Хан-Уул дүүргийн шүүхийн 197 дугааршийтгэх тогтоол

A- A A+
Хан-Уул дүүргийн шүүхийн 197 дугааршийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009 оны 05 сарын 27                                           №197                                      Сүхбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Нарантуяа, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга :М.Цэрэндаваа
Улсын яллагч:Ц.Насанбат
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Энхмаа, Д.Даваа
Иргэний нэхэмжлэгч:О
Иргэдийн төлөөлөгч: Д.Энхтуяа, Л.Чимидлхам, Б.Пүрэвнинж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж, Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г нарт холбогдох 20546159 тоот эрүүгийн хэргийг 2009.05.13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, …өдөр … аймагт төрсөн, …настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, … гаалийн газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын албаны дарга ажилтай гэр бүлийн байдал …, эхнэр … хүүхдийн хамт … дүүргийн … дугаар хороо, … дүгээр хороолол … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Г

Монгол улсын иргэн, … -ны өдөр … хотод төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, … дүүргийн газрын албаны мэргэжилтэн ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр 2 хүүхдийн хамт … дүүргийн … дугаар хороо, …дугаар хорооллын … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Х

Монгол улсын иргэн, …-ны өдөр … аймгийн … суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, гэр бүлийн байдал …, … дүүргийн … дүгээр хороо, … тоотод оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Ж, Х нар нь бүлэглэн 2004.01.21-ээс 2004.09.12-ны хооронд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 28 ширхэг тээврийн хэрэгслийг Монгол улсын хилийн … аймаг дахь боомтоор ОХУ руу горимоор гаргасан гэж хуурамч гаалийн баримт бичиг бүрдүүлэн улсын төсвийн данснаас 56.707.997.13 төгрөгийг буцаан авч, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн,
Урьдчилан тохиролцож … аймгийн гаалийн газрын ахлах байцаагч Г-д 28 ширхэг тээврийн хэрэгсэлийг Монгол улсын хилээр буцаан гаргасан гэж хуурамч гаалийн бүрдүүлэлт хийлгэхийн тулд 1 ширхэг тээврийн хэрэгслээс 200.000 төгрөгөөр бодож 2004.01.21-ээс мөн оны 09.12-ны өдрийн хооронд нийт 5.600.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн.
Г нь 2004 онд … аймгийн гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 28 ширхэг тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр гаргасан гэж хуурамч гаалийн бүрдүүлэлтийг бүрдүүлж өгсний төлөө 2004.01.21-ээс 09.12-ны өдрийн хооронд Ж, Х нараас 5.600.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: 2001.11 сараас эхлэж … аймагт гаалийн байцаагчаар ажилласан. 2004.07.20-оос хойш би тэнд ажилллаагүй. Машинууд ирээд бүрдүүлэлт хийлгээд явсан байх ёстой. Өөрсдөө ийм асуудал үүсгээд тэрнээс шалтгаалаад ийм явдал болсон юм шиг байгаа юм. Гэхдээ би 2004.07.20- хүртэл тэнд би ажиллаагүй. Нотлох баримт тушаал гээд бүх юм нь хэргийн материалд байгаа л даа. 7 сарын 20-оос би амралтаа аваад 8 сарын 10-аас … аймагт түр томилолтоор ажилласан. Ерөнхий газрын тушаал бүх тушаал нь байгаа. Энэ хоёрын яриад байгаа юм авсан өгсөн гээд яриад байгаа. Би уг нь ах найз нөхөд гээд тусалсан юм байгаа юм. Мөнгө төгрөг авсан өгсөн юм байхгүй. Авсан өгсөн гээд ийм асуудалд оруулаад байгаа.
Шүүхийн хэлэлүүлэгт шүүгдэгч Х мэдүүлэхдээ: Ж бид хоёр 1990-ээд оноос орос руу наймаа хийж яваад вагонд танилцсан найзууд. 2003-2004 онд Солонгос, Японоос хүмүүст мөнгийг нь өгч захиад машин оруулж ирдэг болсон. Ж-ын эхнэр нь Улаан-Үүдэд байдаг. Тэгээд Ж Оросын гаалийн татвар өндөр учраас гадаадын машин үнэтэй байдаг. Хоёулаа машин гаргая гэсэн. Тэгээд … гааль дээр бүрдүүлэлт хийх асуудлыг Ж хариуцсан. Тэгтэл гаалийн татвар өндөр байна гээд Буриадууд машин авах боломжгүй гэдгээ хэлсэн. Гаалийн түр байршуулах дансанд мөнгөө хийсэн байсан. Буриадууд авахгүй гэсэн болохоор яахын аргагүй машинуудаа Монголд үлдээхээс өөр аргагүй болсон. Эрүүгийн хуулийн 269.1 дэх зүйл анги дээр бол УМБГ-т шалгагдаж байхад Б байцаагч та нар өөрсдөө саналаараа хэлбэл хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн. Тэгээд бичүүлж авсан. Би хавтаст хэрэгт 5 удаа мэдүүлэг өгсөн. Энэ дотор тэрнээс өөр удаа би тэгж хэлж байгаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: Х бид хоёр хамтарч наймаа хийдэг байсан. Тэгээд Орос руу машин гаргах гээд хойд гаалийн бүрдүүлэлтийг Г ах манай ахын найз учраас би гуйгаад хийлгэсэн.Тэр үед намайг 1-р эмнэлэгт хагалгаанд орчихоод байж байтал Б байцаагч ингэж хэл гээд бичүүлж авсан. Би тэр үед эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй байсан учраас хорино барина гээд байхаар нь айгаад тэгээд бичээд өгчихсөн юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч О мэдүүлэхдээ: Хэргийн материалтай танилцаж байхад татварт орох ёстой 56.707.997 төгрөг авсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм байна лээ. Тийм учраас улсын төсөвт орох ёстой 56.000.000 төгрөгийг гаалийн байгууллага нэхэмжилж байна.
“Д” ХХК-ний харилцах дансны гүйлгээний талаарх Худалдаа Хөгжлийн банкнаас ирүүлсэн лавлагааны хариу, дансны гүйлгээний хуулбар
“Ж” ХХК-ийн харилцах дансны гүйлгээний талаарх Худалдаа Хөгжлийн банкнаас ирүүлсэн лавлагааны хариу, дансны гүйлгээний хуулбар
Төрийн данснаас түр горимын буцаалт хийсэн төлбөрийн даалгаврын хуулбар
Улаанбаатар хотын Гаалийн газраас ирүүлсэн “Ж” ХХК, “Д”ХХК-ийн нэрээр орж ирсэн тээврийн хэрэгслийг 500-ын бүрдүүлэлт хийсэн талаарх баримт, 2004 онд тус компаниудын нэрээр түр горимоор нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалт, татварын тооцоо,
Тээврийн хэрэгслийг Монгол улсын хилийн “…” боомтоор буцаан гаргасан гэх хуурамч гаалийн бүрдүүлэлт
Төрийн данснаас мөнгө буцаан авах тухай Улаанбаатар хотын Гаалийн газарт гаргасан хүсэлт
“Д” ХХК, “Ж” ХХК-ийн нэрээр 2004 онд улсынх хилээр түр горимоор оруулж ирээд буцааж гаргасан гэж хуурамчаар бүрдүүлсэн Улаанбаатар хотын гаалийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн материал
Улаанбаатар хотын Гаалийн газраас гаргаж өгсөн “Д” ХХК, “Ж” ХХК-ийн нэрээр 2004 онд оруулж ирсэн тээврийн хэрэгслийн жагсаалт, төлөх татварын тооцоо, мөрдөн байцаагчийн гаргасан жагсаалт
Гэрч Гэ-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Түр горимоор оруулж ирсэн тээврийн төлсөн татварын мөнгийг буцааж авахдаа тухайн байгууллагын мөнгөө буцааж авах хүсэлт, тухайн барааны орсон гарсан гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт, зарим нэг компанийн гэрчилгээ зэргийг үндэслэж мөнгийг олгодог. Зөвхөн гаалийн ягаан мэдүүлэг дээр гаалийн байцаагчийн тэмдэг дарагдсан тохиолдолд олгодог.

Шинжээчинй дүгнэлт:
Дүгнэлт:
1. 2004 оны 04.08-ны өдрийн №А/67 дугаартай “Д” ХХК гэсэн баримтанд зурагдсан “Б” гэсэн гарын үсэг нь загвараар ирүүлсэн Х-ын гар бичмэлийн загвартай тохирч байна.
2. 2004.03.22-ны өдрийн А/58 дугаартай “Д”ХХК гэсэн баримтанд зурагдсан Б гэсэн гарын үсэг нь загвараар ирүүлсэн Х-ын гар бичмэлийн загвартай тохирч байна.
3. 2004.09.22-нд өдрийн А/217 дугаартай “Ж” гэсэн баримтанд зурагдсан “Г” гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж-ын гар бичмэлийн загвартай тохирч байна.
4. 2004.02.04-ны өдрийн А/63 дугаартай “Д” ХХК гэсэн баримтанд зурагдсан “Б” гэсэн гарын үсэг нь загвараар ирүүлсэн Х-ын гар бичмэлийн загвартай тохирч байна.
Шинжээчийн дүгнэлт
Дүгнэлт:
1.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 0279643 /5120/ дугаартай мэдүүлэг дээрх гаалийн улсын байцаагчийн “675” “229” “181” дугаартай тэмдэгтийн дардасууд болон 0225777 /R 80015665/ дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэсэн баримтанд дарагдсан Гаалийн улсын байцаагчийн “184” “652” “177” дугаартай тэмдэгтийн дардасууд нь харьцуулах загвараар ирүүлсэн Гаалийн улсын байцаагчийн “675” “229” “181” “652” “177” дугаартай тэмдэгтийн дардаснуудтай тохирч байна.
2.113739 /R 800/002300/, 113731/ R 800/002298/8 113733/ R 800/002301/8 113737/R 800/002302/8 ….гэх мэтийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд дээрх болон JRR500111788, JTЗHT 05J6W00230338 ….гэх мэтийн дугаартай тээврийн хэрэгслийн паспортуудад дарагдсан Гаалийн улсын байцаагчийн 675, 770, 279, 243, 192, 190, 256, 177, 233, 662, 89, 138, 121, 157, дугааруудтай тэмдэгтийн дардасууд нь харьцуулах загвараар ирүүлсэн дээрх дугаарууд бүхий Гаалийн улсын байцаагчийн тэмдэгтийн дардасуудтай тохирохгүй байна.
Г-ыг 2001.11.07-ны өдөр … аймгийн гаалийн газрын “…” дахь гаалийн салбарт ахлах байцаагчаар томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгч Ж, Х нар нь бүлэглэн 2004.01.21-ээс 2004.09.12-гы хооронд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 28 ширхэг тээврийн хэрэгслийг Монгол улсын Сэлэнгэ аймаг дахь боомтоор ОХУ-руу 500-ын горимоор гаргасан гэж хуурамч гаалийн бичиг баримт бүрдүүлэн улсын төсвийн данснаас 56.707.997 төгрөгийг буцаан авч, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Урьдчилан үгсэн тохиролцож … аймгийн гаалийн газрын ахлах байцаагч Г-д 28 ширхэг тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр буцаан гаргасан гэж хуурамч гаалийн бүрдүүлэлт хийлгэхийн тулд 1 ширхэг тээврийн хэрэгслээс 200.000 төгрөгөөр бодож 2004.01.21-ээс 09.12-ны өдрийн хооронд нийт 5.600.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч О-ийн мэдүүлэг, гэрч Гэ-ийн мэдүүлэг, Тээврийн хэрэгслийг Монгол улсын хилийн “…” боомтоор буцаан гаргасан гэх хуурамч гаалийн бүрдүүлэлт, Төрийн данснаас мөнгө буцаан авах тухай Улаанбаатар хотын газарт гаргасан хүсэлт, “Д” ХХК, “Ж” ХХК-ийн нэрээр 2004 онд улсын хилээр түр горимоор оруулж ирээд буцааж гаргасан гэж хуурамчаар бүрдүүлсэн Улаанбаатар хотын гаалийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн материал, Улаанбаатар хотын гаалийн газраас гаргаж өгсөн “Д” ХХК, “Ж” ХХК-ийн нэрээр 2004 онд оруулж ирсэн тээврйин хэрэгслийн жагсаалт, төлөх татварын тооцоо, мөрдөн байцаагчийн гаргасан жагсаалт, Мөрдөн байцаалтын шатанд Ба-ын мэдүүлэг, Шинжээчийн №16981-701, №1578-83 тоот дүгнэлтүүд, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн болох нь тогтоогдож,
Шүүгдэгч Ж, Х нарын хээл хахууль 2006.06.23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан заалтанд багтаж байх тул Өршөөлийн хуульд хамруулах,
Мөн 2008.02.06-ны өдрийн татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Ж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, татвар болох 56.707.997 төгрөгийг Х, Ж нараас гаргуулж улсын орлого болгох, Г нь 2004 онд … аймгийн гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 28 ширхэг тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр гаргасан гэж хуурамч гаалийн бүрдүүлэлтийг бүрдүүлж өгсний төлөө 2004.01.21-ээс 09.12-ны өдрийн хооронд Ж, Х нараас 5.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахуульд авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох гэрч Гэ-ийн мэдүүлэг, Тээврийн хэрэгслийг Монгол улсын хилийн “…” бооомтоор буцаан гаргасан гэх хуурамч гаалийн бүрдүүлэлт, Төрийн данснаас мөнгө буцаан авах тухай Улаанбаатар хотын Гаалийн газарт гаргасан хүсэлт, “Д” ХХК, “Ж” ХХК-ийн нэрээр 2004 онд улсынх хилээр түр горимоор оруулж ирээд буцааж гаргасан гэж хуурамчаар бүрдүүлсэн Улаанбаатар хотын гаалийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн материал, Улаанбаатар хотын Гаалийн газраас гаргаж өгсөн “Д”ХХК, “Ж” ХХК-ийн нэрээр 2004 онд оруулж ирсэн тээврийн хэрэгслийн жагсаалт, төлөх татварын тооцоо, шинжээчийн №1698-1701, 15-78-83 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Шүүгдэгч Х-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү2202000467 дугаарт бүртгэлтэй, … дүүргийн … дугаар хороо, … тоот орон сууц, … УБЦ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн автомашин битүүмжлэгдсэн,
Шүүгдэгч Ж-ын НITACHI LG маркийн телевизорыг битүүмжлэгдсэн,
Шүүгдэгч Г-ын HITACHI HAYER маркийн телевизорыг битүүмжилж орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан байгаа,

Шүүгдэгч Ж Х нараас 56.707.997 төгрөгийг, Г-ээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2008.оны 02 сарын 06-ны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дэх хэсэгт зааснаар Х, Ж нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Х, Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Г-ыг их хэмжээний хээл хахууль авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Г-ээс 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5/тав/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар Г-д оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х-с 28.353.998, Ж-с 28.353.998 төгрөгийг гаргуулж, Г-с 5.600.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, зүйлгүй, шүүгдэгч Г, .Х, Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Г-ын эдлэх ялыг 2009 оны 06 дугаар сарын 15 өдрөөс эхлэн тооцсугай.
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
Давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х, Ж нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г-ын бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН
ШҮҮГЧИД Н.НАРАНТУЯА
П.ТУЯАТ