Монгол Улсын Ерөнхийлөгчид Авлигатай тэмцэх газрын дарга бараалхав /2008.01.08/

A- A A+
Монгол Улсын Ерөнхийлөгчид Авлигатай тэмцэх газрын дарга бараалхав /2008.01.08/
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа бараалхлаа. Тус албанд томилогдсонд нь Монгол Улсын Төрийн тэргүүн баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хүмүүст айдас хүйдэс төрүүлэх арга барилаар ажиллаж болохгүй. Гэхдээ гэмтэй л бол албан тушаалтан хэн ч бай хариуцлага тооцох нь чухал” гэдгийг онцолсон. Мөн олон нийтийн итгэл хүлээж, ард түмэнд үйл ажиллагааныхаа талаар зөв ойлголт өгч ажиллах, боловсон хүчнийг цаашид үргэлжлүүлэн сургалтад хамруулан мэргэшүүлэхийг Төрийн тэргүүн зөвлөв.

Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газарт ажиллах нөхцөл, боловсон хүчин бүрдсэн. Эрүүгийн хуульд заасан найман гэмт хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байхаар хуульд тусгагдсан. Энэ дагуу ажиллаж байна. Ачаалал ч багагүй байна. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй. Өнгөрсөн онд 20 орчим хүн гадаад, дотоодод богино хугацааны сургалтад хамрагдсан байгаа. Цаашид ч сургалтад хамруулж, ажилтнуудаа мэргэшүүлнэ” гээд төрийн итгэл найдвар, ард түмнийхээ хүлээлтийг биелүүлж ажиллахаа амлав.

“Өдрийн сонин”. №006