Хариуцлага тооцуулах саналаа хүргүүлэв/2009.03.03/

A- A A+
Хариуцлага тооцуулах саналаа хүргүүлэв/2009.03.03/
Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хүлээн авсантай холбогдуулан өнгөрсөн 7 хоногт зарим байгууллагуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц, мэдээ тайлангийн бодит байдалд хяналт тавих үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулав.

Уг арга хэмжээнд нийт төрийн захиргааны 9 байгууллага хамрагдсанаас Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин бүтцээр/ 18 албан тушаалтан шалтгаангүйгээр ХОМ-ээ бүртгүүлээгүй, 4 албан тушаалтан ХОМ-ээ хугацаа хожимдуулсан зөрчлийг илрүүллээ.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаандаа бүртгүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан нийт 22 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналаа Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын удирдлагуудад албан бичгээр хүргүүллээ.

Ашигт малтмалын газрын тосны газар, Газрын тосны газар зэрэг шинэ бүтэц зохион байгуулалтад орж байгаа агентлагуудад Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Авлигын эсрэг хуульд заасан байгууллага, албан тушаалтны нийтлэг үүргийн хэрэгжилт, авлигаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлууд, Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмж, сургалтын үр дүнд авч хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөсөн ажлыг шалгаж, үр дүнг тооцох, цаашид авлигад өртөмтгий эдгээр салбарт хүнд суртлын эсрэг хэрхэн арга хэмжээ авч үр дүнд хүргэх талаар санал боловсруулах Ажлын хэсэг зохион байгуулав.