Авлигатай тэмцэх газрын албан хаагчид баруун аймгуудад ажиллаж байна /2008.10.24/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид баруун аймгуудад ажиллаж байна /2008.10.24/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр баруун бүсийн аймгуудад ажиллаж байна. Томилолтын гурав дахь ээлж одоогоор Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаад байгаа бөгөөд энэ сарыг дуустал Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Архангай аймагт ажиллах юм. Тэд төвийн, зүүн бүсийн болон говийн аймгууд дахь томилолтоо дуусгаад байна.

Орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомж болон авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах талаар сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох, судалгаа авах зорилготой ажиллаж байна.

Мөн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ажилтнуудтай хамтран орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд зориулан авлигын эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх форум хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газар орон нутагт харьяа салбаргүй бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагааг аймаг, сумын ард иргэдэд нэгбүрчлэн хүргэх зорилгоор жил бүр албан хаагчдаа томилон ажиллуулдаг ажээ.