Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 60 хувьтай байна /2008.02.01/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 60 хувьтай байна /2008.02.01/
Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2008 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүртгэн хүлээн авах ажлыг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын явц 2008 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 60 хувьтай байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой байгууллага бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ажилд Сангийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, “Албанбулаг”, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс зэрэг байгууллагууд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрэн гаргуулж, холбогдох тайлан мэдээгээ Авлигатай тэмцэх газарт ирүүлээд байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтээ бүрэн бүртгэсэн дээрх байгууллагууд нь авлигын эсрэг явуулж буй төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай ажиллаж байгаагийн илрэл хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлж дуусахад 14 хоног үлдээд байгаа тул хуулийн хугацаанд багтаан Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээгээ ирүүлэхийг төрийн байгууллагуудаас уриалж байна.