Авлигатай тэмцэхэд олон нийтийн туслалцаа хэрэгтэй гэв /2007.06.06/

A- A A+
Авлигатай тэмцэхэд олон нийтийн туслалцаа хэрэгтэй гэв /2007.06.06/
Авлигатай тэмцэх газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Шинэ тутам байгуулагдсан тус газрын удирдлага сэтгүүлчдийг цуглуулсан нь тус байгууллагаас НҮБХХ-тэй хамтран хийсэн “Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” үндэсний бага хурлынхаа талаар ярилцах гэснийх байв. Уг бага хурлын үр дүнд таван зүйлийг хүлээж байгаагаа Б.Дангаасүрэн дарга ярьж байв. Албан тушаалтнуудын авлигаас урьдчилан сэргийлэх ойлголтыг нэмэгдүүлж, авлигыг үл тэвчих ухамсрыг бий болгох, авлигатай тэмцэх тухайд иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, авлигаас сэргийлэх ухамсрыг бий болгох талаар санал солилцох, Авлигатай тэмцэх шинэ хуулийн дагуу үндэсний хөтөлбөрийг шинээ боловсруулах, мөн үндэсний бага хурлаас гаргасан уриалгыг хүмүүст хүргэх нь чухал гэж онцолж байв. Уг уриалгыг төрийн байгууллагын албан хаагчид, иргэний нийгмийн байгууллага, нийт иргэдэд, хувийн хэвшлийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагад хэмээн хаяглажээ.

Мөн Б.Дангаасүрэн дарга шинэ тутам бүрэлдсэн хамт олон тун завгүй ажиллаж байгааг онцолж байлаа. Тэд хэдийгээр шинэ байрандаа ороогүй байгаа ч засварын ажил нь 50 хувьтай байгаа гэнэ. Мөн хүмүүсээс ирж буй мэдээлэл, өргөдөл, хүсэлт ч цөөнгүй байгаа юм байх. Тэрээр онцлохдоо “Биднийг мөрдөн шалгах ажил хийхгүй байгаа гэж хүмүүс шүүмжилж байгаа. Гэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуультай манай мөрдөн шалгах асуудал явж байгаа учраас энэ хууль бэлэн болтол бид мөрдөн шалгах ажлаа эхлэх боломжгүй байгаа юм. үүнийг хүмүүс ялгаж, салгаж ойлгоосой” гэж хүсч байв. Мөн ирж байгаа хүсэлт, гомдлын ихэнх нь хар сэр төдий зүйлүүд байдаг. Хамгийн гол нь өөрийн гарын үсэг, тухайн байгууллагын албан тамга, төлөөлөн буй хүний гарын үсэг байх нь ажлыг түргэн шуурхай хийхэд хэрэгтэй байгаа гэнэ. Түүнээс бус өс хонзон, хардлага сэрдлэгийн зорилготой хүсэлт ихээр ирж байгааг хүлээн авах боломжгүй гэж байв.

“Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цагтаа өгөөгүй эрх мэдэлтнүүдийг огцруулахаас эхлээд зохих журмын дагуу зэмийг нь хүртээх талаар хариуцах газруудад нь мэдэгдэнэ” гэсэн юм. Мөн олон улсын жишигт байдаг зарчмаар өндөр дээд албан тушаалтны байр, сууц, жилийн цалин орлого, хадгаламж, машин унааны өртөг гээд мэдээллүүдийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэх болно гэлээ. Ийнхүү Авлигатай тэмцэх газрынхан бага хурлаас гаргасан уриалгыг хүмүүст хүргэж өгөхийг сэтгүүлчдээс хүссэнээр хурал өндөрлөв.

“Өдрийн сонин”. №131