НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч орнуудын Бага хурлын II чуулганд оролцов /2008.02.04/

A- A A+
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч орнуудын Бага хурлын II чуулганд оролцов /2008.02.04/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа тэргүүтэй төлөөлөгчид 2008 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Индонези улсын Денпасар хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч орнуудын Бага хурлын II чуулганд оролцоод ирлээ.

Дэлхийн 122 орон, 31 олон улсын байгууллага, 41 төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон чуулганы үйл ажиллагаа НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх болон авлигатай тэмцэх талаар улс орнууд ямар алхам хийв, авлигын эсрэг тэмцэхэд нэмэлт ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа, үүний дотор техникийн ямар туслалцаа шаардлагатай байгааг тодорхойлох, конвенцийн хэрэгжилтийн явцыг хянах механизмыг хөгжүүлэх, хууль бус үйлдлээр завшсан өмч хөрөнгийг буцаан авах талаар олон улсын хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулжээ.

Чуулганаар донор орнуудын үйл ажиллагааг зохицуулах тухай, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай байгаа техникийн туслалцааг тодорхойлох тухай, хөрөнгө буцаан авах асуудлаар шинжээч нарын зөвлөх ажлын хэсэг байгуулах тухай, Конвенцийн хэрэгжилтийн явцыг хянах тухай, хөрөнгө буцаан авах тухай, улс орнуудыг хууль тогтоомжоо Конвенцийн заалтуудтай нийцүүлэхийг уриалах тухай, III чуулганыг Катар Улсын Доха хотноо зохион байгуулах тухай зэрэг хэд хэдэн уриалга гаргасан байна.

2008 оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид дэлхийн 107 орон нэгдэн орж батламжилсан ба 140 орон уг Конвенцид гарын үсэг зураад байна.