“Хахууль өгөхгүй” гэж хэлэх иргэд олширчээ /2008.11.27/

A- A A+
“Хахууль өгөхгүй” гэж хэлэх иргэд олширчээ /2008.11.27/
АНУ-ын Азийн сангаас үндэсний хэмжээнд явуулж буй авлигын түвшин тогтоох зургаа дахь удаагийн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ судалгааг 2006 оноос хагас жил тутамд явуулж байгаа юм. Монгол дахь авлигын түвшин, тохиолдол, цар хүрээ, иргэдийн хандлага, өөрчлөлтүүдийг уг судалгаагаар гаргадаг юм байна.

Монголчуудын дунд авлига өгөхгүй гэсэн хандлага давамгайлж байна. Энэ үзүүлэлтийг судалгааны багийнхан ихэд олзуурхаж байгаа ажээ.

“Хахууль нэхвэл Та яах вэ” гэсэн асуултад хахууль өгөхгүй гэж хариулах хүний хувь хэмжээ жил ирэх тусам өссөөр байна. Үүний эсрэг талд “мөнгө байвал хахууль өгнө” гэж хэлэх хүний тоо эрчимтэй буурч байгаа нь бас сайшаалтай. Анх судалгаанд оролцсон иргэдийн 45.7 хувь нь “мөнгө байвал хахууль өгнө” гэж хариулдаг байсан бол одоо энэ тоо 29.3 хувь болж буурчээ. Ерөнхийдөө хахууль нэхэх үйлдэлтэй тулгарвал монголчуудын дийлэнх олонх нь “хэвлэл, мэдээлэлд хандана”, “Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ”, “удирдлагадаа мэдэгдэнэ”, “тусламж хайна” гэх зэргээр хариулсан байна.

“Эндээс үзвэл олон нийт авлигыг үл тэвчих, жигших уур амьсгал нийгэмд бүрэлдэж эхэлжээ. Гэтэл 2007 оны 3 дугаар сард хийсэн авлигын түвшин тогтоох судалгааны дүнгээр ард иргэдийн 4/1 нь авлига бол асуудлыг шийдэх арга зам гэж үздэг байсан юм. Өөрөөр хэлбэл, тэр үед авлигыг хүлээн зөвшөөрөх уур амьсгал нийгэмд бүрэлдээд байлаа. 2007 оны 3 дугаар сард Монгол Улсад Авлигатай тэмцэх газар дөнгөж байгуулагдаад үйл ажиллагаа нь эхэлж байсан цаг үе гэдгийг санах хэрэгтэй. Харин одоо энэ байгууллагын үйл ажиллагаа жигдэрсэн, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь хамгийн идэвхтэй явагдаж байгаа, мөрдөн шалгах үйл ажиллагаа тодорхой байдлаар үр дүнгээ өгч байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан олон нийт “хахууль нэхвэл өгөхгүй” буюу түүнтэй ойролцоо хандлагыг илэрхийлдэг болжээ. Энэ нь Авлигатай тэмцэх газрын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны үр дүн гэж судалгааны багийнхан дүгнэж байна” гэж Азийн сангийн төслийн менежер Б.Даваасүрэн хэллээ.

Хамгийн анх буюу 2006 оны 3 дугаар сард авсан судалгаагаар иргэдийн 75 хувь нь “авлига ихэссэн” гэж хариулж байсан бол өдгөө ийнхүү үзэх хүний тоо 62 хувь болж буурчээ. Тэгэхээр авлигын тархалтын талаарх монголчуудын төсөөлөлд өөдрөг өнгө аяс харагдаж байна.

“Авлига хаана хамгийн их байна вэ” гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь газар, гааль, уул уурхай гэсэн салбарыг урьдын адил эхний гуравт нэрлэжээ. Тэдгээрийн дараа шүүгч, прокурор, улс төрийн намууд жагсав. Харин шашны болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн салбарыг авлигад бага өртсөн гэж тэд үзэж байна. Авлигатай тэмцэх газрыг авлигад хамгийн бага өртсөн гэж онцлон нэрлэжээ.