Хээл хахууль авсан хил, гаалийн ажилтнуудад ял оноов /2008.04.28/

A- A A+
Хээл хахууль авсан хил, гаалийн ажилтнуудад ял оноов /2008.04.28/
Авлигатай тэмцэх газар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг гаргасан хил, гаалийн албаны улсын байцаагч нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг шалгаж, шүүхээр шийдвэрлүүллээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Н.Алтангэрэл нар БНХАУ-ын иргэн Булгаа гэгчээс хээл хахууль авч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн 2006 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр их хэмжээний чоно, зээр, ямаа, зэсийн баяжмал зэрэг 20 орчим сая төгрөгийн хуулиар хориглосон, хязгаарласан эд зүйлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Авлигатай тэмцэх газар харьяаллын дагуу 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шалгасан уг хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүх хянан хэлэлцээд яллагдагч С.Дамбажавт гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасч, 8 сая 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна. Түүнчлэн яллагдагч Н.Алтангэрэлийн тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жил 6 сараар хасч, 10 сая 600 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Учруулсан хохирлын хэмжээ ба хэрэгт холбогдогчийн их, багаар авлига, албан тушаалын гэмт хэргийг ялгаварлан авч үздэггүй бөгөөд хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан хэн ч авлигын гэмт үйлдлийг хийсэн, ийм сэдлийг бий болгосон нь шүүхээс ял оноох үндэслэл болдгийг Авлигатай тэмцэх газар онцлон тэмдэглэж байна.