Хүнд суртлыг мэдээлэх утас ажиллуулж эхэллээ /2007.07.09/

A- A A+
Хүнд суртлыг мэдээлэх утас ажиллуулж эхэллээ /2007.07.09/
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын үйлчилгээний талаар иргэдээс мэдээлэл хүлээн авах 1977 утсыг ажиллуулж эхэллээ.

Иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй, бодитой бус төлбөр хураамж авахгүйгээр үйлчлэх, гаргасан шийдвэрээ олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх зэрэг зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын бүх төрийн байгууллагад хүргүүлсээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Төрийн байгууллагууд нээлттэй, ил тод ажиллах нь авлигыг хазаарлах эхний алхам болох тул уг зөвлөмжийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт ихээхэн хувь нэмэртэй билээ.

Тиймээс Авлигатай тэмцэх газар “Төрийн алба тунгалаг оршиход иргэн таны оролцоо хэрэгтэй” хэмээн уриалж, 1977 утсаар төрийн байгууллагын үйлчилгээний талаарх иргэдийн санал, гомдлыг хүлээн авч эхлэв. Иргэн танд үйлчилж байгаа төрийн байгууллага асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай аливаа мэдээллийг нууцалж байвал, хэн гэдэг албан тушаалтан ямар асуудлыг хэдийд гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа бол, танаас үндэслэлгүйгээр нэмэгдэл төлбөр нэхэж, хүнд суртал үнэртүүлбэл 1977 утсанд хандаж болох юм байна. Өөрөөр хэлбэл, таны үйлчлүүлэхийг хүссэн төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр нь нээлттэй бус, ажилтнууд нь асуудлыг шийдэхгүй хойш тавиад байвал Авлигатай тэмцэх газар руу мэдэгдэх шаардлагатай болжээ. 1977 нь энгийн утасны тарифаар үйлчилж байна.