Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй 33 хүнийг ажлаас халжээ /2007.12.15/

A- A A+
Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй 33 хүнийг ажлаас халжээ /2007.12.15/
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд мэдүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан 33 албан тушаалтныг ажлаас халжээ.

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн холбогдох заалт, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж дууслаа. Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой 42096 хүнээс 40858 нь буюу 97.6 хувь нь мэдүүлсэн байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд нэг хүнээс бусад нь хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.

Харин төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа нийт 41844 мэдүүлэг гаргагчаас 39855 буюу 95.2 хувь нь хуулийн хугацаанд, 1602 буюу 3.8 хувь нь хугацаа хожимдуулж, 387 буюу 0.9 хувь нь хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй байна.

Хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан 33 хүнийг Авлигын эсрэг хуулийн дагуу ажлаас халж, Төрийн албаны тухай хууль болон Цэргийн дүрмийн холбогдох заалтыг үндэслэн 37 хүнд сарын цалинг 1-3 сараар бууруулах, 312 хүнд сануулах, 89 хүнд хатуу анхааруулах зэрэг арга хэмжээг аваад байна.