Мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

Тайлангийн хугацаанд нийт 781 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 498 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 18.0 хувиар өссөн байна. 

Урьд оны үлдэгдэл 19 гомдол, мэдээлэл, шинээр хүлээн авсан 498 гомдол, нийт 517 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 89 гомдол, мэдээлэл буюу 17.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7 хувиар өссөн, 323 гомдол, мэдээлэл буюу 62.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувиар өссөн, 90 гомдол, мэдээлэл буюу 17.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 3 гомдол, мэдээллийг нэгтгэн шалгасан бөгөөд ажиллагаанд 12 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 97.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна.

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 322 буюу 62.3 хувь нь Улаанбаатар хотын, 195 буюу 37.7 хувь нь орон нутгийн харьяалалтай байна. 

Гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр нь авч үзвэл бичгээр буюу шуудангаар 307, утсаар 17, интернетээр 10, биечлэн 163 гомдол, мэдээлэл иржээ. 

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 598 холбогдогч, 721 үйлдэлтэй 239 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар өссөн байна. 

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал:

  • төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 58 буюу 24.3 хувь, 
  • төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 29 буюу 12.1 хувь, 
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 20 буюу 8.4 хувь, 
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 8 буюу 3.3 хувь, 
  • хээл хахууль авах 33 буюу 13.8 хувь, 
  • хээл хахууль өгөх 26 буюу 10.9 хувь, 
  • хээл хахуульд зуучлах 11 буюу 4.6 хувь, 
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 16 буюу 6.7 хувь, 
  • хууль бусаар хөрөнгөжих 1 буюу 0.4 хувь, 
  • мөнгө угаах 5 буюу 2.1 хувь, 
  • бусад хэрэг 32 буюу 13.4 хувийг эзэлж байна.

Зүйлчлэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 12 хэргээр буюу 17.1 хувиар буурсан, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 4 хэргээр буюу 16 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 1 хэргээр буюу 5.3 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 7 хэргээр, хээл хахууль авах 11 хэргээр буюу 50 хувь, хээл хахууль өгөх 6 хэргээр буюу 20 хувь, хээл хахууль зуучлах 3 хэргээр буюу 37.5 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 10 хэргээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 69 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 28.9 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.0 хувиар өссөн, 48 хэргийг буюу 20.1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан, 47 хэргийг буюу 19.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсөж, 19 хэргийг буюу 7.9 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 14 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, одоо 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт нийт 598 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.5 хувиар өссөн, хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл улс төрийн албан тушаалтан 45 буюу 7.5 хувь, төрийн захиргааны албан тушаалтан 141 буюу 23.6 хувь, төрийн тусгай 58 буюу 9.7 хувь, төрийн үйлчилгээний 48 буюу 8.0 хувь, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын албан тушаалтан 90 буюу 15.1 хувь, гадаадын иргэн 9 буюу 1.5 хувь, бусад 207 буюу 34.6 хувийг эзэлж байна.

Эрүүгийн хэрэгт шалгагдсан холбогдогч нарыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал төрийн улс төрийн албан тушаалтан 10 буюу 28.6 хувиар, төрийн захиргааны албан тушаалтан 56 буюу 65.9 хувиар, төрийн тусгай албан тушаалтан 12 буюу 26.1 хувиар, төрийн үйлчилгээний албан тушаалтан 6 буюу 14.3 хувиар тус тус өссөн байна. 

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 61 тэрбум 145.5 сая төгрөгийн хохирол учирснаас 4 тэрбум 858 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 17 тэрбум 355.7 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна. 

Анхан шатны шүүхээс 18.691.229.940 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан дүнтэй ажилласан байна.