиглагдаагүй трубаг өөрийн эрх мэдлийн хүрээнд зарж сумынхаа хөгжилд зарцуулах гэж байгаа юм. Аймгийн Засаг даргад танилцуулаад би учрыг нь олно. Би энэ ган хоолойнуудыг авах зөвшөөрөл өгсөн юм. Захирамж нь байгаа.” гэсэн. Би засаг даргад “Та аймгийн засаг даргаас зохих шийд автал эдгээр машин тэргийг хөдөлгөж болохгүй шүү гэж сануулаад тэндээс явсан. “гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140/,
Гэрч О-ын мөрдөн бацаалтанд өгсөн:
“2007.07.11-ний өдөр манай ангийн дарга д/х Я дуудаж ажилд явах үүрэг өгсний дагуу газар ухдаг зориулалтын эксковатор авч 10 гаруй цэргийн хамт … сумын төвд газар шорооны ажил хийж газар ухсан. /хх-ийн 207-209/

Гэрч Ою-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
“Өнөөдрийг хүртэл Засаг дарга М бэлнээр болон хүний ………. Дээрээс … сумын ЗДТГ-ын санхүүд орж ирж тушаасан ямар нэгэн төгөрөг байхгүй. Сумын болон орон нутгийн дансанд мөнгө орсон эсэхийг мэдэхгүй байна. Татвар торгууль болон худалдсан………. Ашгийг сумын орлогын дансанд тушаах ёстой байдаг юм…..”гэсэн мэдүүлэг
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 147-148/,
… аймгийн … сумын Засаг даргын тамгын газрын 2007.07.1.. өдрийн 03/214 тоот албан бичиг /хх-ийн 149/,
Шүүгдэгч М-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”… 2007оны 7 дугаар сард манай сумын нутаг дэвсгэрт байх газраас труба ухаж авч байна гэж мэдээлэл сонссод уулзахад Г гэдэг хүн байсан. Тэгээд би тухайн газрыг буцаан нөхөн сэргээх зорилгоор фермийн хог хаягдлыг цэвэрлүүлэх зорилгоор Г-ээс барьцаанд 5500000 төгрөг авсан юм. Манай сумын нутагт газар доор цэвэр усны ган хоолой байсныг би урьд нь мэддэггүй байсан.Тэгээд Г ухаад аваад эхэлсэн хойно нь мэдсэн юм. Трубаг худалдахаар хэн нэгэнтэй зөвшилцөөгүй. Би өөрөө энэ шийдвэрийг гаргасан юм. Г-ээс авсан бэлэн мөнгийг зарцуулаагүй хадгалж байсан юм…гэсэн мэдүүлэг /хх-ийн ...-144 болон шүүх хуралдааны тэмдэглэлд
Шүүгдэгч М-ыг сэжигтэнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 106-107, 122-123, 142-144, 246-248, 327-328, 333-335/,
Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 126-133/
“Э” ХК-ний 2007.11.14-ний өдрийн тодрхойлолт,
Хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 193-194/,
“Д аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2008.0812-ны өдрийн 53 тоот дүгнэлт:
“Э” ХК-ний эзэмшилийн … суманд байгаа усан сангийн ус дамжуулах байгууламжийн бүрдэл хэсгүүд болох 580 метр хос шугамын үнэлгээг 2007 оны 7 дугаар сарын байдлаар 18271000 төгрөг, сувгийн тэвшний тагны нэг бүрийн үнийг 49800 төгрөгөөр тус тус тогтоов….” Гэжээ./хх-ийн 233/,
Үнэлгээ тогтоосон тухай тайлбар, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 234-241/,
Шинжээч На-ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 242-243/,
ЭХЭҮТТөвийн металл судлал гагнуурын төв лаборатрийн 2008.09.15-ны өдрийн 3266 тоот дүгнэлт /хх-ийн 264-267/,
Барилга хот байгуулалтын нийтийн аж ахуйн үндэсний төвийн 2008.09.19-ний өдрийн а/1037 тоот албан бичиг түүнд хавсаргасан материалууд /хх-ийн 269-275/,
Үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2008.10.27-ны өдрийн тогтоол /хх-ийн 380/ зэрэг болно.

Мөрдөн байцаалтын явцад гэрчээр асуугдсан Г-ын “Би нийтдээ 80 ширхэг труба авсан. Урт нь янз бүр 7-11 метр урттайгаар тасалж авсан. Нийтдээ 650 метр…………”гэх мэдүүлэг /хх-ийн 136/, гэрч Б-ийн “…Би 80 ширхэг трубаг авсан Лотки тагийг нь аваагүй. … аймгийн … сумаас авсан 273-ын 80 ширхэг орос трубаг өөрийн аж ахуйд хэрэглэсэн “гэх мэдүүлэг , … аймгийн … сумын ЗДТГ-ын 2007.07.19-ний өдрийн 03/214 тоот албан бичиг /хх-ийн 149, гэрч Э-ийн “Тэр труба нь өөрийнх нь гагнаасын хэмжээс нь 10-11 метр урттай байснаар нь таслаад байх шиг байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 211/, Ж-ын” миний машины урт 8.20 метр юм. Ачихад хойшоо 1 метр гаруй гарч байна. Тэгэхээр 9 метр труба ачсан. …урт ……….Т дээр ачсан. 39 ширхэгийг ачаад цаана нь 2 труба үлдээд айхаар нь нэг нэгээр нэмж тавиад 40 болгосон шиг санаж байна….” Гэх мэдүүлэг/хх-ийн 214/, гэрч Т-ийн “Миний машин 20 тонн даацтай, Төмөр ачаад 20 тн хүрсэн. Машины урт 11 метр гаруй гарч байсан. Ширхэг нь арай урт тайрагдсан 13 метр байсан байх, бусад нь жигд 12 метр орчим байсан. Бид 2 машиндаа адилхан үе ачсан. Тэгэхээр адилхан 46 ширхэг труба болж байгаа байх Ж гуайн машинд арай богино 9-10 метр трубаг ачсан…….”гэх мэдүүлэг/хх-ийн 219/, Трубаг ачсан автомашины гэрэл зураг /хх-ийн 13/, зэргээс дүгнэхэд бодитойгоор 800 орчим метр трубаг шүүгдэгч М нь Г, Б нарт худалдсан гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн болно. Иймд шүүгдэгч М-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч М нь ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын явцад хууль сануулж, шинжээчээр томилогдсон хөндлөнгийн шинжээч “Д аудит” ХХК-ний … аймаг дахь салбарын 2008.08.12-ны өдрийн 53 тоот дүгнэлтийг үндэслэн энэ хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлтээр 580 метр хос шугам буюу 1160 метр ган хоолойн үнийг 18271000 төгрөгөөр тогтоосон ба шүүхээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас “Э” ХК-ний 800 метр урт ган хоолой бусдад худалдагдсан гэж шүүх дүгнэсэн тул уг ган хоолойн үнийг 12600800 /18271000……………………………………………………………..төгрөгөөр тооцож тогтоолоо.
Шинжээчийн дүгнэлтээр 1 сувгийн тэвшний /лотки/ үнийг 74 ….. төгрөгөөр, 1 ширхэг сувгийн тэвшний тагийг 49800 төгрөгөөр тус тус үнэлж тогтоосон ба нэхэмжлэгч 140 ширхэг сувгийн тэвшний үнийг 159 ширхэг сувгийн тэвшний тагийн үнийг тус тус нэхэмжилж байгааг тооцож үзвэл нийт 18278200 төгрөг болж байна.

Өөрийн өмч болох ган хоолойг ухаж авч байгааг болон ухаж аваад ачаад явсныг хохирогч “Э” ХК хэрэг гарсан тухайн үед нь мэдсэн, мэдэж байсан атлаа өөрийн өмчдөө зохих харуул, хамгаалалтын ажлаа зохион байгуулаагүй, хайнга хариуцлагагүй хандсан үйл ажиллагаанаас шалтгаалан хохирлын хэр хэмжээ нэмэгдсэн тул сувгийн тэвшний болон сувгийн тэвшийн тагны нийт үнийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан 30 хувь буюу 5483460 төгрөгөөр багасгаж нийт 12794740 төгрөгөөр тогтоолоо.

Иймд шүүгдэгч М-ээс 25395540 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Э” ХК-д олгож шийдвэрлэх үндэстэй байна. Энэ хэрэгт мөрдөн бацаагчийн 2008.07.25-ны өдрийн тогтоолыг битүүмжлэгдсэн … улсын дугаартай, “Ниссан террано” маркийн автомашиныг, … улсын дугаартай, “Пажеро” маркийн автомашиныг тус тус торгох ялын биелэлтийг болон иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор … аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр, энэ гэмт хэрэг нь өмчийн эсрэг гэмт хэрэг биш бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 5500000 төгрөгийг гэмт хэргийн замаар олсон ашиг орлого гэж үзэхгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э” ХК –ний хохиролд тооцож олгох … аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297,299 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч М-ийг төрийн албан тушаалтны хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс “Э” ОНӨХК-ний хууль ёсны ашиг сонирхолд онц хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 32 жилийн хугацаагаар хасах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6900000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар М нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар М-ээс 25395540 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Э” ОНӨХК-д олгосугай.
6.Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2008.07.25-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн … улсын дугаартай “Ниссан террона” маркийн автомашиныг, … улсын дугаартай, “Пажеро” маркийн автомашиныг тус тус торгох ялын биелэлтийг болон иргэний нэхэмжлэлийг хангуулахаар … аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5500000 төгрөгтйг иргэний нэхэмжлэгч “Э” ОНӨХК-ний хохиролд тооцож олгохыг … аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол М-ийг бусдын батлан даалтад байлгасугай.

Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор … аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.БАТЗОРИГ