Сургуулийн захирлуудыг авлигыг үл тэвчих үзэлтэн болголоо /2007.11.07/

A- A A+
Сургуулийн захирлуудыг авлигыг үл тэвчих үзэлтэн болголоо /2007.11.07/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад өчигдөр лекц уншжээ.

Авлигын мөн чанар, шалтгаан, үр нөлөөний талаар номын дуу сонсгосноор боловсролын байгууллага дахь шан харамж, хахуулийн асуудлаар сургуулийн захирлуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн авлигатай тэмцэгчид дээрх сургалтын үр дүнг дүгнэж байна.

Сургалтыг зохион байгуулагчид ирэх арванхоёрдугаар сарын 9-нд тохиох авлигатай тэмцэх олон улсын өдрөөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнханд авлигын асуудлаар нэг цагийн хөтөлбөрт хичээл зохион байгуулах, мөн “Би авлигатай ингэж тэмцэнэ”, “Авлига миний нүдээр” сэдэвт зохион бичлэгийн болон гар зургийн уралдаанд сурагчдыг идэвхтэй хамруулах зэрэг асуудлаар захирлуудтай зөвлөлджээ.

Дашрамд дурдахад, дээрх уралдаанд оролцох бүтээлийг хүлээн авах хугацааг оюутан, сурагчдын хүсэлтээр арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшлуулсан байна. Уралдааны тэргүүн байрын бүтээлийн шагналд иж бүрэн компьютер өгөх юм байна.

“Ардын эрх” сонин