Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.

Тус зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог. Олон нийтийн зөвлөлийн 2009 онд томилогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон байна.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар шинээр томилогдсон гишүүдэд танилцуулж, Зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:

  1. Б.Амар. Зориг сан
  2. Р.Батсайхан. Нирум фильм студи
  3. Н.Дорждарь. Орлогын ажиглагч хүрээлэн
  4. М.Мөнхбат. МУИС-ийн Хууль зүйн сургууль
  5. Х.Наранжаргал. Глоб интэрнейшнл
  6. С.Насанжаргал. 25 дугаар суваг
  7. Б.Нямдорж. Өдрийн мэдээ ХХК
  8. М.Оюунчимэг. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
  9. Л.Сумати. Сант марал сан
  10. Л.Төр-Од. Транспаренси Интэрнейшнл Монгол
  11. Н.Урантогтох. Пи Ар боловсрол олгох төв
  12. М.Уламбадрах. Эн Ти Ви суваг
  13. Т.Хасбаатар. Үндэсний байгаль орчны хамтын ажиллагааны нийгэмлэг
  14. Д.Цэрэнжав. Ил тод байдал сан
  15. П.Эрдэнэжаргал. Нээлттэй нийгэм форум.

Авлигатай тэмцэх газрын удирдлага шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзан, тус газраас 2014 онд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны болон байгууллагынхаа талаар товч танилцуулж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.