Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 105 дугаар тогтоол

A- A A+
Нийслэлийн   Чингэлтэй   дүүргийн   шүүхийн 105 дугаар тогтоол
ШИЙТГЭЛ ТОГТООЛ
 
 

2010 оны 03 дугаар

 сарын 30-ны өдөр                                       Дугаар 105                                Улаанбаатар хот
 
 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Нийслэлийн   Чингэлтэй   дүүргийн   шүүхийн   шүүгч   Б.Цогт   даргалж, шүүгч Г.Буяннэмэх, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Чингис,

         Улсын яллагч Ц.Оюунчимэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Нанжидмаа, С.Натаюу, П.Цэрэнчимэг,

Шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч Ц.Тогоохүү,
Шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Д.Батсүх,
Шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн,
Шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, Г.Оюунцэцэг,

Орчуулагч Х нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж, Н, Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 20947200 дугаартай хэргийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, … онд … аймгийн … суманд төрсөн, … настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт дэд даргаар ажиллаж байгаад түр түдгэлзүүлсэн /1001 дүгээр хуудас/, ам бүл 4, 6-18 насны … хүүхдийн хамт … дүүргийн … хороо, … дугаар хороолол, … дүгээр байрны … тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 онызарлиг /1179 дүгээр хуудас/-аар "Алтангадас" одонгоор шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, … онд … аймгийн … суманд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл …, …дүүргийн … дугаар хороо, … хорооллын … дугаар байрны … тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.

 

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, … оны … дүгээр сарын … БНХАУ-ынхотод төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "С" ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл …, БНХАУ-ын … хотын … дүүрэг, …дүгээр гудамж, … дугаар байрны … тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол Улсад … дүүргийн … дүгээр хороонд байрлах "Ж" зочид буудлын … тоотод түр оршин сууж байгаа, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж,

 

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, Монгол Улсын цагаач, … онд  БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны … аймагт төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "С" ХХК-ний дэд захирал ажилтай, ам бүл …, нөхөр, … хүүхдийн хамт … дүүргийн … дүгээр хороо, … хорооллын … дүгээр байрны … тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.

 

Ц нь /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ний гүйцэтгэх захирал Н нарын тус компаний 200 хятад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс нь чөлөөлүүлэх гуйлтын дагуу хувийн харилцаа тогтоож, улмаар дээрх төлбөрийн тал хувийг өөртөө өгөхийг шаардсан буюу хясан боогдуулах замаар "С" ХХК-ний ерөнхий захирал Ж, гүйцэтгэх захирал Н, дэд захирал Т нараас 130.000.000 төгрөгийн онц их хэмжээний мөнгийг шунахайн сэдэлтээр, урьдчилан амласны үндсэн дээр хээл хахуульд авсан,

 Ж нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ний ерөнхий захирлаар, Н нь гүйцэтгэх захирлаар, Т нь дэд захирлаар тус тус ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, "С" ХХК-ний барьж байгаа"С" нэртэй орон сууцны хорооллын барилгыг бариулах ажилчдыг БНХАУ-аас Монгол улсад оруулж ирэн, тэдгээрийг ажлын байрны тал төлбөрөөс чөлөөлүүлэхээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц-тэй ярьж тохиролцсоны дагуу 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тухайн албан тушаалтанд 130.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: "Миний нэрийг яллах дүгнэлтэд буруу галигласан байна. Ж гэж галиглах ёстой. Миний бие Шанхайн барилгын салбарт нийтдээ 20 гаруй жил ажилласан. Монгол Улсын" компани хөрөнгө оруулж барьж байгаа "С" хорооллын эхний ээлжийг 2009 оны 12 сарын 20-нд ашиглалтад оруулж, оршин суугчид нь ордероо хүлээн авсан. Хэргийн хувьд 2 зүйлийг тодруулья. Би 2009 оны 4 сарын 26-ныгхүртэл хятадад байсан бөгөөд 26-нд Монголд ирсэн. Тиймээс яллах дүгнэлтэд бичсэн урьдчилж тохирсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэг гарахаас өмнө Хятадаас ажилчин оруулахын тулд заавал ажлын байрны төлбөрийг төлөх ёстой гэж ойлгосон. Хэрэг гарсны дараа л тэр төлбөрт өгөх мөнгийг өөр зүйлд зарцуулсан болохыг мэдсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх үнэн зөв шийдвэрлэнэгэдэгт итгэж байна. Чекэн дээр гарын үсэг зурснаар ял оногдуулж байгаа нь шударга бус байна" гэв.

 

Мөн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: "Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ. Өөр хэлэх зүйлгүй. Алдсан алдаагаа ойлгож ухамсарласан байдлыг харгалзан хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү" гэв.

 

Тэрээр мөрдөн байцаалтад: "Маргааш өдөр би тухайн газар дээр дахин очиж дэд даргын хаалгыг татаад үзэхэд Ц гэдэг хүн байсан. Ц даргад манай компани маш том барилга барьж байгаа. Барилга хот байгуулалтын яамны танай яаманд өгсөн бичиг байна, та манай барилгын чанарыг үз гээд үзүүлсэн. Ц дарга "Танай компани маш сайн барилга барьж байгаа юм байна. Та бүхэнд би туслах болно. Ямар боломж байгааг судалж үзье" гээд 9911… гэсэн дугаар өгсөн өдрөөс эхлэн Ц-тэй  утсаар ярьж манай компанийн БНХАУ-аас авах ажилчдын тоо, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх асуудал юу болж байна гэж ярьдаг болсон. Ц дарга "Та хүлээж бай, би судлаж байна" гэдэг байсан. Одоо санахад 2009 оны 3 дугаар сарын сүүлээр анх очиж уулзсан. 4 дүгээр сарын сүүлээр Ц даргатай утсаар ярихад уулзая гээд "Ж" компанийн хоолны зааланд надтай уулзаад "Танай компанийн хүсэлт бүтэх юм шиг байна. 1 гадаад ажилтан сард 216.000 төгрөг төлнө. 200 хүнээр бодоход 240 сая төгрөг болно. Энэ мөнгөний талыг буюу 120 сая төгрөг өг" гэхээр нь би дангаараа мөнгө гаргах асуудлыг шийдэж чадахгүй, дарга нартайгаа ярьж байгаад хариу хэлье гээд Ц-ыг явуулсан. Тухайн өдөр нэлээн орой болсон байсан учир маргааш өглөө нь хөрөнгө оруулагч Я даргад "120 сая орчим мөнгө өгвөл манай барилга дээр ажиллах хятад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө гэж байна" гэхэд бусад захиралтай яриад хариу хэлье гэсэн. Маргааш өглөө нь "Наад санал чинь бүтэлтэй бол ажилчдаа авах нь чухал учир хүссэн мөнгийг нь өг" гэж хөрөнгө оруулагч нарын хэн нэг ньхэлсэн. Энэ үед Ж захирал Шанхай явсан байсан учир 1 дүгээр гарын үсэг байхгүй гээд мөнгө гаргаж чадаагүй. Үүнээс хойш удалгүй Ж захирал ирээд данснаас гаргасан мөнгийг нярав   С-ээс Т аваад шууд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ирээд би хүү Г, Т хоёрыг буулгаад Ц руу ажлын чинь гадаа машинтай байна гэж ярихад Ц ажлаасаа гарч ирээд манай машины арын суудапд суусан. Би мөнгө бэлэн болсон, хайрцагт байгаа гэхэд Ганболд арын суудал дээр байсан цаасан хайрцагтай мөнгийг нээж үзээд өөрийнхөө машинд хийе гэснээ болиод буцаад машинд орж ирээд нэг жижиг цаасан дээр утасны номер бичиж өгөөд "Энэ дугаараар яриад нэг эмэгтэй байгаа, Бичил хороололд аваачаад өгчих" гэсэн. Би Т,Ц хоёрыг дуудаад шууд бичил хороолол руу явсан. Тэгээд бичил хорооллын замаар явж байгаад арктай байраар баруун гар тийш эргээд би Ц-ийн өгсөн дугаар руу залгахад нэг эмэгтэй утас аваад "Та нар хаана явж байна, ямар машинтай вэ" гэхээр нь арктай байр руу эргэж байна гээд машиныхаа дугаарыг хэлэхэд "Өө, за за. Та нарыг харлаа" гэсэн. Би хайрцагтайзүйлээ хүү Г-ийг аваад буулгачих гэсэн. Т бид 2 ч буугаад "Ц-ийн явуулсан хүн мөн үү" гэхэд мөн гэхээр нь нэг их юм яриагүй. Мөнгийг тэр эмэгтэйд өгөөд хэлсэн утсаар чинь ярьж мөнгийг өгсөн шүү гэж хэлсэн" /1195, 1198, 1203 дугаар хуудас/;

 

Мөн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т мэдүүлэхдээ: "Миний мөрдөн байцаалтад өгсөн сүүлийн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хуулийн дагуу өршөөлд хамруулж өгнө үү" гэв.

 

Тэрээр мөрдөн байцаалтад: "Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга ажилтай Ц гэж хүн 2009 оны 4 дүгээр сарын сүүлээр манай компанийн монгол талын захирал Н уулзаж танай "С" орон сууцны барилга дээр ажиллах 200 хүний ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх зөвшөөрөл /Монгол улсын засгийн газраас/ гарсан, урьд тохирсон мөнгөө өг гэж хэллээ. Хөрөнгө оруулагч нарт хэлэх хэрэгтэй байна гэхээр нь хөрөнгө оруулагч Шү  гэж хүнд хэлсэн. Шанхайд байсан хөрөнгө оруулагч нар хоорондоо ярилцаад 130.000.000 төгрөг өгөх эсэх асуудлыг шийдвэрлэн хариу өгнө гэсэн ба тэр өдрийн орой мөнгийг нь өг гэсэн аман зөвшөөрөл хөрөнгө оруулагч нараас ирүүлсэн. Яг хэн нь хэлсэн болохыг санахгүй байна. Энэ үед Ж захирал Бээжинд байсан ба хэлж чадаагүй. Энэ өдрөөс хойш 2-3 хоног өнгөрсөн хойно Ж захирал ирсэн. Энэ үед би засгийн газрын 2009 оны 4 сарын 22-ны өдрийн Монгол улсад гадаад ажилчин ажиллуулах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх зөвшөөрөл нэртэй тогтоол орчуулж өгөхөд Ж захирал мөнгө гаргах чек бичиж өгсөн. Энэ өдрөө мөнгийг санхүүгээс Н захирал бид 2 хүлээн авч шууд машиндаа хийн авч явсан. Манай компанийн жолооч, Н захирал бид 3 шууд яваад Чингэлтэй дүүргийн хажууд байдаг хашаатай Хөдөлмөрийн газрын хашаанд орж зогссон. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын гадаа зогсох үед Н захирал жолооч бид 2-ыг машинаас буучих, би хүнтэй уулзана гэж хэлэхээр нь жолооч бид 2 машинаас буусан. Би тэр хавьд явж байгаад нэг цонхоор харсан чинь маш олон хүүхдүүд теннис тоглож байгаа харагдсан. Уг газарт орж хүүхдүүд тоглож байгааг харж байгаад 10 орчим минут болоод гараад ирсэн чинь Н захирал явья гээд жолоочид 3 дугаар хороолол яв гэсэн. Н захирал хэнтэй уулзсан талаар би мэдээгүй. Машиндаа буцаад суухад арын суудал дээрх цаасан хайрцагтай мөнгө хэвээрээ байсан. Бид нар 3 дугаар хорооллын арын замаар бичил хороолол орж, орон сууцны аркаар эргэж машин зогсоход Н захирал утсаар яриад нэг эмэгтэй хүн гарч ирэн хайрцагтай мөнгийг авсан. Уг эмэгтэй яг хаанаас гарч ирсэнийг анзаараагүй. Хайрцаг дотор хийсэн 130.000.000 төгрөгийг жолооч Г машинаас буулгахад би машины хаалга онгойлгож өгсөн. Н захирал уг эмэгтэйтэй хамт зогсоод юм ярьж байсан. Г мөнгийг буулгаж өгсний дараа бид машиндаа суугаад ажилдаа очсон. Мөнгө хүлээн авсан эмэгтэй хүнийг нэг удаа хараад өнгөрсөн болохоор царай зүс хувцсыг нь сайн санахгүй байна. Би урд талын буюу жолоочийн хажуугийн суудал дээр, Н захирал арын суудал дээр сууж явсан. Тэр эмэгтэйн ямар хувцастай болохыг үнэхээр санахгүй байна. Тэр өдрөөс хойш цаг хугацаа их өнгөрсөн байна шүү дээ. Мөнгө хүлээн авсан эмэгтэй хөгшин хүн байгаагүй, тийм ч залуу хүн харагдаагүй. Дунд эргэм насны хүн эмэгтэй байсан. Харин Н захирал Ц-ийн хүн   мөнүү гээд утсаар ярьсан. Утасны билл дээр тэр хүний утасны дугаар гарах байх гэж бодож байна" /1214-1217 дугаар хуудас/;

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц мэдүүлэхдээ: "Би Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар "мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй" учир мэдүүлэг өгөхгүй. 2 дугаарт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа учир төлбөрөө хийсэн. Гэм буруутай. Монголын төрд 16, 17 жил зүтгэхдээ хаана ажиллах шаардлагатай тэнд очиж ажиллаж байсан. Баруун зүүн хязгаар гээд дандаа хөдөө орон нутагт нийт 8 аймагт ажиллаж байхдаа эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй. … хүүхдийнхээ өмнө маш том хар толбо үүсгэлээ. … хүүхэдтэй өрх толгойлсон байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү" гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч С мэдүүлэхдээ: "Би "С" ХХК-д ажилд орохоос өмнө "Ж" зочид буудлын санхүүд ажиллаж байсан. Т захирал намайг "С" ХХК-д ажилд оруулсан. 2009 оны 4 сарын сүүлээр ерөнхий захирал Ж-ийн гарын үсэгтэй чекээр Худалдаа хөгжлийн банкны 3 дугаар хороолол дахь салбараас 110 сая төгрөг авч компанийн кассанд орлогоор оруулж, дараа нь гүйцэтгэх захирал Н-д цаасан хайрцагт хийж өгсөн. Дээрхи мөнгийг банкнаас авсан баримт дээр он сар өдөр нь тодорхой бичигдсэн байгаа. Би яг хэдэн төгрөгийг санахгүй байна, ямар ч байсан кассаас мөнгө нэмж өгсөн. Энэ мөнгийг юунд зарцуулахаа хэлээгүй. Банк руу нягтлан Б-тэй  компанийн машинаар явж мөнгө авсан. Бараа материал авах болон бусад тохиолдолд банкнаас бэлнээр мөнгө авч зарцуулдаг. Тэр мөнгөний дэвсгэртийн тоог сайн санахгүй байна. Банкны боодолтой байсан. Би тодорхой санахгүй байна. Мөнгийг тухайн үед ердийн 4 талаасаа дарж хаагддаг цаасан хайрцаганд хийж өгсөн. Мөнгийг манай өрөөнд орж ирж авсан. Тухайн үедээ баримт үйлдээгүй, 2009 оны 4 сарын 30-нд мөнгө хүссэн зээлийн баримт хийлгэсэн. Над дээр "Ж" ресторанд хоол идсэн манай компаний хүмүүс болон бусад холбоотой хүмүүсийн баримт бүгд байдаг. Би холбогдох баримтыг Ж-ээс аваад Т, Н, З захирал нараар гарын үсэг зуруулж хянуулсаны дараа тооцоог хийдэг. Захирлууд тооцооны биллтэй танилцаж зөвшөөрөл өгдөг юм. Түүнээс биш би хэн хоол идсэнийг хянаж тооцоо хийдэг хүн биш. Ц гэдэг хүнийг мэдэхгүй гарын үсгийг нь ч танихгүй. Захирлуудтай хамт хооллосон болон зочноор ирсэн хүмүүс гарын үсгээ зураад тооцоо хийлгүй явах тохиолдлууд байдаг. Дээрхи баримтууд ийм маягаар надад ирсэн байх. 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ажил тарсаны дараа Н захирал над руу залгаад чи байж байгаарай, доор хүнтэй хоолонд орно. Тогооч нараар хурдан хоол хийлгэж өгөөрэй гэж хэлэхээр нь хүлээж байтал намайг тусгай өрөө болох Люкс өрөөнөөс дуудаад "хурдан тооны машин, бал, цаас аваад ир" гэсэн. Би өрөөнөөсөө тооны машин цаас авчирч өгөхөд захирал энэ хүний жолоочид хоол захиалаад өгчих гэсэн. Түүний дагуу би зөөгчид энэ хүний захиалгыг аваад тооцоог нь захирлын тооцоотой хамт хийгээрэй гэж хэлсэн. Хоол идсэн 56.800 төгрөгийн зарлагын баримт дээр ажилчдын хөдөлмөрийг хөөцөлдсөн хүн гэж бичсэн байна. Тэгээд би үүдэнд зогсож байхад хамт хооллосон хүн нь гарч явсан. 2009 оны 3 дугаар сарын 25-нд "Ж" ресторанд Н-тэй хамт хоол идсэн хүн энэ Ц гэдэг хүн мөн байна" /328, 1075, 1097, 1099 дүгээр хуудас/;

 

Гэрч Б: "Би 2008 оны 3 дугаар сард "С" ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. Манай компани барьж байгаа "С" ХХК-ийн барилга дээр 180 орчим хүн ажиллаж байгаа. "С" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ж данснаас мөнгө гаргах эсэх асуудлыг шийддэг, бусад захирал нар мөнгө гаргах эрхгүй. 2009 оны 4 сарын 27-ны гүйлгээний хувьд ерөнхий захирал Ж мөнгө гаргах шийдвэр С гэж нягтлан бодогч хүүхэн өгч, С бид 2 явж Худалдаа хөгжлийн банкнаас авсан. Мөнгийг авч ирээд С нягтлан бодогч ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсаныг мэдэхгүй. Сарнай баримтаа бүрдүүлээд надад өгч би тайлан гаргадаг" /327 дугаар хуудас/

 

Гэрч П: "2009 оны 3 сарын 1-нээс ХХҮГ-т Ц даргын жолоочоор ажилд орсон. Миний санаж байгаагаар 2009 оны 4 дүгээр сарын сүүлээр ажлын цагаар байх "Ж" хятад хоолны ресторанд хоолонд орж байсан санагдаж байна. Би хамт ороогүй гадаа машиндаа үлдсэн" /1111 дүгээр хуудас/;

 

Гэрч Г: "Миний ээж Н нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтай барилга, орон сууц барьдаг "С" ХХК-ийн монгол талыг хариуцсан гүйцэтгэх захирал хийдэг. Би 2008-2009 оны 5 дугаар сар хүртэл "С" ХХК-нд 88-88 УБЭ"Лексус 470" маркийн цагаан шаргал өнгөтэй машины жолоочоор ажиллаж байгаад хөдөө хувийн ажил хийхээр ажлаасаа гарсан. Ээж Н-тэй хятад ажилчид урдаас авахад зөвшөөрөл өгдөг гээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 2-3 удаа хамт очсон. Ээж очоод тухайн газар руу ордог, би машиндаа үлддэг. Хэнтэй уулзсан талаар асууж байгаагүй. Ажлаа өгөхөөс өмнөхөн нэг удаа ээж, хятад талын асуудал хариуцсан дэд захирап А бид нар Хөдөлмөр халамж үйлчилгээний газар орж ээж утсаар ярьж байгаад 3 дугаар хороолол орж арын замаар нь явж байгаад бичил хороолол руу ордог арк руу ороод зогссон. Ээж Н утсаар ярихад нэг эмэгтэй ирээд ээж, А хоёр буугаад тэр эмэгтэйтэй уулзсан. Тэгээд машиндаа буцаж суугаад машины арын суудал дээр тавьсан хайрцагтай зүйлийг тэр эмэгтэйд өгчих гэхээр нь би машинаас бууж, хайрцагтай зүйлийг тэр эмэгтэйд өгсөн. Тэр эмэгтэйн царай зүсийг нэг удаа уулзсан болохоор санахгүй байна" /1150-1152 дугаар хуудас/;

 

Гэрч У: "2009 оны 4 сарын 8-ны 1005031, 10052814 дугаартай тооцооны хуудас дээр зурагдсан У гэсэн бичилт нь миний өөрийн бичиг байна. 188 гэдэг нь миний энгэр дээр зүүсэн тэмдгийн дугаар. Бид нэрээ эсвэл хувийн дугаараа бичдэг. Тооцооны хуудсыг харахад гарын үсэг зурагдсан байна. Тэгэхлээр энэ тооцоог бэлнээр хийгээгүй гэж ойлгож болно. Миний санаж байгаагаар 40 орчим насны махлагдуу бөөрөнхий царайтай эрэгтэй хүн Н захиралтай манай "Кадиллак" тусгай өрөөнд үйлчлүүлсэн. Мөн хамт явж байсан жолооч нь тусдаа зааланд сууж хоол идсэн санагдаж байна. Би тооцоо хийхдээ цагаа бичдэг. Тооцооны баримтыг үзэхэд 12 цаг 40 минут гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр үдийн цайны үе гэж ойлгож болно. Гадны хүн зарим тохиолдолд тооцоо хийхгүй гарын үсэг зураад үйлчлүүлэх тохиолдол байдаг. Захирал Т, Н нар гарын үсгийг зуруулчих гэвэл тооцоо хийдэггүй" /1170 дугаар хуудас/;

 

Гэрч Б: "Манайхаас хуулийн байгууллагуудад болон хэрэглэгч  арт тухайн дугаарын гадагш залгасан холболт, төлбөрийн мэдээллийг гаргаж өгөхдөө зөвхөн амжилттай холбогдолуудыг гаргаж өгдөг. Амжилттай холболт гэдэг нь цаад хэрэглэгч дуудлага хүлээн авч 2 хэрэглэгчийн хооронд холболт үүссэнийг ойлгож болно. Түүнээс биш цаад дуудлага хүлээн авагч утсаа аваагүй буюу кноп дараагүй байхад манай биллд бичигдэхгүй" /1172 дугаар хуудас/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөрдөн байцаагчийн бичиг баримтад үзлэг хийсэн 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд: "Ц-ийн 9911… дугаарын утаснаас 2009 оны 5 дугаар сард Н-ын 8811… дугаарын утас руу нийт 67 удаа, 6 дугаар сард нийт 69 удаа, 7 дугаар сарын 29-нийг хүртэл 54 удаа залгасан байна. Хэрэг гарах цаг хугацааны ярианы холболт гаргах боломжгүй байв.

 

Ц-ийн албан өрөөний 260000 дугаарын утасны гаднаас залгасан жагсаалтанд Н-ийн 9666… дугаарын утаснаас 2009 оны 3 дугаар сарын 27-нд 16:25:47 минут, 16:33:13 минут, 15:58:58 минутад холбогдсон байна.

 

Уг дугаарын гадагш залгасан жагсаалтад 2009 оны 5 дугаар сарын 15-нд Н-ийн 9666… дугаар руу 1 удаа, Н-ын 8811… дугаар руу 1 удаа, 2009 оны 4 дүгээр сарын 22-нд Н-ийн 9666… дугаар руу 1 удаа, 2009 оны 4 дүгээр сарын 22-нд Н-ын 8811… дугаар руу 2 удаа, 2009 оны 4 дүгээр сарын 13-нд Н-ийн 9666… дугаар руу 1 удаа, 2009 оны 3 дугаар сарын 25-нд 1 удаа, 2009 оны 3 дугаар сарын 27-нд 1 удаа залгасан байна.

 

Н-ийн 9666… дугаарын гар утасны гадагш залгасан ярианы дэлгэрэнгүй жагсаалтад 2009 оны 3 дугаар сарын 6, 25, 26, 30, 4 дүгээр сарын 1, 2, 12, 15, 23, 5 дугаар сарын 21-нд тус тус 1 удаа, 2009 оны 4 дүгээр сарын 27-ны 15:13:57, 15:48:47, 18:58:30 минутад нийт 3 удаа Ц-ын 9911… дугаар руу залгасан байна.

 

Мөн дугаараас Ц-ийн албан өрөөний 260000 дугаарын утас руу 2009 оны 3 дугаар сарын 27-нд 16:00:55, 16:01:22, 16:28:21, 16:35:47 минутад тус тус 4 удаа, 2009 оны 4 дүгээр сарын 27-ны 16:17:44 минутад Н-ын 8811… дугаарын утас руу 1 удаа залгасныг үзэж тэмдэглэв" /674 дүгээр хуудас/ гэжээ.

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: "У нь өөрийн компанийн захирал Н-тэй хамт хооллож байхад нь харсан хүнийг биеийнболон царайны ерөнхий төрхөөр нь таних байх гэснийг тэмдэглэв. Ц-ийг түүнтэй адил өндөртэй 4 хүний хамт зогсоож, дуртай байрлалдаа зогсохыг хүсэхэд зүүн талаас 2 дугаарт зогсож, урдаа 4 гэсэн номер барив. Танигч түүний өөдөөс харсан 5 хүнээс зүүн талаасаа 2 дахь хүнийг нүүрний ерөнхий төрх нь мөн байна. Манай ресторанаар 2-3 удаа үйлчлүүлж байсан хүн мөн байна. Үсний засалт нь адил төстэй, хааяа харааны юм шиг нүдний шил зүүдэг. 2009 оны 4 дүгээр сарын 8-нд Н захиралтай хоол идсэн хүн мөн гэснийг тэмдэглэлд тусгав" /887 дугаар хуудас/ гэсэн байна.

 

Шүүгдэгч Ц нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд даргын албан тушаал /25, 27 дугаар хуудас/-д ажиллаж байхдаа /Н-ийн мэдүүлснээр/ 2009 оны 3 дугаар сарын сүүлээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н нартай танилцаж, улмаар тус компаний барьж буй "С" орон сууцны хорооллын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-аас авах 200 ажилчны "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний сар тутам төлөх ажлын байрны төлбөрийг Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр тогтоол /278 дугаар хуудас/-оор батлагдсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх" журам, Барилга, хот байгуулалтын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Барилгын салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдох харилцааг зохицуулах журам"-д заасан дагуу чөлөөлүүлж өгөхөөр албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, онц их хэмжээний буюу 130.000.000 төгрөгийн хээл хахууль өөрөө авсан,

 

БНХАУ-ын   хөрөнгө   оруулалттай    "С"   ХХК-ийн   гүйцэтгэх   захирал Н нь тус компанийн барьж буй "С" орон сууцны хорооллын барилгын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын 200 ажилчны сар тутам төлөх ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэхийн тулд нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хээл хахуулийг зохих албан тушаалтанд өгөх шаардлагатай байна хэмээн өөрийн компанийн дэд захирал Т-гаар дамжуулан гүйцэтгэх захирал Ж-д танилцуулж, улмаар гүйцэтгэх захирал нь компанийн хөрөнгө оруулагч нарт танилцуулж   зөвшөөрөл   авч   Хөдөлмөр,   халамж   үйлчилгээний   газрын   дэд   дарга Ц-д компанийхаа ашиг сонирхлын үүднээс онц их хэмжээний мөнгийг хээлхахууль болгон өгөхөөр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2009 оны 4 дүгээр сарын 27-нд 130.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц, Н, Т-нарын "гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай" болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн буюу хээл хахууль авсан этгээдийг шууд нэрлэж заасан шүүгдэгч Н, Т нарын мэдүүлэг, зөвхөн компанийн ерөнхий захирлын шийдвэрээр данснаасгүйлгээ хийдэг бөгөөд 2009 оны 4 дүгээр сарын 27-нд ерөнхий захирлын шийдвэрээр 130.000.000 төгрөг бэлтгэсэн тухай мэдүүлсэн тус компанийн нягтлан бодогч Б, кассын нярав Ли нарын мэдүүлэг, Н нар нь уг мөнгийг цаасан хайрцагт хийж Ц-той уулзаад түүний өгсөн утасны дугаараар залгаж хүргэж өгсөн жолооч Г-ийн мэдүүлэг, "Ж" зочид буудлын зоогийн газарт Н-тэй уулзаж байсныг хүнийг таньж олох ажиллагаанд оролцож "Ц мөн" гэж гэрчилсэн У-ийн мэдүүлэг, уг зоогийн газарт Ц-ыгхүргэж   өгч   байсан   жолооч   Д-ийн   мэдүүлэг,    шүүгдэгч   Ц, Н нарын гар болон ажлын өрөөний утсанд үзлэг хийж, 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч нар нь хоорондоо 16-17 цагийн үед ярьсан болохыг тогтоосон мөрдөн байцаагчийн тэмдэглэл, "С" ХХК-ийн 200 ажилчныг "ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн" тухай Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 123 дугаар тогтоол /684 дүгээр хуудас/ зэрэг байцаан шийтгэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Н, Т, Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос сайн дураар нөхөн төлсөн /1178 дугаар хуудас/-ийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч Н, Т, Ж нарын анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэрэг нь 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тэдэнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж "Миний нэрийг яллах дүгнэлтэд "З" гэж буруу галигласан байна" гээд "Ж" гэж залруулсан болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ц-ийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, өөрөө онц их хэмжээний хээл хахууль авсан,

 

Шүүгдэгч Н, Т, Ж  нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-с 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н, Т, Ж  нарт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц, Ж  нарт оногдуулсан хорих ялыг
жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Н, Т нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид
тус тус эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний хорих ял
эдэлсэн хугацаанд оруулж тооцох,

Шүүгдэгч Н 20 хоног, шүүгдэгч Ж  43 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Т цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

             5. 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Н, Т, Ж  нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

6. Хэрэгт    хавсаргасан    эд    мөрийн    баримтгүй,    шүүгдэгч    Ц,
Н, Т, Ж
 нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7.        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн Төрийн банк дахь 900096019 тоот дансанд шилжүүлсэн 130.000.000 /Нэг зуун гучин сая/ төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

8.        Шүүгдэгч Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол /1020 дугаар хуудас/-г хүчингүй болгосугай.

 

9.     Шүүгдэгч Н, Т, Ж  нарын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй  болох бөгөөд шүүгдэгч Ц-ийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд барьцаалсан шүүгдэгч Ц-ийн 5.000.000 /Таван сая/ төгрөг, шүүгдэгч Н-ийн 100.000.000 /Нэг зуун сая/ төгрөг, шүүгдэгч Т-гийн 50.000.000 /Тавин сая/ төгрөг, шүүгдэгч Ж-гийн 100.000.000 /Нэг зуун сая/ төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сан банк дахь ……… дугаар данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

12.     Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13.     Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 
 
                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                                                                Б. ЦОГТ

                                  

                                   ШҮҮГЧИД                                                                         Г. БУЯННЭМЭХ

 
                                                                                                                                                И. ГАНБАТ