Хан-Уул дүүргийн шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Хан-Уул дүүргийн шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ
 
2010 оны 3 дугаар
 сарын 14-ний өдөр                        Дугаар 81                                Улаанбаатар хот
 
 
 
           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

           Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Оюунчимэг, Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:М.Цэрэндаваа,
Улсын яллагч:И.Ариунсанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтангэрэл,

Иргэдийн төлөөлөгч: Л.Чимидлхам, Д.Энхтуяа, Х.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

 
Эрүүгийн хэргийн дугаар 20746066
 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн хэргийг 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 
Шүүгдэгчийн биеийн байцаалт

         А, Монгол улсын иргэн, … онд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн татварын газарт татварын улсын байцаагч ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл …, нөхөр, хүүхдүүдийн хамт …  дүүргийн … дүгээр хороо, … дүгээр байрны тоотод оршин суух, улсаас “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 
Холбогдсон гэмт хэргийн талаар:
 

Шүүгдэгч А нь Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа шалгалтаар илэрсэн зөрчил, төлөх татварын дүнг багасгана гэж урьдчилан амлаж, О-с 2005 оны 05 дугаар сард 20 сая төгрөгийн онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 
                  ТОДОРХОЙЛОХ НЬ:
 

 Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэх, ялтай байдлын талаар:

 

Шүүгдэгч А  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, эрүүгийн хэргийн нэгдсэн санд ороогүй болох нь тогтоогджээ. /хх-ийн 406х/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ:Энэ асуудал нилээн олон жил болж байгаа учраас өмнөх асуудлуудыг удаа дараа ярьж байсан. Сүүлийн асуудлыг тодорхой яръя л гэж бодож байна. Шалгалт орсон, урьдчилаж амлаад авлига авсан гэсэн асуудал болоод, өөрийн дансанд байгаа мөнгөө айж ичсэнээс болж хэлж ярьсан нь миний буруу байсан. Авсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Хүүхэд үрчилж авсан асуудлаа яръя. Манай 3 хүүхэдтэй. Том хүү, бага охин хоёр гадаадад байдаг. Том охин Монголд байдаг. 2005 онд охин хүнтэй сууж 2006 онд хүүхэд гаргасан. 2007 онд би энэ асуудалд ороод байхад охин дахиад хүүхэд төрүүлсэн. Охин хоёр хүүхэдтэй, эхний хүүхэд түнхний хөмөн ясгүй төрснөөс болж Хятад явж эмчлүүлэхээр болж аав, ээж хоёр нь авч явдаг байсан. 2 дахь хүүхэд нь төрөхдөө тархины саажилттай төрсөн. Хоёр ч хүүхэд нь ийм байдалтай төрснөөс хүргэн М эхнэр хүүхдүүдээ тоохгүй ийм байдалд орсон. Миний ухаан санаа ч орон гаран болж зэрэг зэрэг хэцүү байдал орж ирсэн. Охины маань нөхөр том хүүхэд нь эмэгтэй хүүхэд учраас өөрөө авч эмчилгээнд явж өөр дээрээ байлгадаг. Бага хүүхэд нь дуу гардаггүй гөлийсөн гарснаасаа хойш над дээр байсан. Сүүл сүүлдээ хүргэн охин хоёр маань сэтгэл нь хөрөөд хоёр тусдаа амьдрах болсон. Тэр үед манай нөхөр охиныхоо хүүхдийг үрчилж аваад өөрийн болгосон нь дээр юм байна гэж санал гаргаад үрчилж авсан. Манай нөхөр өөрөө зүрх муутай, сахрын өвчтэй учраас дотогшоо гадагшаа эмчилгээнд явахад нь эмээгийнх нь нэр дээр шилжүүлж өргөж аваад эмчилгээг нь хариуцаж ажиллах нь зөв юм байна гээд би хариуцаж эмчилгээг нь хийлгэж байгаа. Аав нь том хүүхдээ аваад явсан. Бага хүүхдийг нь би асарч байгаа. Охин маань амьдралаа дээшлүүлж, хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг олох гэж Япон явж ажиллаж байгаа. Бидний хүнд амьдралыг харж үзээд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х өгсөн мэдүүлэгт: ”В трейд” ХХК нь татварын албанд бүртгүүлээгүй ….. банкин дахь дансуудыг ашиглан 2003 онд 58 640 600 төгрөг, 2004 онд 86 717 300 төгрөг, 2005 онд 359 866 100 төгрөг, 2006 онд 505 033 200 төгрөг, захирал О-ын нэр дээрх хувийн дансыг ашиглан 2006 онд 53 625 800 төгрөг нийт 1 063 882 900 нэг тэрбум жаран гурван сая найман зуун наян хоёр мянга есөн зуун/ төгрөгийн орлогыг ААНБ-ын албан НӨАТ-ын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй нуусан байсан. Харин тайланд болохоор 2003 онд 61 503 400 төгрөг, 2004 онд 81 118 800 төгрөг, 2005 онд 93 103 900 төгрөг, 2006 онд 133 291 100 төгрөгийн орлогыг татварын тайланд тусгасан байсан. /хх-495х/

 

Үндэсний Татварын Ерөнхий газрын татварын улсын байцаагч Х-ийн 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ¹0300178 дугаар бүхий дүгнэлтэд:

“В трейд” ХХК-ийг Аж Ахуй Нэгж Байгууллагын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох 1 063 882 900 төгрөгийн орлого нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж Монгол улсын татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлт бичив гэжээ. /хх-185-192х/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний төвийн ШНББ магадлах товчооны шинжээч Б-ийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ¹53 дугаар бүхий дүгнэлтэд:

“…..” ХХК-ийн гүйцэтгэлийн балансууд дээр банканд байгаа мөнгө дансанд ……. 806 дугаар салбарын …….., …….. банкны 106 дугаар салбарын ……..данснуудыг тусгасан байдаг. Иймд ……” банк ХК дахь ………” ХХК-ийн төгрөгийн 2………. дансанд 2004 онд 86 717 300 төгрөг, 2005 онд 359 866 100 төгрөг, 2006 онд 558 659 000 төгрөг, “………” банкан дахь захирал О-ын …… дансанд 2006, 2007 онуудад 53 625 700 төгрөгүүд орсон нь мөнгөн хөрөнгийн ерөнхий дэвтэр болон борлуулалтын орлогын ерөнхий дэвтэрт хөтлөгдөөгүй болно. Эдгээр орлогууд нь аж ахуйн нэг байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгагдаагүй байх үндэслэлтэй. Үндэсний Татварын Ерөнхий газрын татварын улсын байцаагч Х-ийн Аж ахуй нэгж Байгууллагын орлогын болон НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэжээ. /хх-231-234/

 

Шинжээч Б-г байцаасан тэмдэглэл “…..” ХХК-иас гаргаж өгсөн нэмэлт материалыг хүчинтэй гэж үзээгүй учир татварын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно. /хх-260/

 

Шүүх шинжилгээний Үндэсний Төвийн ШНББ-ийн магадлах товчооны шинжээч Д, Э нарын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ¹ 074 дугаартай давтан дүгнэлтэнд:

ШШҮХ-ийн ШНББ-ийн магадлах товчооны шинжээч Б-ийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ¹53 дугаар бүхий дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. “…….” ХХК нь 1 063 882 900 төгрөгийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй байна. /хх-281-284/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Д, Э нар мэдүүлэхдээ: 2003-2006 онуудад татварын тайлан нь дандаа алдагдалтай гэж гарсан байсан. Татварын албанд бүртгүүлж, гэрчилгээндээ тусгаагүй 2 нууц данс ашиглан компанийн борлуулалтын орлогыг нуусан байсан. 2003-2006 онуудыг тус бүрээр нь гаргасан байгаа /хх-482-483, 496/

 

А хээл хахуульд авсан мөнгөнөөс 11 400 000 төгрөгийг өөрийн болон нөхөр Г-ны нэр дээр “………” ХЗХ-д хадгалуулсан гэх баримтууд. /хх- 451-458/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Го-ийн өгсөн мэдүүлэгт: О надаас 20 сая төгрөг нэг удаа авч байсан гэжээ. /хх- 7-8/

 

Мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: Сэжигтэн У-ийн гэрэл зургийг түүний гадаад төрхтэй төстэй 7 эмэгтэй хүний гэрэл зургийн хамт нааж, А-с таны өмнө өгсөн мэдүүлэгт дурьдсан “:::::::” ХХК-ийн нягтлан гэх танд 20 сая төгрөгийн хахууль өгөхөд зуучилж танаас 8 сая төгрөгийг авсан эмэгтэйн зураг байгаа эсэхийг таньж олно уу гэж мөрдөн байцаагч асуухад У-ийн зургийг зааж, “::::::” ХХК-ийн нягтлан хийдэг, надад захирлаасаа мөнгө өгөхөд санаачилсан, надаас 8 сая төгрөгийг авсан эмэгтэй мөн байна гэснийг тэмдэглэл болгон үйлдэв. /хх-124-125/

 

Шүүгдэгч А-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд.

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О-ын өгсөн мэдүүлэгт:”……. ХХК-ийг 1999 оноос байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд цэвэр ус үйлдвэрлэж, борлуулах чиглэлээр ажилласан. 2005 оны 05-р сард Нийслэлийн татварын улсын байцаагч А, Н гээд 23 байцаагч 2003-2004 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Татварын улсууд захиралтай чинь уулзана гэсний дагуу Нийслэлийн татварын газрын гадаа очоод А байцаагчтай очиж уулзсан. Миний машинд бид хоёр уулзсан. 60 гаруй сая төгрөгийн акт тавихаар болсон гэхээр нь банкны зээлтэй байгаа буулгах арга байна уу гэхэд А байцаагч би бараг багаар нь гаргахад ийм байна гэж намайг сүрдүүлсэн. Маргааш нь А байцаагч над руу яриад акт тавилаа гэхээр нь танд юу хэрэгтэй байгаа юм, юу хүсээд байгаа юм бэ гэхэд Алтансэлэнгэ надад 20 сая төгрөг өгчих гэсэн. Би их байна гэхэд тэгвэл өөр яриа байхгүй гээд утсаа тасалсан. Би мөнгийг нь өгөхөөр шийдэж маргааш нь танил Го-с мөнгө зээлэхийг хүсэхэд тэр 20 сая төгрөг ажил дээр авчирч өгсөн. Мөнгийг аваад маргааш нь А-ийн ажил дээр очиж өрөөнд ороход тэр ганцаараа байсан. 20 сая төгрөг байгаа шүү гээд 50 төгрөгний гялгар тортой мөнгөө өгсөн. А за гээд авсан. Маргааш нь утсаар яриад актаа авъя гэхэд ирээд ав гэсэн. Нягтлан Ба-г явуулж авахуулсан. А байцаагч татварын тайланд тусгадаггүй дансны талаар олж мэдчихээд тэгээд 60 гаруй сая төгрөгийн акт тавина, дансаар хийсэн гүйлгээ нь 200 орчим сая төгрөг байсан байх. Манай компанид татварт орлогоо дутуу тайлагнасан гэдгээр өндөр хэмжээний акт тавих гээд байсан ба ингээд энэ актыг буулгахын тулд түүний өөрийнх нь нэхсэнээр 20 сая төгрөгийг өгсөн. Мөнгө 10 000-ын дэвсгэртээр байсан. /хх-353-354, 355-356, 357-358, 499-501/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар.

 

Шүүгдэгч А нь Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “……” ХХК-ийн 2003-2004 оны албан татварын ногдуулалт, төлөлт, НӨАТ-ын баталгаажуулалтыг шалгах үедээ шалгалтаар илэрсэн зөрчил, төлөх татварын дүнг багасгана гэж урьдчилан амлаж, тус компанийн захирал О-с 2005 оны 05 дугаар сард 20 сая төгрөгийн онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Х-ийн мэдүүлэг, гэрч Го-ийн мэдүүлэг, татварын улсын байцаагчийн 2007 оны 03-р сарын 15-ны өдрийн 0300178 тоот дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Төвийн ШНББ-ийн шинжээч Б-ийн 2007 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн ¹ 53 тоот дүгнэлт, шинжээч Д-ийн 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ¹ 074 тоот дүгнэлт, шинжээч С, Ж, Эн, То нарын 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ¹ 036 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
 
 

Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдэж олсон 12 000 000 төгрөгийг улсын орлого болгож төлсөн байна.

Шүүгдэгч А-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
 

            1. А-г онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар А500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. А нь 60 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. … дүүргийн дүгээр хороо, Бага тойруугийн дүгээр байрны тоот, өрөө орон сууц битүүмжилэгдсэн болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А-ийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авсан 4 сая төгрөгийн үнэтэй гражийг барьцаалсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, итгэмжлэл 1 ширхэг, худалдах, худалдан авах гэрээ 1 ширхэг, газрын төлбөр тогтоох акт 1 ширхэг, 01 дугаартай газрын экспликаци 1 ширхэг зэргийг тогтоол хүчинтэй болмогц өөрт нь буцааж олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар А-д 5 жил 2 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

7. Ял хойшлуулсан хугацаанд А-д хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 
                                     
 
 
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ

                

        ШҮҮГЧИД                             Н.МӨНХБАЯР

 
      С.ОЮУНЧИМЭГ