Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 113 дугаар цагаатгах тогтоол

A- A A+
Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 113 дугаар цагаатгах тогтоол
ЦАГААТГАХ ТОГТООЛ

2011 оны 03 сарын 10 өдөр                                       Дугаар 113                                          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Лувсандорж, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Д.Баяртогтох, Д.Баасандорж, Ж.Нарантуяа,
Нарийн бичгийн дарга Г.Энхтуяа,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Шүүгдэгч Б, өмгөөлөгч Дэмбэрэлдагва /ҮД:0-036/, Д.Нарангоо /ҮД:0-48/
Шүүгдэгч Д. өмгөөлөгч Б.Халзан /ҮД:0-034/
Шүүгдэгч У. өмгөөлөгч Б.Халзан /ҮД:0-034/

Гэрч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас … овогт Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, …овогт Д, … овогт У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210… дугаартай хэргийг 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын …-ны өдөр … аймгийн …суманд төрсөн, … настай, эмэгтэй, яс үндэс ард баяд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажилладаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, … дүүргийн МАХН-ын хорооны дарга, Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга зэрэг сонгуульт ажлыг эрхэлдэг, ам бүл …, нөхрийн хамт … хот, … дүүрэг, … хороолол, … хороо, … тоотод оршин суудаг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, Цагдаагийн гавьяа тэмдгээр тус тус шагнагдаж байсан, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, … овгийн Б /РД: …, ИҮ: УБ-…/

2.Монгол Улсын иргэн, … оны …дүгээр сарын …-ны өдөр … аймгийн …суманд төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “СТ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамтаар … хот, … дүүрэг, … дугаар хороо, … дугаар хороолол, … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, … овгийн Д /РД: УС60…, ИҮ:-07…/

Монгол Улсын иргэн, … оны … дүгээр сарын …-ны өдөр … хот, Налайх дүүрэгт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “СТ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо “Чингис хаан” дээд сургуульд багшилдаг, ам бүл …, нөхөр, хүүхдийн хамт … дүүргийн … дугаар хороо, … хороолол, … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, … овогт У /РД: КЮ71…/, ИҮ:-УБ04…/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б нь … дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Б А” гэх 4 га газрыг “Сити такси” ХХК-ийн эзэмшилд олгуулна, газар эзэмшлийн гэрчилгээг гаргаж өгнө” хэмээн урьдчилан амлаж, тус компанийн ерөнхий захирал Д- с бусдаар дамжуулан 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 000 /хорин мянга/ америк доллар буюу 23 427 800 /хорин гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга найман зуун/ төгрөг, 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 60 000 /жаран мянга/ америк доллар буюу 70 309 200 /далан сая гурван зуун есөн мянга хоёр зуу/ төгрөг, нийт 93 737 000 /ерэн гурван сая долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийн хээл хахууль авсан.

Яллагдагч Д, У нар нь … дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Б А” гэх 4 га газрыг “СТ” ХХК-ийн эзэмшилд авах зорилгоор …н дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б-д 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 000 /хорин мянга/ америк доллар буюу 23 427 800 /хорин гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга найман зуу/ төгрөг, 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 60 000 /жаран мянга/ америк доллар буюу 70 309 200 /далан сая гурван зуун есөн мянга хоёр зуу/ төгрөг, нийт 93 737 000 /ерэн гурван сая долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: М нь 2008 оны эхээр гэрчилгээ нь гараагүй байгаа Б А дахь 4 га газрыг би зарахаар ярьж тохироод захирамжийг гаргуулахаар бичиг баримтыг бэлэн болгосон тул та захирамжийг авч гэрээг хийлгэн 20 000 ам.доллар авч гэрээг нь газар худалдан авахаар тохирсон “СТ” ХХК-д өгч тус болооч, надад гэнэтийн яаралтай ажил гарсан учир хөдөө явах боллоо гэж гуйсан юм. Би захирамжийг Газрын албанаас авч улмаар давхцал байгаа үгүйг шалгуулаад газрын гэрчилгээг гэрээний хамт бичүүлж, уг баримтыг У-д өгч түүнээс 20 000 ам.доллар авч маргааш нь М-т өгсөн юм. Тухайн үед хүнд дамжуулан өгөх мөнгийг авч байгаа учир гарын үсгээ зурж өгсөн юм. Хэрэв хахууль авч байгаа бол би гарын үсэг зурах байсан уу гэдэгт дүгнэлт хийхийг хүсч байна. Түүнчлэн би газар олгох захирамж гаргах эрхтэй ч биш. Дүүргийн Засаг даргын 60 тоот захирамжийг нь авч гэрээ гэрчилгээг нь бичихэд оролцсон нь хүнд туслах гэсэн явдал юм. Иймд намайг хахууль аваагүй болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ” Би 2008 оны 02 дугаар сард “СТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Компанийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс газар худалдаж ав гэсэн үүрэг надад өгсөн юм. Би нягтлангийн хамт Зар сонин авч газар худалдах хүмүүстэй ярихад маш өндөр үнэ хэлж байсан бөгөөд М гэдэг залуу л БА-д 4 га газрыг 80 000 ам.доллараар зарна гэсэн нь хамгийн хямдхан үнэтэй газар байсан юм. М-н газрыг авах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж газрыг үзсэнээр түүний газрыг авахаар тохиролцсон бөгөөд гэрчилгээ авахдаа 20 000 ам.доллар өгч, дараа нь 60 000 ам.долларыг өгсөн юм. Дээрх мөнгийг У авч явсан бөгөөд би У-г М-т мөнгө өгч гэрчилгээ авсан гэж ойлгодог. Учир нь би М-й наймаа хийснээ ярьж түүний утсыг У-д өгч байсан юм. Би хэн нэгэнд хахууль өгөөгүй бөгөөд харин газар худалдан авсан болно. Манай улсад газрыг чөлөөтэй зардаг бөгөөд Зар сонинд газар худалдах зар байнга гардаг болно. Иймд надад хийсэн хэрэг байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У мэдүүлэхдээ: Манай компанид том хэмжээтэй газар хэрэгцээтэй болоод захирал бид хоёр Зар сонин их үзсэн. Тухайн үед газар зарах зарлал ч их гарч байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсчихсөн байсан юм. Тэгээд захирал нэг эрэгтэй хүнтэй утсаар ярьж, БА- д газар авахаар тохирсон. Тэр утсаар нь ярихад … дүүрэг дээр ирж уулз гэсэн юм. Дүүрэг дээр очоод М-й утсаар ярихад Иргэдийн хурлын даргатай уулз гэсэн. Би М гэдгийг нь надтай уулзаж болохгүй учраас энэ хүнээр дамжуулж байна гэж л ойлгосон. Б-й уулзахаас өмнө буюу 2008 оны 02 дугаар сарын 8-ны үед … дүүргийн Газрын албанд газар хүссэн албан бичгийг гэрчилгээний хамт аваачиж өгсөн юм. Би байгууллагын өмнөөс газар бусдаас худалдан авсан болохоос бусдад хээл хахууль өгчихсөн гэж бодохгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х мэдүүлэхдээ: Талийгаач М бид хоёр цагдаагийн курст хамт сурч байсан найз нөхдийн холбоотой мөн Б-й найз нөхдийн холбоотой юм. Б М нар манайд танилцсан юм. 2008 оны 2 дугаар сарын үед М над дээр ирээд найз нь газар зараад 20 цаасны ажил хийчихлээ, хоолонд оръё, зав байна уу гэсэн. Би ажил ихтэй байсан учраас амжихгүй байна, дараа болъё гэсэн. Би 20 сая төгрөг олсон юм байна гэж ойлгосон. М морь, газрын наймаа хийдэг гэж би ойлгодог. Мөн … дүүргийн Засаг дарга Л-г таньдаг байсан юм гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Л мэдүүлэхдээ /хх-448/

Тухайн үед би … дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Газартай холбогдсон захирамж гаргахдаа Газрын албаны дарга тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн захирамжийн төсөл боловсруулж саналаа өгч, дүүргийн хуулийн зөвлөхөөр хянуулж Засаг дарга дээр оруулж зөвшөөрөл авсны үндсэн дээр захирамж гаргуулдаг.

Б “СТ” компанид газар олгуулах талаар надаас гуйж байсныг санахгүй байна... Б-й хуйвалдаж газар олгосон асуудал огт байхгүй...

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б /хх-327/

Тухайн үед би … дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан... Б “СТ” ХХК-ийн талаар болон БА-д байрлалтай газартай холбоотой зүйл надтай ярилцаж байгаагүй... Ер нь бол захирамж гаргах эрх бүхий субъект нь Засаг дарга, харин мэргэжлийн туслалцаа үзүүлэх байгууллага нь Газрын алба байдаг. Би “СТ” ХХК-д газар яаж олгосон талаар санахгүй байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г мэдүүлэхдээ /хх-318/

Би “СТ” ХХК-д нягтлан бодогчоор 2006 оноос хойш ажиллаж байна. Би жирэмсний амралтаа 2007 оны 09 дүгээр сарын 01-нээс аваад 2008 оны 05 дугаар сарын 01-нд ажилдаа орж байсан, тэр үед ерөнхий нягтлан бодогч У манай компанид санхүүгийн шалгалт орох гэж байна баримтуудаа янзлах хэрэгтэй байна, энэ газар худалдан авсан зарлагын баримт байгаа юм, мөнгө хүлээн авсан хүнийх нь гарын үсгийн эх хувийг нь хойно хавсаргасан байгаа тэгэхээр чи энэ зарлагын баримтан дээр Б гэдэг хүний нэрийг биччих гээд надаар бичүүлсэн, яг хэдэн сарын хэдний өдөр тэгж бичүүлсэн болохыг санахгүй байна, мөн хэдэн төгрөгийн баримт байсныг ч одоо санахгүй байна, ямар ч байсан газар худалдан авсан мөнгөний баримт дээр мөнгө хүлээн авсан гэдэг хэсэг дээр Б гэдэг хүний нэрийг бичсэн. “СТ” ХХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 70 356 000 төгрөгийн зарлагын баримтанд мөнгө хүлээн авсан гэсэн хэсэгт “Б” гэдгийг би бичсэн миний бичиг мөн байна...

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б мэдүүлэхдээ /хх-319/

Одоогоос 2 жилийн өмнө өвөл байсан нэг орой /одоо сар, өдрийг нь нарийн санахгүй байна/ эхнэр дөнгөж ажлаасаа гэртээ ирээд байж байтал эхнэрийн гар утас руу нэг хүн залгасан, манай эхнэр түүнтэй ярьчихаад манай компани газар авч байгаа юм, түүний мөнгийг … ИТХ-ын дарга Б гэдэг хүнд хоёулаа аваачиж өгчихөөд ирье гэж намайг дагуулаад …дүгээр хорооллын … ар талын … дугаар байрны … билүү … дугаар орцны гадаа 19 цагийн үед очоод түүнийг утсаар дуудахад Б ганцаараа гарч ирээд миний машины арын суудалд суусан, тэгээд манай эхнэр 20.0 мянган ам.доллар тоолж өгсөн, тэр ч гэсэн өөрөө тоолж аваад гэртээ орсон, эмэгтэй хүн мөнгө төгрөгтэй болохоор нь би түүнийг орцонд нь оруулж өгөөд буцсан. Тухайн үед манай эхнэр намайг Б-д энэ манай нөхөр байгаа юм аа гэж машин дотор танилцуулж байсан...

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н мэдүүлэхдээ /хх-320/

2008 оны 02 билүү 03 дугаар сарын үед /сар, өдрийг нь нарийн санахгүй байна/
… ИТХ-ын дарга Б гэдэг хүний ажил дээр төрсөн дүү У-н хамт очихдоо харж байсан. У компанидаа газар худалдаж авч байгаа түүний мөнгийг өгөх гэж байгаа юм намайг яваад өгөөч гэж гуйгаад надаар миний машинаар хүргүүлж байсан. Доллар аваачиж өгч байсан. У хэлэхдээ 60.0 мянган ам.доллар өгч байгаа тухайгаа хэлж байсан. Б-ы ажлын өрөө нь дамждаг өрөө байсан бөгөөд өөрийнх нь өрөөний хаалга онгорхой байсан, үүдэнд нь суудаг нарийн бичиг нь байхгүй байсан, би яг өрөөнд нь ороогүй үүдэнд нь байсан Б намайг хараад юун хүн хамт явж байгаа юм бэ гэж У-с асууж байсан. Хаалга нь онгорхой байсан учраас Б-д У гялгар ууттай мөнгө өгөхийг би үүднээс нь харж байсан,У мөнгө өгөөд тоолохгүй юм уу гэж түүнээс асуухад мөнгө рүү харчихаад яах юм бэ гээд цаад руугаа тавьж байсан...

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж мэдүүлэхдээ:

… дүүргийн Иргэдийн хурлын дарга Б намайг дуудаж хэлж байсан. Тухайн үед надад захирамж үзүүлсэн болоод л захирамжийг харж байгаад гэрээ гэрчилгээг бичиж өгсөн... Б дарга хуулиар Газрын албанд хандаж шууд гэрээ гэрчилгээ бичүүлэх эрх байхгүй, үнэнийг хэлэхэд гэрээ гэрчилгээг Н дарга Б дарга хоёрын аль нь бичүүлснийг санахгүй байна...тухайн байгууллага нь хүсэлтээ Засаг даргад өгсөн байхыг үгүйсгэхгүй /хх-323/

...Ер нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгогддог, тухайн үеийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б даргатай холбоотойгоор “СТ” ХХК-д … дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэр БА-д 4.0 га газар олгогдсон байсан, захирамж шийдвэр гарсан байсан, уг захирамжийг тухайн үед Газрын албаны даргаар ажиллаж байсан Н-р дамжиж над дээр ирж би “СТ” ХХК-ийн газар эзэмших гэрээ, газар эзэмших гэрчилгээний хамт бичиж албаны даргад өгсөн, албаны дарга хянаж гарын үсэг зурж тамга, тэмдэг дарсан...Шууд Б даргаас тэр газрынх нь захирамж орж ирсэн /хх-325/
...”СТ” ХХК-д олгосон газартай холбогдуулж Газрын албаны дарга давхцал байгаа эсэхийг шалгуулсан. Иргэдийн хурлын дарга давхцал байгаа эсэхийг шалгуулахаар үүрэг өгч байсныг санахгүй байна...”СТ” ХХК-д олгосон газрын захирамжийг хэн хөөцөлдөж, хэрхэн гаргуулсан талаар би мэдэхгүй, би захирамж гаргах үйл ажиллагаанд оролцдоггүй...Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “СТ” ХХК-ийн газрын захирамжийг гаргуулсан эсэхийг би мэдэхгүй /хх-630/
Б сэжигтнээр байцаагдахдаа: Дүүргийн Засаг даргын 60 тоот захирамж гарсны дараа тухайн үед Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б өрөөндөө дуудаж уг газрын гэрээ, гэрчилгээг хийгээд өгөөрэй гэж хэлж байсан санагддаг /хх-455/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х мэдүүлэхдээ /хх-627/
Манай хажуугийн байранд байрладаг С компанийн тайланг гаргаж өгдөг “СТ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч У гэдэг эмэгтэйг би 2009 оноос хойш таньдаг юм. Тэр У нэг өдөр над дээр ирээд жаахан алгын чинээний цаасан дээр “/60.000+20.000/ ам.доллар хүлээн авав” гэсэн баримтыг баримтанд хавсаргах гэсэн юм гээд надаар батлуулсан, тухайн үед яагаад бүртгэлд аваагүй болохоо мэдэхгүй байна. Сүүлд 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр У-г ирэхэд нь бүртгэлийн дэвтэртээ би нөхөж бүртгэж авсан болно.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О мэдүүлэхдээ /хх-336/
2006 онд хуулийн зөвлөхийн ажил авахад дүүргийн Засаг дарга Н хавсралтаар иргэн, аж ахуйн нэгжид олгогдож байгаа газрын хувийн хэрэг, материалтай танилцаж байхаар зөвшөөрөл олгож бай гэсэн үүрэг өгч байсан, үүний дагуу 2006 оны эхний 2 сар бүхий л захирамжуудыг хянаж гаргаж эхэлтэл Газрын албаны дарга Н нь мэргэжилтнүүдтэйгээ хамт Засаг даргатай уулзаад манай алба бол таны дэргэдэх алба, танай ажлын албаны хуулийн зөвлөхөөр бүх материалыг хянуулахаар цаг их авч удаж, түүнээс болж иргэд ихээр бухимдаж байна. Иймд нэг бүрчлэн хянуулахгүй байя гэсэн асуудал тавьж шийдвэрлүүлж түүнээс хойш би нэг бүрчлэн хяналт тавихаа больсон. Шат дамжлагын тухайд эхлээд Газрын албаны мэргэжилтэн захирамжийнхаа төслийг бэлдээд захирамжийн зөвшөөрөл олгох хуудсыг хавсаргаж Газрын албаны дарга, Тамгын газрын хуулийн зөвлөх, Засаг даргын орлогч, хүний нөөцийн ажилтан зэргээр хянуулж, гарын үсгүүдийг зуруулж, Засаг дарга руу оруулж захирамжийн төсөл дээр гарын үсэг авч Тамгын газрын бичиг хэрэгт өгч бланкан дээр буулгуулдаг, үүнийг нэг бүрчлэн зохицуулсан дотоод журам, дүрэм байхгүй.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д мэдүүлэхдээ /хх-656/
Хамгийн гол нь зуслангийн зориулалтаар олгосон газар байсан, зуслангийн зориулалтын газар нь Газрын тухай хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 тоот тогтоолын дагуу иргэний ахуйн зориулалтад хамаардаг, тухайн компани ажилчиддаа зориулж зуслангийн зориулалтаар тухайн газрын авсан байна гэж үзээд Газрын тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу … дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж, олгосон байна гэж үзсэн. Газрын тухай хуулийн 29.1-д заасны дагуу газрыг иргэн болон гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй олгодог. Тэгэхээр газрыг олгоход Газрын тухай хуулийн 33.1.2 дугаар зүйл, Засгийн газрын 28 дугаар тогтоолыг баримтлах үндэсгүй байна гэж үзсэн. Мөн Газрын тухай хуулийн 29.1-д заасны дагуу газар олгоход газрын үнэлгээ хийхгүй.

Хуульд зааснаар газар эзэмшүүлэх, олгох захирамж, шийдвэр гаргах эрх нь тухайн шатны Засаг даргад олгогдсон байдаг. Түүний дагуу дүүргийн Засаг даргын 60 тоот захирамж гарсан байсан болохоор “СТ” ХХК-д БА-д 4.0 га газар олгосон асуудлаас үүдэн улсад шууд хохирол учирсан гэх үндэслэл байхгүй...

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н мэдүүлэхдээ /хх-329/

“СТ” ХХК-д БА гэдэг газарт олгосон 4 га газартай холбоотой баримтууд манай архивт байхгүй байна, яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна, уг нь тухайн байгууллагын газар олгохыг хүссэн хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, тухайн хүсч байгаа газрын кадастрын болон тойм зураг, түүнийх нь дагуу газар олгосон захирамж, гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зураг зэрэг баримтууд нь байх ёстой...

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х мэдүүлэхдээ /хх-330/

… дүүргийн Засаг даргын 60 тоот захирамжаар “СТ” ХХК-д олгогдсон газартай холбоотой бичиг баримт манай албаны архивт байхгүй байна, яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна, харин ганцхан 60 тоот захирамжийн нэг хувь нь тусдаа захирамжийн архивт хадгалаастай байсан. Архивт орж байгаа бичиг баримтыг 2008 онд нэг бүрчлэн бүртгэдэггүй байсан юм билээ, тэр бүртгэл дээр 60 тоот захирамжаар олгогдсон газартай холбоотой баримт бичиг архивт орсон гэсэн бүртгэл бичигдээгүй байсан. Архивт газар хүссэн өргөдөл болон албан бичиг, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, авч байгаа газрын байршлын тойм зураг, кадастрын зураг гэх мэт баримтууд байх ёстой, уг баримтуудыг тухайн хороог хариуцсан газар зохион байгуулагч нь архивт оруулах ёстой.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д мэдүүлэхдээ /хх-332/
Тухайн үед би архив, бичиг баримтыг хариуцаж ажиллаж байхдаа архивын бичиг баримтуудыг үдэж цэгцлээд явдагбайсан. “СТ” ХХК-д олгосон газартай холбоотой бичиг баримтуудыг архивт оруулсан... Тухайн бичиг баримтыг Б-с өгсөн байх. Харин архивт бичиг баримт оруулсан гэсэн бүртгэл хөтлөөгүй... “СТ” ХХК-ийн бичиг баримтууд байсан л санагдаад байна...

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр М-н нас барсны гэрчилгээ /хх-36/, 80.000 доллар гардуулан өгсөн гэх баримт /хх-276/, “СТ” ХХК-ийн албан бичиг /хх-282/, гэрч Н-н мэдүүлэг /хх-346/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-616/, гэрчүүдийн мэдүүлэг /хх-626/, хх-629, хх-624, хх-625, хх-345/, газар эзэмших гэрчилгээ /хх-268/, Авлигатай тэмцэх газарт явуулсан албан бичиг /хх-195/, “СТ” ХХК-ийн ТУЗ-ын мэдэгдэл /хх-446/, Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-474/, Д-г гүйцэтгэх захирлаар томилсон тушаал /хх-478/, У-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-567/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1072 дугаар нас баралтын бүртгэлийн лавлагаагаар М нь 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0381648 тоот албан бичигт “...криминалистикийн шинжилгээнд шинжилгээний объект, бусад шаардлагатай баримт материалыг эх хувиар нь ирүүлнэ... гэж заасан. Шинжилгээнд ирүүлсэн “60000+20000 ам.доллар хүлээн авав” гэсэн баримт нь эх хувиараа биш тул шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ /хх-347/

Шүүгдэгч Б, Д, У нарт холбогдох хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг мөрдөн байцаалтын шатанд авсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой гэж үзэв.

Яллах дүгнэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Б-г … дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн …дүгээр хорооны нутаг БА гэдэг газрыг “СТ” ХХК-ийн эзэмшилд олгуулна, газар эзэмшлийн гэрчилгээг гаргаж өгнө хэмээн урьдчилан амлаж, 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20.000 ам.доллар, 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 60.000 долларын хээл хахууль авсан гэж, Д, У нарыг “СТ” ХХК-ийн эзэмшилд тус дүүргийн …дүгээр хорооны БА-д 4 га газар авах зорилгоор 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20.000 ам.доллар, 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 60.000 ам.долларын хээл хахууль өгсөн гэж яллаж байна.

Шүүгдэгч Д, У нар нь “СТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр газар худалдан авах болж, зарын дагуу М-й утсаар холбогдон худалдаж авах газрын байршил болон худалдах үнийн талаар утсаар тохирсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Газрыг бусдын эзэмшилд олгох асуудал нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал бөгөөд “СТ” ХХК-ийн ажилчдын зусланд зориулан 4 га газрыг эзэмшүүлэх 60 тоот захирамжийг 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засаг дарга Л гаргасан байна. Дээрх захирамж гаргахад шүүгдэгч Б оролцсон, хүссэн, үүрэг болгосон болох нь гэрч Л, Б. нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын бусад ажиллагаагаар тогтоогдохгүй байна.

Д.Баярсайханы “Сити такси” ХХК-д газар эзэмшүүлэх 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 60 тоот захирамж гарсныг дүүргээс авч, гэрээ гэрчилгээг Газрын албаны мэргэжилтэн Ж.Батсайханаар гаргуулан бичиг баримтыг “Сити такси” ХХК-ийн нягтлан Н.Уянгад өгөхдөө 20.000 ам.доллар авсан болох нь шүүгдэгч Н.Уянга, Д.Баярсайхан нарын мэдүүлгээр тогтоогдов.

Шүүгдэгч Б дээрх үйлдлээ М-н хүссэний дагуу хийж, улмаар уг мөнгийг маргааш нь М-т өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд талийгч М нь 20.000 ам доллараар газар зарснаа гэрч Х-т хэлж байсан нь тогтоогдов.

Харин “СТ” ХХК-иас авсан 60.000 ам.долларыг У,Б-д өгсөн гэдэг боловч Б нь доорхи нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

-“СТ” ХХК-ийн санхүүгийн баримтанд 23427800 төгрөгийг 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр У авч 20.000 ам.доллар болгосон баримт хавсрагдсан атлаа 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 70309200 төгрөгийг доллараар сольсон баримт байхгүй,

-Зарлагын баримт дээр 80000 ам.доллар авсан Б гэж Б-р бичүүлсэн,

-Нотариатч Х. “алгын чинээ цаасан дээр бичсэн “60.000+20.000 ам.доллар хүлээн авлаа” гэсэн бичгийн хуулбарыг баталсан гэдэг боловч тухайн өдрийн бүртгэлд бүртгэгдээгүй нотариатын үйлдэл хууль зүйн дагуу явагдаагүй,

-Эх хувийг У алга болгосноос 60.000+гэснийг дараа нь нөхөж бичсэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй болсон,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У нь “60.000+20.000 ам.доллар хүлээлгэн өгсөн” гэж бичсэн цаасаа А4-ийн тал цаасан дээр бичүүлсэн гэдэг нь нотариатч Х-н “алгын чинээ цаас” гэсэн мэдүүлгээс зөрсөн байна.

-У нь мөрдөн байцаалтын эхний мэдүүлэгтээ Б, Х нартай 60.000 ам.доллар Б-д аваачиж өгсөн гэсэн атлаа дараагийн мэдүүлэгт төрсөн ах Ж-й аваачиж өгсөн гэж төрсөн ахаараа гэрчлүүлсэн нь 60.000 ам.долларыг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Шүүгдэгч Б-г “СТ” ХХК-д олгосон захирамжийн дагуу Газрын албаар гэрээ хийлгэж гэрчилгээ бичүүлсний төлөө 20.000 ам.долларын хахууль авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “СТ” ХХК-д газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гарснаар “СТ” ХХК газар эзэмших эрх үүсч байгаа бөгөөд гэрээ газрын гэрчилгээ олгох асуудал нь дүүргийн Газрын албаны хуулиар тогтоогдсон үүрэг бөгөөд захирамж гарсан байхад Газрын алба гэрээ хийхгүй байх буюу гэрчилгээг бичиж өгөхгүй байх эрхгүй болох нь гэрч Б, Ж нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч У, Д. нар “СТ” ХХК-ийн удирдлагын шийдвэрээр БА-д 4 га газар худалдан авахаар тохирч улмаар газар худалдан авахад зориулан банкнаас зээл авч, уг худалдан авсан газраа барьцаанд тавьсан байна. Байгууллагын тайлан тооцоонд газар худалдан авсан талаар тусгасан байна. Энэ үйлдэл нь Д, У нар “СТ” ХХК-ийн удирдлагын шийдвэрээр газар худалдаж авсан болохыг нотолж байна.

Иймд шүүгдэгч Д, У нарт БА дахь 4 га газрыг эзэмшилдээ авахаар бусдад хахууль өгсөн гэж ял шийтгэл оногдуулах объектив болон субъектив талын үндэслэл тогтоогдохгүй байна.

“Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Прокурорын газраас … овогт Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, … овогт Д, … овогт У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1., 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.1., 290.4., 295 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.3., 298., 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
  1. Нийслэлийн Прокурорын газраас … овогт Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, … овогт Д, … овогт У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
  2. Эрүүгийн 210… дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б нь 7 хоног цагдан хоригдсон, Д, У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
  3. 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Г-н … дүүргийн … дугаар хороо, … дугаар байрны .. тоот … талбайтай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
  4. Цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б, Д, У нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  6. Цагаатгах тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Д.ЛУВСАНДОРЖ
З.ДОРЖНАМЖИН