Мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны үйл ажиллагааны тайлан

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 499 үйлдэлтэй 187 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 12.7 хувиар өссөн байна. 

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 70 буюу 26.4 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 25 буюу 9.4 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 19 буюу 7.2 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 1 буюу 0.4 хувь, хээл хахууль авах 22 буюу 8.3 хувь, хээл хахууль өгөх 20 буюу 7.5 хувь, хээл хахуульд зуучлах 8 буюу 3 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 6 буюу 2.2 хувь, хууль бусаар хөрөнгөжих 1 буюу 0.4 хувь, бусад 93 буюу 35.2 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 43 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 22.9 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 23.2 хувиар өссөн, 41 хэргийг буюу 21.9 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 19.5 хувиар өссөн, 30 хэргийг буюу 16 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 16.7 хувиар өссөн, 21 хэргийг буюу 11.2 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 13 хэргийг мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна. 

Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 39 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт нийт 400 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар өссөн байх бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 35 буюу 8.7 хувь, төрийн захиргааны албан хаагч 85 буюу 21.2 хувь, төрийн тусгай албан хаагч 46 буюу 11.5 хувь, төрийн үйлчилгээний албан хаагч 42 буюу 10.5 хувь, энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 192 буюу 48 хувь байна. 

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 33 шүүгдэгчид холбогдох 11 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, 26 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 12 шүүгдэгчийг хорих ялаар, 5 шүүгдэгчийг торгох ялаар, 1 шүүгдэгчийг баривчлах ялаар, 2 шүүгдэгчийг тодорхой ажил, албан тушаал эрхлэх эрхийг хасах нэмэгдэл ялаар шийтгэж хорих ял оногдуулсан 8 шүүгдэгчийн ялыг тэнссэн. Мөн 7 шүүгдэгчид холбогдох 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан байна. 

Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 85 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оноос 44.7 хувиар өссөн, 6.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн нь өмнөх оноос 50.7 хувиар, 17.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан нь өмнөх оноос 77.1 хувиар тус тус өссөн байна. 

Тайлангийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт нийт 970 гомдол, мэдээлэл хүлээн авсныг “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д бүртгэснээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 422 бүртгэгдсэн нь 2012 онтой 18.2 хувиар өссөн байна. 

Урьд оны үлдэгдэл 5 гомдол, мэдээлэл, шинээр хүлээн авсан 422 нийт 427 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 58 гомдол, мэдээлэл буюу 13.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.5 хувиар буурсан, 176 гомдол, мэдээлэл буюу 41.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар өссөн, 152 гомдол, мэдээлэл буюу 35.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 18.4 хувиар өссөн байна. Эрүүгийн хэрэг болон гомдол мэдээлэлд 6-г нэгтгэн шалгаж, ажиллагаанд 35 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 91.7 хувьтай байна. 

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулга, холбогдох байгууллага, салбараар авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 103 /үүнээс 68 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 35 нь ЗДТГ-ын үйл ажиллагаанд/, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 72 / үүнээс 17 нь цагдаа, 6 прокурор, 6 нь шүүх, 12 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 6 нь мэргэжлийн хяналт, 11 нь гааль, 7 нь татвар, 5 нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, 2 нь тагнуул/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 58 /үүнээс 27 нь боловсрол, 25 нь эмнэлэг, 6 нь улсын бүртгэлийн албанд/, газар, ашигт малтмалын салбарт хамаарах 23, яамдын үйл ажиллагаатай холбоотой 23, УИХ-ын гишүүнд холбоотой 4, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 51, банк санхүүгийн салбарт хамаарах 7, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 40, бусад байгууллагад хамаарах 46 тус тус эзэлсэн байна. 

Эдгээр гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр нь ангилвал бичгээр 332, утсаар 16, шуудангаар 47, интернетээр 2, биечлэн 29, факсаар 1 гомдол, мэдээлэл иржээ. 

Хүлээн авч, хянан үзсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, мөрдөн шалгасан эрүүгийн хэрэг, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэгт холбогдогсод болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний нөхөн төлүүлэлт 2012 онтой харьцуулахад өссөн байна.