Авлигатай тэмцэх газар, “Оллоо” хамтран “Монголд хэн шударга вэ?” санал асуулга авч эхэллээ/2008.09.16/

A- A A+
Авлигатай тэмцэх газар, “Оллоо” хамтран “Монголд хэн шударга вэ?” санал асуулга авч эхэллээ/2008.09.16/
Авлигатай тэмцэх газар, Монголын мэдээллийн нэгдсэн портал “Оллоо” сайттай хамтран “Монголд хэн шударга вэ?” санал асуулгыг өнөөдрөөс авч эхэллээ.

Жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр болгон зарласан билээ. Үүнтэй уялдуулан Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны шагнал”-ыг бий болгож, энэ өдөр гардуулж байхаар шийдвэрлэжээ. Авлигатай хийх тэмцэл нь хэн нэгнийг барьж хорьсноор хязгаарлагддаггүй бөгөөд нийгэмд шударга ёсны үнэ цэн, үлгэр дуурайллыг бий болгох зорилгоор “Шударга ёсны шагнал”-ыг санаачилсан юм байна.

Нэрнээсээ авахуулаад шагналын агуулга илэрхийлэгдэж буй учир олон нийтээс шударга хэмээн үнэлгээ авсан хүмүүсээр шалгаруулалтыг хийлгэх нь зүйтэй хэмээн уг үйл ажиллагааг зохион байгуулагчид үзсэн юм. Тиймээс “Монголд хэн шударга вэ?” санал асуулгаар Шагналын хороог бүрдүүлэхээр зорьж байна. Санал асуулгад МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын захирал С.Дэмбэрэл, сэтгүүлч Г.Золжаргал, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, иргэн Д.Ламжав, эдийн засагч Б.Лхагважав, хуульч С.Нарангэрэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, хуульч Х.Тэмүүжин, хуульч Б.Чимид нарын нэрийг зохион байгуулагчид дэвшүүллээ. Та өөрийн санал болгож буй хүний нэрийг сэтгэгдэл үлдээн дурдаж болно. Олон нийтээс хамгийн олон санал авсан 5 хүн “Шударга ёсны шагнал”-ыг олгох шийдвэрийг гаргах эрхтэй билээ.

Таны сонголт мэргэн байх болтугай.