Хан-Уул дүүргийн шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-Уул дүүргийн шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр                                Дугаар 17                                 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Н.Нарантуяа, Д.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Нямсүрэн
Улсын яллагч: С.Энхбат
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Т.Урангэрэл, Ц.Монгол
Иргэдийн төлөөлөгч Х.Баатар, П.Жаргал, Л.Чимэдлхам нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар 207...

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн … овогт М, мөн хуулийн тусгай ангийн 270.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн … овогт Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2010 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. … овогт М: Монгол улсын иргэн, … оны … дугаар сарын …-ны өдөр …аймагт төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс, дөрвөд, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ … дүүргийн Замын Цагдаагийн тасагт тоо бүртгэгчээр ажиллаж байсан, ам бүл …, эхнэр хүүхдийн хамт … аймгийн … сум, … баг, … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн гэх /РД:…, ИҮ: …/
  2. …овогт Э: Монгол улсын иргэн, … оны … сарын …-ны өдөр … төрсөн, …настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл …, эхнэр, … хүүхдийн хамт …дүүргийн … хороо, …оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн гэх /РД: …, ИҮ: …/
Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М нь … дүүргийн Замын Цагдаагийн тасагт тоо бүртгэгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, 2006 оны 5-9 дүгээр саруудад сэлбэгээр оруулж ирэн, угсарсан Д-н 4 автомашинд гэрчилгээг гарган өгөхөөр урьдчилан амлаж, 2000000 төгрөгийг … дүүргийн Замын цагдаагийн тасагт ажлын байрандаа, Л-н 2 автомашинд гэрчилгээг гаргаж өгөхөөр урьдчилан амлаж 1000000 төгрөг, А-н 5 автомашинд гэрчилгээ гаргаж өгөхөөр урьдчилан амлаж 2500000 төгрөгийг, шунахай сэдэлтээр нийт 5500000 төгрөгийг удаа дараагийн давтан үйлдлээр Э-р, зуучлуулан, …дүүргийн … хорооны … тоотод өөрийн гэрт хээл хахууль авсан,
Шүүгдэгч Э нь Д-н 4 автомашинд гэрчилгээ гаргуулахаар 2006 оны 05 дугаар сард өгсөн 2000000 төгрөг, Л-н 2006 оны 9 дүгээр сард 2 автомашинд гэрчилгээ гаргуулахаар өгсөн 1000000 төгрөгийг, А-н 2006 оны 8-р сард 5 автомашинд гэрчилгээ гаргуулахаар өгсөн 2500000 төгрөг, нийт 5500000 төгрөгийг … дүүргийн Замын цагдаагийн тасагт тоо бүртгэгч М-д 3 удаагийн давтан үйлдлээр хээл хахуульд зуучлан өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ:
Яллах дүгнэлтэд бичигдсэн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Насанд хүрээгүй хүүхэдтэйгээ амьдардаг. Өөр харж хандах хүнгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ:
Яллах дүгнэлтэд бичигдсэн үйлдлүүд үнэн. Бөөрний архаг дутагдалтай тул биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд /яллагдагчаар/ М мэдүүлэхдээ:
…2006 оны 8 сард … нөгөө машины гэрчилгээ хийлгэх хүнтэй уулзъя гээд 32-ны тойргийн Говь-Түшээ ХХК-ний колонкийн тэнд очиж А-й уулзсан. Тэгээд 5 машиныг тус бүр 500000 төгрөгөөр гэрчилгээг гаргуулахаар тохирсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Э ах надад 1.5 сая төгрөгийг урьдчилан 5 машины арлын дугаар өнгө зэргийг манай /…/ төмөр замд байдаг гэрт авч ирж өгсөн. Хэд хоногийн дараа бичсэнээ санахгүй байна. 5 машины гэрчилгээг бичихэд А нь над руу утсаар яриад гэрчилгээгээ ажил дээр ирж аваад, үлдэгдэл 1 сая төгрөгийг өгсөн. Д гэх хүнийг энд шалгагдсан үеэс мэддэг болсон. Нэг хүний машины гэрчилгээ гаргуулах хэрэгтэй байна гэж Э хэлсэн. 2006 оны 6 дугаар сарын үед 4 машины арлын дугаар өнгө зэргийг бичсэн мэдээллийг 2 сая төгрөгийн хамт надад өгсөн. Тэгээд нэг машины гэрчилгээг нь гаргаж өгөөд 3-ыг нь гаргаж өгч чадаагүй. Л-й уулзаж байгаагүй. Э ах 2006 оны 9 дүгээр сарын 2 машины гэрчилгээ гаргаад өг гэсэн мэдээлэл бичсэн цаасны хамт 1 сая төгрөгийг өгсөн. Дээрх 2 машины гэрчилгээг гаргаж өгсөн гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд /яллагдагчаар/ Э мэдүүлэхдээ:
…2006 оны 6 дугаар сард Д гэх Да хүрээ зах дээр сэлбэг зардаг дагуу 4 машины гэрчилгээ гаргамаар байна. Замын цагдаад таньдаг хүн байна уу гэсэн. Тэгэхээр нь би болох хүн байгаа мөнгөөр хийдэг юм. Нэг машиныг 500000 төгрөгөөр гэрчилгээг нь хийж өгдөг шүү гэсэн. Тэгээд би 2 сая төгрөгийг мэдээлэл бичсэн цаастай М-д өгсөн. Гэрчилгээ гаргаж өгсөн улсын дугаар нь /…/ байсан. 2006 оны 8 дугаар сард В…сервисийн А-н найз гээд миний танил залуу зах дээр ирээд хэдэн машины гэрчилгээ гаргуулаад өг гэсэн. А хэд хоногийн дараа 5 машины арлын дугаар өнгө зэргийг бичсэн цаасны хамт 1.5 сая төгрөгийг надад М-д өгүүлэхээр В… сервисийн байран дээр өгсөн юм. Үүнийг би аваад тэр дор нь М-д төмөр замд байдаг гэрт нь аваачиж өгсөн. А нь дээрх 1.5 сая төгрөгийг урьдчилгаа гээд үлдэх сая төгрөгийг гэрчилгээ авахдаа М-д өгөхөөр тохирсон юм. Тэр М-й уулзахдаа 5 машиныг 1.5 сая төгрөгөөр хийлгэхээр анх ярьсан байсан. Би М-н утсыг өгөөд өөрөө яриад мөнгөө авчих гэж хэлсэн. 2006 оны 09 дүгээр сарын үед Да хүрээ зах дээр зогсдог Л гэх залуу 2 аксент машиныг зараар авлаа, гэрчилгээ гаргуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би 1 сая төгрөгийг … дүүргийн хаягтай иргэний үнэмлэх, арлын дугаар, өнгө зэргийг бичсэн цаасны хамт Монгол телевизийн байрны өмнө аваад М-д тэр өдөр нь төмөр замын гэрт нь аваачиж өгсөн юм. Тэгээд гэрчилгээг нь би М-с авч Л-д өгсөн…гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар А мэдүүлэхдээ:
…Миний бие автомашины наймаа эрхэлдэг бөгөөд хааяа бичиг баримтгүй машин зарна гэх зарлал захаар зарлагддаг байсан бөгөөд 2006 онд нийт бичиг баримтгүй 5 машин худалдан авсан. Авсан машинаа дахин засуулж янзалдаг бөгөөд энэ хоорондоо бичиг баримт авна гэж зарлал өгдөг байсан. Тэгээд Ц гэх залуу залгаад уулзалдаад танилцсан. Ц нь надад нэг онхолдсон машины бичиг баримт байна аа гээд тэр машины бичиг баримтан дээр уг машиныг оруулж өгье. Ер нь 350000 төгрөгөөр хийдэг надад 500000 төгрөг өгвөл хийгээд янзлаад өгье гэсэн. Тэгээд эхний машины бичиг баримтыг авахаар 500.000 төгрөгийг Ц-д өгсөн. Дандаа гадаа уулзалдаж мөнгийг өгч байсан. Иймэрхүү байдлаар Ц-й уулзаж нийт 2500000 төгрөгийг өгсөн. …дүүргийн ЗЦТ гэсэн тамгатай гэрчилгээг гаргаж өгдөг байсан. Уг 5 машины гэрчилгээг гаргаж өгөхдөө танихгүй хүний нэр дээр гаргаад өгдөг байсан бөгөөд машинаа зарахаар болохоороо надад мэдэгдээрэй би шилжүүлээд өгчихнө гэдэг байсан бөгөөд 5 машинаа зараад Ц-д хэлэхэд Ц гэрчилгээг аваад худалдаж авсан хүний нэг дээр шилжүүлээд өгдөг байсан….Би тоо бүртгэлд танилтай хүн байна даа гэж бодож байсан гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Д мэдүүлэхдээ:
…2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 500000 төгрөгийг Да хүрээ захын гадаа Э-д машинд нь өгөөд аксент маркийн автомашинд гэрчилгээ гаргуулсан. Үүний дараа 2006 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. 1 сая 500000 төгрөгийг 11 дүгээр хороололд машин дотор Э-д 3 машинд гэрчилгээ гаргуулахаар өгсөн юм. Энэ 3 машинд гэрчилгээ аваагүй, мөнгөө ч эргүүлж аваагүй байгаа. …Э …дүүргийн ЗЦТ-ийн М гэдэг хүнээр гаргуулдаг гэж сураг сонссон. Би өөрөө М-г танихгүй гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Л мэдүүлэхдээ:
…2006 оны 5 дугаар сард 1932 гэсэн зар сонин дээрээс аксент машин зарна гэсэн зарын дагуу нэг хүнтэй уулзаад 2 ширхэг аксент маркийн машиныг нийт 5 сая төгрөгөөр авсан. Тэгээд тэр машинуудаа зарах гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байсан болохоор нь өөрийн танил Ц гэдэг залуугаар дамжуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг …дүүргийн ЗЦТ дээрээс аваад уг 2 машинаа зарсан юм….Ц нь зах дээр машин зардаг бүтэн нэрийг нь Э гэдэг байх. Э нь М гэдэг хүнээр хийлгэсэн гэж байсан. …Би 2006 оны 9 дүгээр сарын эхээр Э ахад 1 сая төгрөгийг өгсөн. Э цаашаа хэнд дамжуулсныг мэдэхгүй гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О мэдүүлэхдээ:
2007 оны 3 дугаар сард над руу Д гэх хүн яриад таны нэр дээр байгаа машиныг шилжүүлээд өгөөч гэсэн….Уг машин нь … дугаартай аксент маркийн машин байсан. Уг машин нь Д гэх хүний машин байсан юм байна лээ. Миний ойлгож байгаагаар Д гэгч …дүүргийн ЗЦТ-т ажиллаж байсан М-р гэрчилгээ гаргуулахдаа миний нэр дээр гэрчилгээ гаргуулсан юм байна лээ. Яагаад миний нэр дээр тэр машины гэрчилгээ гаргасныг би мэдэхгүй байна. Миний бичиг баримт нөхөрт л явж байдаг. Д-н машин тэрэг шилжүүлэхэд нь Т-г гуйж өгсөн байж магадгүй гэж бодож байна. Д нь М-р мөнгө өгч гэрчилгээ гаргуулсан гэж надад хэлж байсан гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э мэдүүлэхдээ:
…2007 оны хавар Да хүрээ зах дээр зогсдог Г надтай уулзаад танай ах Э-н эхнэр О-н нэр дээр аксент маркийн машин байгаа үүнийг шилжүүлээд өгөөч, чи энэ талаар хэлээд өгөөч гэсэн…тэгээд Г эгчтэй уулзахаар явсан. Миний мэдэх зүйл ингээд л боллоо гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г мэдүүлэхдээ:
…2007 оны хавар 3 сарын орчим Д гэх сэлбэг зардаг нөхөр ирээд манай энэ ойролцоо О гэх нэртэй машин зарсан хүн байна, энэ хүнийг олмоор байна гэсэн. Тэгэхэд нь тэр нь орж ирсэн машин зардаг Э гэх хүний эгч нь болж таарсан. Тэгээд эгчтэй нь утсаар ярьсан бөгөөд болсон асуудын талаар хэлэхэд маргааш Цэцэг төв дээр ирээд утасд гэсэн. Тэгээд маргааш нь ирээд О-й уулзсан. Машин худалдан авах хүмүүс болон Д хамт явсан гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд Б мэдүүлэхдээ:
…урьд 2006 оны 6 дугаар сард Да хүрээ захаас Д гэдэг хүнээс 3.4 сая төгрөгөөр Аксент маркийн … улсын дугаартай машин авсан юм. Тэгээд унаж байгаад 2007 оны 3 дугаар сард өөр дээрээ шилжүүлсэн юм. Урьд нь О хамт нотариат дээр очоод худалдах худалдан авах гэрээ хийгээд шилжүүлгээ хийсэн. Тэгсэн арваад хоногийн дараа ЗЦГ-аас дуудаад уг машиныг хувийн хэрэггүй, бүртгэлгүй гэдгийг мэдсэн юм гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э мэдүүлэхдээ:
Би аксент маркийн /…/ улсын дугаартай машиныг 2006 оны 10 дугаар сард Да хүрээ зах дээрээс Б гэдэг хүнээс авсан. Гэрчилгээ нь Ц овогтой Б гэдэг хүний нэр дээр байсан намайг худалдаж авсны маргааш нь надад машин зарсан хүн …дүүргийн ЗЦТ дээр дуудаад тэгээд миний иргэний үнэмлэхийг авч ороод таньдаг хүн байгаа түүгээр хурдхан шиг шилжүүлье гэж хэлээд шилжүүлээд гарч ирсэн юм гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С мэдүүлэхдээ:
Би 2006 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр өөрийн нөхөр Б-н хамтаар Да хүрээ захаас ногоон өнгийн аксент машин … банкны лизингээр 4 сая төгрөгөөр нэг хүнээс худалдаж авсан. Тэгээд 2007 оны 4 дүгээр сард банкны зээлээ төлж дуусгаад тэгээд дараа нь нэр дээр шилжүүлэх гээд … дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр очсон. Машин бүртгэлгүй байна гээд бичиг баримтыг архиваас хайгаад олоогүй. Уг машиныг худалдаж авахад гэрчилгээ нь …дүүргийн … дугаар хороо … тоот Ч-н Т гэдэг хүний нэр дээр байсан. Тэр машин зарж байсан хүн банкин дээр мөнгө авах гэж авахдаа эхнэр рүүгээ яриад чи ирэхгүй бол болохгүй байна чиний нэр дээр гэрчилгээ гаргачихлаа гээд дуудаж байсан юм. Тэгээд авгай нь нэг машинтай дүү гээд эрэгтэй хүний хамт ирсэн юм.

… Машин зарж байсан хүн …дүүргийн ЗЦТ-ын нэг хүнтэй утсаар яриад байсан. Би тухайн үедээ …дүүргийн ЗЦТ-т таньдаг хүнтэй юм байна гэж бодож байсан юм гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т мэдүүлэхдээ:
…Манай холын хамаатны хүүхэд болох С овогтой Л машин оруулж ирсэн гээд таны нэр дээр гэрчилгээ авчихъя гээд миний иргэний үнэмлэхийг авч байсан юм. Яг ямар машин байсныг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хуурамч гэрчилгээнүүд зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч М нь …дүүргийн Замын Цагдаагийн тасагт тоо бүртгэгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, 2006 оны 5-9 дүгээр саруудад сэлбэгээр оруулж ирэн, угсарсан Д-н 4 автомашинд гэрчилгээг гарган өгөхөөр урьдчилан амлаж, 2000000 төгрөгийг …дүүргийн замын цагдаагийн тасагт ажлын байрандаа, Л-н 2 автомашинд гэрчилгээг гаргаж өгөхөөр урьдчилан амлаж 1000000 төгрөг, А-н 5 автомашинд гэрчилгээ гаргаж өгөхөөр урьдчилан амлаж 2500000 төгрөгийг, шунахай сэдэлтээр нийт 5500000 төгрөгийг удаа дараагийн давтан үйлдлээр Э-р зуучлуулан, …дүүргийн … хорооны … тоотод өөрийн гэрт хээл хахууль авсан,
Шүүгдэгч Э нь Д-н 4 автомашинд гэрчилгээ гаргуулахаар 2006 оны 05 дугаар сард өгсөн 2000000 төгрөг, Л-н 2006 оны 9 дүгээр сард 2 автомашинд гэрчилгээ гаргуулахаар өгсөн 1000000 төгрөгийг, А-н 2006 оны 8 дугаар сард 5 автомашинд гэрчилгээ гаргуулахаар өгсөн 2500000 төгрөг, нийт 5500000 төгрөгийг … дүүргийн Замын цагдаагийн тоо бүртгэгч М-д 3 удаагийн давтан үйлдлээр хээл хахуульд зуучлан өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч О, Э, Г, Б, Д.Э, С, Ч.Т нарын өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцаагдсан А, Д, Л, нарын мэдүүлгүүд, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурамч гэрчилгээнүүд, шинжээчийн … тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баимтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Э-г мөн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нотлох баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй байна.

Шүүгдэгч М-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 5500000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл болгон үзэв.

Шүүгдэгч М-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. … овогт М-г давтан үйлдлээр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж бусдаар дамжуулан хээл хахууль авсан, … овогт Э-г давтан үйлдлээр хээл хахууль өгч авахад зуучилсан гэмт хэрэгт тус тус буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар М-г 200000 / хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Мөн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар Э-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10 дахь хэсгүүдэд зааснаар М-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М-н цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар М-с гэмт хэрэг үйлдэж олсон 5500000 / таван сая таван зуун мянган/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 81 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргасугай.
  7. М-н эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд төлсөн 3000000 /гурван сая/ төгрөгийг Авлигатай тэмцэх газрын … тоот данснаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М-н эд хөрөнгө барьцаалах, Э-н бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М, Э нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ
ШҮҮГЧИД Д.БАТСУУРЬ
Н.НАРАНТУЯА