Төрийн байгууллагыг хөндлөнгөөс хянах төрийн бус байгууллагын сүлжээ орон нутагт ажиллаж байна/2009.03.25/

A- A A+
Төрийн байгууллагыг хөндлөнгөөс хянах төрийн бус байгууллагын сүлжээ орон нутагт ажиллаж байна/2009.03.25/
Авлигатай тэмцэх газар орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Төрийн бус байгууллагын сүлжээг 2008 онд 21 аймагт байгуулсан. Төрийн бус байгууллагын сүлжээ нь авлигаас урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагааг төрийн байгууллагуудтай хамтран явуулах замаар авлига, хүнд суртлыг бууруулах, таслан зогсоох зорилгоор ажиллаж байгаа.

Зохион байгуулагдаад удаагүй байгаа ч Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж эхэлсэн Төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас тус сүлжээний ахлагч нарт авлигаас урдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна.
21 аймгийг гурван бүсэд хуваан, уг сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа юм.

Одоогоор төвийн болон зүүн бүсэд уг сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын үеэр Төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажил, ажлын явц, ахицын талаар ярилцлаа. Мөн аймгуудын төрийн бус байгууллагуудын сүлжээ Авлигатай тэмцэх газар болон Засаг даргатай байгуулсан гэрээний үр дүн, өөрчлөлт, ажлаа явуулахад учирч буй саад бэрхшээлийн талаар ч хэлэлцсэн байна.

Тухайлбал, уулзалт семинарын үеэр “Төрийн байгууллагад тавих хөндлөнгийн хяналт, үүрэг оролцоо” гэсэн мэдээллийг Булган, Орхон, Сүхбаатар, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн Төрийн бус байгууллагын сүлжээний ахлагч нар хийсэн нь бусад төрийн бус байгууллагуудын сүлжээдэд ажлаа таниулсан үр дүн болжээ.

Энэхүү уулзалт семинарын үеэр мөн “Орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэдэх авлигаас урдчилан сэргийлэх Орон тооны бус хөндлөнгийн зөвлөлийн үйл ажиллагааг Сүлжээний үйл ажиллагаатай уялдуулах нь”, “Төсвийн ил тод байдал, түүнийг хангахад төрийн бус байгууллагуудын үүрэг, оролцоо”, “Авлигатай тэмцэх, түүнээс урдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон улсын туршлага”, “Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих Иргэний нийгмийн хяналт, үүрэг оролцооны талаар гарсан ахиц өөрчлөлт, түүнийг зохицуулах арга зам” гэсэн сэдвээр уулзалт семинарт оролцогчдод Авлигатай тэмцэх газраас сургалт хийсэн байна. Энэхүү цугларалт уулзалт, семинар нь аймгуудын Төрийн бус байгууллагуудын сүлжээ санаачлан хийж, хэрэгжүүлж буй ажил, туршлагаа харилцан солилцсон үр дүнтэй ажил болжээ.

Дээрх уулзалт, семинарыг үлдсэн аймгууд буюу баруун бүсийн Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах юм.

Дашрамд дурдахад нэг аймагт гэхэд хамгийн бага нь 7, хамгийн их нь 27 төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй Төрийн бус байгууллагын сүлжээ ажиллаж байна.