Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ
 

2010 оны 04 сарын 19                                   ¹35                                              Зуунмод сум

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

                 Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж,

                 Нарийн бичгийн дарга шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ
                 Улсын яллагч М.Гансувд
                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

                 Гэрч С , Ж , Г нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

                 Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох 20915398 дугаартай эрүүгийн хэргийг 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

                

                 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … аймгийн … хот, …-нд төрсөн, эрэгтэй, … настай, яс үндэс халх, дээд боловсролтой, байгаль хамгаалагч экологич мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт … аймгийн ……сумын … баг, оршин суудаг, хэрэгт татагдахын мөнө … аймгийн … сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй   О.

 

                 Шүүгдэгч О нь улсын байцаагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч буюу иргэн Д-ын хууль бусаар мод зүсэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхолын үүднээс албан үүргийнхээ хувьд тусгай зөвшөөрөл өгөх эрхгүй байж урьдчилан амлалгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн амаар зөвшөөрөл өгч иргэн Д-оос 100.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

                            

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: 2009.01.24-ний хагас сайн өдөр би С-ыг …… аймгийн ….. явах машинд суулгах гээд гэрээс гарсан. Тэгээд Г-ынд очтол хөрөө рам ажиллах чимээ гарахаар нь би тог салгасан байхад юун хөрөө ажиллаж байдаг билээ очиж үзье гэхэд Г хэрэгүй биз дээ согтуу байж гэсэн, тэгэхэд би согтуу байгаагүй, С-ыг гаргаж өгөх гээд 1 шил пиво барьчихсан явж байсан, ууж дуусаагүй байсан. С бид хоёр .Д-ын хашаанд ороод харахад тогийг нь салгасан 380вт-ын хөрөө рам биш жижиг 220 вт-оор ажилладаг хөрөө ажиллаж байсан. Тэгээд гарах гэтэл. Д-ын эхнэр Ц- гуай монгол хүн байна даа гэрт ороод гараач гээд гэртээ урьсан. Гэрт нь ороод ширээний зүүн талаар би суугаад миний хажууд С хойд талд Д орон дээр хүү Н сууж байсан. Цай аягалж өгөөд эгчийгээ юмгүй байхад орж ирлээ дээ гээд ваартай архи гаргаж ирээд аягалсан. Тэр үед Т гаднаас орж ирсэн. Намайг уухгүй гэтэл бүгдэд нь аягалаад тулгаад бүгдээрээ уусан. Тэгээд гэрээс харах гэтэл Ц гуай 20.000 төгрөг өгөөд архи аваад уучих гэхээр нь би та бид хоёрын хооронд ийм зүйл байхгүй гээд авалгүй гараад явсан. С бид хоёрыг зам дээр байхад Р дэлгүүрийн гадаа зогсоод намайг дуудахаар нь очтол Ц эгч нэг шил архи аваад чамайг аваад ир гэж байна гэсэн. Тэгэхээр нь би очихгүй харин чи наад мөнгөнд нь тултал үнэтэй архи аваад оч гэсэн. Гэтэл Р цуг очъё ганц юм уучихъя гээд байсан болохоор нь бид нар очсон. Бид хоёрыг гал тогооных нь өрөөнд ортол энд багтахгүй гээд цаад талынхаа өрөөнд оруулсан. Тэндээ бид нар архи хувааж уусан. Гаднаас хүргэн Х, охин М нар хамт орж ирсэн. Тэд нэг шил хар Чингис авчирсан. Тэрийг нь талд ортол уугаад бид хэд гарсан. Энэ хооронд мөнгө төгрөг, мод зүсэх зөвшөөрлийн талаар яриагүй. Ц гуай өөр урьж дуудаж оруулчихаад одоо болохоор согтуу мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн зүйл байхгүй. Би Д-ээс нэг ч төгрөг авах ч үгүй. Иймд надад тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г мэдүүлэхдээ: Хэрвээ 100.000 төгрөгийн хахууль авсан бол 2009.02.02-нд очиж хөрөө рамыг нь салгаж ирийг нь хурааж, модыг нь битүүмжилж албан шаардлага хүргүүлэхгүй байсан гэж бодож байна. Намайг машинтай нь гэрт нь хүргэж өгсөн өдөр Д-ийн гэрт очсон байсан, тэр өдөр нэг өдөр давхцаж байгаа гэв.

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С мэдүүлэхдээ: Б миний хажуунаас босоогүй байж байгаад гэрээс гарсан. Мод зүсэх болон 100.000 төгрөгийн талаар огт яриа гараагүй гэв.

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж мэдүүлэхдээ: Д-ийнх гэж айлд шалгалтын хүмүүсийн хамт очсон. Бидэнтэй байцаагч Б очсон боловч орохгүй машинд сууж байсан. Биднийг очиход хөрөө рам ажиллуулж байсан. Тэгээд шалгалтын дагуу удирдамжаа танилцуулаад яагаад хөрөө рам ажиллуулаад байна гэхэд нэг хүүхэн гарч ирээд та нартай юм ярихгүй дээгүүрээ зөвшөөрлөө авчихсан гээд Улсын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч Ш гэдэг хүнээс зөвшөөрөл авчихсан гэсэн. Тэр дор нь Ш даргатай ярихад миний зүгээс зөвшөөрөл өгөөгүй гэсэн хариуг өгсөн. О зөвшөөрөл өгсөн эсэхийг мэдэхгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулсан гэв.

 

                 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэхдээ: …намайг гэрт байж байхад сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч О гаднаас халамцуу байдалтай ганцаараа орж ирээд мод зүсэж байна уу гэж асуусан. Би тэгэхээр нь мод зүсээгүй, харин мод зүсэх зөвшөөрөл хөөцөлдөж байна гэж хэлсэн. Би О-д надад мод зүсэх зөвшөөрөл өгвөл би олон улсын авто зам дагуух гудамжийг тохижуулж өгье гэж хэлсэн. Тэгэхэд О гудамж гэж заваараад яахав. Надад мөнгөний хэрэг байна, хүнээс ууцны хонь авсан гэж хэлсэн. Манай эхнэр тухайн үед надад О-той зөвшөөрөл авах талаар яриарай гэж байсан. Надад тухайн үед 120.000 төгрөг байсан ба О-д мөнгө хэрэгтэй байгаа гэхээр нь 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Би О-д 20.000 төгрөгний 5 ширхэг дэвсгэрт өгсөн. Ямар ч байсан Р, О-г манай гэрт байхад нь орж ирсэн. Тэгээд явж байтал манай хүү Н гаднаас нэг үл таних согтуу хүний хамт орж ирсэн. О архи уумаар байна гээд байхаар нь би үлдсэн 20.000 төгрөгөө өгөхөд О ,Р нөгөө залуу гурав хамт гараад явсан. Удалгүй нэг шил том архи аваад эргэж орж ирцгээсэн. Би мод зүсэх зөвшөөрөлгүй учир О-д 100.000 төгрөг өгч 1-2 хоног хуурай мод зүсэх зөвшөөрлийг амаар авсан. Мод зүсэх зөвшөөрлийг байгаль орчны яамнаас авдаг учир би авч чадахгүй байсан юм. О-д 100.000 төгрөгийг өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг

                 2009 оны 8 сарын 7-ны өдөр мэдүүлэхдээ: “Би тэр өдөр О-д 100.000 төгрөг өгсөн учир маргааш нь түүний амаар өгсөн зөвшөөрлийн дагуу иргэн Ц, У, С, Ө нарын 80 гаран гуалинг 2-3 хоног хөрөөнд зүсэж палк болгож өгсөн. Би дээрх зүсвэрийг О-ын амаар өгсөн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг

 

                 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р 2009.08.03-ны өдөр мэдүүлэхдээ: “Намайг Д-нд очихоор явж байхад тэдний хашааны гадаа О-ын машин зогсож байсан юм. Намайг Д-ийн гэрт ороход Д, түүний эхнэр Ц, О байсан. Д-ийн гэрийн гадаа О-ын машин дотор 30 гаран насны үл таних залуу сууж байсан. Гэрт нь ороход Д, О, Ц нар жижиг шилтэй архинаас амсах байдлаар ууж байсан ба надад нэг хундага өгсөн. Тэгээд сууж байтал Д, Ц хоёрын нэг нь О 20.000 төгрөг өгсөн. О намайг хамт дэлгүүр явъя гэхээр нь хамт явсан. О хамгийн үнэтэй архи аваад ир гээд надад нөгөө 20.000 төгрөгөө өгөхөөр нь би дэлгүүр ороод алтан буудай гээд 0.75 л архи нэг шилийг, нэг алое жүүстэй авч, буцаад Д-ийн гэрт очоод ширээ тойроод ууцгаасан” гэсэн мэдүүлэг

 

                 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц 2009 оны 07 срын 16-өдөр мэдүүлэхдээ: Би өдрийг нь тодорхой санахгүй байна. 2009 оны цагаан сар болох гээд бууз банш хийнэ гэж яригдаж байх үед үдээс хойш 16 цагийн орчим манай гэрт сумын байгаль орчны улсын байцаагч Оүл таних 40 орчим насны залуугийн хамт хоёулаа нэлээн халамцуу байдалтай орж ирцгээсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр Д, манай хүүхдүүд байж байсан. О орж ирээд танайх зөвшөөрөлгүй хөрөө рам ажлуулсан байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагаан сар болох гээд амьтан хүн мод зүсээд өг гэхээр нь зүсэх гээд байж байна гэж хэлсэн. Би тухайн үед О-оос цагаан сар болох гээд байна нэг хоёр хоног хуурай мод зүсчихье гэхэд тодорхой хариу хэлэхгүй дүлэгнээд суугаад байсан. Би нөхөртэйгээ хамт гэрээс гарч нөхөртөө хандаж О нилээн ширүүхэн явна, мөнгө байвал өгөөд нэг хоёр хоног зөвшөөрөл авбал яасан юм гэж хэлсэн. Нөхөр бид 2 гэрт ороод нөхөр цаад өрөөнд О-той уулзсан, би гал хөсөө түлээд үүдний өрөөнд сууж байсан. Намайг үүдний өрөөнд сууж байхад манай нөхөр ах нь нойтон мод зүсэхгүй, цагаан сар болох гэж байна, нэг хоёр хоног хуурай мод зүсчихье, үүнийг цагаан сарын ажилдаа нэмэрлээрэй гэж хэлсэн. Би яг хэдэн төгрөг өгснийг нь тухайн зүедээ хараагүй, нөхрийнхөө хэлсэн зүйлийг сонссон. О нойтон мод зүсэхгүй шүү, даврахгүй шүү гэж хэлж байсан. Дээрх мөнгө өгч авалцах процесс болж байхад уг өрөөнд манай нөхөр Д, О хоёр байсан. Байгаль орчны хяналтын байцаагч ийм зөвшөөрлийг дандаа амаар өгдөг, бичгээр өгнө гэж байхгүй. О нөгөө залуугийн хамт гарч яваад 10 орчим минутын дараа мөн нөгөө залуугийнхаа хамт манайд эргэж орж ирсэн. О-г гэрт орж ирээд удаагүй байтал манай сумын иргэн Р гаднаас О-ын машиныг хараад орж ирлээ гээд орж ирсэн. О гаднаас орж ирээд манай нөхөр хальт юм хэлсэн, тэгсэн чинь манай нөхөр Р-д дэлгүүр яваад юм аваад ир гээд 20.000 төгрөгийн дэвсгэрт өгсөн. Ингээд Р дэлгүүрээс 0.75 л Алтанбуудай архи нэг шил, 2 л орчмын Алое жүүс нэг ширхэг шокалодтой авчирсан. Манай нөхөр дараа нь надад тухайн үед О-д 100.000 төгрөг байснаа өгсөн гэж хэлсэн. Дээрх 100.000 төгрөгийг мод зүсэж олсон болон ямар байдлаар олсныг би сайн мэдэхгүй байна, манай нөхөр энэ талаар сайн мэдэж байгаа. О тухайн үед дагуулж ирсэн хүнээ надад ууцны хоньтой ирсэн гэж байсан гэжээ. 2009.08.21-ний өдөр мэдүүлэхдээ:   О-д мөнгө өгч ганц хоёр хоног мод зүсэх боломжийг хайж байсан юм. Тэгээд хүрээд ирчихсэн байсан учраас нөхрийнхөө мөнгө өгнө гэдгийг бол мэдэж байсан. Тухайн үед л мөнгөний бололцоо тийм байсан болохоос илүү л өгөх бодол байсан. Миний нөхөр надад О-г явсны дараа надаа зөвшөөрөл авчихсан. Ямарч байсан хэдэн өдөр хэл амгүй хүний мод зүсэх зөвшөөрөл авлаа гэж хэлж ажиллуулсан. Нөхөр маань харин надад одоо мөнгө байхгүй болчихсон, байсан 100.000 төгрөгөө О-д өгчихлөө, үлдсэн 20.000 төгрөгөөр нь архи аваад өгчихсөн. Гэхдээ яахав дээ хэдэн өдөр мод зүснэ болох байхаа гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг.

 

                 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х 2009.08.07-ны өдөр мэдүүлэхдээ: 2009. Цагаан сарын өмнө эхнэрийн хамт хадам ааав Д-ын гэрт очиход тэдний гэрт хадам аав, хадам ээж, сумын байгаль орчны байцаагч О, сумын иргэн Р, …… харъяат гээд 2 залуу, мөн О-той хамт явж байгаа гээд Борнуурын малчин гэх залуу нар том өрөөнд нь архи уугаад сууж байсан. Харин дараа нь 3 хоногийн дараа О-д төмс хэрэгтэй байна гээд байхаар нь би түүнд 4 шуудай төмс өгсөн. Энэ үедээ би цагаан сар болох гээд хүн болгон мод зүсүүлэх хэрэгцээтэй байна, хадам аавд мод зүсэх зөвшөөрөл олгооч гэхэд нөгөө модныхоо тооноосоо их зүсэхгүй шүү гэж хэлсэн. Би тэгэхээр нь хадам аав тэр 2 хоорондоо зүсэх модны тоо тохирсон байна гэж ойлгосон. Би хадам аавд О илүү зүсэхгүй шүү гэж байна гэж хэлсэн. О-той хадам аавынд таардаг өдөр О-г гарсны дараа хадам аав би О-оос мод зүсх ам зөвшөөрөл авах гэж 100.000төгрөг өглөө гэж байсан. Нөгөөдрөөс нь мод зүссэн гэсэн мэдүүлэг.

 

                 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц 2009.09.02-ны өдөр мэдүүлэхдээ: Би уг нь модоо зүсүүлэхээр Д-ийн гэрт очсон юм. Тэгтэл тэр өдөр Д-нд байгаль орчны байцаагч О, манай сумын жолооч Р нарыг харсан. Эхнэр Ц нь байсан. Намайг Д цаашаа өрөөндөө оруулалгүй гал тогоондоо уулзаад, би хэдэн мод зүсээд өгөөч чамд боломж байна уу? Гэж асуухад Д зүсээд өгье чи харин мөнгөө бэлэн өгөх юм уу гэсэн. Тэгэхээр нь би миний мөнгө бэлэн байгаа гэж хэлсэн. Д тэгвэл надад мөнгөө өнөөдөр өгчих надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Надад Д хэлэхдээ мод зүсэх зөвшөөрөл авч байна. Чи мод зүсүүлэх юм бол мөнгөө одоо өгчих гэж хэлсэн. Маргааш нь Д-г зөвшөөрөл авч байна гэсэн болохоор би модоо ачаад тэднийд аваачиж зүсүүлсэн юм гэсэн мэдүүлэг.

 

                 Шүүгдэгч О-ын 2009 оны сэжигтэнээр болон яллагдагчаар байцаасан мэдүүлгүүд

                 Шүүгдэгч О-ын урьд ял шийтгэлгүй гэсэн Цагдаагийн байгууллагын ял шалгасан хуудас

Төв аймгийн …………..сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2008.09.26-ны өдрийн 26 тоот тушаал

                 Байгаль орчны улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан яллах болон цагаатгах баримтуудыг талуудын хүсэлтээр шинэчлэн судлаад:

 

                 Хээл хахууль өгөгч иргэн Д нь хууль бусаар мод зүсэх зөвшөөрөл авах ашиг сонирхолын үүднээс ………………. сумын Байгаль орчны хяналтын байцаагч О-той гэртээ архи уужээ. Энэ үед О нь албан үүргийнхээ хувьд мод зүсэх тусгай зөвшөөрөл өгөх эрхгүй атлаа урьдчилан амлалгүйгээр, амаар зөвшөөрөл өгч үүнийхээ шан харамжинд хээл хахууль авсан болох нь

                 Шүүгдэгч О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Х-ийг компаний ногооны зоорин дээрээс Д-нд архи ууснаас хойш 2-3 хоногийн дараа очиж төмс авсан. Тухайн үед Х өөрийн байшингаа янзлэх мод зүсүүлэх зөвшөөрөл хүссэн. Би тэгэхээр нь өөрөө зохицуул гэж хэлсэн. ..” гэсэн мэдүүлэг

                 Яллагдагчаар дахин өгсөн: “…манай энхэр Төрийн тусгай хамгаалалттай эмнэлэгт 2009.01.19-30 өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтсэн юм. Би энхэр эзгүй учраас архи уучихсан юм. Гэхдээ ажлын өдрөөр архи уугаагүй юм. Тэгэхээр одоо календариас харж байхад 2009.01.24-ний өдрийн бямба гарагт лчсон юм шиг байна. Тэгээд Х-ээс 1 сарын 30-ны үед төмс аваад 2 шуудайг нь эмнэлгийн хүн захисан учраас аваачиж энхэрээ эмнэлгээс 30-ны өдөр гаргаж авсан юм…” гэсэн мэдүүлэг

                 гэрч Д-ын надад О “мөнгөний хэрэг байна, хүнээс ууцны хонь авсан” гэж хэлсэн. Манай энхэр надад О-той зөвшөөрөл авах талаар яриарай гэж байсан. Надад тухайн үед 120.000 төгрөг байсан ба О-д мөнгө хэрэгтэй байгаа гэхээр нь 20.000 төгрөгний 5 ширхэг дэвсгэртээр 100.000 төгрөг бэлнээр өгсөн. О мөнгөө аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Ц-ийн “Би нөхөртэйгээ хамт гэрээс гарч нөхөртөө хандаж О нилээн ширүүхэн явна, мөнгө байвал өгөөд нэг хоёр хоног зөвшөөрөл авбал яасан юм гэж “ хэлсэн. Нөхөр бид 2 гэрт ороод нөхөр цаад өрөөнд О-той уулзсан, би гал хөсөө түлээд үүдний өрөөнд сууж байсан. Намайг үүдний өрөөнд сууж байхад манай нөхөр “ах нь нойтон мод зүсэхгүй, цагаан сар болох гэж байна, нэг хоёр хоног хуурай мод зүсчихье, үүнийг цагаан сарын ажилдаа нэмэрлээрэй” гэж хэлсэн. Би яг хэдэн төгрөг өгснийг нь тухайн үедээ хараагүй, нөхрийнхөө хэлсэн зүйлийг сонссон. О нойтон мод зүсэхгүй шүү, даврахгүй шүү гэж хэлж байсан. Дээрх мөнгө өгч авалцах процесс болж байхад уг өрөөнд манай нөхөр Д, О хоёр байсан” гэсэн мэдүүлэг

                 гэрч Ц-ийн” …Тэгвэл тэр өдөр Д-нд байгаль орчны байцаагч О, жолооч Р нарыг харсан. Энхэр Ц нь байсан.Намайг Д цаашаа өрөөндөө оруулалгүй гал тогоондоо уулзаад, би хэдэн мод зүсээд өгөөч чамд боломж байна уу? Гэж асуухад “зүсээд өгье чи харин мөнгөө бэлэн өгөх юм уу” гэсэн. Тэгэхээр нь би миний мөнгө бэлэн байгаа гэж хэлсэн. Д “тэгвэл надад мөнгөө өнөөдөр өгчих нада мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Надад Д хэлэхдээ мод зүсэх зөвшөөрөл авч байна. Чи мод зүсүүлэх юм бол мөнгөө одоо өгчих гэж хэлсэн. “гэсэн мэдүүлэг

                 гэрч Г-ийн”…О-ын машин замын хажуу руу цасанд орчихсон зогсож байсан. Очтол О согтуу жолооны хүрдийг дарчихсан унтаж байсан. Т, Эб бид 3 машиныг түрж гаргаад би машиныг нь бариад гэрийнх нь гадаа иртэл О сэргэж, “Д-ын гадаа хөрөө дугараад байна хоёулаа очих уу гэсэн, согтуу айлд очиж ажил яриад яах юм бэ гээд гэрт нь оруулж өгөөд явсан. О-ыг машинтай нь гэрт нь хүргэсэн өдөр болон Д-ын гэрт очсон өдөр нэг өдөр давхцаж байгаа юм. О намайг Д-нд хамт очъё гээд байсан юм. Би О-д согтуугаар очоод хэрэггүй. Хүнд олзлогдохийн нэмэр гэж хэлсэн. “ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

                 Дээрхээс дүгнэхэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтонд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ …хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мод зүсэх нийлүүлэлтэндхянаот тавих эрхтэй байж мод зүсэх зөвшөөрлийг Д-д олгож, 2009.01.24-ны өдөр шүүгдэгч О нь Д-ээс түүний гэрт 20000-ийн 5 ширхэг дэвсгэрт буюу 100.000 төгрөгийг шан харамжинд авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн агуулсан байна.

 

                 Иймд шүүгдэгч О эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах хуульзүйн үндэслэлтэй байна.

 

                 Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч О-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал эрхэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгоогүй зэргийг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

                 Шүүгдэгч О-ын гэмт хэрэг үйлдэж олсон 100.000 төгрөгийг хураах нь зүйтэй байна.

 

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч нь О-ын холбогдсон хэргийг тогтоогдохгүй эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд үүнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

                 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Шүүгдэгч О-ын хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Монгол Улсын Эрүүгийн руулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч хийх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорьж шийтгэсүгэй.

3.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан О-д оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан О-оос 100.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан О-д оногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч хийх эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6.    Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, ялтан О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох тул шүүгдэгч О-ын цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 
 
 
                        ДАРГАЛАГЧ     ШҮҮГЧ                                         А.Мөнхзул