Сүхбаатар дүүргийн шүүхийн 195 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Сүхбаатар дүүргийн шүүхийн 195 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭЛ ТОГТООЛ

2010 оны 06 сарын 28 өдөр                                    Дугаар195                                         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч М.Алдар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Ундрах
Улсын яллагч: О.Гэрэл
Шүүгдэгч У-ийн өмгөөлөгч Ш.Энхмаа
Шүүгдэгч Н-ын өмгөөлөгч Ц.Дарьжав
Хохирогч: О нарыг оролцуулан
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У, Н нарт холбогдох эрүүгийн 21047038 хэргийг 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, …. оны … дугаар сарын ….-ны өдөр …. хотод төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт …. дүүргийн … дугаар хороо, … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар …….., …. овогт У;

2.Монгол улсын иргэн, …. оны … дүгээр сарын … өдөр төрсөн, … настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл .., нөхөр, хүүхдийн хамт ….. дүүргийн … дугаар хороо, ….. тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар …….. овогт Н.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан байранд албадан дуудлага худалдаа эрхлэн хөтөлж явуулсан тус албаны нягтлан бодогч, ахмад У, дуудлага худалдааны нарийн бичгийн дарга, байцаагч нягтлан бодогч, дэслэгч Н нар нь бүлэглэн, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрээр хураагдсан …. Дүүргийн… дугаар хорооны .. дүгээр хороолол, … дугаар байрны .. тоот байрыг дуудлага худалдаагаар зарахдаа, иргэн М-т 50.100.000 төгрөгөөр зарсныг 43.500.000 төгрөгөөр зарсан гэж хуурамч тэмдэглэл үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан, иргэн О-д 6.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөн нэгэн адил мэдүүлэх зүйлгүй. Бие биендээ туслах гэж байгаад л ийм асуудалд орчихлоо. Хийсэн хэрэгтээ харамсч байна гэв.

Хохирогч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч нарт маш их гомдолтой байна. Надад худал хэлж миний амьдралыг ийм болгосонд гомдолтой байна. Хоёр хүүхдийг минь гудамжинд гаргасан. Хэрэв энэ У тухайн үед үнэнийг хэлчихсэн бол би өдийд …….. аймагт хямдхан байр авч амьдрахгүй байсан. Гомдолтой байна гэв.

Гэрч Б нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...миний үлдэж байгаа 2 хүүхдийн ногдох мөнгийг хэт үнэгүйдэл нь эцгийн хувьд зохимжгүй гээд, мөн надад орон сууцны хэрэгцээ байсан тул дуудлага худалдаанд дэнчин болох 3.780.000 төгрөгийг тавьж гэр бүлийн хүн болох Х-ыг дуудлага худалдаанд оролцуулсан. 2 дахь шатны дуудлага худалдаанд 3 сонирхогч орж, манай гэр бүлийн хүн 45.000.000 гаргаад үнэ хэлэхээ зогсоож ажиглагчийн байр сууринаас оролцоход, 2 дахь оролцогч 50.000.000 зогсож 50.100.000 төгрөгөөр авч дуудлага худалдаа хаагдсан. Тодорхой хугацааны дараа шийдвэр гүйцэтгэгч Б над руу утасдан та О-г дагуулаад ирнэ үү гэсний дагуу хамт очиход албадан дуудлага худалдаагаар манай байрыг 43.500.000 төгрөгөөр зарсан гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь шийдвэр гүйцэтгэгчид наад байр чинь 50.100.000 төгрөгөөр зарагдсан. Би хүн оролцуулсан гэсэн. Тэгэхэд тийм зүйл байхгүй, дуудлага худалдаанд энэ үнэ хүрсэн гэсэн материал ирсэн, та хүсвэл ахлах гүйцэтгэгч дээр орж болно гэхээр нь У гэх ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй уулзан, мөн л энэ үнээр зарагдсан гэж хэлсэн. Би албадан дуудлага худалдааны протоколтой танилцмаар байна гэхэд, надад үзүүлсэн, баримт дээр дээд үнийг 43.500.000 төгрөг дээр зогсоож, гарын үсэг зуруулсан гэр бүлийн хүн болох Х-ы гарын үсгийг илт тодорхой хуурамчаар зурсан байсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан 1-рт энэ дуудлага худалдаанд би өөрийн хүнээ оролцуулсан. 2-рт гарын үсэг нь хуурмч байна шүү дээ гэхэд У нь та бүхэл бүтэн байгууллага доромжилж байна гэж хэлэхээр нь дараагийн хандах ёстой газар нь хандана гэж хэлсэн. Та хүн гүтгэв дээ, таны байр энэ үнэ хүрсэн гэж хэлсэн, би гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б-д хүсэлт гаргасан. 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл гаргаснаас 2 хоногийн дараа миний утас руу …….дугаараас Ц гэх хүн байна, тантай уулзах хэрэгтэй байна гэхээр би ямар хүн бэ хаанаас ямар шаардлагаар уулзах хэрэгцээ байгаа юм бэ гэхэд, тэр хүн манай байрны хаягийг хэлээд энэ асуудлаар уулзах хэрэгтэй байна гэсэн ...30 гаруй насны эрэгтэй хүн байсан. Манай дүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг юм, алдаа гаргасан нь үнэн гэж хэлсэн, би тэгэхээр нь та нар надтай яах гэж уулзаж ямар шаардлага байгаа юм гэж хэлсэн, та өргөдөл гаргасан байна, зөрүү мөнгө болох 6.600.000 төгрөг өгөх боломжтой, та өргөдлөө татаж авна уу гэсэн агуулгатай юм ярьсан. 2010 он гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Н даргатай уулзан тодруулга авахад нь ийм асуудал болсон, энэ хүмүүс чинь буруугаа хүлээж зөрүү мөнгө болох 6.600.000 төгрөг өгч бичиг хийж өгсөн гэж хэлэхэд, энэ тодорхой юм байна гээд уг бичгийг хувилж авч үлдсэн. Ц мөнгөө буцаан авч дансанд хийх шаардлагатай гэсэн агуулгатай зүйл ярихаар нь би боломжгүй гэж хэлсэн. Дараа нь нэг эмэгтэй хүн орой 19 цагийн үед утсаар яриад, танд 6.600.000 төгрөг өгсөн буруу байна. Бид нар хурлаар орсон, бид нар өөрсдөө авч дансанд тушаана гэхээр нь би боломжгүй ээ, би гэртээ амарч байна гээд тушаах ёстой газар нь тушаана би мэдэж байна гээд маргааш нь дэд дарга Ө-тэй уулзан мөнгө авах тухай яригдаад байна гэхэд, тэр хүмүүст өгөөгүй нь зөв, энэ дансанд тушаа гэж дансны дугаар тушааж өөрт оногдох мөнгөө авсан асуудал энэ юм...” /хх-ийн 124-125/;

Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уг өдөр дуудлага худалдаанд 3 дэнчин ирж Б, Х, М гэсэн 3 иргэн оролцсон. 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлд иргэн М нь 43.500.000 төгрөгөөр худалдаж авснаар тэмдэглэлд тусган, гарын үсэг зурсан, протоколыг хувийн хэргийн материалд 43.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон гэсэн ойлголттой байсан. 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч О төлбөр төлөгч Б нарыг дуудан ирүүлээд орон сууцыг худалдан борлогдсон талаар танилцуулж байрыг 43.500.000 төгрөгөөр зарагдсан талаар хэлсэн. Тэгэхэд төлбөр авагч Б наад байр чинь 50.100.000 төгрөгөөр зарагдсан гэж хэлээд ахлах шийдвэр гүйцэтгэгч У-ийн өрөөнд орсон. Ахлах шийдвэр гүйцэтгэгч намайг дуудаад дуудлага худалдааны тэмдэглэлийг аваад ир гээд үзүүлэхэд 43.500.000 төгрөгөөр зарагдсан протокол байсан, түүнийг Б-д үзүүлээд, та үндэслэлгүй юм ярьж болохгүй, манайх протокол дээр оролцсон хүмүүс бүгд гарын үсэг зурсан байна гэж үзүүлсэн. Тэгэхэд дуудлага худалдаанд оролцсон Х гэх хүн нь Б-ийн шинэ суусан эхнэр нь оролцсон гэж хэлээд эхнэр рүүгээ утасдан чиний гарын үсэг биш байна, энэ угаасаа хуурамч протокол байна гээд гараад явсан. Удалгүй ШШГЕГазарт гомдол гарган, материал татан албаны шалгалт хийсэн. Тэгээд энэ асуудлыг мэдсэн...” гэсэн /хх-ийн 126-128/;

Гэрч М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...У өөрийнхөө ….. гэсэн дугаараас миний дугаар руу залгаад саяны дуудлага худалдааны байрыг 43.500.000 болгосон байгаа, ирээд гарын үсэг зурчих гэсний дагуу буцаж очиж гарын үсэг зурсан юм. Энэ асуудал 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон. Шийдвэр гүйцэтгэгч Б нь байрны эзэн ирж уулзана хүлээж бай гэсэн. Удалгүй Ц над руу яриад байрны эзэн цуг дуудлага худалдаанд оролцсон байна, зөрүү мөнгийг өг гээд байна гэсэн. Энэ үед 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байсан. Би ээжээс дахин 6.600.000 төгрөг авч Ц-д өгсөн. Надаас ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй хямдхан байр авмаар байна гэж Ц-д хэлж байсан...” /хх-ийн 130, 131/;

Гэрч У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б энэ дуудлага худалдаанд манай эхнэр Х орсон, энэ гарын үсэг манай эхнэрийн гарын үсэг биш байна гэж хэлэхээр нь бид нар танай эхнэрийн гарын үсгийг дууриалган зурахгүй тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б хуйвалдсан байна, би улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдлоо гаргана гэж хэлээд гарсан. Албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг баримтлан явуулдаг. Албадан дуудлаа худалдаа явуулах хүмүүсийг албаны даргын тушаалаар комисс томилон явуулдаг. Комиссын гишүүдэд манай ерөнхий нягтлан, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч ахлах гүйцэтгэгч, албаны дэд дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг” /хх-ийн 134, 135 дугаар хуудас/;

Гэрч Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...дуудлага худалдаанд 3.750.000 төгрөгийн дэнчин тавьж сонирхогчоор урд өдөр нь бүртгүүлээд маргааш өглөө 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд орсон. Саналын хайрцаг задлахад 3 материал гарч ирсэн. 37.500.000 төгрөгөөс доод тал нь 100.000 төгрөгөөр өсгөөд дуудлага худалдаа эхэлсэн харилцан талууд үнэ өсгөөд явж байсан ба бид хоёрын хувьд бол 45.000.000 төгрөг хүргээд оролцогч нар үнэ нэмэх юм бол болино гэсэн бодолтой байсан. Тэгэхэд цаашаагаа 45.000.000 төгрөгөөс хэтрээд явчихаар нь би дуудахаа больсон. Нөгөө 2 тал нилээн үзэж байгаад Б гэдэг эмэгтэй 50.000.000 хүргэсэн. М гэх нь 50.100.000 төгрөг хүргэж ялсан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь оролцогч гурван хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Энэ асуудлыг яаж мэдсэн гэхээр хамгийн сүүлд шийдвэр гүйцэтгэл дээр мөнгөө авах гээд манай нөхөр Б яваад очиход дуудлага худалдааны байр 50.100.000 биш 43.500.000 төгрөгөөр зарагдсан гэж хэлээд, төлбөр авагч Б-д ногдох мөнгөө ав гэж байсан, манай нөхөр чиний гарын үсэг биш байна гэж хэлсэн. Тэр даруй ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан. Тэгээд л энэ асуудал мэдэгдсэн” /хх-ийн 136, 137/;

Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би энэ дуудлага худалдаанд оролцоогүй. Энэ талаар мэдэхгүй байна. 2009 оны 12 дугаар арын 09-ний өдөр миний төрсөн өдөр болдог юм. Би тэр өдөр Амгалангийн хорих анги руу ажлаар явах гэж нягтлан бодогч Н нь таны регистрийн дугаар хэд юм бэ гэж асуусан, тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд компьютерт шивэх гэсэн гэж хэлсэн. Би түүнд регистрээ хэлээд ороод замын хуудсаа цохуулаад, эргээд няраваас мөнгөө авах гээд орж ирэхэд та энэ дээр гарын үсэг зурчих гээд надаа өгөхөөр нь юу юм бэ гэж асуусан,тэгэхэд сүртэй юм бишээ гэж хэлэхээр нь яарч байсан болохоор гарын үсгээ зураад гараад явсан юм. Тэр албадан дуудлага худалдааны талаар хэлж мэдэхгүй байна. Би тэрэнд ороогүй юм... сүүлд нь энэ .. мэдэгдээд манайхаас бөөн юм болсон хойно Н-аас чи яагаад ийм юман дээр надаар гарын үсэг зуруулж байгаа юм бэ гэж асуухад ерөөсөө дуугарахгүй зогсоод байсан /хх-ийн 143, 144/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1134/36 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн дэвтрийн ….дүүргийн … дугаар хороо, .. дүгээр хороолол, ..дугаар байрны … тоотыг дуудлага худалдаагаар зарагдсан байрны тэмдэглэлд бичигдсэн 28 дугаар хуудасны 2 дугаар пайз Х 43.400.000 гэсний доор зурагдсан гарын үсэг нь гэрч Х-ы гарын үсгийн загвартай тохирохгүй байна.
...3 дугаар пайз М 43.500.000 гэсний доор зурагдсан гарын үсэг нь гэрч М-ийн гарын үсгийн албадан загвартай тохирч байна.
...бичгийн хэв нь Н-ын албадан бичгийн хэвийн загвартай тохирч байна.
...2 дугаар пайз Х 43.000.000 гэсэн, 3 дугаар пайз М 50.100.000 гэсэн хэвийн загвартай тохирч байна... гэсэн /хх-ийн 150-156/.

Шүүх хуралдаанд яллах болон өмгөөлах талуудын саналаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон гэрч Ж /хх-ийн 142/, Д /хх-ийн 146, Ө /хх-ийн 139, 140/ нарын мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б-д Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн 1/386 дугаартай албан бичиг /хх-ийн 5/, аудитын газрын үнэлгээ /хх-ийн 61, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 106-114/, 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ….. дүүргийн … дугаар хороо, … дүгээр хороолол, … дугаар байрны … тоот …өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх-ийн 114/, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 50 дугаартай тушаал “Албадан дуудлага худалдааны комисс томилох тухай” /хх-ийн 232/, шүүгдэгч У /хх-ийн 207/, Н /хх-ийн 208/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн...” буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч У, Н нарын 2009.12.09-ний өдөр үйлдсэн энэ хэрэгт 2010.02.26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, 2010.03.05, 12-ны өдрүүдэд сэжигтнээр тооцож улмаар 2010:04:05-ны өдөр яллагдагчаар татжээ. Энэ байдал нь хөнгөн хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрөөгүй байхад эрүүгийн хариуцлагад татсан гэж үзэхээр байх тул өмгөөлөгч Ц.Дарьжав, Ш.Энхмаа нарын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч У, Н нар нь бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан байранд албадан дуудлага худалдаа эрхлэн хөтөлж явуулах үедээ шүүхийн шийдвэрээр хураагдсан …. дүүргийн …. дугаар хорооны … хороолол, … дугаар байрны ... тоот байрыг дуудлага худалдаагаар зарахдаа иргэн М-т 50.100.000 төгрөгөөр зарсныг 43.500.000 төгрөгөөр зарсан гэж хуурамч тэмдэглэл үйлдэн, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан иргэн О-д 6.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О, гэрч Б, Б, М, У, Х, Ө, Б нарын мэдүүлэг, криминалистикийн шинжээчийн 1134/36 тоот дүгнэлт, шүүгдэгч нараас хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч У, Н нарыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, мөн албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, мөн бага насны хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулахаар тогтов.

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1….. овогт У, …. овогт Н нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, мөн албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгй ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-г төрийн албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.080.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н-ыг төрийн албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгийн торгох ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-г гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н-ыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-д оногдуулсан торгох ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт торгох ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.620.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н-д оногдуулсан торгох ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт торгох ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.080.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай.

4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У, Н нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг тэдэнд мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт ….. дүүргийн…. дугаар хороо, …. дүгээр хороолол, …. дугаар байрны … тоотыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У, Н нарт бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ: М.АЛДАР