Хан-Уул дүүргийн шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-Уул дүүргийн шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009 он 04 сар 17 өдөр                                      Дугаар 128                                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н. Ичинхорлоо даргалж шүүгч Н. Нарантуяа, П. Туяат нарын бүрэлдэхүүнтэй
Нарын бичгийн дарга М. Цэрэндаваа
Улсын яллагч Г. Гэрэлтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Энхзаяа С. Баярмаа
Хохирогч Мөнх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Г. Шаравжамц
Иргэдийн төлөөлөгч Ө. Пүрэв, Т. Бадамгарав, Л. Чимэдлхам нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв. Эрүүгийн хэргийн дугаар 20713230
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1,269 дүгээр зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Р-ыг , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгийг 2009 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгчдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, … оны … дүгээр сарын …-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн … байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш
2. Монгол Улсын иргэн, … оны... сарын …-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Аниш” ХХК-д тракторчноор ажиллаж байсан, ам 8, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын … дүгээр багийн … тоотод оршин суух, … оны … сарын …-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын … шүүхээр Эрүүгийн хуулийн … дугаар зүйлийн …- зааснаар … жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Р

Холбогдсон хэргийн талаар

Р. нь … оны .. сарын ..-ны шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харант гэх газарт согтуугаар иргэн Д-тэй маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт 2-3 удаа өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,
… оны … дүгээр сарын …-ны өдөр дээрх үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн … дугаар зүйлийн … дэх хэсэгт зааснаар эрүүгийн …..дугаартай хэрэг үүсгэн шалгагдаж улмаар уг хэрэг нь Сэлэнгэ аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хянагдаж байх хугацаандаа … оны … дүгээр сард өөрт холбогдох хэргийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхийн тулд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, их эмч Г-ээр дамжуулан Ш-д 1 сая төгрөгийн хээл хахууль өгсөн,
… оны… сарын ..-наас ..-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “ Алтанвиктория” ХХК-ний алтны уурхайгаас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий ДЭС-100 маркийн цахилгаан үүсгүүр, 11.000 төгрөгийн үнэ бүхий 10 л дизель түлшийг хулгайлж бусдад 6.011.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ш нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас … оны … сарын…-ны өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн …..дугаартай хэргийн яллагдагч Р-ээс тус аймгийн нэгдсэн эмнэлгийн , их эмч Г-ээр дамжуулан 1 сая төгрөгийн хээл хахуулийг урьдчилан амалсны үндсэн дээр авч, улмаар хээл хахууль өгөгчийн ашиг сонирхол нийцүүлэн холбогдох хэргийг нь … оны … дүгээр сарын …-ны өдөр хууль зүйн үндэслэлгүйгээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хяналтын прокуророор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх тогтоол үйлдүүлж, уг тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж хянаж баталгаажуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Хохирогч Д. Мэдүүлэхдээ:
Би ... оны ….сарын ..-нд Ба, Х, Со нарын хамт Ерөөгийн төвөөс Харгантад алт түүхээр очсон….. найз нарынхаа майханд амраад өглөө хоол цай хийгээд байж байхад манай сумын “Аниш”-ийн уурхайд ажилладаг Р ирсэн юм…Р шар тайлж өгнө гээд 2 шил архи авсан юм. Дахин нэг пиво ч авсан. Архи ууж эхлэхэд олуулаа байсан. Тэгээд сүүлд нь Ба, Р, М бид нар үлдсэн байсан.Тэнд 3-4 шил архи ууцгаасан. Би согтсон гэхдээ арай гайгүй л байх шиг байсан. Р бид 2 хамт байсан юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байгаа юм.
Тэгээд Р-тэй хамт давхралдаад унасан юм. Р намайг цохсоныг мэдэхгүй байна. Унасны дараа миний бие эвгүй бөгөөд нуруугаар гэдсээр гол тасрах гэж байгаа юм шиг өвдсөн. Өвдөлтөө л мэдэж эхэлсэн юм. Тэгээд 1 цаг орчим унтаад бие эвгүй болж унтаж чадахаа больсон юм. Гэдсэн дотор бүх зүйл холилдоод ч байгаа юм шиг өвдөөд байсан юм…Би … оны… сарын …. эмнэлэг ирээд 02 цагийн орчим хагалгаанд орсон юм.
Р-тэй архи ууж согтоод хоорондоо маргалдан улмаар Р-д зодуулан биедээ хүнд гэмтэл авч яаралтай аймгийн төвд ирж хагалгаанд орсон юм. Ингээд энэ хэрэг асуудлын талаар … оны… сард цагдаагийн газарт хохирогчоор тогтоогдон байцаагдсан юм. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэхгүй. Цагдаагийн газраас Р-ыг ял сонсгоод хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Ингээд эмнэлгээс гараад боолт хийлгэж байхад Р уулзаад чи гомдол саналгүй эмчилгээний зардлаа авсан гэсэн бичиг хийгээд өгөөч Ш прокурор чамайг уулзаадах гэж байна гэсэн. Тэгэхээр нь нэг нутаг усны хүмүүс эмчилгээний зардал өгч байсан цаашид ч өгөх байх гээд гомдолгүй, эмчилгээний зардал 270000 төгрөг авсан болно гээд бичиж нотариатаар батлуулан нэг хувийг нь Р-д өгсөн. Тэгээд тэр өдрөө би Ш прокурорын өрөөнд орж уулзсан. Энэ үед Ш прокурор биеийн байдал ямар байна, гомдол санал байна уу, чи урьд нь шоронд ороод манайхаар шалгагдаж байсан биз дээ гээд зандрангуй хэлсэн.
Тэгэхээр нь би бие гайгүй, гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Ш прокурор энэ хүний хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ за яв гээд л би явсан. Үүнээс хойш намайг цагдаа прокуророос дуудаагүй болно. …Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Р байнга эргэж тойрч хоол цай зөөдөг байсан. Г гээд эмэгтэйчүүдийн эмч нэг удаа орж ирээд бие асуугаад гарч байсан. Ямар учиртай асуусан мэдэхгүй. Р хамт орж ирсэн юм байна. Тэгээд тэр Г эмч нь надад хандаж та хоёр зохицоод эвлэрчихгүй юу гээд хэлж байсан. Би тэгэхэд нь гомдол саналгүй, эмчилгээний зардал л өгчихвөл болно гэж хэлж байсан одоо ч гэсэн тэр бодолтойгоо байна гэжээ. /x.x-5-7, 240-241/

Шүүгдэгч Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ
Надад үйлдсэн хэрэг байхгүй. Асуулт гарвал хариулна гэв.
Шүүгдэгч Р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ
… Би нилээд согтсон шиг байсан, нэг мэдсэн чинь Д-тай барьцалдаж авсан. Юунаас болсон юм бэ гэвэл өмнөх өдөр нь Д Ерөөгөөс ирж байхдаа манай ажилчин Т-ийн малгайг авч бариад байсан юм.Тэр үед би Ц-д ”болио, надтай яваа хүний малгайг битгий дээрэлхээд байл даа, би Ерөөгийнх би тэд нарыг өмөөрөхгүй бол манай ажилчид буруугаар ойлгоно шүү дээ” гэж байсан, тэгээд тэрнээс болоод л маргалдсан юм шиг байгаа юм. …бид хоёр зууралдаад зодолдсон. Би Д-тэй эхэлж гараараа нүүр хавьд нэг цохисон юм. Энэ үед намайг барьж аваад бид хоёр газар унасан юм. Миний мэдэхээр би Д-ыг унасан байхад нь гэдэс рүү нь хоёр гурав өшиглөсөн юм. Би яг яаж зодолсоноо нэг бүрчлэн мэдэхгүй байгаа юм ямар ч байсан өшиглөсний дараа байх нэг харахад Д газар хэвтэж байсан юм. /хх-39 тал/ Маргааш өглөө нь ажил дээр байхад 2 залуу ирсэн. Д-ын бие нь муу байна, чи очиж уулз гэсэн. Ингээд очиход майхан дотроо эвхэрсэн ёолоод сууж байсан. Би тэгээд уурхайн эмчид үзүүлсэн чинь хавирга нь хунараад уушиг руу нь хатгасан байж магадгүй эмнэлэг рүү авч яв гэсэн. …Тэгээд би ээж руу нь яриад би өчигдөр Д-ыг гэмтээчихлээ, та Сэлэнгэ рүү эмнэлэгт аваачаад үзүүлээдэхээч гэсэн. Би чөлөө аваад Сэлэнгэ рүү эмнэлэг дээр очсон чинь Д хагалгаанд ороод гарсан байсан. Гэдэс нь цоорсон гэж эмч нь хэлсэн. /хх-463 тал/
Д-ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэргээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн эмнэлгийн эмч Г манай найз Э намайг Г эмчтэй уулзуулсан.Э над руу ярихад би түүнд болсон хэргийн талаар хэлж хүн зодоод тэр хүн нь бие нь муу эмнэлэгт байгаа цагдаа дээр шалгагдаж байгаа таньж мэдэх хүн байвал ярьж өгөөч гэж хэлээд Г эмчийг би танина хамаатан нь гэж надад хэлсэн. Ингээд аймгийн төв дээр Э ирээд Г эмчтэй уулзаад миний хэргийн талаар Г эмчид хэлчихсэн чи Г эмчтэй уулзаад хэрэг төвгийнхөө байдлыг түүнд хэлж асуугаарай гэж хэлсэн. Ингээд Г эмчтэй уулзаж эхлээд би Д-ын биеийг асуудаг байсан. Ингээд дараа нь би өөрийн цагдаа дээр шалгагдаж байгаа хэргийн талаар зүйл ангийн талаар Г эмчид хэлж таньдаг хүн байвал зүйл ангийг багасгаж өгөөч гэж гуйсан. Тэр үед би эрүүгийн хуулийн .. дугаар зүйлийн..-д заасан зүйл ангитай байсан. …Ингээд хэрэг прокурорт шилжиж Ш прокурор дээр очсон. Тэгээд би Г эмчид миний хэрэг Ш гэж прокурор дээр шалгагдаж байгаа гэж хэлэхэд Г эмч би танина уулзаж өгье гэж хэлсэн. …Маргааш нөгөөдрөөс нь намайг Г эмч дуудаад очиход Ш металл хайгч, принтер зараадах гэж байна….чи металл хайгчийг зараадах гэж хэлсэн. …би Г эмчид та Ш прокуророос чөлөө аваад өг гэхэд Г эмч Ш прокурор руу утсаар яриад надад 7 хоногийн чөлөө авч өгсөн. Ингээд би уг металл хайгчийг нь аваад Х гэх залуугийн хамт гэр рүүгээ харьж гэрээсээ цаашаа уурхай орж уурхайн дарга Н-ээс металл хайгч 3 сая төгрөгөөр авах уу гэж асуусан. …Ингээд Г эмчид авахгүй гэж байна гээд металл хайгчийг буцааж өгсөн. Тэгтэл Г эмч дуудаад хэргийг чинь хаалгах гэсэн юм 3 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр би байхгүй гэсэн. Тэгтэл Г эмч тэгвэл 1 сая төгрөг өгчих гэж хэлсэн. …Г эмч Ш прокурор руу яриад надад 1 сая төгрөг олж ирэхэд 7 хоногийн чөлөө өгсөн. Ингээд би ээж руугаа гар утсаар яриад 1 сая төгрөг өгч хэргээ хаалгах гэсэн юмаа гэж хэлэхэд ээж олдоогүй хаанаас олддог юм гэхээр нь би гэр рүүгээ өөрөө явсан. Ээжтэйгээ уулзаад 1 сая төгрөг олоод өгчих цалингаа авахаар өгчихье хүн амьтнаас зээлээд ч гэсэн олоод та Ш гэж прокурор байгаа тэр прокурортой уулзаарай хэрэг тэр прокурор дээр хаагдаж байгаа та Г эмчтэй хамт очиж мөнгөө Ш прокурорт өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би Аниш уурхай руу явсан. …ээж уурхай руу хүнээр захиа явуулсан байсан. Би захиаг уншихад чамайг ирж гарын үсэг зур гэж байна. 1 сая төгрөгийг Ш-д өгөх гэтэл зугтаагаад байна тэгэхээр нь Г эмчид өгчихлөө….Сэлэнгэ ороод шууд Ш прокурор дээр очсон. Тэгээд очиход Ш прокурор намайг дагуулаад нэг эмэгтэй дээр нөгөө хүн нь энэ гээд оруулж өгсөн…. Тэгээд нэг өглөө яваад очтол хэрэг чинь хаагдаж байна гээд надад хэлээд өөрийнхөө өрөөнд надаар хавтаст хэрэг дээр гарын үсэг зуруулсан. /хх-645-646 тал/
Уурхай дээр хэрэг төвөг хаагдсаны дараа буцаж очоод ажилласан. …Ингээд 2008 оны 01 сарын эхээр уурхайн захирал Н намайг дуудаж ажиллаж өгөөч цалин мөнгийг чинь өгөх гэсэн юм гэсэн. Ингээд очиход энэ компани салбар болох Золотой виктория ХХК дээр очиж ажилласан. …Ингээд би цуг ажилладаг А гэж залуу руу утасдаад Портер аваад хүрээд ир цалин өгөхгүй байна. Цалингийнхаа оронд юм авъя гэж хэлсэн. А маргааш орой нь хүргэн ахын хамт найзынхаа хамт машинтай ирсэн. Ингээд бид 4 орой 21-22 цагийн орчим Шарын голын уурхай руу гарсан. Ингээд Золотой виктория дээр харанхуй болсон байхад очсон. Тэгээд хаалган дээр машинаа тавьчихаад тэндээсээ мотор байсан өрөө рүү очиж моторыг авч өнхөрүүлэн аваачиж машин дээрээ ачсан. Мөн маз кран байсан түүнээс 10 литр сляракийг канистарт хийж аваад машины шатахууны саванд хийсэн. …Ингээд Шаамар сум ороод А хүргэн ахынхаа хашаанд мотороо буулгаж орхиод маргааш нь би түүнээс 10 мянган төгрөг аваад Ерөө дэх гэрлүүгээ явсан. гэжээ /хх-646 тал/
Гэрч Г-ын мэдүүлэхдээ
…2007 оны 9-р сард манай холын садангийн хүүхэд Э над руу утастаад өөрийнх нь танил сумын иргэн Р гэх залуу нэг хүн зодоо хэрэгт шалгагдаж байгаа гэнэ. Зодуулсан хүн нь танай эмнэлэгт хэвтэж байгаа, хүнийх нь биеийн байдлыг асуугаад өгөөч, таньж мэдэх хүн байвал хэргийг хөнгөрүүлэх талын хэлээд туслаад өгөөч гэж гуйсан. Ингээд би эмнэлэг рүү ороод тэр хүнийх нь биеийг асуусан. Хагалгаанд орсон гэдэс нь тайрагдсан хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Эр-аас хэргийн талаар нь асуухад гэмтлийн хувьд хүнд гарсан, хэрэг нь прокурорт шилжигдэнэ, Дарханы Я гэдэг эмч гэмтлийн зэргийг нь тогтооно гэж надад хэлэхээр нь би Я эмчтэй ярьсан. Асуухад гэмтэл нь хүнд гарч байгаа гэдгийг хэлсэн. Үүнээс хойш Р байнга л манай гэрээр болон ажлаар ирдэг болсон. Р бид хоёр нэг өдөр Монголжин зоогийн газарт хоол идэж явахад Ш прокурор хооллоод сууж байхаар нь би асуухад ийм хэрэг шилжигдэн ирснийг мэдээгүй байгаа, ирэхээр, үзэж танилцаж байгаад хариу хэлье гээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа би Ш прокурортой тааралдаад туслаач, айлын ганц ажил хийдэг хүн байгаа юм, намайг сургууль төгсөөд ирэхэд суманд надад тус болж байсан айл байгаа гээд хэлээд гуйсан. Ш хэрэг нь прокурор дээр байгаа би танилцаж байгаад хариу хэлнээ гэсэн…. Би 1 сая төгрөг аваад ир, прокурортой яриад үзье гэсэн.Түүнээс хойш хэд хоногийн дараа Р-ын ээж Ц над руу залгаад би аймагт ирчихсэн байна. Нөгөө 1 сая төгрөгийг аваад ирсэн, прокурортой уулзах гэсэн ажил дээрээ байхгүй байна гэхээр нь аваад ир гэж хэлээд өөртөө авсан. …цагдаагийн газар луу явдаг машин дээр тааралдаад зогсоод би Ш-ын машинд ороод 1 сая төгрөгийг хажуугийнх нь сандал дээр тавиад буусан. 5000 дэвсгэртээр хоёр боодол мөнгө байсан гэжээ./хх-284-288/

Гэрч А.Энхтуяа мэдүүлэхдээ
…би … онд …-ийн хуулийн сургуулийг төгсөөд аймгийн прокурорын газарт туслах ажилтнаар ажилд ороод, … оны..-р сараас хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор томилогдон ажиллаж байгаад … оны … сараас мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор томилогдон ажиллаж байгаа. Р-т холбогдох хэргийг прокурор Ш оруулж ирэхдээ яллагдагч Р- ыг хамт оруулж ирж байсан….түүнээс аль нэг хуудсан дээр нь надад цохолт хийсэн зүйл байгаагүй. Уг нь Эрүүгийн хэргийн эрүү үүсгэсэн тогтоол дээр нь прокурор цохолт хийж хуваарилж өгдөг юм….энэ хэргийг анх эрүү үүсгэхэд надад цохолт хийж өгөөгүй мөрдөн байцаалтын явцад би хяналт тавьж байгаагүй болно….хэрэв .. оны …сарын …-ний өдөр надад цохолт хийсэн бол мөрдөн байцаагч нь надад оруулж ирж танилцуулан би өөрийн хувийн бүртгэлдээ бүртгэх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. Энэ бүртгэл дээр яагаад миний нэрийг бичсэнийг мэдэхгүй, хэрэг өгснийг дараа нөхөөд бичсэн байх….тухайн үед хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан…. Хэргийн ачааллыг харгалзан аймгийн орлогч хуваарилан өгч байна гэж бодоод л авсан…. надад хэргийг … оны… сарын …-ны өдөр өгсөн, ингэж надад өгөхөд прокурорын хяналтанд байх 14 хоногийн хугацаа дуусчихсан, өөр дээрээ байлгаж байгаад надад өгсөн….би …. өдрөөр хянаж гарын үсгээ зурсан юм. ..би хэргийг 2 хоногийн дотор уншаад прокурор Ш-д танилцуулсан. Ингэж танилцуулах үедээ яллах дүгнэлт үйлдчихсэн, орж танилцуулахдаа яг яллах дүгнэлтээ бол авч ороогүй….прокурор дээр ороод хэргийн холбогдогч Р нь эхний мэдүүлэгтээ хэргээ хүлээсэн, дараагийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлгээсээ буцсан байна, яллах дүгнэлт шууд үйлдэх боломжгүй юм байна гэхэд Ш прокурор “тэгвэл хэрэгсэхгүй болгочихгүй юу” гэж хэлэхээр нь гайхаад “яаж хэрэгсэхгүй болгох юм….үндэслэл байхгүй” гэхэд хэрэгсэхгүй болгох тогтоолоо хийгээд ороод ир” гэж хэлээд гарсан. Ингээд би Ш прокурорын өрөөнд хэрэгсэхгүй болгох тогтоолоо үйлдээд ороход коридорт Р ирчихсэн зогсож байсан. Тэгээд Ш прокурор тэр дор нь хянасан гээд гарын үсэг зураад Р-ыг дуудаж оруулж ирээд тогтоолтой танилцсан гээд гарын үсэг зуруулсан….ингээд хэрэгсэхгүй болгосон тогтоолынхоо нэг хувийг аваад гарахад Р хамт гарснаа буцаад Ш прокурорын өрөө рүү яваад орсон. Түүнээс хойш Р-ыг хараагүй….би орлогч прокурор хэлж байгаа юм чинь гээд л хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдээд хянуулан Ш прокуророор гарын үсэг зуруулсан гэжээ./хх-235-239,527-528/

Гэрч Э мэдүүлэхдээ
…би 1999 оноос Р-ыг таних болсон. Г ах бол холын садангийн хүн байгаа юм. 2007 оны 9-р сард Г надтай таараад “хүн зодоод хэрэгт шалгагдаж байна, таньдаг мэддэг хүн байвал хэлүүлж өгч туслаач” гээд ярьж байсан. Тэгээд би Г ахаас асууж өгье гэж хэлсэн. Ингээд Г ахтай утсаар ярьсан. Ингэж ярихдаа манай найз Р хүн зодоод хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа юм. Тэр зодуулсан хүн нь хүнд байгаа юм гэнэ, аймагт таньж мэддэг айл байхгүй хэцүүхэн яваа юм. Та танил найз нөхөд байвал хэлж өгөөд туслаач гэсэн. Г ах “за тэгье тэр хүн ямар хүн юм биеийн байдлыг асууж өгье” гэсэн гэжээ.
/хх-244/

Гэрч С мэдүүлэхдээ
… оны…-сард Г миний ажил дээр ирээд манай нэг дүү зодооны хэргээр танай дээр шалгагдаж байгаа юм байна, байцаагч нь Эр гэж хүн байгаа гэнэ гэхлээр нь би мэдэхгүй, чамайг байцаагчтай нь уулзуулж өгье гээд…Эр , Г нарыг уулзуулчихаад явсан. … сард байх өдрийг нь сайн санахгүй байна, би Г-тэй тааралдаад нөгөө яриад байсан дүүгийн чинь юм юу болсон гэсэн чинь Г “прокурорт нь мөнгө өгч байж нэг юм салсан. Хохирогч нь гайгүй байгаа даа” гэхлээр нь би “шал дэмий юм хийж байх юм” гэж хэлсэн….ингээд би Г-тай ярьсан зүйлийн талаар тасгийн дарга цагдаагийн хошууч Ц-т амаар танилцуулсан. Тэгээд Р-ыг эрэн сурвалжлахад Ерөө сумандаа гэртээ байхгүй байсан. Нэлээд хол алтны уурхайд ажиллаж байгааг нь тогтоосон. Гэтэл … оны… сарын дундуур Ерөө сумын нутагт байрлах алтны уурхай руу хулгайчид халдсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн мөрөөр жижүүрийн бүрэлдэхүүн Ерөө сумруу явсан. Ингээд ирэхдээ уг хэргийг үйлдсэн холбогдогч нарыг авчирсан. Тэдний дотор Р байсан гэжээ…” /хх-254/
Гэрч Эр мэдүүлэхдээ
Г уулзахад “чам дээр шалгагдаж байгаа Р нь миний хуурай дүү байгаа юм туслахгүй бол болохгүй, хэргийг нь цагдаа дээр шийдэж болохгүй юу” гэж асуусан. Тэгэхлээр нь би …хууль тайлбарлаж өгөөд салсан. ..Эрүүгийн хэргийн дугаарыг аймгийн орлогч прокурор Ш-ээс авч байсан. Энэ үед хяналтын прокуророор тэр энэ гэж цохолтыг Ш хийгээгүй, өөрөө бүртгэлээ бичээд дугаар олгосон, энэ тэр прокурорт хянуул гэж хэлээгүй…”гэжээ /хх-268/

Хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг түр хадгалах, бүртгэх журналд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-564/
Хохирогч Н. мэдүүлэхдээ
Би юуны өмнө “Аниш”, “Алтанвиктори” ХХК нь тус тусдаа компани юм гэдгийг хэлмээр байна. Р … оноос Анишд ажиллаж байхыг нь мэднэ. Ажиллаж байсан хугацааны цалин .. сая төгрөг нэхэмжилсэн байдаг. /хх-430 дах талд/ … оны.. сарын ..-нд Р 2 гениратор хулгайлж авсан. ..сая төгрөгөөр үнэлэгдсэнийг аймгийн шүүх дээр үзсэн. Хамт хулгай хийсэн хүмүүс нь хохирлын төлөх хэсгийг төлсөн. Одоо Р-ээс ……төгрөгийг нэхэмжилж байна. Дээр нь олон удаа явсан зардал, өмгөөлөгчийн хөлс зэргийг нэмээд нийт ……төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Р нь … оны … сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэдэг газарт архи ууж согтуурсан байх үедээ иргэн Д-тэй маргалдаж улмаар зодолдож түүнийг унах үед нь хэвлийн тус газарт 2-3 удаа өшиглөж хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролт үүсгэн амь насанд нь аюулгүй хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч М…Харгантад …цагийн орчим Д, Э 2 хоорондоо зодолдсон юм. Тэр хоёр хоёулаа архи уучихсан байсан” /хх-8 тал/ гэрч К-ны”..би маргааны дундаас Д нь урд нь Р-д томорч маргаж байсан. Гэтэл хоёулаа согтуу халамцуу таарч дахин Д агсран үг хэлээр томорч маргаан үүссэн гэж ойлгосон.”/хх-13-14 тал/ нарын мэдүүлэгүүд. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 190 дугаартай акт /хх-37-43/, 113-116, 153-156, 307-316, 318, 462, 645-649, 703, 736-738 тал/ шинжээч эмч Я-гийн “ хэвлийн тухайн хэсгээр яг таарч цохихгүй юм бол хоёр хүний хоорондын ноцолдох, өнгөрч унах зэргээс үүсэх боломжгүй гэмтэл юм” гэсэн мэдүүлэг /хх 363 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон,

Мөн … оны…сард дээрх үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн цагдааагийн газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн …. дугаартай эррүгийн хэрэг үүсгэн шалгагдаж улмаар хэрэг нь Сэлэнгэ аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хянагдаж байх хугацаанд … оны… дүгээр сард өөрт холбогдох хэргийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхийн тулд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, их эмч Г-ээр дамжуулан Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурор Ш-д 1 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ч-ын … сарын сүүлчээр байх би өдрийг санахгүй байна хүү Р над руу аймгаас утасдаад нэг сая төгрөг хэрэгтэй байна хэргээ хаалгах гэсэн юм.Та энэ мөнгийг олоод прокурор Ш-д хүргэж өгөөд миний өмнөөс гарын үсэг зурчих би уурхай руугаа явлаа гэсэн. …1 сая төгрөг болгоод аймаг дээр ирээд прокурор дээр очоод Ш-тэй уулзах гэсэн юм гэхэд гадуур ажилтай байхгүй гээд коридорт явж байсан нэг хүн хэлсэн. Тэгээд би Г дээр очоод Ш прокурортой уулзах гэсэн олдохгүй байна гэхэд Г гар утсаараа Ш лүү залгаад Р-ын ээж ирээд байна 1 сая төгрөг өгөх гэсэн юм байна гэж ярьж байсан. Тэгээд утсаа салгаад Г надад мөнгөө үлдээчих гэж байна тэгээд Р-ыг өөрийг нь ирүүлээд гарын үсэг зурах хэрэгтэй гэнэ гээд надаас нэг сая төгрөгийг авч үлдсэн” гэх мэдүүлэг /хх-224-225 тал/ О-ийн мэдүүлэг /хх-235-239, 527-528/, С /хх254-255/, Г-ын мэдүүлэг /хх-284-288, 655-656/, Э-ийн мэдүүлэг/хх244-246/, У-ын мэдүүлэг/хх-243/, Эр-ын мэдүүлэг/ хх-268/, В-ны , мэдүүлэг /хх-247/, 20713230 тоот хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х-165/, баримт бичигт хийсэн тэмдэглэл /хх-221-222/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол 46 /хх-57/, 20713230 дугаартай хэрэгт зэрэг нотлох баримтуудаар,
Мөн .. оны … сарын …-наас ..-нд шилжиж шөнө бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Алтанвиктория”ХХК-ний алтны уурхайгаас ……..төгрөгийн үнэ бүхий ДЭС-2100 маркийн цахилгаан үүсгүүр, ……төгрөгийн үнэ бүхий 10 литр дизель түлшийг хулгайлан бусдад ……төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н-ийн мэдүүлэг /хх-85-87/, А-ийн мэдүүлэг /хх-119-127/, Со-ийн мэдүүлэг /хх 128-134/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-72-83/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-153/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 269 дүгээр зүйлийн 269.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ш нь Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокуророор ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас …оны .. сарын ..-ны өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган прокурорын хяналтанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байсан Р-т холбогдох эрүүгийн …..дугаартай хэргийн яллагдагч Р-ээс тус аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга , их эмч Г-ээр дамжуулан 1 сая төгрөгийн хээл хахуулийг урьдчилан амласны үндсэн дээр авч, улмаар хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн холбогдох эрүүгийн хэргийг нь .. оны … сарын ..-ны өдрөөр хуульзүйн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хяналтын прокуророор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх тогтоол үйлдүүлж уг тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж хянаж баталгаажуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д-ын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ш-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Н-ийн нэхэмжилсэн …..төгрөгөөс ….төгрөгийг Р-ээс гаргуулан “Алтанвикториа” ХХК-д олгох зүйтэй байна. Харин ….төгрөгийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй энэ хэрэгт хамтад нь шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Р-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн , бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, Ш-ийг хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 / тав / 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Ш-ийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн268.1 дэх хэсэгт зааснаар прокурорын албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн зрөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарын хорих, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх бүгд 6 / зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Р-д оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ш-ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Р-ын цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р-ээс хохиролд 2.475.386 / хоёр сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Алтанвиктория ХХК-д олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг видео кассет, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Р-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ш авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шийтгэх тогтоолд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлсэгүй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД П.ТУЯАТ

Н.НАРАНТУЯА