Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 581 дүгээр Магадлал

A- A A+
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 581 дүгээр Магадлал
МАГАДЛАЛ

2009 оны 06 дугаар сарын 25                                       № 581                                      Улаанбаатар хот
 
Ш, Р нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Сарантуяа даргалж, шүүгч Х.Эрдэнэсувд, З.Цэнгэлбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Прокурор Г.Гэрэлтуяа
Ялтан Ш
Ялтан Ш-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа
Ялтан Р-ын өмгөөлөгч С.Баярмаа
нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Нарантуяа, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2009.04.17-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Р, Ш, ялтан Р-ын өмгөөлөгч С.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Эрүүгийн 20713230 тоот хэргийг 2009.05.14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Цэнгэлбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Тугчин овогт Ш, 1971 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ … аймгийн Прокурорын орлогч байсан, ял шийтгэлгүй,
2.Урианхан овогт Р, … оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй хэрэгт холбогдох үедээ “А”ХХК-д тракторчноор ажиллаж байсан, 2000 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Р нь 2007.08.28-ны шөнө согтуугаар … аймгийн … сумын “Х” гэх газарт иргэн Д-тэй маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, 2007.09.03-ны өдөр дээрх үйлдлийн улмаас … аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, улмаар хэрэг нь … аймгийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хянагдаж байх хугацаанд 2007.09 сард өөрт холбогдох хэргийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхийн тулд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, их эмч Г-ын дамжуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын орлогч Ш-ийн 1 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, 2008.02.15-наас 16-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Зо” ХХК-ийн алтны уурхайгаас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий ДЭС-100 маркийн цахилгаан үүсгүүр, 11.000 төгрөгийн үнэ бүхий 10 литрийн дизель түлш зэргийг хулгайлж, нийт 6.011.000 төгрөгийн хохирол учруулсан, Ш нь Сэлэнгэ аймгийн Прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 2007.09.03-ны өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган прокурорын хяналтад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 20713230 тоот хэргийн яллагдагч Р-ээс тус аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга их эмч Г-р дамжуулан 1 сая төгрөгийн хээл хахуулийг урьдчилан амласны үндсэн дээр авч, улмаар хээл хахууль өгөгчийн ашиг сонирхол нийцүүлэн холбогдох хэргийг нь 2007.09.20-ны өдөр хууль зүйн үндэслэлгүйгээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хяналтын прокурор А-аар хэргийг нь хэрэгсэхгүй болгуулах тогтоол үйлдүүлэн, уг тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж хянаж баталгаажуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас Р-т Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 269 дүгээр зүйлийн 269.1, 145 дугаар зүйлийн 145.2 , Ш.-д Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн шүүх Р-ыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 2 жилийн хорих, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих, Ш-ийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар прокурорын албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Р-т Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт 6 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Р-ээс 2.475.386 төгрөг гаргуулж “Зо” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг видео кассет, 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргаж, Ш нь бусдад төлөх төлбөргүй болон цагдан хоригдоогүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Р гаргасан давж заалдах гомдолдоо : “Би иргэн Ц-ыг зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулаагүй. Энэ талаар Сэлэнгэ аймгийн мөрдөн байцаагч, ахмад Э-д хэлэхэд үнэнийг олоогүй. Харин ч намайг дарамтлан худал мэдүүлэг авсан. Түүнийг өөр хүн зодсон гэсэн. Иймд Эрүүгийн байццан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасны дагуу шалгаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг олж өгөхийг хүсье гэжээ.

Ялтан Ш. давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдээгүй бөгөөд надад холбогдох хэргийг хуульд заасны дагуу шалгасангүй. Хэрэгт цугларсан хотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитоор хянаж харьцуулалгүй, шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг шалгалгүйгээр нэг талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчлөө.

Ийнхүү нотлох баримтуудыг хуурамчаар цуглуулж, бэхжүүлсэн ч гэм бурууг минь бүрэн нотлож чадахгүй баримтуудаар ямар ч гэмт хэрэг үйлдээгүй надад ял оногдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчиж, хилс хэрэгт ял тулган шийтгэж байгаад туйлын гомдолтой байна.

Надад мөнгө өгөхөөр зуучилсан гэх гэрч Г-ыг шууд баривчлан хорьж дарамтлан худал мэдүүлэг аван намайг хилс хэрэгт яллахыг үндэслэл болгосон. Р-ын бусдыг биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт прокурор А гардан хяналт тавьж, уг хэргийн талаар надад танилцуулан хэргийг нь хэрэгсэхгүй болгох талаар саналаа хэлэхээр би уг явдлыг сонсож “хяналаа” гэж гарын үсэг зурсан. Гэтэл гаргасан шийдвэрээ прокурорын хуульд заасны дагуу өөрөө харицах ёстой атлаа хариуцахгүй, надад хариуцуулж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Мөрдөн байцаалтын явцад намайг яллахын тулд олон олон хуурамч гэрчийг гаргаж, намайг буруутгахыг ихэд оролдлоо. Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан 3 ширхэг видео кассет, 1 ширхэг СD-ийг надад танилцуулж, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад судлуулаагүй байж хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа нь буруу. Иймд дээрх үндэслэлээр надад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгөхийг хүсье гэв.

Ялтан Р-ын өмгөөлөгч С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р-ын иргэн Ц-ыг зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд шууд санаатай учруулсан нь эргэлзээтэй, түүний гэм буруу байхгүй тул түүнд холбогдох эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэв.

Шүүх хуралдаанд оролцсон ялтан Ш-ийн өмгөөлөгч Б: Ш-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтад үнэн зөв, үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь түүний хилс хэрэгт шийтгэж үндэслэл боллоо гэж үзэж байна. Түүнд холбогдох баримтыг хуурамчаар цуглуулж, намайг ч гэсэн уг хэрэгт буруутган эрүүгийн хариуцлагад татаж байсан. Түүнд мөнгө өгөхөөр зуучилсан гэх гэрч Г-ыг шууд баривчлан хорьж, дарамталж худал мэдүүлэг авч байсан. Р-ын бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг уншиж судлан хяналт тавьж байсан прокурор А нь хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа хэлж, Ш-ээр хянуулсан болж, гарын үсэг зуруулсан байхад түүнийг гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлагад татаагүй. Уг хэргийг танилцаж хянасан гэж гарын үсэг зурсаныхаа төлөө Ш эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь буруу. Эдгээр байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсье гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Ш, Р нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл зөв, шүүхээс тэдгээрт оногдуулсан ял тохирсон тул шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:
Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгээс үзэхэд Ш, Р нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол нь үндэслэл муутай гарсаны гадна хэрэгт чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгалгүй, гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлэгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тухайлбал: Ш нь Р-ээс бусдаар дамжуулан 1 сая төгрөгийн хэл хахууль авсан гэсэн нь баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Энэ хэрэгт зуучлах үүрэг гүйцэтгэсэн гэх Г-ыг Ш-д 1 сая төгрөг өгсөн гэж ямар үндэслэлээр үзсэн, түүний өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгийн алийг нь үндэслэл болгосны гадна түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь /хэргийн 360, 863 дугаар хуудас/ ойлгомжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ Г-ын өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгийн алийг нь үндэслэл болгосон алийг нь няцаасныг дурдалгүй бүгдийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь учир дутагдалтай байгааг анхаарах,
Г нь Р-ын эх Д-ээс бэлэн 1 сая төгрөг, ХААН банкаар дамжуулан 900.000 төгрөг, У эмчээр дамжуулан 500.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг мөн Р-ээс 1.450.000 төгрөгийг тус тус авсан байх бөгөөд дээрх мөнгийг хээл хахууль зуучлахад зарцуулсан уу, эсвэл бусдад зуучлах нэрээр тэдгээрийг мөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэсэн үү, гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Р-ын бусдыг биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт хоёр прокурор хяналт тавьж, хоёул нийлж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Хэргийг гардан угшиж дүгнэлт гаргасан прокурор, уг дүгнэлттэй танилцаж хянасан прокурор хоёрын аль илүү хариуцлага хүлээх тухай зохицуулсан тусгай тушаал, дүрэм байдаг эсэх, прокурор А уг үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх ёстой зэргийг тодруулах,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг видео кассет, 1 ширхэг СD нь хэрэгт ямар ач холбогдолтой болох, энэ талаар мөрдөн байцаалтын явцад шалгаж тодруулаагүй, хэргийн оролцогчдод танилцуулаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй шалтгаан юу болох талаар хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолд: “З” ХХК гэхийг “Ал” ХХК гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р, Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай.

Хэрэгт прокурорт очтол Р-т авсан цагдан хорих, Ш-д авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэ магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Б.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Х.ЭРДЭНЭСУВД
З.ЦЭНГЭНБАЯР