Санхүүгийн ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж, шүүхээр шийдвэрлүүллээ /2008.03.26/

A- A A+
Санхүүгийн ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж, шүүхээр шийдвэрлүүллээ /2008.03.26/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ж.Галт, Ө.Ундараа нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм.

Мөрдөн байцаалтын явцад Ж.Галт, Ө.Ундараа нар нь “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн Нягтлан бодох хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тус үйлдвэрийн “Нийгмийн дэмжлэгийн сан”-гийн мөнгөн хөрөнгөнөөс 2006-2007 онд нийт 11.3 сая төгрөгийг хувьдаа авч ашигласан нь тогтоогджээ. “Эрдэнэт” үйлдвэрт учирсан онц их хэмжээний хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт холбогдогчдоос гаргуулж, нөхөн төлүүлсэн байна.

Харин дээрх этгээдүүд эрх мэдлээ ийнхүү урвуулан ашигласан гэмт үйлдлийнхээ төлөө Орхон аймгийн Сум дундын шүүхийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т заасан “төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан”-д буруутгагдан яллагдав. Шүүхээс Ж.Галтад 3 жил хорих болон нягтлан бодох эрхийг нь 1.6 жилээр хасах, харин энэ хэргийг хамтран үйлдсэн Ө.Ундараад 2 жилийн хорих ял тус тус оноосон байна.