Дорноговь аймгийн шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Дорноговь аймгийн шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009 оны 06 сарын 03                                              № 45                                         Сайншанд сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, шүүгч Т.Баясгалан, Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Эрүүгийн 20706654 тоот хэргийн шүүгдэгч

Монгол Улсын иргэн, … оны … дүгээр сарын …-ны өдөр … төрсөн, … настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл …, … хамт Улаанбаатар хот … дүүргийн … хороо … дугаар гудамжны … тоотод оршин суух, хэрэгт татагдах үедээ Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Ч-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Монгол Улсын иргэн, … оны… дугаар сарын…-ны өдөр … төрсөн, … настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл …, … хамт Улаанбаатар хот … дүүргийн … дүгээр хороо … тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харъяа Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Э-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгч Г.Долгор, Ц.Цэцэгээ
Ч.Жамбалбаатар
Нарийн бичгийн дарга Б.Батгэрэл
Улсын яллагч П.Нархажид
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Бярзана, Ж.Жаргалсайхан
Хохирогч Н
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Мөнхтуяа
Иргэний хариуцагч Р нар оролцов.

Шүүгдэгчийн Ч нь Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Н-д онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э. нь Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч иргэн Н-гийн эзэмшлийн үйлчилгээний барилгыг битүүмжлэн, итгэмжлэгдэн хариуцаж байсан уг объектын үнэлгээг хууль бусаар хэсэгчлэн үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулж, улмаар хуурамч бэлэглэлийн гэрээгээр худалдан борлуулж хувьдаа 1500000 төгрөг завшсан , бусдад хууль бусаар зарж борлуулж үрэгдүүлсний улмаас иргэн Н-д 28251146 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100 тоот шүүхийн шийдвэрээр иргэн Н-ээс 1077219 төгрөгийн төлбөр гаргуулах шийдвэр гарсан юм. Төлбөр төлөгч Н нэг ч төгрөг барагдуулаагүй тул дуудлага худалдаанд оруулж борлуулсан юм. 2003 онд болсон эхний дуудлага ерөнхий газраас хүчингүй болгосон, дахин дуудлага худалдааг явуулж уг объект 3800000 төгрөгөөр зарагдсан С гэгч эмэгтэй худалдаж авсан юм. Худалдаа хөгжлийн банкинд 1077219 төгрөгийн төлбөрийг барагдуулж, үлдсэн мөнгийг бусад төлбөр авагч нарт хувиарлаж өгсөн. С уг объектыг 5500000 төгрөгөөр зарсан. О-оос би мөнгийг нь бэлнээр авч С-д авчирч өгсөн. 3800000 төгрөгийг банкинд тушаасан. Бэлэглэлийн гэрээг хэн хийсэн талаар мэдэхгүй, О, С нар надаар гэрээгээ өгч явуулж байсан юм. С гэрээн дээр гарын үсэг зурсан, О хэзээ зурсныг сайн санахгүй байна. Би дуудлага худалдаанд оруулах гэж байгаа объектуудыг танилцуулсан. 30м2кв гэж үнэлснийг ойлгохгүй байна. Тухайн үед дуудлага худалдаагаар оруулахдаа үнэлгээчний хийсэн үнэлгээгээр дуудлага худалдаа явуулсан. Миний хувьд тухайн барилгыг нэг хэсгээр үнэлүүлсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2002 оны 09 дүгээр сард СД-ийн 2 дугаар шүүхийн захирамжаар төлбөр төлөгч Н-ийн байшинг битүүмжилсний дараа шүүхээс Н-ийн төлбөр гаргуулах худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй шийдвэр гарч ирсэн. Үүний дараа дахин шийдвэр гарсаар байхад төлөхгүй яваад байсан. “Ө” ХХК-наас битүүмжилсэн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал ирсэн. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар албанаас шинжээч томилж явуулсан байгаа. Шинжээч Б, Албаны дарга, шийдвэр гүйцэтгэгч бид хамт ирсэн. Тэр үед бид хэсэгчлэн үнэлүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлд зааснаар хийсэн, 20.4 дэхь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг хуулийн дагуу хүргүүлж байсан. Н нь тухайн хаягтаа байнга байхгүй болохоор багийн Засаг даргад нь бичиг явуулсан. Үнийн санал аваагүй байсан гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баримтыг хянаж үзсэн. Ер нь төлбөр төлөгч маань хуулийн дагуу хаяг байршилаа сольсон талаар бидэнд мэдэгдэх ёстой. Ингээд дуудлага худалдаа явагдаад С авахаар тогтсон. Аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны даргын шийдвэрээр дуудлага худалдааг явуулсан. Улсын Дээд Шүүхийн тогтоолд заасны дагуу явагдсан гээд тогтоолыг уншиж сонсгов. Би тухайн үед албаны даргад хэлсэн, би мөнгийг авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ч-ын мөрдөн байцаалтанд өгсөн Э надад үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд оруулж, Худалдаа хөгжлийн банкны төлбөрийг барагдуулъя гэсэн санал тавьсан. Тухайн үед Н нь олдохгүй байсан 2003 .02 сард Б-ыг дагуулж очоод шийдвэр гүйцэтгэгч Э объектуудаа үзүүлж үнэлгээ хийлгэсэн. 2003.05 сард иргэн Н-ийн “Ө ” цайны газрыг анхны дуудлага худалдаагаар оруулж, С гэгч эмэгтэй ялагч болж 3600000 төгрөгөөр худалдаж авсан. Уг дуудлага худалдааг төлбөр төлөгч Н гомдол гаргаснаар ерөнхий газраас шалгаад хүчингүй болгосон. 2003.07.21-нд дахин дуудлага явуулсан бөгөөд С дахин 3800000 төгрөгөөр авсан. Э намайг амарсан байхад О гэдэг хүнд зарсан байсан. Би энэ талаар мэдээгүй. Э 5500000 төгрөгөөр зараад надад 200000 төгрөг өгөөд объектын үнэ болох 3800000 төгрөг тушаасан. Үлдэгдэл мөнгийг өөрөө авсан байх. Ерөнхий газраас шалгаад Э-ыг ашигласан байна гээд буцааж төлүүлж байсан. Дуудлага худалдааг би гардаж явуулаагүй. С-ыг төлбөрийн чадваргүй гэсэн албан бичигт би гарын үсэг зурсан боловч, би төлөвлөөгүй, гарын үсэг зурсан хариуцлагыг хүлээнэ. Нотариатаар баталгаажаагүй гэрээгээр яаж О-ын нэр дээр очсон талаар би мэдэхгүй. Э л энэ бүхнийг зохион байгуулж хийснээс ийм зүйл боллоо гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2002 онд тус аймагт ирсэн. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба болсон. Манайхыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гээд гомдол гарсан. Би таньдаг хүнээрээ дамжуулж үнэлгээчин Б-ээр хөрөнгийн үнэлгээг тогтооход оролцуулахаар хандсан. Ингээд аймгийн хэмжээнд ажил өрнөөд Замын-Үүдэд байх “Ө” ХХК-ийн объект байна үз гэхээр нь машин олж буцах зардалаа зээлж аваад очиж үзсэн. Н-ийн объектийг үзсэн, жижигхэн цонхтой байр байсан юм.2003.02 сард Б-ын дүгнэлтийн дагуу бид хуулийн дагуу дуудлага худалдаа зарлуулж явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эрхлэн хөтлөгчийн тогтоосон. Анх дуудлага худалдаа 5 сард болсон. 6 сарын төлбөр төлөгчийн эрхлэн хөтлөгчөөр Ахлах шийдвэр гүйцэтгэгч Р-ыг сонгосон. Тэгтэл нэг өдөр Э энэ утсыг өгсөн гээд нэг утсыг надад Р өгөхөөр нь би залгасан. Хэд хоногийн дараа Н-ийн нөхөр гэдэг хүнтэй яриад ир гэж хэлсэн. Зарлагдсан дуудлага худалдаа болсон, тэр үед нь би хуулийн дагуу явуулна гэж хэлсэн. Одоо 1-2 жилийн дараа Авлигатай тэмцэх албанд өргөдөл гаргаж одоог хүртэл шалгуулсны улмаас би ажлаасаа гарсан, ахуй амьдрал хохироод байна. Н бол өнөөдөр 3-4 жил алга болчихоод ирж байгаа хүн шүү дээ” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би худалдаа хөгжлийн банкнаас 2001.08.29-нд 5 сая төгрөгийн зээл авч хөрөнгөө барьцаанд тавьсан. Тэгээд 1046569 төгрөг төлж чадаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гарсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба миний объектыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, надаас үнийн санал аваагүй юм. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл гаргасан, энэ дагуу Т дарга шалгаад дуудлага худалдааг хууль бус явуулсан байна гээд хүчингүй болгож дуудлага худалдааг дахин явуул гэсэн үүрэг холбогдох хүмүүст нь өгсөн. Тэгээд дахин дуудлага худалдааг явуулахдаа дахин надад мэдэгдээгүй. Энэ талаар дахин гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахлах байцаагч На шалгаад дахин дуудлага худалдаа явагдаагүй байна, та өмнөх дуудлага худалдааг хүчингүй болгосон талаар тогтоолыг аваад ир гэсэн хариу өгсөн. Би удаа дараа холбогдох хүмүүст нь гомдол гаргасан. Хяналт шалгалтын хэлтсийн байцаагч Ө шалгаж уг дуудлага худалдаатай холбоотой зөрчил илэрсэн гэж хариу өгсөн. “Ө” ХХК-ны объект нь миний өмчлөлд байсан. 186.5 м кв талбай бүхий зоогийн газар түүний бэлтгэлийн өрөөтэй, 8 нэрийн барааны дэлгүүр, дэлгүүрийн агуулах, залгаа 2 өрөө амины орон сууц, бага оврын уурын зуух зэргээс бүрдсэн нэг давхар дан тоосгон ханатай хар цаасан дээвэртэй 1998 онд ашиглалтанд орсон барилга юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхдээ “Со ХХК”-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 31800000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зөвшөөрөл авалгүй өөрсдөө дур мэдэн төлбөрийг барагдуулсан байсан. Миний эзэмшиж байсан объектын үнэлгээг хэт доогуур үнэлж, дуудлага худалдаанд объектын үнэлгээг хууль бусаар үнэлүүлж дуудлага худалдаанд оруулснаас болж надад их хэмжээний хохирол учирсанд гомдолтой байна. Энэ 31800000 төгрөгийн үнэлгээ тухайн үеийн ханшаар хийлгэсэн үнэлгээ байгаа юм. Иймд би тухайн үеийн ханшаар барилгынхаа үнийг нэхэмжилж байна. Дуудлага худалдааны мөнгөнөөс надад нэгч төгрөг ирээгүй. Энэ мөнгөнөөс манай нөхрийн бусдад төлөх төлбөрийг төлсөнд гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Би 2003 оноос хойш энэ асуудлаар зөндөө явсан. Энэ хоёр яагаад намайг алга болсон гээд байгааг ойлгохгүй байна. Би шүүхийн шийдвэрээ аваад өөрөө ихэнхийг нь төлөөд нэг сая гаруй төгрөг үлдсэн. Би шүүгчийн захирамжин дээр байсан хаяг, утсанд дээрээ байсан. Манай нөхөр өвдөөд би түр эзгүй байсан. Намайг байхад битүүмжлээгүй, намайг явсны дараа битүүмжилсэн байна лээ. Би анхны дуудлага худалдаа хүчингүй болчихоод байхад яагаад 2 дахь дуудлага худалдаа болсон юм гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын На дарга дээр очтол болоогүй байна гэхээр нь би итгээгүй дахиж өргөдөл бичсэн. Миний объектыг зарж борлуулчихаад яагаад тэр хүмүүст мөнгө өгсөн юм.

Энэ дуудлага худалдааг хууль бус явуулсан. Энэ хоёр ярьж ч чадахгүй байна. 2003 оноос хойш би ажилгүй болсон орлогогүй болсон. Миний хувьд бол нотлох баримт зөндөө байгаа. Өнөөдөр би өөрийн гэх орох оронгүй айлын хашаанд амьдарч байна. Тэр газрыг чинь би 30 жилийн хугацаатай эзэмших эрхийг авсан, Улаанбаатарт байдаг 2 өрөө байраа зарчихаад тэнд п байшин барьсан юм. Би өнөөдөр хүнийг яллах гэж байгаа биш би өнөөдөр амбаар босгочихоод шуналтай хүүхэн гэж хэлж байгаад чинь гомдолтой байна. Та миний амьдралыг үзэгний үзүүрээр шийдэж болохгүй шүү дээ. Би өөрийн гэсэн хаягтаа 6 жил байхад намайг олохгүй байна уу. Та нарын ямар ял авах чинь надад хамаагүй, миний хохирлыг барагдуулж өг, 44 сая төгрөгийг хурдан гаргуулж авмаар байна. 31800000 төгрөгийг үнэлсэн байна. Яагаад 10 хувьд нь ч хүрэхгүй үнэлсэнд гомдолтой байна. Одоо би 44 сая төгрөгөө нэхэмжилнэ гэж бодож байна. Миний татвар төлж байсан баримтууд архивт хадгалагдаж байна. Өнөөдөр энэ хэргээс болж 5 удаа ирж очсоны мөнгөний баримтыг шүүх бүрэлдэхүүнд өгч хэрэгт хавсаргуулах саналтай байна. Нийт 258300 төгрөг болж байна үүнийгээ гэм буруутай хүмүүсээс гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг
Гэрч Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн“ 2001 оны 06 сард Н манайд хүсэлт тавьсны дагуу Замын-Үүдэд байрлах объектыг очиж үзэж, үнэлгээг гаргасан. Үнэлгээг гаргахдаа холбогдох яамдаас гаргасан дүрэм журмыг баримтлаж удирдлага болгосон. Үнэлгээг орлого зарлагын хандлагын аргаар тухай зах зээлийн үнэлгээтэй харьцуулж тогтоосон. 31800000 төгрөгөөр үнэлсэн. Эд Хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албаны бүртгэгч гэрчилгээ олгохдоо үнэлгээтэй нь нийцэж байгаа эсэхийг очиж үзэж байж гэрчилгээ олгодог гэсэн мэдүүлэг
Гэрч Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн“ Шийдвэр Гүйцэтгэгч Э нь дуудлага худалдаагаар ялагч болсон С-ын өмнөөс бэлэглэлийн гэрээг хийж О-т 5500000 төгрөгөөр зараад өөрөө бэлнээр нь мөнгийг нь авсан байсан. Уг объектийн үнэлгээ болох 3800000 төгрөгийг албаны дансанд тушаагаад үлдэгдэл 1700000 төгрөгийг яасан нь тодорхойгүй байсан. 200000 төгрөгийг Ч аваад 1,5 сая төгрөгийг Э хувьдаа авч ашигласан байсан гэх мэдүүлэг
Гэрч А-ын мөрдөн байцаалтанд өгсөн” Н гомдол гаргаад надаар шалгуулах болсон. Шалгалтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны процессын зөрчлүүд их илэрсэн. Албадан дуудлага худалдааг явуулахтай холбоотой төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, дуудлага худалдааны мэдэгдлийг өгөөгүй байсан. 2003 оны 07 сарын 21-нд болсон дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгосон. Мөн Ерөнхий газраас өмнө нь шалгаад 5 дугаар сард болсон дуудлага худалдааг хүчингүй болгосон байсан гэсэн мэдүүлэг
Гэрч Ц-ын мөрдөн байцааланд өгсөн” 2003 оны 05 дугаар сарын 20-нд болсон дуудлага худалдаанд би албаны нягтлан учраас эрхлэгч хөтлөгчөөр оролцсон. Уг дуудлага худалдаанд Замын-Үүдэд байрлах “Ө” ХХК-ны үл хөдлөх хөрөнгийг оруулж, Х.С гэсэн 2 хүн оролцсон. С 3600000 төгрөгөөр ялагч болж худалдан авсан. 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дэнчингийн 319100 төгрөг дансанд тушаасан. 2003 оны 06 дугаар сарын 06-нд уг дансанд 3280900 төгрөг үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг тушаасан. 2003 оны 07 дугаар сарын 2-нд 2600000 төгрөг С-д буцааж бэлнээр олгосон. 2003 оны 07 дугаар сарын 21-нд дахин дуудлага худалдаа болж С дахин ялагч болж 2003 оны 10 дугаар сарын 06-нд уг объектынхоо 3800000 төгрөгийг тушаасан гэсэн мэдүүлэг.
Гэрч О-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Ө” ХХК-ны цайны газрыг зарна гэсэн дам яриа сонсоод хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсан. Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Э-д 5,0 сая төгрөг бөгөөд уг объектыг худалдаж авсан. Тухайн үед хоосон бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Намайг гарын үсэг зурахад С гарын үсэг зурчихсан байсан. Э 5 сая төгрөг надаас аваад С-д дамжуулж өгнө гэж байсан. Ч даргыг зүс танихаас уулзаж байгаагүй. Э надад газрынх нь гэрчилгээг өгсөн. Гэрчилгээгээр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм гэсэн мэдүүлэг.
Гэрч С мөрдөн байцаалтанд өгсөн” 2003 оны 05 дугаар сарын 20-нд дуудлага худалдаа болж 3600000 төгрөгөөр уг объектыг авсан. Уг дуудлага худалдааг хүчингүй болгож дахин дуудлага худалдаа явуулах болсон гэж Ч дарга хэлэхээр нь учрыг нь асуухад эздүүд нь хямдхан зарагдах ёсгүй гээд хэл ам хийгээд байна гэж хэлж байсан. 2003 оны 05 дугаар сарын 21-нд дахин дуудлага худалдаа явагдах болсон. Би байнга Ч даргатай утсаар ярьдаг байсан. Сонинд зар гарна тэгэхээр нь хүрээд ирээрэй гэдэг байсан. Ү манай аймгийн сонин дээр 7-14 хоногийн өмнө гарсан байх, дуудлага худалдаанд надтай өрсөлдөх хүн байхгүй байсан чинь Ч дарга өөр оролцох хүн олоод ир гэхээр нь би өөрийн төрсөн ах П-ыг авчирч оролцуулаад 3800000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагч болж уг объектыг худалдаж авсан. Нягтлан бодогч Ц бүртгээд дэнчингийн мөнгө болох 319100 төгрөг өгсөн. 3600000 төгрөгнөөсөө урьдчилж өгсөн дэнчингийн мөнгөө хасаад Ц нягтлан бодогчид аваачиж өгсөн. Дараагийн дуудлага худалдаанд ялагч болоод 3800000 төгрөгөө тушаагаагүй. Н түүний нөхөр нь объектоо зарахгүй гээд яваад байсан болохоор нь болихоор шийдсэн. 2003 оны 06 дугаар сард нөхрөөсөө салаад Замын-Үүдээс явсан, би О гэдэг хүнийг танихгүй, энэ хүнд “Ө” ХХК-ны үл хөдлөх хөрөнгийг зараагүй. Ч, Э. нарын зохион байгуулсан ажил байх. Би О-тай бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, огт танихгүй, бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэгнүүд минийх биш байна. Ч дарга бид хоёр маш дотно найзууд байсан, тэгээд л Ч надаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан байх” гэсэн мэдүүлэг
Гэрч М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2003 оны 2 дугаар сард надаас Ч нь 200000 төгрөг Замын-Үүд рүү ажлаар явах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна, түр зээлээч гээд авсан юм. Тэгээд 2003 оны намар 10 дугаар сард надад буцааж өгсөн юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч Ч нь … аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2004 оны 05 дугаар сарын 12-ний өдөр 202 тоот албан бичгийг хууль бусаар үйлдэж аймгийн газрын албанд өгснөөр уг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн. Улмаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 200000 төгрөгийг хувьдаа авч ашигласанаар иргэн Н-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Э нь … аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 27-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа мөн аймгийн … суман дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100 тоот шийдвэрийн дагуу 2002 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тогтоол үйлдэж, 2002 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 10 тоот актаар төлбөр төлөгч иргэн Н-ийн эзэмшлийн үйлчилгээний барилгыг битүүмжлэн хураан авч, 2003 оны 02 дугаар сарын 25-ний өдөр “И” ХХК-иар уг объектын зөвхөн дэлгүүрийн хэсэг болох 30 м2 талбайг хууль бусаар үнэлүүлж, 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хууль бусаар явуулсан, 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуурамч бэлэглэлийн гэрээ байгуулж бусдад худалдаж хувьдаа 1500000 төгрөгийг завшиж хохирогч Н-ийн эд хөрөнгийг үрэгдүүлсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ.
Шүүгдэгч Э нь … аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны … дэх 27-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус суман дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “ Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж,тэмдэглэл хөтөлнө”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дэх хэсэгт заасан “Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэсэн журмыг зөрчиж, шунахай сэдэлтээр хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор 2002 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 10 тоот актаар төлбөр төлөгч иргэн Н-ийн “Ө” ХХК-ны өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, итгэмжлэгдэн хариуцаж байсан уг объектын үнэлгээг хууль бусаар хэсэгчлэн буюу зөвхөн дэлгүүрийн хэсгийг үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулж, улмаар хуурамч бэлэглэлийн гэрээгээр худалдан борлуулж хувьдаа 1500000 төгрөг завшсан, 2003 оны байдлаар түүний 21066500 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үрэгдүүлж хохирогч Н-д 21066500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч нь … аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж уг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл боломжийг хангасан, өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт илтэд хуурамч албан бичиг буюу дуудлага худалдаанд оролцож, ялагч болсон С-ыг төлбөрийн чадваргүй мэтээр бичиж тухайн эд хөрөнгийг О-ын нэр дээр шилжүүлэх тухай утгатай албан бичгийг явуулж, эрхийн улсын бүртгэл хийлгэж 200000 төгрөгийг хувьдаа завшиж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э нь энэ гэмт хэргийг үйлдсэн буруутай болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шийдвэр гүйцэтгэч Э нь үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч худалдан борлуулахдаа төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлээгүй болох нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын улсын байцаагчийн 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот акт / ХХ-ийн 189 дүгээр хуудас/, гэрч Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2007 оны 01 дүгээр сард манай газрын дарга Х-ын өгсөн үүргийн дагуу эдгээр хүмүүстэй холбоотой асуудлыг шалгасан юм. Учир нь … суманд байрлалтай “Ө” ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан нь хуулийн дагуу явагдаагүй гэсэн гомдлыг тус газарт гаргасантай холбоотойгоор шалгасан юм. О-д 5500000 төгрөгөөр зараад өөрөө бэлнээр нь мөнгийг нь авсан байсан. Тэгээд уг объектын үнэ болох 3800000 төгрөгийг албаны дансанд тушаагаад үлдэгдэл 1700000 төгрөгийг яасан нь тодорхойгүй байсан юм. Гэтэл 200000 төгрөгийг Ч аваад үлдэгдэл 1500000 төгрөгийг Э нь хувьдаа ашигласан байсан. Ер нь дуудлага худалдаа хуйвалдааны үндсэн дээр явагдсан байсан. О-д 5500000 төгрөгөөр зараад зөрүү мөнгийг С-д өгөөгүй байсан. Энэ талаар сүүлд нь С мэдээд манай газарт гомдол гаргасан байсан. Э 1500000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Э хууль зөрчиж хуулийн дагуу ажиллаагүй байсан” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 56 дугаар хуудас/
Гэрч О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “уг объектыг авахад Э дунд нь зуучилсан юм. .... С-ыг дэлгүүр ажлуулдаг гэдэг утгаар нь зүс танина. Бэлэглэлийн гэрээг үзэхэд уг гэрээнд 3800000 төгрөгөөр худалдсан талаар бичсэн байсан. Э зөрүү мөнгийг авсан байхыг үгүйсгэхгүй. Дараа нь бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх үед хэдэн төгрөг төлбөрт шилжүүлсэн талаар мэдэх гээд чадаагүй юм. Э хоосон бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан учраас би С-д 5 сая төгрөгөөр зарагдсан гэж бодож явсан юм” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 69 дүгээр хуудас/
Яллагдагч Ч-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Э 5500000 төгрөгөөр уг объектийг зараад надад 200000 төгрөг өгөөд объектын үнэ болох 3800000 төгрөгийг дансанд тушаагаад үлдэгдэл мөнгөө өөрөө авсан байх. Манай Ерөнхий газраас шалгасан шалгалтаар Э-ыг хувьдаа ашигласан байна гээд буцааж төлүүлж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 111 дүгээр хуудас/
Яллагдагч Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Тухайн үед Э бүтнээр дуудлага худалдаанд оруулна гэж ойлгуулсан учраас би бүх өрөөгөөр нь орж хэмжилт хийсэн. Дараа нь Э над дээр ирээд зөвхөн дэлгүүрийн хэсгийн үнэлгээг нь хийгээд өгөөч гэж гуйсан учраас би 30м2 талбайгаас бүрдсэн дэлгүүрийнх нь хэсгийн үнэлгээг 3191000 төгрөгөөр үнэлсэн юм. Энэ талаар Э ардаас хотод ирээд надад зөвхөн дэлгүүрийн үнэлгээг нь хийгээд өгөөч гэж гуйгаад байсан. Яагаад энэ хэсгийн үнэлгээг хийлгэх болсныг мэдэхгүй байна. Анхандаа бүтнээр нь үнэлүүлэх юм гэж хэлээд л хэмжилт хийлгүүлж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 121 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар төлбөр төлөгч Н-г аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хаягийг тогтоох эрэн суравжлах ажиллагаа хийсэн болох нь тогтоогдохгүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.
Дундговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албан тоотын дугаар авах бүртгэлийн дэвтэрт 2004 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 202 тоот албан бичгийг бүртгээгүй тухай бүртгэл /ХХ-ийн 341-345 дугаар хуудас/ гэрч С-ын мөрдөн байцаалтанд өгсөн “..... Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар авсны дараа манай нөхөр У намайг Ч-тэй хардаад гэр бүл салах дээрээ боллоо гээд Ч-д хэлсэн мөнгөө Ц-ээс аваад нөхрөөсөө салаад Улаанбаатар хот руу явсан дараа нь дахин Дорноговь аймаг очоогүй. Миний хувьд О-ыг огт танихгүй ба Ч надаар хоосон цаасан дээр нь зуруулсан ба тэр үед Ч бид хоёрыг архи ууж сууж байгаад л зурсан ба тэр бэлэглэлийн гэрээний дээд талын бичгийг бол би санахгүй байна. Би тэр үед Ч наад дэлгүүрээ яаж зарахаа өөрсдөө мэд би мөнгөө л авна гэж хэлж байж мөнгөө авсан. Ямар нэгэн зөрүү мөнгө болох 95140 төгрөгийг авч байгаагүй зөвхөн 3800000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгөө л авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/ гэрч Ш-ын мөрдөн байцаалтанд өгсөн Н захиралтай “Ө” ХХК-ний өмчлөлийн 186,5 метр талбайтай үйлчилгээний зориулалттай Замын-Үүд суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг 2003.07.21-ний өдрийн 37 тоот аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар иргэн С-д шилжүүлэх болсон байна, дараа нь Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2004.05.12-ны өдрийн 202 албан тоотыг үндэслэн дээрхи объектыг О-ын нэр дээр өмчлэх эрхийг шилжүүлсэн байна. Энэ өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэлийг би өөрөө хийсэн байна. “гэсэн мэдүүлэг /хх-ийн 303 дугаар хуудас/ зэрэг нотлох байримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э-ын өмгөөлөгч П нь аймгийн пдрокурорын газраас шүүгдэгч Э-д Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн 272-р дугаар зүйлийн 272.2 дэх хэсэгт зааснаар зүйчлэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байх ба шүүгдэгч Э нь … аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч иргэн Н-ийн эзэмшлийн үйлчилгээний барилгыг битүүмжилэн хураан авч албадан дуудлага худалдаа явуулсан байх тул Э-ийг уг эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан гэж үзэх боломжтойн зэрэгцээ шунахай сэдэлтээр эд хөрөнгийг олж авах, ашиг хонжоо олох зорилгоор үнэлгээг зориуд буруу тогтоолгож, дуудлага худалдаанд оруулж, хувьдаа 1500000 төгрөгийг завшсан, түүний хуул бус үйлдлийн улмаас иргэн Н-д 21066500 төгрөгийн хохирол учруулж түүний эд хөрөнгийг үрэгдүүлсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч, Э нарын гэмт хэргийн улмаас олсон эд зүйл болох одоо Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 261103180 тоот дансанд хадаглагдаж байгаа 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн зах зээлийн ханшаар тооцож гаргасан буюу бүтээгдэхүүнтэй шинжээчийн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.
Шүүгдэгч Ч, Э нарын төрийн тусгай алба харшиж байхдаа буюу шүүгдэгч Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, шүүгдэгч Э нь шийдвэр гүйцэтгэгч албан тушаалтай байхдаа албан үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хохирогч Н-д 21066500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2 дэх хэсэгт зааснаар гэм хорыг тэдний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй юм. Иймд шүүгдэгч нарын учруулсан хохирол болох 21066500 төгрөгнөөс хохирогч Н түүний нөхөр Л нарын бусдад төлөх ёстой шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж төлөгдсөн

ХХБанкны төлбөрт 1077219 төгрөг, ажиллагааны зардал 128656 төгрөг 2002.10.21-ний өдрийн 100 тоот шийдвэр

… аймгийн Цагдаагийн газрын цагдаа Х-д олгох төлбөрт 35400 төгрөг 2003.06.11-ний өдрийн 69 тоот захирамж

Ч-ын төлбөрт 1234200 төгрөг 2001.09.28-ны өдрийн 100 тоот шийдвэр

С-ын төлбөрт 95140 төгрөг 2002.03.12-ны өдрийн 44 тоот шийдвэр

Татварын өрөнд 363900 төгрөг 2003.06.11-ний өдрийн 69 тоот захирамж,

Татварын өрөнд 283200 төгрөг 2003.06.11-ний өдрийн 69 тоот захирамж,

Р-ийн төлбөрт 500,000 төгрөг 2003.06 сарын 70 тоот шийдвэр ,

8. Н-ийн төлөх улсын улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 24645 төгрөг 2003. 06 сарын 69 тоот захирамжаар төлөгдсөн 3.742360 төгрөг, Н-ийн хүлээлгэж өгсөн 57640 төгрөг нийт 3800000 төгрөгийг хасч үлдэх 17266500 төгрөгийг иргэний хариуцагчаар тогтоогдсон Монгол Улсын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас гаргуулан хохирогч Н-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шинжээчид төлсөн зардал буюу Дорноговь аймгийн шүүхийн тамгын хэлтэс шинжээчид 449100 төгрөгийн зардал төлсөн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн байцаан шитйгэх хуулийн 101 дүгээр 101,1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар гэм буруутай болох нь тогтоогдож байх тул байцаан шийтгэх ажиллагааны зардлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ч-ээс 224550 төгрөг, шүүгдэгч Э-ээс 224550 төгрөг тус тус гаргуулж … амйгийн шүүхийн тамгын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Н-ийн нэхэмжилсэн зардал буудлын хөлс болох 258300 төгрөгийн нотлох баримтаас хоолны мөнгө 8500 төгрөгийг хасч 249800 төгрөгийг мөн шүүгдэгч нараас адил тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э-ийн өмгөөлөгч П-ийн гаргаж өгсөн нотлох баримт болох 15 хуудас материал нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт биш байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлээгүй болно.
Шүүгдэгч Ч, Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал буюу ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг бууруулж оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийг үйлдэгдэхэд тус албаны ажлын зохион байгуулалт, удирдах албан тушаалтны хайнга хариуцлагагүй байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290-р зүйлийн 290,3 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Э-ийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150,3 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулж, эрх мэдлээ хэтрүүлж, итгэмжлэн хариуцаж байсан эд хөрөнгийг хууль бусаар зарж борлуулж завшиж үрэгдүүлсэн, шүүгдэгч Ч-ыг эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263,2 дахь хэсэгт заасан албан тушаалтан албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263,2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч-ыг тодорхой албан тушаал эрхлэх эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн 1500000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн LCD телевизор, 500000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч, 350000 төгрөгийн үнэ бүхий шарах шүүгээ зэрэг эд хөрөнгийг хурааж 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч, шүүгдэгч Э нар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч, Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний үнэмлэх, бичиг баримт нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч-ыг тодорхой албан тушаал эрхлэн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
6.Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баритлан шүүгдэгч Э-д оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаас 3 /гурав жилийн хорих ялыг өршөөн хассугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын 261103180 тоот дансанд байршиж байгаа 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 4982.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас 17266500 / арван долоон сая хоёр зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Н-д олгосугай.
9. Монгол Улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э, Ч нараас тус бүр 124900 төгрөг гаргуулан хохирогч Н-д олгосугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э, Ч нараас тус бүр 224550 / хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин / төгрөг гаргуулан … аймгийн Шүүхийн тамгын хэлтэст олгосугай.
11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шитйгэх тогтоол хуулийн батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч өмгөөлөгч, нар эс зөвшөөрвөл 14 хоногт аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ С,БАЙГАЛЬМАА