Авлигын эсрэг драмын жүжиг тайзнаа тавина /2007.12.01/

A- A A+
Авлигын эсрэг драмын жүжиг тайзнаа тавина /2007.12.01/
Авлигатай тэмцэх газрын захиалгаар бүтэх драмын нэгэн шинэ жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Авлига гэгч зүйл элэг бүтэн нэгэн өрхийн амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлж, гэрийн эзэн авлигын төлөөсөнд халуун ам бүлээ, бас хувь заяагаа өгч байгааг “Төлөөс” хэмээх энэхүү жүжигт өгүүлэх юм. Төрийн байгууллагын захиалгаар бүтээж буй гэдэг утгаараа анхных, басхүү нийгмийн эмзэг асуудлыг хөндөн тавьж буй уг жүжгийг зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатар бичиж, Н.Наранбаатар найруулж байгаа аж. Жүжгийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, УДЭТ-ийн залуу жүжигчин Г.Эрдэнэбилэг, Д.Ганцэцэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нар тоглох юм. Авлигын хор хөнөөлийн талаар өгүүлэх эл жүжгийг төрийн албан хаагчдад үзүүлэхийг зорьж байгаа юм байна. Тэд энэ жүжгийг заавал үзэх ёстой гэдэг утга нь төрийн байгууллагын албан тушаалтнууд, төрийн албан хаагчид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нь нэг хэлбэр ажээ. Авлигатай тэмцэх газраас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад урилга хүргүүлээд байна.

Ирэх сарын 7-9-нд тохиох Авлигын эсрэг дэлхий нийтийн өдрөөр “Төлөөс” жүжгийг Хүүхдийн ордны тайзнаа талбих ажээ. Жүжгийн орлогоос асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулахаар төлөвлөж байна.