АМГТХЭГ-ынхан улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайг “Хоосон” гэж дүгнэжээ/2009.04.01/

A- A A+
АМГТХЭГ-ынхан улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайг “Хоосон” гэж дүгнэжээ/2009.04.01/
22 албан тушаалтан нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй нь Ашигт малтмалын газар, Газрын тосны газарт /хуучин нэрээр Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар/ Авлигатай тэмцэх газраас шалгалт орох үндэслэл болж, хяналт шалгалтын ажил хийлээ. 22 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байхад юу ч болоогүй юм шиг амгалан “сууж” байдаг байгууллага Монголд тус агентлагаас өөр байхгүй.

22 албан тушаалтан нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүйгээс гадна “Ашигт малтмал, газрын тосны энэ салбарт авлига, хүнд суртал газар авсан, албан тушаалтнууд нь бусдад давуу байдал олгон мэдээллийг танил тал өөрийн компани аж ахуйн нэгжид өгдөг, ажилтан албан хаагчдыг томилж чөлөөлж байгаа энэ үед албан тушаалын наймаа, тал тохой татах асуудал ихээр мэдэгдэж байна” гэсэн мэдээлэл нийгэмд тархаад байгаа нь шалгалт хийх бас нэг үндэслэл болсон юм.

Авлига, хүнд суртлаа арилгах сонирхолгүй байна

Шалгалтаар тус агентлагуудад Авлигын эсрэг хуульд заасан байгууллага, албан тушаалтны нийтлэг үүргийн хэрэгжилт, авлигаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажил, авлигатай тэмцэх хөтөлбөр, төлөвлөгөө, АТГ-аас өгсөн зөвлөмж, сургалтын үр дүнд авч хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөсөн ажлыг шалгаж үр дүнг тооцон үзэхэд энэ чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ авч, ажил зохоин байгуулаагүй, өөрөөр хэлбэл энэ чиглэлийн ажил нь “0” үзүүлэлттэй байжээ. Энэ нь авлига, хүнд суртлаасаа салах дургүй, авлигатай тэмцэх хүсэл зориггүй байгаагийн илэрхийлэл болж байгаа гэхэд хилсдэхгүй юм. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэг бүхий байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, албан тушаалтны чиг үүрэг, эрх хэмжээ, үйлчилгээ үзүүлэх хугацаа, бүрдүүлэх шаардлагатай материал зэргийг агуулсан танилцуулгыг ард иргэдэд нээлттэй хүргэж байх үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид хялбар харагдахаар газар мэдээллийг байрлуулж, иргэдийг мэдээлэл чөлөөтэй авч байх боломжоор хангах ёстой гэсэн үг. Мөн иргэдийг хүлээн авч уулзах, цагийн хуваарь, уулзах ажилтны овог нэр, харилцах утсыг тодорхой бичиж, байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн самбарт болон вэб сайтад байрлуулах зэрэг нь иргэд төрийн байгууллагаар чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх нэг нөхцөл болдгийг эдүгээ манай төрийн байгууллагууд анзаарч, ийм ажлыг сайн зохион байгуулдаг болсон. Гэтэл энэ мэт наад захын ажил ашигт малтмал, газрын тосны салбарт туйлын хангалтгүй үзүүлэлттэй байна.

Агентлагийн зардлаар гадаадад УИХ-ын гишүүний хүүхэд суралцжээ

Үйлдвэр худалдааны сайдын долдугаар тушаалаар баталсан “Сургалтын дансны хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу АМГТХЭГ-ын Сургалтын сангаас санхүүжүүлэн БНХАУ, АНУ, ХБНГУ, ОХУ, Англи, Канад, Итали, Испани, Сингапур, Австрали улсад бакалавр, мастерын сургалтад иргэд, агентлагийн албан хаагчидтай “Урт хугацааны сургалтын гэрээ” байгуулан сургадаг аж. Урт хугацааны сургалтанд сурч буй оюутнуудын нэг жилийн төлбөрийн дээд хязгаарыг 16 мянган ам.доллараар тогтоожээ. Энэхүү урт хугацааны сургалттай холбоотой хэд хэдэн зөрчил хяналт шалгалтын үеэр илэрсэн байна.

Газрын тос, геологи, уул уурхай, төрийн захиргааны чиглэлээс бусад мэргэжлээр буюу социологч, англи хэл, түүх судлал, мэдээлэл зүй, эрх зүйч, аудит, олон улсын эдийн засаг зэрэг чиглэлээр 10 оюутныг сургасан байна. Энэ нь Үйлдвэр худалдааны сайдын баталсан “Сургалтын дансны хөрөнгийг зарцуулах журам”, АМГТХЭГ-ын Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, Сургалтын журмыг зөрчжээ.

Мөн сургалтанд УИХ-ын гишүүн, ҮХЯ-ны зарим албан тушаалтнуудын хүүхдүүд суралцаж байгаа нь дээрх журмуудыг зөрчин, оюутнуудыг ямар ч шалгаруулалтгүйгээр сонгодгийн илэрхийлэл буй за. Тухайлбал, УИХ-ын гишүүний хүүхэд, дүү, УИХ-ын гишүүдийн “хүсэлттэй” болон танил талаараа 19, ҮХЯ-ны албан хаагч, тэдгээрийн хүүхэд, ҮХЯ-ны хэлтэс газрын дарга, сайдын хүсэлттэй тав, АМГТХЭГ-ын албан тушаалтнуудын 28 хүүхэд тус агентлагуудын нэр дээр гадаадад суралцаж байна.

Цөөхөн баримт дурьдахад, ... газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Алтантөгсөд Вашингтон хотын Белливю Комюнити коллежид суралцуулахаар сургалтын төлбөр 16 мянган ам.доллар төлсөн боловч тэрээр одоог хүртэл энэ сургуульдаа суралцаагүй сургалтын төлбөрийн таван мянган ам.долларыг буцаан төлөөгүй байна. АМГТХЭГ-ийн нягтлан бодох бүртгэлд буцаан төлөгдөөгүй таван мянган ам.долларын авлагаа тусгаагүй байгаа нь хөрөнгийн зарцуулалтанд хийх дотоод хяналт хангалтгүй байгаагийн илэрхийлэл болох биз ээ.

мөн ҮХЯ-ны дэд сайд Я.Содбаатарын хүсэлтээр тус яамны нэг ажилтны охинд БНСУ-ын Сөүлийн Их сургуульд суралцах сургалтын зардалд нь зориулан 4000 ам.долларыг нэг удаагийн тусламж болгон хувийн харилцах дансанд шилжүүлсэн нь “Сургалтын дансны хөрөнгийг зарцуулах журам”-ыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.


Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ

АМГТХЭГ нь 2007 онд өөрийн орлогоос хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллахаас гуван тэрбум гаруй төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийг 59,7 хувиар хэтрүүлсэн байна.

Баримт дурдъя. Байгууллагад автомашин худалдан авахдаа ТӨХ-ноос зөвшөөрсөн автомашины тоо, хэмжээг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ. “Моннис интернэшнл” ХХК-иас гурав, “Бодь автоматив” ХХК-иас нэг автомашин авсан байгаа нь /“Бодь автоматив” ХХК нь тухайн үеийн АМГТХЭГ-ийн дарга Л.Болдын эзэмшлийн компани/ АМГТХЭГ-ийн батлагдсан төсвийг 408 сая орчим төгрөгөөр хэтрүүлэн зарцуулах үндэслэл болжээ.

Мөн АМГТХЭГ-ийн өгөгдлийн сангийн программ хангамжийг холбогдох компьютер, тоног төхөөрөмжтэй нь худалдан авах гэрээг ҮХЯ “MCS Electronics” ХХК-тай 2006 оны аравдугаар сард байгуулж төлбөр 61 сая гаруй төгрөг шилжүүлсэн ч энэ программ нь АМГТХЭГ-т ашиглагдаагүй, одоо ҮХЯ-нд байдаг аж. Дээрх худалдан авах ажиллагааг хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж нээлттэй тендер явуулаагүй байна.

Ашигт малтмалын нөөцтэй талбайг нөөцгүй болгож “илбэджээ”

Шалгалт хийх үед 48349243.264 га талбайд 5199 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байжээ. Үүнээс гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий 107 аж ахуйн нэгж 18 сая гаруй га талбайд ашиглалтын 194 ширхэг, 17 сая га хэмжээтэй талбайд 213 аж ахуйн нэгж хайгуулын 976 ширхэг тусгай зөвшөөрөл гэх мэтээр ихэнх нь хувийн эзэмшилд байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон стратегийн ач холбогдолтой орд газрын талбайд тусгай зөвшөөрөл олгосон байдлыг шалгахад, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж эрдэс баялаг нөөцийг нь тогтоож стратегийн орд газарт хамруулсан 15 орд газарт 73 тусгай зөвшөөрөл олгосноос 11 тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу сонгон шалгаруулалт зарлалгүй хууль зөрчин олгосон байна.

Хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрөл, эзэмшигч аж ахуйн нэгжийн талаар дурьдвал 2007 оны наймдугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Бүрэн хааны стратегийн орд газарт 12633, 12634, 12635, 12636,12637, дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “Талст маргад” ХХК-нд, 12119, 13643 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “Илчит эрдэс” ХХК нд, 12164 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алтай голд” ХХК нд, 11957 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “Дагачих” ХХК нд, 12225, 12226 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “МАК” ХХК нд, хууль бусаар олгожээ.

Мөн “Цантын Жим” ХХК-ний эзэмшиж байгаа хайгуулын 8501Х тусгай зөвшөөрөл төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан байхад 2008 оны аравдугаар сарын 20-нд АМГТХЭГ-ын дарга Билэгсахайн 535 тоот тушаалаар сэргээсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаас харахад тус байгууллагад авлига үүсэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Энэ бүх баримтаас гадна хамгийн ноцтой нь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж эрдэс баялагийн нөөцийг тогтоосон 568 орд газар байгаагаас нөөц тогтоогдсон 64 талбайг “нөөц тогтоогдоогүй” гэсэн хууль бус дүгнэлт гарган, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бүдүүн зүрхтэн тус салбарт байгаа юм. Тэр эрх мэдэлтэн нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, эрдэс баялагийн хуримтлалтай, хэтийн төлөвтэй, сонгон шалгаруулалтаар олгох 18 талбайг “ашигт малтмалын нөөцгүй” гэсэн дүгнэлт хууль бусаар гаргажээ.

Газар, хэлтсийн даргын албан тушаалын томилгоонд улс төрийн бүлэглэлүүд оролцдог жишиг тогтсон нууц биш

Ашигт малтмал, газрын тосны газар нь шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар бүрийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд улс төр эдийн засгийн бүлэглэлүүд тус газрын томилгооны асуудалд их бага хэмжээгээр оролцож өөрсдийн төлөөний хүмүүсээ томилуулдаг жишиг тогтсон нь нууц биш.

Тус агентлагийн газар хэлтсийн даргын албан тушаал нь ч үүнийг дагаад тодорхой үнэ ханштай болсон гэсэн явган яриа олоны дунд байдаг нь оргүй хоосноос үүдээгүй буй за.

Холбогдох яам нь, Засгийн газар энэ салбарыг анхаарлын төвдөө авч, зөв голдрилд нь оруулаасай

АТГ-ын ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээс цаашид ашигт малтмал, газрын тосны энэхүү салбарыг зөв голдрилд нь оруулахын тулд холбогдох яам нь, Засгийн газар анхаарлын төвдөө авч, нийгмийн хяналтад оруулахгүй бол болохгүй болжээ гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Алдаа дутагдлаа засч залруулах, ажлаа сайжруулж, шиг алба болохын тулд тухайн байгууллага ч гар хумхиж суухгүй бизээ.
Бодоод байхад ийм дампуу гэмээр байгууллага Монголд үүнээс өөр хэд байгаа бол. Энэ салбараар л төгсгөл болоосой гэж найдна.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг удирдаж байсан үе үеийн дарга нарын гаргасан ийм зохисгүй байдал яван явсаар 20 гаруй албан тушаалтан нь хөрөнгө орлогоо мэдүүлэх сонирхолгүй болох байдалд хүргэсэн ч байж мэднэ.

Ц.Эрдэнэцэцэг