Өвөрхангай аймгийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нуун дарагдуулжээ /2008.05.26/

A- A A+
Өвөрхангай аймгийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нуун дарагдуулжээ /2008.05.26/
Авлигатай тэмцэх газраас хрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу арга хэмжээ авах тухай албан бичгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгт, тус аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын дарга Л.Цэдэндамба нарт илгээлээ.

Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Б.Мөнхжаргал, Арвайхээр сумын Засаг дарга Т.Гончигдорж нар хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдлоо. Б.Мөнхжаргал нь 2007 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Авто тээврийн хэрэгсэл” хэсэгт өөрийн гэр бүлийн гишүүн, хүү М.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй “сузуки карри” маркийн 79-33 ӨВА автомашин, “Хадгаламж” хэсэгт Улаанбаатар банкин дахь өөрийн хадгаламж, 2006, 2007 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Хөрөнгө оруулалт, хувьцаа” хэсэгт гэр бүлийн гишүүн, хүүгийнхээ “Голден бриж” ХХК-ийг мэдүүлээгүй байна. Т.Гончигдорж нь 2007 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Авто тээврийн хэрэгсэл” хэсэгт өөрийн нэр дээр бүртгэлтэй “тоёота ландкруйзер” маркийн автомашин, 2006, 2007 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Хөрөнгө оруулалт, хувьцаа” хэсэгт эхнэр С.Энхжаргалын “Өнө хонгор” ХХК-ийг мэдүүлээгүй ажээ. Үүнийг Замын цагдаагийн газрын болон аймгийн Татварын хэлтсийн лавлагаа, дээрх компаниудын эрх зүйн баримт бичгүүд, мөн өөрсдийн нь өгсөн тайлбар зэргээр нотолжээ.

Авлигатай тэмцэх газраас хийж буй албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажил үргэлжилж байна.