Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 158А дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 158А дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2010 оны 10 сарын 13 өдөр                                     №158А                                     Улаанбаатар хот



СХД-ийн Шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Алтанчимэг,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Батсайхан /ҮД№0-332/, Х.Даваахүү /ҮД№0-149/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, нийслэлийн прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны … дүгээр сарын …-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, … настай, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн ахмад цолтой, ам бүл …, ……. нарын хамт БЗД-ийн … дугаар хороолол, … дүгээр хороо, … дугаар байр … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн М
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19… оны … дүгээр сарын …-ны өдөр ……..аймгийн …….. суманд төрсөн, эмэгтэй, … настай, дээд боловсролтой эдийн засагч мэргэжилтэй, “Уужим газар” ХХК-ны захирал ажилтай, ам бүл ……., нөхөр, ….. насны ……хүүхдийн хамт СХД-ийн … дугаар хороо, Москва хороолол, … дүгээр байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Я овгийн Б

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 21037086 дугаар /2010/0092/Э/ индекстэй хэргийг 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа “Уужим газар” ХХК-ны захирал Б- гийн 2009 оны 1 сарын 05-ны өдөр тус Цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг “шалгаж шийдвэрлэсэн, гомдолд нэхэмжилсэн мөнгийг холбогдох этгээдээс гаргуулж өгнө” хэмээн түүнд урьдчилан амлаж, 2009 оны 1сарын 05-ны өдөр 200.000 төгрөгийг, мөн сарын 12-ны өдөр 150.000 төгрөгийг, 2009 оны 02 сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийг, нийтдээ 1550.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр Б-гээс хээл хахуульд авсан.

Шүүгдэгч Б 2009 оны 1 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд тус Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч М-д 2009 оны 1 сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2009 оны 1 сарын 12-ны өдөр 150.000 төгрөг, 2009 оны 2 сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийг, нийтдээ 1550.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч М-ийн: миний хувьд тухайн үед зээл гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрсөн, дээрээс нь мөнгөний үнийн дүнг зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Зүйлчлэлээ харж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хөнгөрүүлж цагаатгаж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-гийн: Би 12 сард М-д гомдлоо гаргаж өгсөн. М 2009.01.05-нд 200.000 төгрөг, 2009.01.12-нд 150.000 төгрөг зээлсэн. Дараад нь 1200.000 төгрөг краны хөлс гэж авсан. Яагаад цаад байгууллага төлөхгүй би гаргах ёстой юм бэ? гэж асуухад энэ компани чинь өмчийн маргаантай учраас краны хөлсийг чи гаргаад мөнгөө өгчих өө гэж хэлсэн. Би танд мөнгө өгье та миний хэргийг янзлаад өгөөч гэж би урьдчилан ерөөсөө амлаагүй М над мөнгө өгөх боломж байна уу? л гэж хэлэхээр нь боломжтой байсан болохоор өгсөн. Би М-д их гомдолтой байна. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэдүүлсэн болон талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтанд гэрч Д-ийн /2010.01.22-ны өдрийн хавтаст хэргийн 57 дугаар хуудас/:

Манайхаас цемент авдаг байсан “Босох өргөө” ХХК цементийн мөнгө өгч чадахгүй хуримтлагдаад 10 сая төгрөг гарсан тэгэхээр нь манай эхнэр Б Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж өргөдөл гаргасан. Тэгээд өргөдлийн дагуу цагдаагийн ахмад цолтой М гомдлыг шийдвэрлэх болсон. Тэгээд манай эхнэр Б-гээс М 350.000 төгрөг зээлж авсан. Дараа нь дахиад намайг хөдөө яваад ирэхэд “Босох өргөө” ХХК-ийн тоног төхөөрөмжийг битүүмжлэнэ гээд краны хөлс 1.200.000 төгрөг М авсан байсан. Энэ талаар би тухайн үед мэдээгүй ээ учир нь би хөдөө ажилтай байдаг. Намайг ирэхэд манай эхнэр Б-гээс нийт 1550.000 төгрөг М авчихсан байсан. Үүнийг мэдээд уулзахад “Босох өргөө” ХХК-ийн хүмүүстэй холбоотой байгаа танай байгууллагын хохирлыг барагдуулна. Би өөрийн авсан 1.550.000 төгрөгийг “Босох өргөө” ХХК-ийн хохиролтой цуг төлнө гэж хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд гэрч Т /2010.01.27-ны өдрийн хавтаст хэргийн 58 дугаар хуудас/: “…2009.02.8-9-ний өдөр манай хүү М тархины эмчилгээний зардал; надад 850.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа М та сувилалдаа яв гэж хэлээд 250.000 төгрөг өгөөд “Оргил рашаан” сувилалын нөхөн сувилалд хэвтсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд гэрч Н /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас…/ Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүртгэлийн дагуу над дээр бичиг хэргээр дамжин өргөдлийн дугаартай, даргын цохолттой, 2009 оны 1 сарын 05-ны өдөр Б-гийн өргөдөл над дээр хувиарлагдан орж ирсэн. Би Б-гийн гаргасан гомдлыг хүлээж авахад холбогдох ажиллагаа хийсэн материал байхгүй байсан. Б-гийн өргөдөл нь дангаараа над дээр орж ирсэн. Би Б-гийн гомдол дээр холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээд иргэд хоорондын маргаан байхаар нь залилангийн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай Хан-Уул дүүргийн Прокурорын газар шилжүүлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад яллагдагч М /2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/: 2009 оны 1 сард болов уу сайн санахгүй байна…миний шалгаж байсан “Босох өргөө” компани Я нарт холбогдох хэрэг дээр Б гэдэг хүн өргөдөл над дээр авчирч өгөхөөр нь харъяаллын дагуу мөрдөн байцаах тасаг руу өргөдлийг нь шилжүүлсэн. Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлсэн Б-гийн өргөдөл нь иргэд хоорондын асуудал байна гэж үзээд Э хошууч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан байсан. Б-гийн өргөдлийг шалгаж байх хугацаанд бид 2 хоорондоо танилцсан. Б-гээс эхлээд 200.000 төгрөг…, дараа нь 150.000 төгрөг зээлсэн тэгээд дараа нь 1200000 төгрөг мөнгө хэрэгтэй болчихсон байна гэж хэлээд авсан. Би Б-гээс 1200.000 төгрөг авахдаа мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд Москва хорооллоос гэрээс нь очиж авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад яллагдагч Б /2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хавтаст хэргийн 198-200 дугаар хуудас/, …2009 оны 1 сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 1 сарын 12-ны өдөр 150000 төгрөгийг М нь зээлье гэхээр нь өгсөн. 2009 оны 2 сарын 5-ны өдөр М нь тоног төхөөрөмж битүүмжлэх краны хөлс гэж 1200000 төгрөг өгөөч гэсний дагуу өгсөн. Энэ мөнгийг компаниас битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулсны дараа үндсэн төлбөр дээр чинь өмнө авсан мөнгөтэйгээ нийлүүлж өгнө гэж хэлсэн. …Хэргийг шалгаж байгаа гэдэг үүднээс өгсөн. Би 2009 оны 12 сарыг хүртэл М-ийг миний гомдлыг шалгаад яваад байна гэж бодоод байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Зарлагын ордерууд /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
Б-гийн нэртэй 0241338 дугаартай “Хаан” банкны хадгаламжийн дэвтэрт үзлэг хийж 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2009 оны 1 сарын 12-ны 150000 төгрөгний зарлага гаргасныг тогтоосон баримт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
“Хохирлын мөнгө түр хураан авсан тэмдэглэл”, / хавтаст хэргийн 17 дугаар хуудас/…утга нь мөнгөн дэвсгэртийг сери дугаараар нь бүртгэн авч нийт 1200.000 төгрөг хүлээн авсан байна.
“Хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл” /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/…утга нь мөнгөн дэвсгэртийг сери дугаараар нь бүртгэн авч нийт 350000 төгрөг хүлээн авсан байна.
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, …/2010 оны 1 сарын 20-ны өдөр, /хавтаст хэргийн 19-20 хуудас/, хүлээн авсан Б
Зарлагын ордер хураан авсан тэмдэглэл, 2010 оны 01 сарын 20-ны өдөр,
Кассын карлагын ордер,
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
Улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Яармаг дахь Цагдаагийн тасгийн 6 дугаар хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад М-ийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 06 сарын 03-ны өдрийн 380 тоот магадлал /хавтаст хэргийн 163 дугаар хуудас
Шинжээчийн 2010 оны 4 сарын 15-ны өдрийн 1409/10 тоот актын /хавтаст хэргийн 134-136 дугаар хуудас/…Шинжилгээнд хүргүүлсэн 21037086 дугаартай хавтаст хэргийн 22, 23, 24 дугаар хуудасны кассын зарлагын ордерын хүлээн авсан хэсэг дээр зурсан гарын үсэг нь М-ийн гарын үсгийн загваруудтай тохирч байна, гэх дүгнэлт зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжиллээ.

Шүүгдэгч М-ийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа “Уужим газар” ХХКомпанийн захирал Б-гээс үргэлжилсэн үйлдлээр буюу 2009 оны 1 сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, мөн сарын 12-ны өдөр 150000 төгрөг, мөн оны 2 сарын 05-ны өдөр 1200.000 төгрөг буву нийт 1550.000 төгрөг хээл хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар,

Шүүгдэгч Б-г 2009 оны 1 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд тус Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч М-д 2009 оны 1 сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2009 оны 1 сарын 12-ны өдөр 150000 төгрөг, 2009 оны 2 сарын 05-ны өдөр 1200.000 төгрөг буву нийт 1550.000 төгрөг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М, Б нар ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудсаар /хавтаст хэргийн 77, 201 дүгээр хуудас/ нотлогддож байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч М-ээс гэмт хэрэг үйлдэж олсон 1550.000 төгрөгийг гаргуулан улсы орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба 0-17 насны 3 хүүхэдтэй тул Монгол Улсын “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 7 сарын 9-ний өдрийн хуулийн 4 сарын зүйлийн 4.1.2-д заасан заалтыг хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М-ийг албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б-г албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар М-ийг Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгчийн албан тушаал эрхлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар М-ээс 1550.000 /нэг сая таван зуун тавин мянган төгрөг/ гаргуулан улсын орлого болгосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар М-д оногдуулсан цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгчээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Монгол Улсын “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 7 сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий анийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М, Б. нар цагдан хоригдсон хоноггүй, Б төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, М-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжжэг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ү.ТҮМЭНЖАРГАЛ