Уралдааны дүн гарлаа /2007.12.08/

A- A A+
Уралдааны дүн гарлаа /2007.12.08/
Авлигатай тэмцэх газраас оюутан, сурагчдын дунд зарласан “Би авлигатай ингэж тэмцэнэ” зохион бичлэгийн, “Авлига миний нүдээр” гар зургийн уралдааны дүн гарлаа. Уг уралдааныг зарлахдаа Монголд газар авсан авлига, шударга бус байдлын талаар ирээдүй хойч маань ямар бодол санаатай явдаг, нийгмийн хорт хавдар болсон энэ сөрөг үзэгдэлтэй хэрхэн тэмцэх хүүхэд залуусын илэрхийллийг олж харахыг гол зорилгоо болгожээ. Өөрөөр хэлбэл, авлигыг хүүхэд, залуусын нүдээр харахыг хүссэн юм.

Уралдаанд хот, хөдөөгийн хүүхдүүд, оюутан сурагчид тун идэвхтэй оролцсон гэж Авлигатай тэмцэх газар дүгнэж байна. Зохион бичлэгийн уралдаанд 318, гар зургийнхад 287 бүтээл ирүүлжээ. Эдгээр бүтээлүүдийг шалгаруулах комисс шүүн ариутгаад шагналтнуудыг тодрууллаа.

“Би авлигатай ингэж тэмцэнэ” зохион бичлэгийн уралдаанд Дархан-Уул аймгийн “Эрдэм хөтлөгч” дээд сургуулийн Р.Гантөгс тэргүүлж, иж бүрэн компьютерийн эзэн боллоо. Харин МУИС-ийн оюутан М.Мижиддорж хоёрдугаар байрт шалгарч, нэг жилийн сургалтын төлбөр гардах эрхтэй болов.

“Авлига миний нүдээр” гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуулийн сурагч М.Эрдэнэцэцэг гэрэл зургийн дижитал аппаратаар шагнуулж, хоёрдугаар байрын шагналтан “Ирээдүй” дунд сургуулийн сурагч Д.Дөлгөөн гадаад хэл үнэгүй суралцах эрхийн бичигтэй болов. Уралдааны гуравдугаар болон тусгай байрын шагналтнууд “Найрамдал” зуслангийн олон улсын ээлжинд амрах эрхийн бичиг, “Их тархи” цахим толь бичиг, Ipod, mp3 зэрэг үнэ бүхий зүйл гардан авлаа.