Хүнд суртлын эсрэг иргэдийн санал, санаачилгыг Авлигатай тэмцэх газар дэмжиж байна /2008.03.23/

A- A A+
Хүнд суртлын эсрэг иргэдийн санал, санаачилгыг Авлигатай тэмцэх газар дэмжиж байна /2008.03.23/
Орхон аймагт он удаан жил үүрлэсэн “Эрдэнэт авлига” хэмээх хорт аалзны сүлжээг устгах, эрдэнэтчүүдийн эрх зөрчигдөх явдлын эсрэг тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг 6 төрийн бус байгууллага нэгдэж хамтын зөвлөл байгуулан “Авлигатай тэмцэх ажлыг хүнд сурталтан төрийн албан хаагчдын албан тасалгаанд оруулъя” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн ням гаригт зохион байгууллаа.

Орхон аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Үйлдвэрчний холбоо, Оюутны холбоо, “Түмний давалгаа”, JCI төрийн бус байгууллагууд хамтран 10 мянга гаруй иргэнийг хамруулсан санал асуулга явуулж, авлигад хамгийн их өртөмтгий байх магадлалтай төрийн байгууллагуудын жагсаалтыг гаргажээ.

Хамтын зөвлөл 3 дугаар сарын 23-ны өдрийг Авлигыг жигших өдөр болгон зарлаж, “Авлигатай тэмцэх ажлыг хүнд сурталтан төрийн албан хаагчдын албан тасалгаанд оруулъя” хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын дүнг танилцуулсан байна.

Авлигын нөхцөл, шалтгааныг бүрэлдүүлдэг хүнд сурталтай тэмцэх орон нутгийн иргэдийн санал, санаачилгыг өрнүүлсэн, төрийн үйлчилгээний чирэгдэлтэй үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг идэвхжүүлсэн энэхүү арга хэмжээг Авлигатай тэмцэх газар дэмжиж байна. Хэлэлцүүлэгт оролцсон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд “Авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн чирэгдэлтэй үйлчилгээний эсрэг орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг өндөржүүлэх шаардлагатай байна. Авлигатай хийх тэмцэл иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэггүйгээр үр дүнд хүрэхгүй. Иргэн нь төрөө жинхэнэ утгаар хянах цаг нь болсон. Бусад аймаг, сумдад үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэд үүнээс санаа аваасай” гэж хэллээ.