Сэлэнгэ аймгийн шүүхийн 74 дүгээршийтгэх тогтоол

A- A A+
Сэлэнгэ аймгийн шүүхийн 74 дүгээршийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009 оны 05 сарын 27                                               №74                                           Сүхбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Уранзаяа
Улсын яллагч П.Баасанжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулан

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Р-д холбогдох “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэх 20913050 дугаартай эрүүгийн хэргийг 2009 оны 05-р сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй … онд … аймгийн … суманд төрсөн, … настай … боловсролтой, ам бүл .., … сумын … баг … тосгонд оршин суух, гэмт хэрэг үйлдэх үедээ … сумын … тосгоны захирагч буюу … багийн засаг дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Р

Шүүгдэгч Р нь … сумын захирагч буюу … тосгоны … багийн засаг даргын ажлыг гүйцэтгэж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн аймгийн орон нутгийн өмч болох уурын зуухны 31 тонн төмрийг 2008 оны 01, 05, 11-р саруудад бусдад зарж 4.960.000 төгрөгний хохирол учруулсан, 2008 оны 08-рсарын 02-ны өдөр тус багийн “Э” гэх газар “Бу” ХХкомпанид хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгож 1747 ширхэг буюу 257 м куб мод бэлтгүүлэн ойн санд 18.504.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэгийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж. мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
Б 2008 оны 10-р сард …аймагт мод бэлтгэж зөөхөөр боллоо гэж миний ээмшлийн “Урал” маркийн …. УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өдрийн 15000 төгрөгний хөлсөөр авч явах болсон. Би ….. ирээд “Ж” “С” гэх газраас сар гаруйн хугацаанд 1700 орчим модыг зөөж дуусгасан. 2008 оны 08-р сард анх Р гуай,.М нартай Б уулзаж байхад нь би ирж байсан. Тэд нар яриад жуулчны бааз барихаар болоод мод бэлтгэх талаар тохиролцож Б модны мөнгө тушаасан баримтыг 2 ч удаа Р гуайд үзүүлж байсан. Би уг “Урал машиныг 2008 оны 08-р сард БНХАУ-аас 30 сая төгрөгөөр оруулж ирж байсан. Би уг үнээрээ нэхэмжилж байна гэх.
Шүүгдэгч Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:
Би 2008 оны 08-р сард Улаанбаатар хотод “У” ХХК-ний захирал Б-тэй тааралдан уулзсан. Танай орон нутагт аялал жуулчлалын газар байгуулмаар байна гэхээр нь … сумын ИТХ-аар оруулж газрын асуудлыг нь шийдвэрлүүлж 2 га газрын тогтоол гаргуулж өгсөн. Б надаас “Модны асуудлаа яаж шийдэх вэ” гэхээр нь Модны асуудлыг би мэдэхгүй. … сумаас зөвшөөрөл авдаг гэсэн. Түүнээс хойш 5-6 хоногийн дараа Б 500000 төгрөгийг … суманд тушаачихсан банкны бичиг авчирч үзүүлсэн. Тэгэхээр нь би БОЯамны улсын байцаагч М, байгаль хамгаалагч Х нарыг дуудаж авчиргаад Улаанбаатар хотоос аялал жуулчлалын газар байгуулахаар хүмүүс яваад байгаа, … суманд мөнгөө тушаасан байна. Бичиг баримтыг шалгаад газрын нь заагаад өгчих гэсэн. М Ж-д газар байгаа 2 жил дараалан түймэрт өртсөн тэр газрыг заагаад өгье гэж байсан. Орой нь М “Ж-ын аманд газар заагаад өгчихлөө. Хуурай мод ихтэй газар байна түүнийг нь зааж өгөөд ирлээ” гэж байсан. Түүнээс биш би тэр мод хийсэн газарт нь очиж байгаагүй.
Энэ уурын зуух нь анх “Е” нэгдлийн объектыг халааж уурын зуух байгаа юм. Энэ нь манайд балансад бүртгэлтэй байдаг. 2002 оны 1-р сард би ажил хүлээж авахдаа хагас дутуу хүлээж авсан юм. Би аймгийн Засаг даргын тамгын газар, “Е” нэгдлийн захиргаанд шинээр уурын зуух барих, манайх “Е” нэгдэлд 91 сая төгрөгний өртэй байсан, хөөцөлдөж байгаад уурын зуухны дотор нь байгаа тонтог төхөөрөмжүүдийг … өндөрийн уурын зууханд шилжүүлэхээр аймгийн даргатай ярьж тохиролцон энд байсан тоног төхөөрөмжүүдийг …ийн зууханд шилжүүлж аваад явсан. Үлдсэн жижиг холболтуудыг “Ш” ХХК-ын уурын зуухандаа тавьсан. Үлдсэн төмрүүдийг нь хүүхдүүд хулгайлаад байхаар нь манаач тавьж харуулж байсан. Манаачийн цалингаа өгч чадахгүй болохоор нь үлдсэн төмрүүдийг нь ард иргэдэд зарж 2920.0 мянган төгрөгийг кассанд тушаалгасан. Уг мөнгийг би өөртөө ашиглаагүй орон нутгийнхаа хэрэгцээнд зориулсан. Тухайлбал өндөр настны биеийн тамирын өрөө тохижуулах, цагдаагийн машинд сэлбэг авах зэрэг бусад зүйлүүдэд хэрэглэсэн, санхүүгийн баримтанд тусгагдсан байгаа.
Шүүгдэгч Р нь … сумын захирагч буюу … тосгоны 3- багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн аймгийн орон нутгийн өмч болох уурын зуухны 31 тн төмрийг 2008 оны 0105, 11-р саруудад бусдад зарж 4960.000 төгрөгний хохирол учруулсан. 2008 оны 08-р сарын 02-ны өдөр тус багийн “Э” гэх газар “Б” ХХКомпанид хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгож 1747 ширхэг буюу 257 м куб мод бэлтгүүлэн ойн санд 18.504.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Р нь … сумын захирагч буюу … тосгоны 3-р багийн засаг даргын ажлыг гүйцэтгэж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн аймгийн орон нутгийн өмч болох уурын зуухны 31 тн төмрийг 2008 оны 01, 05, 11-р саруудад бусдад зарж 4960.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
… аймгийн … сумын … тосгоны модны үйлдвэрийг 2002 оны 09-р сарын 29-ны өдөр … аймгийн Засаг дарга Н “ Е”-ын ерөнхий захирлын орлогч Э-гээр ахлуулсан ажлын комисс тодорхой объектуудыг орон нутгийн өмчлөлд дансаар шилжүүлсэн. Үүнээс уурын зуух нь үндсэн хөрөнгийн бүртгэлд 45.153.900 төгрөгийн бүртгэлтэй байгаа. 2006 оны 05-р сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын шийдвэрээр … тосгоны уурын зуухны байдалтай газар дээр нь үзэж шалгахаар ажлын комисс томилогдож ажилласан. Энэ шалгалтаар Д дарга 91 сая төгрөгийн халаалтын өрөнд уурын зуухны тоног төхөөрөмж, төмрүүдийг …ийн уурхай руу Засаг даргын шийдвэрээр ачуулсан гэсэн тайлбар өгсөн.
Бид нар барилга байгууламжийг үзэхэд бүрэн тоногдсон, уурын зуухны хувьд ерөөсөө 3 торх үлдсэн байсан. Уг уурын зуухнаас төмөр авч иргэдэд зарах талаар албан ёсны зөвшөөрөл аваагүй. Зуухны төмөр зарсан гэх асуудал нь хуульд нийцэхгүй байгаа, яагаад гэвэл эд зүйл нь орон нутгийн өмчид бүртгэлтэй байгаа захиран зарцуулах эрхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хэрэгжүүлнэ. Бид … тосгоны уурын зуухны тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын орлогч Н-ийн шийдвэрээр … уурхайд … сумын халаалтын өрийг барагдуулах талаар 2004 оны 06-р сарын 03-ны өдрийн 1/255 дугаартай албан бичгийг аймгийн архиваас сая гаргуулж авлаа. Уурын зуухнаас …ийн уурхайд шилжүүлсэн 91 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн эд зүйлийг нэхэмжлэхгүй. Харин Р даргын иргэдэд дур мэдэн зарсан 31 тн төмрийн үнийг нэхэмжилж байна гэх.
Гэрч З мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
Бугант тосгоны захирагч Р нь уг уурын зуухны төмрөөс зарж 2 сая төгрөгийг захирагчийн албаны кассанд тушаалгасан. Уг мөнгийг Ваа гэж Дарханы хүн тушаасан. Манай захирагчийн албаны нярав У бид 2 уурын зуухнаас төмөр ачаад явж байна гэх мэдээлэлээр очоод шалгатал Р даргын зөвшөөрөлөөр ачсан гэж хэлсэн. Р даргаас асуухад мэдэж байгаа гэж байсан. Уурын зуухны төмрийг зарж борлуулахад комисс гарч үнэлгээ тогтоосон зүйл байхгүй. Уг 2 сая төгрөгийг дансанд тусгаж аваагүй бэлнээр зарцуулсан. Төмрийг Р дарга зарсан нь хуульд нийцэхгүй байгаа. Уурын зуух нь … аймгийн орон нутгийн өмчийн албаны зөвшөөрлийн дагуу захиран зарцуулах ёстой гэх
Гэрч.О мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
Уурын зуухны төмрийг зарж борлуулах эрх Р даргад байхгүй. Уг асуудлыг аймгийн ИТХ-аар шийдвэрлэдэг учиртай. Хадгалж хамгаалах үүрэг нь Р даргад байгаа. Орон нутгийн өмчийг борлуулсан мөнгө орон нутгийн тусгай дансанд орлого орох ёстой гэх мэдүүлгүүд:
Мөн 2008.08.02-ны өдөр тус багийн “Э” гэх газар “Б” ХХК-нд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгож буюу 257 м куб мод бэлтгүүлэн ойн санд 18.504.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
… аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009.02.19-ны өдрийн 45/28/02 дүгнэлтэнд:
Хяналт шалгалт хийж бүх модыг тэмдэглэж тоолоход 1742 ширхэг 4м-ийн урттай, дунджаар 20 см голчтой хэрэглээний бөөрөнхий /хуурай/ нарс мод 5 ширхэг 8м-ийн урттай хэрэглээний бөөрөнхий нойтон нарс мод нийт 1747 ширхэг буюу 257 м куб мод бэлтгэсэн байсныг тогтоосон. Нийт 257 м куб хэрэглээний бөөрөнхий нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг нь тооцвол 18504000 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан ..үлэмж хэмжээний хохирол учруулсан …дүгнэлт гаргав гэх.

Хохирогч С мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
Аймгаас сум, тосгонд хувиарласан хуваарийн дагуу аж ахуй нэгжүүдэд хэдийн хэмжээний мод бэлтгэх талаар мөн хуваарь гаргаж өгдөг. Сум тосгоны засаг дарга нар нь хуваарийн дагуу аж ахуй нэгж мод бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Сум, тосгоны засаг дарга нар мод бэлтгэхийг хүссэн аж ахуй нэгж нь мод бэлтгэх зөвшөөрөл авсан, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжтэй, орон нутагт байнга үйл ажиллагаа явуулах байгууллага байх хэрэгтэй. “У” ХХК-ний хувьд тийм зөвшөөрөл аваагүй. Улсын байцаагч М аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудыг … тосгоны нутаг “С” гэх газарт очиж “У” ХХК-ний бэлдсэн модыг тоолоход 1747 ширхэг мод бэлтгэсэн байсан ба экологи, эдийн засгийн үнэлгээ тогтооход 18504000 төгрөгний үнэлгээ гарсан.
Зөвшөөрөлгүй бэлтгэсэн нарсны үнэ 18504000 төгрөгийг сумын захиргааг төлөөлж нэхэмжилж байна гэх
Гэрч Г мөрдөн байцаалтан мэдүүлсэн:
Б гэх хүн “С” гэх газар аялал жуучлалын газар амралтын газар барих гэж байгаа 2000 ширхэг палк мод бэлтгээд 4 сая төгрөг өгье гэсэн. Тухайн үед модны зөвшөөрөл авсан гэж хэлсэн, бид нарт ямар нэгэн бичиг үзүүлээгүй. Бид “Х” гэх газраас унасан болон хуурай нарсан 4м-ийн урттай модыг бэлтгэж “С” гэх газарт буулгасан. Биднийг ууланд байхад Р дарга ирээд “Та нар дуусаж байна уу “ гэж асуугаад явсан. Хүмүүс аймгаас шалгалт ирсэн, мод хурааж байна гэхээр нь төв рүү орж Б-тэй утсаар холбогдоход Р даргатай уулз гэсэн. Р даргатай утсаар ярихад “та нарын хувьд баримт бэлэн байна, хамаагүй та нар модоо хий “ гэсэн ингээд бид модоо хийсэн гэх.
Гэрч М мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
….аймгийн Цагдаагийн хошууч Ю-ийн хамт 2009.02.01-ний өдөр “С” гэх газарт мод бэлтгэж хураасан моднуудыг нэг бүрчлэн тоолж тавихад 1742 ширхэг 4м-ийн урттай бөөрөнхий хуурай нарсан мод, 5 ширхэг 8м-ийн хэрэглээний нойтон нарсан мод байсан. Сумын иргэдийн хурлаас мод бэлтгэх эрхийг олгохдоо тухайн аж ахуйн нэгжийн нөхцөл байдлыг судалж хэлэлцээд олгодог. “Н” ХХК нь “У” ХХК-нд эрхээ гэрээгэр шилжүүлсэн гэдэг асуудал нь хууль дүрэмд нийцэхгүй байна. Анх уулзахдаа Б мод бэлтгэх талаар ярьж байгаагүй, харин “Х” гэх газраас “С” хүртэл цахилгаан татах шонгийн талаар ярьж байсан. Цахилгааны шон 60 70 ширхэг хэрэгтэй гэж хэлсэн би зөвшөөрлөө аваад төлбөр тооцоогоо хийж модоо бэлтгээрэй гэж хэлсэн гэх.
Гэрч А мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
… тосгоны захирагч Р нь мод бэлтгэх зөвшөөрөл олгох эрхгүй, харин хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Аймгийн иргэдийн хурлын тогтоолоор хуваарь гарч, байгаль орчны яам баталсны дагуу сумдад бэлтгэх эрх нь нээгддэг. Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлаад Засаг дарга гэрээ байгуулж хяналт тавьж ажиллахыг үүрэг болгодог. “У” ХХК-ний захирал Б-ээг 2008.08-р сард … тосгоны захирагч Р танилцуулсан. Ингэхдээ энэ залуу аялал жуулчны компани байгуулах гэж байгаа гэж байсан. Б-д мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Харин “У” ХХК-нд … сумын … тосгон “С” гэх газарт жуулчлалын газар байгуулах талаар танилцуулсан гэх
Гэрч И мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
Баг, хорооны засаг дарга нь аж ахуйн нэгжүүдэд мод бэлтгэх зөвшөөрөл олгох эртгүй. Харин хуваарьласан модыг хэрхэн зөв хуулийн дагуу бэлтгэж байгаад хяналт тавьж гэрээ хийж ажиллахыг үүрэг болгодог юм. … аймгийн … сумын 2008 оны ИТХ-аас гаргасан мод бэлтгэх хуваарьт “У” ХХК-ний захирал Б-д мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй, хуваарьт байхгүй тул хуульд нийцэхггүй байна гэх
Гэрч Ц мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
Анх манай нутаг дэвсгэрээс Б гэдэг хүн мод хийгээд байна гэхээр нь Р даргатай уулзахад манай тосгонд аялал жуулчлалын газар хийх гэж байгаа юм татгалзаад яахав гэж байсан. Дараа нь танай хуваарьтай 56м куб модон дээр гэрээ хийе гэсэн. Ингээд “За” гээд асуудлыг орхисон. Удалгүй Р дарга яриад нөгөө гэрээгээ хийе гэсэн. Би гэрээ хийх гэж байгаа бол та нар өөрөө хүрээд ир би гарын үсэг зураад өгье гэсэн. Р дарга өөрөө ирээд гарын үсэг зуруулаад тамга даруулаад гэрээгээ авсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Р нь … сумын … тосгоны захирагч буюу 3-р багийн засаг даргаар ажиллаж байхдаа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 28-р зүйлийн 28.1.13-д заасан “Байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэнд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих” гэсэн заалтыг зөрчиж модны зөвшөөрөл олгосон.
“ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 78-р зүйлийн 3-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, мөн хуулийн 31-р зүйлийн 1-д заасан “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэсэн зэрэг заалтуудыг зөрчиж аймгийн орон нутгийн өмч болох уурын зуухны 31тн төмрийг 2008 оны01, 05, 11-р саруудад бусдад зарж 4960.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би уг мөнгийг орон нутгийнхаа үйл ажиллагаанд хэрэглэсэн, хувьдаа ашиглаагүй” гэж мэдүүлж байгаа хэдий боловч эрх мэдлээ хэтрүүлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэрэг гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхий нь 1 жил хасаж, хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Р нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хохирол төлөгдөөгүй, онц их хэмжээний хохирол учруулсан байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт эд мөрийн байримтаар хураагдаж ирсэн … сумын … тосгоны “С” гэх газар битүүмжлэгдсэн 1742 ширхэг 4м-ийн гуалин, 8м-ийн урттай 5 ширхэг нойтон нарсыг тус тус хурааж улсын орлого болгох, Р-ээс 23464000 /хорин гурван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох, хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн гэх
Ж.-ийн эзэмшлийн “Урал” маркийн 0000 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 290-р зүйлийн 290.3, 291-р зүйлийн 291.1, 294, 295, 297-р зүйлд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг баримтлан Дэ овогт Р ийг мөн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэрэгт нгэм буруутайд тооцсугай.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар Р-ийг тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин буюу 7560000 /долоон сая таван зуунжаран мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан Р нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49-р ззүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн гэх … сумын … тосгоны “С” гэх газарт битүүмжлэгдсэн 1742 /нэг мянга долоон зуун дөчин хоёр/ ширхэг модыг хурааж улсын орлого болгосугай.

Р нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

Монгол Улсын Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д зааснаар Р-ээс 23464000 / хорин гурван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянган/ төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

Хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн “Урал” маркын 0000 УБВ улсын дугаартай Улаанбаатар хотын … дүүргийн 2-р хороо … тоотод оршин суух “У” ХХК-нд засварчин ажилтай Ж.-ээд буцаан олгосугай.

Р-д урьд авсан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, хэрэглэх шаардлагагүй гэж үзсүгэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолыг агуулгыг бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулж өгөхийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад даалгасугай.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл, шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА