Хахууль авсан шүүгч, прокурор нарт ял оноолоо /2008.03.20/

A- A A+
Хахууль авсан шүүгч, прокурор нарт ял оноолоо /2008.03.20/
Авлига, албан тушаалын гэмт хэргийг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс мөрдөн шалгаж эхэлсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаанд үр дүн гарч эхэллээ.

Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан хүчиндэх гэмт хэргийн холбогдогч С.Пүрэвдорж нь үйлдсэн хэргээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Прокурорын газрын жолооч Б.Батдоржоор зуучлуулан 2007 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхтайван, тус аймгийн Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Эрдэнэбаатар, шүүгч С.Жаргал нарт 1.800.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн билээ.

Эхнэрийнхээ найз эмэгтэйг зодож, хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.2-т зааснаар хамгийн багаар бодоход 5 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх байсан яллагдагч С.Пүрэвдорж нь Прокурорын газрын жолооч Батдоржоор дамжуулан 2 шүүгчид болон улсын яллагчид мөнгө атгуулснаар шүүх хурал хойшлогдож, улмаар шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар тухайн үед эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой хэргийг хойшлуулж, 2006 оны 2 дугаар сарын 4-ний өдөр дахин шүүх хуралдааныг хийхдээ шүүх эмчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийн биед учруулсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-ээр зүйлчлэн шүүгчдэгч С.Пүрэвдоржид ашигтайгаар шийджээ.

Түүний өгсөн нийт 2.6 сая төгрөгөөс улсын яллагч 800.000 төгрөг, дээрх 2 шүүгчид тус бүр 500.000 төгрөг, зуучилсан этгээдэд 800.000 төгрөг ноогдсон бөгөөд хорих ял эдлэх ёстой С.Пүрэвдорж өөрөө тэнсэн харгалзах ял авснаар эрх чөлөөтэй үлдсэн байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон өөр нэг шүүгч гэрчээр байцаалт өгөхдөө “...хэргийг хойшлуулалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар ял шийтгэх боломжтой байсан, хэргийг эцэслэн шийдвэрлэх үед “тусгай санал гаргасан” талаараа мэдүүлжээ. Дээрх шүүх хурлын дараа хохирогчийг давж заалдахаар зохих шатны шүүхэд өргөдлөө өгөөд байхад улсын яллагчаар оролцож байсан прокурор Г.Энхтайван түүнийг загнаж, ямар ч үр дүнд хүрэхгүй хэмээн ятгаснаар өргөдлөө буцааж авахад хүргэсэн байна.

Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2008 оны 2 дугаар сарын 27-ны 87 тоот шийтгэх тогтоолоороо С.Пүрэвдоржийг албан тушаалтанд бусдаар дамжуулж, хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 269.1-т зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оноож, хяналтын прокурор Г.Энхтайван, шүүгч Т.Эрдэнэбаатар, С.Жаргал нарыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан үгсэн тохиролцож, бусдаар дамжуулан хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 268.1-т зааснаар прокурор болон шүүгч хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, тус бүрт 1 жил 6 сарын хорих ял оноожээ. Харин хээл хахууль өгч авахад зуучилсан Б.Батдоржийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэж хугацаа нь дууссан тул үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болсон байна.