Булган аймгийн шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Булган аймгийн шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2010 оны 07 сар 08 өдөр                                        Дугаар 46                                                     Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Баттогтох
Улсын яллагч Ц.Сувдаа
Шүүгдэгч .Б-ийн өмгөөлөгч Ц.Дагиймаа
Шүүгдэгч Д, М нарын өмгөөлөгч Г.Гочоо
Хохирогч И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Б, мөн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д зааснаар М, Д нарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 21004079 дугаартай хэргийг 2010 оны 6 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.. оны сарын.. -нд төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт .. аймгийн сумын ….. дугаар баг…тоотод оршин суух хэрэгт холбогдох үедээ …..сумын Мэдээлэл соёлын төвийн захирал ажилтай байсан, ял шийтгэлгүй, …. овогт Б,
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, … оны .. сарын ..-нд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын ангийн ….дүгээр курст суралцдаг, ам бүл …, ээжийн хамт, …. аймгийн …. сумын дугаар багт оршин суух, Монголын тэшүүрийн холбооны шигшээ багийн тамирчин, ял шийтгэлгүй ….. овогт … М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …. оны… сарын …-нд төрсөн, … настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл .., хүүгийн хамт …. аймгийн … сумын .. дугаар багт оршин суух, хэрэгт холбогдох үедээ …..аймгийн ….. сумын цэцэрлэгт багш ажилтай байсан, ял шийтгэлгүй…. овогт Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч: Б. нь ….. аймгийн ….. сумын Мэдээлэл соёлын төвийн захирлаар ажиллаж байхдаа Соёл урлагийн их сургуулийн оюутан М-ыг хуульд зааснаар ажлын байрны шаардлагыг хангаагүй /багшлах эрхгүй/ болохыг мэдсээр байж түүний ашиг сонирхлын үүднээс …. аймгийн ….. сумын Мэдээлэл соёлын төвийн дуу хөгжмийн багшаар 2009 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 04 дугаартай тушаалаар томилж, улмаар түүний ажиллаагүй саруудад хий цалин олгож, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг хийснийхээ төлөө М нь, түүний ээж Д нараас бэлнээр болон дансаар 2009 оны 4,5,8 дугаар саруудад тус бүр 50000 төгрөгийн буюу нийт 150000 төгрөгийн хээл хахууль авсан,
Шүүгдэгч: М нь 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ….аймгийн …. сумын Мэдээлэл соёлын төвийн захирал Б-т өөрийгөө дуу хөгжмийн багшаар ажилд оруулж, ажиллаагүй байхад цалин олгож байсны төлөө 50000 төгрөг шилжүүлж хээл хахууль өгсөн,
Шүүгдэгч: Д нь өөрийн хүү М-ыг …… аймгийн ….. сумын Мэдээлэл соёлын төвд дуу хөгжмийн багшаар ажиллуулан, цалин мөнгийг нь бэлэн авахын тулд захирал Б-т 2009 оны 4,5 дугаар саруудад бэлнээр тус бүр 50000 төгрөг буюу нийт 100000 төгрөгийн хээл хаууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-ийн өгсөн…2009 оны 2 сарын 2-ноос эхэлж М-ыг ……. аймгийн …….. сумын Мэдээлэл соёлын төвд дуу хөгжмийн багшаар авч ажиллуулсан. М-ын аав …. нь манай соёлын төвд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2008 онд нас барсан юм.М Соёл урлагийн их сургуульд суралцдаг, их авъяастай хүүхэд юм. Тэр тэмцээн уралдаанд оролцохоор чөлөө авдаг байсан. Хууль зөрчиж байна гэж бодоогүй. 2009 оны 4,5 сард Д-ээс 2 удаа тус бүр 50000 төгрөг, 2009 оны 8 сард М тэмцээнд амжилттай оролцоод ирлээ гээд 50000 төгрөг шилжүүлж нийт 150000 төгрөг авсан. Хууль зөрчсөн үйлдэл хийснээ ойлгож байна гэх мэдүүлэг.

Шүүгдэгч: Д-ийн өгсөн…2009 оны 2 сарын 2-нд миний хүү М-ыг Мэдээлэл соёлын төвд дуу хөгжмийн багшаар ажилд авсан. 2009 оны 3,4 сард тэмцээнд оролцохоор чөлөө авч байсан. Би Б-т 4 сард 50000 төгрөг өгсөн, дараа нь 5 сард 50000 төгрөг өгсөн, хахууль өгч байна гэж бодоогүй, соёлын ямар нэг арга хэмжээ явуулахад мөнгө төгрөг хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгоод л өгсөн. Хууль ийм байдгийг одоо л мэдэж байна. Цалинг нь гаргахгүй удаашраад байхаар нь мөнгө өгсөн, ямар нэг тохиролцоо байгаагүй. Хууль бус үйлдэл хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг.

Шүүгдэгч: М-ын өгсөн… Би 2009 оны 2 сарын 2-ноос …… сумын соёлын төвд дуу хөгжмийн багшаар ажилд орсон урьд нь Б захиралд ажилд орох санал тавьдаг байсан. Би 3 сард Канад улсад тэмцээнд оролцохоор чөлөө авсан. Гэтэл 3 сарын цалинг олгохгүй удаашруулах явдал гаргасан. Цалин удаашруулсан учраас миний ээж эхлээд Б захиралд 50000 төгрөг, дараа нь бас 50000 төгрөг өгсөн. Би Польш Улсад болон тэшүүрийн олон улсын тэмцээнд оролцоод Монгол улсын рекордыг эвдсэн.Шагналынхаа мөнгөнөөс 2009 оны 8 дугаар сард 50000 төгрөг Б-д захиралд шилжүүлсэн. 4 сард сумандаа 3-4 ажил зохион байгуулсан, 7 сараас хойш цалин аваагүй гэх мэдүүлэг.

Хохирогч И-ийн өгсөн….. аймгийн ….. сумын Мэдээлэл соёлын төвийн захирал Б нь М-ыг дуу хөгжмийн багшаар ажилд авсан тушаал гаргаж түүнийг ажиллаагүй байхад цалин гаргаж байсан. Энэ шалгалтаар илэрч Аудитын газраас 907250 төгрөгийн акт тавигдсан.Уг мөнгийг Аудитын газрын дансанд оруулахаар шийдвэрлэсэн тул төлсөн эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г, Э, Ц нарын өгсөн мэдүүлэг, 2010 оны 05 сарын 12-ны өдрийн …….аймгийн аудитын газрын 32 тоот төлбөр хариуцуулсан акт, …….. аймгийн ……… сумын Мэдээлэл соёлын төвийн захирлын ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаал, цагийн бүртгэл, цалингийн тооцооны хүснэгт, М-ыг 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 171 тоот тушаалаар жилийн чөлөө авч үргэлжлүүлэн суралцаагүй болохыг тодорхойлсон Соёл урлагийн их сургуулийн албан тоот, Б-ийн ……….дансанд 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 50000 төгрөгийн гүйлгээ хийсэн талаар …….. банкнаас ирүүлсэн 03/1988 тоот албан бичиг, орлогын мэдүүлэг, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа зэрэг болно.

Тухайн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүх үнэлэн дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч: Б нь …… аймгийн ……. сумын Мэдээлэл соёлын төвийн захирлаар ажиллаж байхдаа Соёл Урлагийн их сургуулийн оюутан М-ыг хуульд зааснаар ажлын байрны шаардлага хангаагүй / багшлах эрхгүй/ болохыг мэдсээр байж түүнийг 2009 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 04 дугаартай тушаалаар тус төвийн дуу хөгжмийн багшаар томилж, улмаар түүний ажиллаагүй саруудад хий цалин олгож, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг хийснийхээ төлөө 2009 оны 4, 5 дугаар саруудад М-ын ээж Д-ээс бэлнээр тус бүр 50000 төгрөг, 2009 оны 8 дугаар сард М-аас өөрийнхөө дансаар шилжүүлэн 50000 төгрөгийн буюу нийт 150000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг.

Шүүгдэгч М нь өөрийг нь …….. аймгийн ………. сумын Мэдээлэл соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажилд авч, ажиллаагүй саруудад цалин олгож байсны төлөө тус төвийн захирал Б-т 2009 оны 8 сард 50000 төгрөгийг дансанд нь шилжүүлж хээл хахууль өгсөн гэмт хэргийг.

Шүүгдэгч Д нь өөрийн хүү М-ыг ……. аймгийн …… сумын Мэдээлэл соёлын төвд дуу хөгжмийн багшаар ажиллуулан ажиллаагүй сард нь түүний цалинг бэлэн авахын тулд захирал Б-т 2009 оны 4,5 дугаар саруудад бэлнээр тус бүр 50000 төгрөг буюу нийт 100000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг .
Б нь М-ыг Мэдээлэл соёлын төвд дуу хөгжмийн багшаар томилж, түүний ажиллаагүй саруудад хий цалин олгосон байсан. Үүнийг аудитын газраас шалгаж 907250 төгрөгийн акт тавигдсан талаар Боловсрол соёлын газарт төсвийн мэргэжилтэн ажилтай хохирогч И-ын өгсөн мэдүүлэг.

М нь цалин 184470 төгрөгнөөс гар дээрээ 153991 төгрөгийг 2009 оны 3 дугаар сараас 2009 оны 7 дугаар сарыг дуустал нийт дүнгээрээ 922350 төгрөг бодогдож, гар дээрээ нийт 769955 төгрөг авсан талаар Мэдээлэл соёлын төвийн нягтлан бодогч ажилтай гэрч Г-ийн өгсөн мэдүүлэг /хх-22-23 тал/

М нь 2009 оны 2 сард 9 хоног, 3 сард нэг ч өдөр ажиллаагүй, 4 сард 8 хоног, 5 сард нэг ч хоног ажиллаагүй, 6 сард 3 хоног ажилласан талаар Мэдээлэл соёлын төвийн нярав ажилтай гэрч Ц-ийн өгсөн мэдүүлэг /хх-32-33 тал/
-хий олгосон цалин 907250 төгрөгийг соёлын төвийн эрхлэгч Б, нягтлан бодогч Г нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тавигдсан …. аймгийн Аудитын газрын 2010 оны 28 тоот акт /хх-34 тал/.

М-ыг …….. аймгийн ……. сумын соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажилд авсан, ажлаас халсан тушаал, цагийн бүртгэл цалингийн тооцооны хүснэгт /хх37-38,41-45,52-60 тал/
Б-ийн……. дансанд 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 50000 төгрөгийн гүйлгээ хийсэн талаар ……. банкнаас ирүүлсэн 03/1988 тоот албан бичиг, орлогын мэдүүлэг /хх-110-111 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б-ийг хээл хахууль авсан, шүүгдэгч М, Д нарыг хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гочоо нь шүүгдэгч М, Д нарын үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан бага бус хэмжээнд хүрэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйл хохирлын хэмжээ шаардахгүй ба албан тушаалтнаар өөрийн ашиг сонирхлын төлөө ямар нэг үйлдэл хийлгэхийн тулд бараа таваар, түүхий эд, мал сүрэг, мөнгө төгрөг, бусад үнэт зүйл өгснөөр уг гэмт хэргийн шинж илэрдэг тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хий олгосон цалин 907250 төгрөгийг Б, Г нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр ………аймгийн Аудитын газраас акт тавигдсан бөгөөд уг төлбөрийн 50% болох 453625 төгрөгийг шүүгдэгч Б нөхөн төлсөн болох нь Хадгаламж банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 150000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Б, М нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д-ийн үйлдэл нь 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан заалтанд хамаарч байх тул түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч …… овогт Б-ийг албан үүргийнхээ хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө бусдаас хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч ……..овогт М, ……овогт Д нарыг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Б-ийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч М-ыг нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д-г нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б, М, Д нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б, М, Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

6.2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Д-д оногдуулсан нэг жил найман сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан хоёр жилийн хорих ял, шүүгдэгч М-д оногдуулсан нэг жил гурван сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийн хянан харгалзах хугацааг нэг жилээр тогтоож, ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж Б, М нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж, Д-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Л.ДАРЬСҮРЭН