Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ
 

2010 оны 05 сарын 10                                   ¹52                                      Баянхонгор аймаг

 
 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

                 Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Бор даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б,Цолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр

                 Нарийн бичгийн дарга Э.Гантулга

                 Улсын яллагч Ч.Баярцэнгэл
                 Иргэдийн төлөөлөгч А, С, В

                 Өмгөөлөгч.Мя,.Му нарыг оролцуулан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар Ч-д, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар П нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн 20903448 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …ны өдөр … аймгийн … суманд төрсөн, эмэгтэй, … настай дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл … …. сумын 3-р баг … зочид буудалд оршин суух, … ХХК-д захирал ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,   П.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …ны өдөр … аймгийн … суманд төрсөн, … настай, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл …, нөхөр … хүүхдийн хамт ……………. сумын 5-1-13 тоотод оршин суух, … аймгийн Нэгдсэн эмнэлэгт ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч.

                 Шүүгдэгч: Ч нь … аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Дулаан үйлдвэрлэх … ХХК, Нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан дулаанаар хангах тухай гэрээнд заасан дулаанаар хангасны төлбөрийг төлөхдөө албан тушаалын байдлаа ашиглан төлбөрийн мөнгийг тухайн сард нь багтаан шилжүүлэхгүй хясан боогдуулах, үндэслэлгүйгээр мөнгө нэхэх замаар … ХХК-ний захирал П-ээс 2007.11.03-нд 500.000 төгрөг, 2007.11, 12, 2008 оны 01 сард тус бүр 500.000 төгрөг, 2009.01, 02 саруудад тус бүр 600.000 төгрөг нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3200.000 төгрөгийг хахууль болгон авсан.

                 Шүүгдэгч П нь Дулаан үйлдвэрлэх …. ХХК-ний захирлын хувьд … аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй дулаанаар хангах тухай гэрээнд заасан дулаанаар хангасны төлбөрөө сар бүрд нь багтаан саадгүй авч байх, тухайн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Ч-д 2007.11.03-нд 500.000 төгрөг , 2007 оны 11, 12, 2008 оны 01 сард тус бүр 500.000 төгрөг, 2009 оны 01 сар, 02 саруудад тус бүр 600.000 төгрөг нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3200.000 төгрөгийг хахууль болгон өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

                 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                 Шүүгдэгч П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

                 Манай компани нь Эрүүл мэндийн газар, 2-р цэцэрлэг ,эм хангамж, эмнэлэг гээд нийт 5 газрыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулдаг юм. Ч 2007 оны 7 сард эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч болсноос хойш би түүнтэй уулзаж ажил байдлаа танилцуулахаар уулзсан. Тэгэхэд Ч надад мөнгө хэрэгтэй байна гэхэд нь мөнгө байхгүй гэсэн. Гэтэл тэгвэл нэгдсэн эмнэлгийн халаадаг талбай дээр хий талбай нэмж хөлсийг нь надад өг гэсэн шаардлага тавьсан. Би гайхсан, тэгээд түүнд тэгж болохгүй, халаалтын талбай, тариф тодорхой байгаа гэхэд, “мөнгө хэрэгтэй байна” гэсэн 3-хан үг хэлээд мөнгө өг гээд шавдуулаад байсан. Надад байнга “мөнгө хэрэгтэй байна” гэсэн үгийг л хэлдэг, өөр юу ч хэлдэггүй байсан. Тэгээд би аргагүй байдалд орж, мөнгө өгөхгүй бол ажлын эрх хөндөгдөх юм байна гэж ойлгож 300.000 төгрөг өгье гэхэд Ч 700.000 төгрөг өг гэсэн, тэгэхэд нь би тийм их мөнгө өгч чадахгүй, өр зээлтэй гэхэд Ч тэгвэл 500.000 төгрөг өг гэснийг өгсөн. Би нүүрсээ татаж дулаанаар хангах ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байсан тул мөнгө өгсөн. Ингээд би 2007 оны 10, 11, 12 сар, 2008 оны 01 сар гээд сар бүр 500.000 төгрөг, 2009 оны 01, 02 саруудад тус бүр 600.000 төгрөг нийт 3200.000 төгрөг өгсөн. Ч халаалтын мөнгө шилжүүлчихээд 2-3 хоногийн дараа “надад мөнгө хэрэгтэй байна” гээд мөнгө өгөхийг шаарддаг байсан юм. Тэрээр мөнгө өгөхгүй бол утсаа салгаад алга болох, мөнгийг хугацаанд нь шилжүүлэхгүй байх, гэрээг хугацаанд нь хйихгүй гэрээ хийх болоогүй гэх, мөн дулааны үнэ тариф өндөр байна шалгуулна, бууруулна гэх мэтээр дарамталдаг байсан. Хэрэв би Ч-д мөнгө өгөхгүй бол халаалтын мөнгөө хугацаанд нь авч чадахгүй байсан. Үүнээс болж нэн тэргүүнд нүүрсээ татаж чадахгүйд хүрч улмаар манай компанийн халаадаг газруудын халаалт зогсож, үүний улмаас олон хүмүүсийн амь бие, эрүүл мэндэд хохирол учрах, мөн паар хөлдөх, усны шугам сүлжээ эвдрэх гэх мэт маш эрсдэлтэй, аюултай байдалд орохоор байдалд байсан. Түүнээс гадна банкны зээлийн хугацаа хэтэрч, нүүрс, түлш шатахуун, ус тог цахилгааны гээд бэлтгэн нийлүүлэгчдэд өртэй болж, улмаар компанийн үйл ажиллагаа доголдох, ажилчдын цалин хөлс олгогдохгүйд хүрч байсан. Дулаанаар хангах үйл ажиллагаа маш эрсдэлтэй ажиллагаа байдаг. Тийм их эрсдэлд орохгүйн тулд би Ч-д нийт 3200.000 төгрөгийг өгсөн. Энэ бол зээл биш байсан. Анхнаасаа ч зээл гэж огт яриагүй юм. Харин би өөрийгөө бас энэ хүнийг бодож зээл гээд хэлчихвэл арай хөнгөрүүлэх үзэх байх гэсэн үүднээс зээл гэсэн үг оруулж ярьж, бичсэн юм. Би аргагүй байдалд орж хахууль өгсөн нь үнэн. Би Ч-ээс биш харин эмнэлгийг дулаанаар хангасныхаа хөлсийг авах гэхэд Ч албан тушаалаа ашиглаж, дарамталж мөнгө аваад байгаад сүүлдээ уур хүрсэн. 2008 оны 02 сараас эхлээд Ч-ийн нэхсэн мөнгийг өгөөгүйн улмаас 2008 оны 15 сая орчим төгрөгийн авлагтай гарсан, энэ авлагатай гарснаас болж, бэлтгэн нийлүүлэгчид 14 орчим сая төгрөгийн өртэй гарсан. Цаашдаа түүнд хууль бусаар мөнгө өгөөд байх боломжгүй байсан. Тэгээд түүний үйлдлийг шалгуулахыг хүссэн. Би эмнэлгийн дарга, Засаг даргад тухайн асуудлаар хандаж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй юм. Би энэ хүнийг гүтгээгүй, би өөрөө аргагүй байдалд орж хахууль өгсөн. Энэ хүнд өгсөн мөнгөө авахыг хүсч байна. Ч анх мөрдөн байцаагчид ямар ч мөнгө аваагүй гээд хэлж байсан, тэгэхээр нь би түүнтэй өөрийн буудалдаа уулзаад хэрэв мөнгө өгвөл, мөнгө авсан, гээд гарын үсгээ зурвал энэ асуудлыг зээл гэсэн нэрээр хаах талаар яриад бичлэг хийсэн ба бичлэг хийснийг Ч мэдчихээд бичлэгээ устгавал би мөнгө авсан гэж гарын үсгээ зурна гэсэн, би тэгэхэд нь эхлээд мөнгө авсан гэж бичээд гарын үсгээ зурвал устгана гэхэд тэр уурлаад гарч явсан. Би тэр бичлэгийг гар утсандаа бичиж аваад мөрдөн байцаагчид үзүүлж байсан….

                 П-ийн хохирогч, сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:

                 Манай … ХХК нь … аймгийн Нэгдсэн эмнэлгийн дулаанаар хангаад 13 жил болж байна. Ингээд уг эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч нь 2007 оны хагас жилээс солигдоод Ч ерөнхий нягтлан бодогч болсон. Тэгээд халаалтын улирал болоод 2007 оны 10 сард миний бие нь нэгдсэн эмнэлэг дээр очоод нягтлан бодогч Ч-тэй уулзаж шинээр ажилд орсон нь баяр хүргэж ажлынхаа талаар танилцуулсан. Тэгтэл Ч нь… надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би зээлэх гэж байгаа юм байх гэж бодоод “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Нэгдсэн эмнэлгийг халаадаг талбай дээр хий талбай нэмчих, надад мөнгө хэрэгтэй байна гээд байсан. Би өмнөх нягтлан бодогч нараас ийм зүйл сонсож байгаагүй болохоор гайхаж цочирдсон. Би түүнд ингэж болохгүй, талбайн хэмжээ болон тариф тодорхой байгаа. Ийм зүйл хийхгүй гэсэн чинь Ч надад мөнгө хэрэгтэй гээд л нэхээд байсан. Би тэгэхээр нь 300.000 төгрөг зээлье үүнээс илүүг чадахгүй гэсэн чинь илүү хэрэгтэй байна гээд наймалцаж байгаа аятай ярьсаар 500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Тэгээд 10 сарын халаалтын мөнгөө шилжүүлсэн. Тэгээд 11 сарын 03-нд намайг Улаанбаатар хотод явж байхад Ч миний утас руу яриад нөгөө 500.000 төгрөгөө нэхсэн. Би хотод явж байна. Мөнгөний боломж муутай байна регистрийн дугаараа өгчих банкаар талыг нь явуулъя гээд дугаарыг нь авсан. Харин би ямар банкаар 300.000 төгрөг шилжүүлснээ санахгүй байна. Тэгээд дүү О руу мөнгө байна уу гэхэд буудлын орлого 200.000 төгрөг байна гэсэн, Тэгэхээр нь наад мөнгөө энмнэлгийн нягтлан бодогч Ч-д өгчихөөрэй гэж хэлсэн. Ингээд иймэрхүү байдлаар халаалтын мөнгөө авахаар тооцоо нийлэх актаа бариад очихоор урдаас мөнгө нэхээд 2007 оны 11, 12, 2008 рны 01 сард 500.000 төгрөг тус тус авсан. Мөн 2009 оны 1, 2 сард тус бүр 600.000 төгрөг нийт 3.2 сая төгрөг халаалтын мөнгөө авахын тулд нэхсэн мөнгийг нь өгсөн нь үнэн.

                 Би Ч-д өөрийн саналаар мөнгө өгнө гэж байхгүй. Эхлээд намайг халаалтын талбайн эзэлхүүн дээр хий талбай нэмж хөлсийг нь надад өг гэсэн хууль бус шаардлага тавьсныг би эсэргүүцсэн юм. Гэтэл тэр мөнгө хэрэгтэй байна гээд ахин дахин шавдуулаад байхаар нь зээлье гэж байгаа юм болов уу гэж бодож 300.000 төгрөг болох уу гэхэд дор хаяж 700.000 төгрөг хэрэгтэй гэж наймаа хийж байгаа юм шиг дээш доош нь ярьж байгаад 500.000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд 4 дараалаад дээрх байдлаар мөнгө нэхэж 2 сая төгрөг авсан. Ингээд 2008 оны 01 сард 500.000 төгрөгөө өгсний дараа 2 дугаар сард Ч халаалтын мөнгөө шилжүүлсний дараа нөгөө мөнгөө нэхэхээр нь өгөөгүй, гэтэл тэр 3 дугаар сарын халаалтын мөнгийг шилжүүлээгүй УБ хотруу утсаа салгаад явсан. Тэгэхээр нь 4 сарын 6-нд даргаас нь гуйж байгаад 3 сарын халаалтын мөнгөө шилжүүлж авсан. Тэгээд 4 сарын халаалтын мөнгө авах гээд Ч-тэй уулзахад тэрээр… 4 сарын халаалтын тооцоо нийлэхтэй манатай өмнөх сарын мөнгийг шилжүүлээгүй, утсаа салгаад алга болсон, мессеж бичиж гомдоолоо гэж маргасан. Тэгэхээр нь би өмнө нь өгсөн 2 сая төгрөгөө авъя гэсэн чинь Ч би яахаараа буцааж өгөх ёстой юм бэ гэхээр нь… тэгвэл наадах чинь хууль бус юм болж байна Авлигатай тэмцэх газарт өгнө, тэнд өгөх ёстой болж байна даа гэсэн чинь …хачин юм ярьж намайг гомдоолоо гэсэн. Би…чи бид хоёр хуулинд захирагдан шүү л гэж хэлсэн. Тухайн үед би халаалтийн мөнгөө хугацаанд нь бүрэн гүйцэд авахын тулд 4 удаа надаас авсан 2 сая төгрөгийг сар сардаа надаас зээлж байна гэж бодсон. Тэгээд 4 сард уулзаад би 2 сая төгрөгөө нэхэхэд тэрээр… яагаад тэр мөнгийг буцааж өгдөг юм бэ…гэхээр нь хууль бус юм байна л гэдгийг ойлгосон. 2008 оны 2 дугаар сараас хойш нэхсэн мөнгийг нь өгөөгүйгээс компани 2008 онд 14.946.020 төгрөгийн авлагатай гарсан. Нэгдсэн эмнэлэг нь манай халаалтын мөнгийг төсвөөс хэмнэсэн зардлаас гүйлгэж шилжүүлэх боломжтой байсан боловч нягтлан бодогч энэ талаар санаачлага гаргаагүй. 2008 оны 02 сараас хойш сар тутамд нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэснээс болж хясан боогдуулж байгууллага өртэй гаргаж, манай компани авлагтай гарсан. Манай компани авлагтай гарснаар бэлтгэн нийлүүлэгчдэдээ 13.784.716 төгрөгийн өглөгтэй гарсан. Тэгээд 2009 оны 1 дүгээр сард халаалтын мөнгөө шилжүүлэх гээд Ч-тэй уулзахад тэр…таны энэ их мөнгийг шилжүүлэхэд хэцүү, зовж байна, ядарч байна” гээд 700.000 төгрөг өг гэсэн, тэгээд би мөн л халаалтын мөнгөө хугацаанд нь авахын тулд аргагүй байдалд орж, шахаанд орж наймаалцаж байгаа юм шиг 500.000 гээд тэр 700.000 төгрөг гээд 600.000 төгрөг өгөхөөр нь тохиролцсон. Мөн урьд ондоо тэднийх өртэй гарсан, дээр нь 1 сарынхаа мөнгийг хугацаанд нь авахаар бол нүүрсээ татаж чадахгүй эмнэлгийн байгууллага, цэцэрлэг хүүхдийн байгууллага халааж чадахгүй хөлдөөж аюул болох байсан юм. Тэгээд 2009 оны 01, 02 сард 1200.000 төгрөг өгсөн…Түүнээс хойш Ч дээр биш дарга дээр нь орж мөнгө авъя гэж хэлдэг болсон. Ингээд 3, 4 сард мөнгө өгөхгүй болохоор нь 10 сард гэрээ хийх гэж байхад хойшлуулсан, халаалтын тарифыг бууруулна гээд гэрээ хийхгүй байсаар байгаад 11 сарын 27-нд хийсэн. Тэгээд 2009 онд 7.5 сая гаруй төгрөгийн авлагтай гарсан, тэгэд ЭМЯ, болон Аймгийн Засаг даргын зүгээс өргүй гарах шаардлага тавиал байна гэж удаа дараа гуйсны эцэст 7.5 сая төгрөгийг чөлөөлсөн, үүнээс болж би бэлтгэн нийлүлэгчид 10 гаруй сая төгрөгийн өртэй гарч байгаа…

 

                 Шүүгдэгч Ч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:

Би П-гээс мөнгө аваагүй, харин ч П намайг халаалтын мөнгөн дээрээс мөнгө нэмж өг, нүүрс татаж авахаар зээлтэй байгаа, цалингийнхаа хэмнэлтээс өг гэж шаарддаг…2007 оны 11 сарын эхээр П гуай Улаанбаатар хотод байхдаа над руу яриад нөгөө мөнгийг чинь няравтаа үлдээсэн. 200.000 төгрөг байгаа хэлсэн очоод авчих гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр дээр нь очоод няраваас нь авсан. 300.000 төгрөг банкаар шилжүүлснийг санахгүй байна. Утсаар миний регистрийн дугаарыг авч байсан. 2007 оны 11, 12 сарын мөнгийг ажил дээр байхдаа П-гээс тус бүр 500.000 төгрөг авсан. 500.000 төгрөгийг … буудлын 4 давхарт би очиж авсан. Тэгж байхдаа би нэг вино, чихэр авч очсон. 2009 оны 01 сарын үед Соёмбо рестораны гадаа П-ийн машин дотор сууж байгаад 500.000 төгрөг авсан. 2009 оны 02 сарын дундуур даргыг шинээр ажилд орсны дараахан П ажил дээр ирж 600.000 төгрөг өгсөн. Би 2008 онд шиг санаж байна. Мөнгөний хэрэг гараад би П-рүү утсаар яриад … буудалд очиж 3.2 сая төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг дүү У-ын сургалтын төлбөрт мөнгө хэрэгтэй болоод авсан. Тэр мөнгийг өдийд төдийд өгнө гээгүй. П бололцоотой үедээ өгөөрэй гэсэн юм. Би П-ийн хэлснээр 3.2 сая төгрөгийг 6 хувааж хувийн журмаар зээлж авсан гэжээ.

 
                 Гэрч Я мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:

                 Миний бие нь Нэгдсэн эмнэлгийн аж ахуй эрхэлсэн орлогч даргаар 2006 оны 03 сарын 27-ноос эхлэн ажиллаж байна. Эмнэлгийн дарга Ц нь 2009.02.10 дээр ажлаа авч аж ахуйн нэгжүүдтэй хйисэн гэрээнүүдэд шинэчлэх зүйл байгаа эсэх мөн, түрээсээр ажиллаж байгаа эмнэлгийн гал тогоо, цагаан хэрэглэл, угаалга, халаалт дулааны компанитай хийсэн байгууллагуудын гэрээг үзье гэсэн. Эдгээр байгууллагуудын гэрээг бэлтгээд 2009 оны 10 сарын үед тухайн байгууллагуудын удирдлагуудыг дууд гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед “……….” ХХК-ийн захирал П хот явсан байсан бусад газрын удирдлагууд ирсэн. Дараа нь П-тэй уулзаж талбайн хэмжээг хэмжээд халдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй, халаалтыг зогсоосон обьектуудыг тоог нь гаргаад 1000 гаруй куб метр талбайг хасаж тооцоо нийлж, бусдыг нь шинэчилж, төслийг бичээд нягтланд тоог нь хянуулахаар оруулсан. Тэгтэл Ч нягтлан… наад гэрээгээ хүлээж бай, аймгийн нэг хурлаар оруулж шийдэх утгатай зүйл хэлэхээр нь би гэрээгээ аваад гарсан. Ингээд 11 сарын сүүлээр Ц дарга, П захирал, Ч нягтлан бид 4 сууж байгаад гэрээгээ дахин үзэж талбайн хэмжээ бага зэрэг хасагдаж гарын үсэг зурж батлагдсан байгаа. Нягтлан дээрээс буцах үед гэрээнд П захирал гарын үсгээ зураад тамгаа дарсан байсан, тэгээд П захирал надаас гэрээ яасан бэ гэхэд нягтлан хойшлуулаад хурлаар оруулах юм ярьсан гэсэн чинь П уурлаад…Би олон дарга нарын чинь нүүрийг үзэж хэл амгүй ажиллаад яваад ирсэн. Танай нягтлан чинь яагаад талбайнхаа хөлсийг төлөхгүй гэрээгээ хийдэггүй юм. Би банкны зээлтэй, танай нягтлан анх ажилд ороод л талбайн хэмжээгээ нэм гэхээр нь би болохгүй гэхэд мөнгө өг гэж нэхсэн. Тэгээд энэ хоёр шаардлагыг нь биелүүлэхгүй болохоор манай компаний халаалтын хөлсийг хугацаандаа төлөхгүй, гэрээгээ ч хийдэггүй, гээд уурлаад гараад явсан. Надад тухайн үед…нягтлан Ч чинь намайг талбайн хэмжээгээ нэмчих гэхээр нь болохгүй гэсэн чинь тэгвэл мөнгө өг гэсэн шаардлага тавьсан гэж хэлсэн. Тэгээд хэд хэдэн удаа мөнгө өгсөн гэж ярьж байснаас хаана, хичнээн төгрөг өгсөн гэж яриагүй, мөнгөө хугацаанд нь өгч гэрээгээ хийсэнгүй гэж бухимдаад дээрх зүйлийг ярьчихаад гараад явсан гэжээ.

 

                 Гэрч Ц мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг:

                 Миний бие нь 2009.02.16-ны өдрөөс аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байна. Манай эмнэлэг нь …………… ХХК-иас халаалтаа авдаг. Намайг Ерөнхий эмчийн үүрэгт ажлаа хүлээж авсаны маргааш нь ………….. ХХК-ний захирал П өөрийгөө танилцуулж, ажлын байрны халаалт дулааны талаар ярилцсан. Тэр үед…танай байгууллагаас халаалтын мөнгөө авахын тулд нягтланд чинь мөнгө өгч, мөнгөө шилжүүлж авдаг. Та нягтландаа энэ тухай анхааруулж хэлээрэй гэсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа нягтлан бодогч Ч-г дуудаад…халаалтын мөнгө шилжүүлэхэд өөрт чинь мөнгө өгч байж авдаг гэж байна. Тийм асуудал байж болохгүй шүү гэхэд Ч уйлаад …би мөнгө авч байгаагүй, тийм асуудал байхгүй гэж хэлсэн. 2009.11.27-нд Я дарга, П, нягтлан бид 4 сууж байгаад гэрээгээ шинэчилсэн гэжээ.

                 Гэрч О мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг:

                 2007.11.03-ны өглөө буудлынхаа орлогыг хураагаад байж байтал П эгч УБ хотоос над руу залгаад…чамд мөнгө хэд байна гэхээр нь 200.000 төгрөг байна гэтэл эгч эмнэлгийн нягтлан бодогч Ч очно түүнд 200.000 төгрөгөө өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед Ч миний утас руу залгаад…хаана байна гэхээр нь дэлгүүртээ байна гэсэн. Тэгтэл гаднаас найз Ө орж ирээд байж байтал гаднаас Ч орж ирэхээр нь би түүнд 10.000-тын дэвсгэртээр 200.000 төгрөг тоолоод өгсөн. Ч аваад л гараад явсан. Ө надаас …энэ юун хүүхэн бэ гэхэд эмнэлгийн нягтлан бодогч шүү дээ гэж хэлсэн. Ч-гээр мөнгө авсан гэж гарын үсэг зуруулаагүй харин өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн гэжээ.

                 Хаалтын төлбөр тооцоог хүснэгтээр харьцуулсан баримт орлогын ордер, ………… ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ дулаанаар хангах гэрээ зэрэг болно.

 

                 Шүүгдэгч Ч нь ………………. аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Дулаан үйлдвэрлэх ……………… ХХК, Нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан дулаанаар хангах тухай гэрээнд заасан дулаанаар хангасны төлбөрийг шилжүүлэхдээ албан тушаалын байдлаа ашиглан өөрт нь мөнгө өгөхгүй бол дулааны төлбөрийг нь гэрээгээр тохирсон хугацаанд нь шилжүүлэхгүй байх, шилжүүлэх баримт үйлдэхгүй байх, удаа дараа үндэслэлгүйгээр мөнгө өгөхийг тулган шаардаж авах зэргээр хясан боогдуулах замаар ………… ХХК-ний захирал П-гээс 2007.11.03-нд 500.000 төгрөг, 2007.11, 12 сар, 2008.01 сард тус бүр 500.000 төгрөг, 2009.01, 02 саруудад тус бүр 600.000 төгрөг нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3200.000 төгрөгийг хаууль болгон авсан,

                 Шүүгдэгч П нь Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Ч-д 2007.11.03-нд 500.000 төгрөг, 2007.11, 12 сар, 2008.01 сард тус бүр 500.000 төгрөг, 2009.01, 02 саруудад тус бүр 600.000 төгрөг нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3200.000 төгрөгийг хахууль болгон өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь…мөрдөн байцаалтад авагдсан.

                 П-гийн хохирогч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн…2007.10 сард би Ч-тэй уулзахад надад мөнгө хэрэгтэй байна гэхлээр 300.000 төгрөг л байна гэхэд илүү хэрэгтэй гэж наймаалцаж байгаа аятай ярьсаар 500.000 төгрөг өгөхөөр тохирч, тэгээд 2007.10 сарын халаалтын мөнгөө шилжүүлсэн… намайг хотод явж байхад Ч мөнгө нэхэхээр нь 300.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн, 200.000 төгрөгийг дүү О-оор өгүүлсэн…иймэрхүү байдлаар халаалтын мөнгөө авахаар тооцоо нийлсэн актаа бариад очиход урдаас мөнгө нэхээд 2007.11, 12 сар, 2008.01 сард тус бүр 500.000 төгрөг, 2009.01, 02 сард тус бүр 600.000төгрөг нийт 3200.000 төгрөг халаалтын мөнгөө авахын тулд өгсөн…мөнгөө авахын тулд өгсөн…мөнгө өгч халаалтын мөнгө шилжүүлсэндээ харамсч байна…халаалтын мөнгөө хугацаанд нь авахын тулд аргагүй байдалд хүрч нэхсэн мөнгийг нь байсан…тэгэхгүй бол банкны зээлийн төлөх хугацаа хэтрэх, бэлтгэн нийлүүлэгчид өртэй гарах бэрхшээл тулгарах аюул байсан. 2008.02 сараас хойш сар тутамд нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэснээс болж хясан боогдуулж байгууллагаа өртэй гаргаж, манай компани авлагтай гарсан. Манай компани авлагатай гарсанаар бэлтгэн нийлүүлэгчдэдээ 13.784.716 төгрөгийн өглөгтэй гарсан. 2009.01 сард халаалтын мөнгөө хугацаанд нь авахын тулд аргагүй байдалд орж, шахаанд орж наймаалцаж байгаа юм шиг 500.000 гээд тэр 700.000 төгрөг гээд 600.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Мөн урьд ондоо тэднийх өртэй гаргасан, дээр нь 1 сарынхаа мөнгийг хугацаанд нь авахгүй бол нүүрсээ татаж чадахгүй эмнэлгийн байгууллага, цэцэрлэг хүүхдийн байгууллага халааж чадахгүй хөлдөөж аюул болох байсан юм. Тэгээд 2009.01, 02 сард 1200.000 төгрөг өгсөн…ингээд 3, 4 сард өөрт нь мөнгө өгөхгүй болохоор 10 сард гэрээ хийх гэж байхад хойшлуулсан, халаалтын тарифыг бууруулна гээд гэрээ хйихгүй байсаар 11.27-нд хийсэн. Я дарга нь нягтлан гэрээгээ байж бай гэсэн, тарифыг нь бууруулна, Засаг даргын зөвлөлөөр оруулна гэж байна гээд хойшлуулсан…мөнгөө   шилжүүлчихээд Ч 1-2 хоногийн дараагаар нэхсэн мөнгөө надаас шаардаж авдаг. Гэх болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…хэрхэн аргагүй байдалд орж мөнгө өгсөн талаарх мэдүүлэг.

                 Гэрч Я-гийн …П надад…танай нягтланд мөнгө өгөхөөр…халаалтын мөнгө төлдөг гэж байсан. ..2009.10 сарын үед………….. ХХК-ийн захирал П-тэй уулзаж халаатын объектуудыг тоог нь гаргаж.. тооцоо нийлж бусдыг нь шинэчилж, төслийг бичээд нягтланд тоог нь хянуулахаар оруулсан. Тэгтэл Ч нягтлан …наад гэрээгээ хүлээж бай, аймгийн нэг хурлаар оруулж шийдэх утгатай зүйл хэлэхээр нь гэрээгээ аваад гарсан. Ингээд 11 сарын сүүлээр гэрээ батлагдсан.

                 Гэрч Ж надад…танай байгууллагаас халаалтын мөнгөө авахын тулд нягтланд чинь мөнгө өгч, мөнгөө шилжүүлж авдаг гэж хэлж байсан…зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                 Иймд шүүгдэгч Ч-г хясан боогдуулах замаар хээл хахууль авах, шүүгдэгч П-г хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд:

                 Шүүгдэгч Ч нь албан тушаалын байдлаа хууль бусаар өөрт ашиг олох хэрэгсэл болгон ашиглаж, нэмэх боломжгүй гэдгийг мэдсээр байж “хий талбай нэмж мөнгө өг” гэж хууль бусаар мөнгө авах санаагаа далдуур илэрхийлж болон “надад мөнгө хэрэгтэй байна” гэж удаа дараа үндэслэлгүйгээр мөнгө өгөхийг тулган шаардаж “хахууль” авсан буюу хэрэв өөрт нь хүссэн мөнгийг нь өгөхгүй бол бусдын хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсийг нь хуулийн дагуу гэрээгээр тохирсон хугацаанд нь шилжүүлэхгүй байх, шилжүүлэх баримт үйлдэхгүй байх, хугацаанд нь гэрээ, хэлцэл хийлгүүлэхгүй дулааны тарифыг нь бууруулна, шалгуулна гэх зэргээр дур мэдэн элдэв аргаар саад болох, бусдад өр авлага үүсгэхэд хүргэсэн буюу түүнээс үүдэлтэй дулаанаар хангах компанийн хэвийн үйл ажиллагаа болон дулаанаар хагуулагч байгууллага, тухайн байгууллагаар үйлчлүүлэгчдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт гэм хор учрахаар, өндөр эрсдэлтэй байдалд орохоор байсан онцгой байдлыг “хээл хахууль” авах нөхцөл болгон ашиглаж бусдыг хахууль өгөхөөс аргагүй байдлыг зориуд хүргэж хууль бусаар мөнгө авсан нь тогтоогдсон байх тул бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

                 Хэрэгт авагдсан дулаанаар хангах гэрээнүүдээс үзэхэд халаалтын хөлсний 30 хувийг тухайн сарын 15-эы дотор, халаалтын чанарыг үндэслэн үлдсэн 70 хувийг дараа сарын 5-ны дотор төлөхөөр авагдсан байх боловч төлбөр тооцоо хугацаандаа хийгддэггүй байсан болохыг хэрэгт цугларсан баримтын дагуу гаргасан дулааны мөнгөө хугацаанд аваагүйгээс бусдад ямар хэмжээний өр төлбөр, авлагатай, алдагдалтай ажилласан, Ч-ийн хууль бус үйлдлийг эмнэлгийн болон аймгийн удирдлага, төсөв, санхүүгийн алба зэрэг мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй тухай П удаа дараа мэдүүлсэн болон эдгээрт холбогдох бармитуудыг мөрдөн байцаалтын гаргасан байна.

                 Шүүгдэгч Ч дулаанаар хангасаны төлбөрийг шилжүүлчихээд 1-2 хоногийн дараагаар нэхсэн мөнгөө шаардаж авдаг. Гэсэн баримт нь нэг талаас дулааны төлбөрийг шилжүүлсэний дараа хахууль авч байгаа хэлбэр нөгөө талаас дараагийн сарын дулааны төлбөрийг шилжүүлэхийн урьдчилсан болзолт нөхцлийн шинжтэй байх боловч дулааны төлбөрийг шилжүүлсний өмнө эсхүл хойно хээл хахуулийн мөнгө авсан нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

                 Шүүгдэгч Ч-ийн хувьд анх мэдүүлэг, тайлбар өгөхдөө би П-гээс ямар ч мөнгө аваагүй, харин ч П намайг халаалтын мөнгөн дээрээс мөнгө нэмж өг, нүүрс татаж авахаар зээлтэй байгаа, цалингийнхаа хэмнэлтээс өг гэж шаарддаг гэж мэдүүлж байсан байх боловч дараагийн мэдүүлгүүддээ 1 удаагийн үйлдлээр 3200.000 төгрөг зээлсэн юм гэх эсхүл тухайн сар бүр зээл хэлбэрээр мөнгө авч байсан гэх мэтээр эрс зөрүүтэйгээр мэдүүлсэн байх боловч уг гэмт хэргийг иргэд хоорондын зээлийн маргаантай асуудал гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна.

                 Шүүгдэгч Ч, П нар өөрсдийн хууль бус үйлдлийг зээл нэрээр халхавчлан, өөрсдөд ашигтайгаар мэдүүлсэнд хөтлөгдөж, үндэслэл нотолгоогүйгээр гэмт хэрэг биш гэж үзэх боломжгүй юм.

                 Шүүдэгч П шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхэд хандаж эцсийн үгээ хэлэхдээ би хүн гүтгээгүй, энэ асуудал зээл огт биш байсан, би аргагүй байдалд орж хахууль өгсөн, би өөрийгөө болон энэ хүнийг бодож, асуудлыг хөнгөн шийдүүлэх гэж зээл байх бодсон гэж хэлсэн, энэ Ч надаас огт мөнгө аваагүй гээд байхаар нь “чи тэгвэл зээл авсан гээд бичиг хийгээд гарын үсгээ зурчих, тэгвэл би авлигатай тэмцэх газар гомдлоосоо татгалзана гэж хэлээд” бичлэг хийсэн, миний бичлэг хийснийг мэдчихээд Ч наад бичлэгээ устгавал би мөнгө зээлсэн гэсэн бичиг хийгээд өгье гэсэн тэгэхлээр нь чи тэгвэл эхлээд бичгээ хийгээд өг гэхэд үгүй гээд уурлаад явсан талаар мэдүүлсэн, бичлэг хийхэд тухайн асуудлууд яригдсан болохыг шүүгдэгч Ч шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрөн мэдүүлсэн, гар утсанд бичлэг хийснийг сонссон тухай баримт байх ба CD-нд буулгасан бичлэгт…чи мөнгөө өгөхгүй юм уу бичээд өгвөл гомдлоо буцааж авах тухай бичигдсэн байна.

                 Шүүгдэгч П-ийн Ч-д өгсөн нийт 3200.000 төгрөг нь түүний гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хэрэгсэл, нөгөө талаас Ч-ийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс болох учраас   тухайн мөнгийг П-д олгох биш харин заавал хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй ба шүүгдэгч Ч бусдад төлөх төлбөр тогтоогдохгүй байна.

                 Шүүгдэгч П-ийн үйлдсэн хээл хахууль өгөх гэмт хэрэг нь 2009.07.09-ний өдрийн Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.

                 Шүүгдэгч Ч нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэргийн улмаас бусдад төлөх төлбөр тогтоогдохгүй, түүний ар гэрийн амьдрал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

                 Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, утасны дэвтэр 1 ширхэг, бичлэгтэй хуурцаг 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

                 Ч-ийн эзэмшлийн 21 инчийн саарал өнгийн 350.000 төгрөгийн үнэтэй телевизор, Хятад улсад үйлдвэрлэсэн, хуучин 250.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн, хуучин, 50.000төгрөгийн үнэтэй хөргөгч 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн байна.

                 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 296 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                    

                                                           ТОГТООХ нь:

 

1.    Шүүгдэгч Ч-г хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, П-г хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Өршөөл үзүүлэх тухай 2009.07.09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч П-д холбогдох Эрүүгийн хуулийн 209 дүгээр зүйлийн 269.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.    Эрүүгийн хуулийн 55.1 дугаар зүйлийн   55.1 –д заасныг журамлан мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шүүгдэгч Ч-гээс 100.000 төгрөг хурааж, гурван жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

4.    Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 зааснаар Ч-д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч П-ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хэрэгсэл, шүүгдэгч Ч-г гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, болох Худалдаа хөгжлийн банкны …….. тоот дансанд байгаа 3200.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.

6.    Ч, П нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн бичлэгтэй хуурцаг 1 ширхэг, Тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, утасны дэвтэр 1 ширхэгийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8.    Шүүгдэгч Ч-ийн эзэмшлийн уг тогтоолын үндэслэх хэсэгт дурьдсан эд зүйлсийг тус тус битүүмжилсэн байгааг дурьдсугай.

9.    Шүүгдэгч Ч-г цагдан хорьсугай.

10.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч-д авсан цагдан хорих, П-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.

 
 
 
 
                            ДАРГАЛАГЧ                          Д.Бор
                                       ШҮҮГЧ                         Г.Ганбаатар
                                                                         Б.Цолмон