Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудын талаар төрийн албаны зөвлөлд мэдээллээ/2009.04.03/

A- A A+
Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудын талаар төрийн албаны зөвлөлд мэдээллээ/2009.04.03/
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, ёс зүй, ил тод байдлыг тогтоох нэгдмэл чиг үүрэгтэй Авлигатай тэмцэх газар Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 1-нд Төрийн албаны зөвлөлийн даргын өрөөнд уулзалт хийлээ. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, тус газрын дэд дарга, Д.Сундуйсүрэн, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Өнөбаатар, Д.Батбаяр, ажлын албаны дарга Ц.Самбалхүндэв нарын албаны хүмүүс оролцов.

Уулзалтыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлсэн үгэндээ,
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлье.
Төрийн албаны зөвлөл нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газартай адил үүрэг хүлээсэн байгууллага. Төрийн албан тушаалтныг зоргоороо халж солих, улс төрийн хүрээллийн нөлөөгөөр туршлагатай хүмүүсийг солих явдал гарч, ингэж халаа сэлгээ хийснээр нөлөөллөөр гарч ирсэн тухайн удирдах албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгодог нь авлигын шинжийг агуулж байна. Хуульд заасан арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглаж, төрийн албыг горимынх нь дагуу явуулах шаардлагатай байна гэсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа,
-Ёс зүйгүй, шударга бус байдал, дур зоргоороо хийж буй халаа сэлгээний цаана авлига бий. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа төрийн албаны институциудыг уялдуулахад ач холбогдолтой. Энэ чиглэлээр Авлигатай тэмцэх газар үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллалана. Манай байгууллагын үндсэн чиг үүрэг нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, хянан шалгах, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил эрхлэх зэрэг юм. Нийгэмд шударга ёсыг тогтооход манай хоёр байгууллга тэргүүн эгнээнд байж, хамтран ажиллах боломж бүрийг ашиглах ёстой гэлээ.

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудын энэхүү уулзалт ярилцлагын үеэр удирдах албан тушаалынх нь төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг салбаруудыг нэрлэж байсан. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар гэх мэт гурван салбарт гэхэд удирдах албан тушаалтны томилгоо болоход тэрхүү албан тушаалын төлөө хамгийн багаар бодоход 20 хүн өрсөлддөг байхад, эсрэгээрээ Усны хэрэг эрхлэх газрын удирдах албан тушаалд хоёр, гурван хүн өрсөлддөг гэдгийг дурьдан, төрд, төрийн ажилд мэргэшсэн хүн авах шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.

Хоёр байгууллага Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм боловсруулах гэх зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд мөн нягт хамтран ажиллах хэрэгтэйг уулзалтад оролцогчид мөн онцлон тэмдэглэж байсан. Тухайлбал, Төрийн тусгай албадын ёс зүйн дүрмийг гаргах асуудлыг авч үзэх шаардлагатай” байгааг ярилцсан. Мөн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гарахгүй байгаа талаар ч уулзалтын үеэр хөндөж байсан юм.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын удирдлагуудын дээрх уулзалтын үр дүнд мөн хоёр байгууллага хамтран зарим нэг салбарт хяналт шалгалт хийх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Ийм шаардлага байгааг Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа онцлон тэмдэглэж, “Ашигт малтмалын болон Газрын тосны газрын 22 ажилтан 2008 оны хөрөнгө орлогоо мэдүүлээгүй. Ингэж албан тушаалтнууд нь олноороо хөрөнгө орлогоо мэдүүлээгүй салбар байхгүй. Иймээс төрийн албаны ёс зүйг хангах талаар тодорхой байгууллага дээр хамтарч ажиллая” гэсэн санал гаргав. Энэ саналыг Төрийн албаны зөвлөлийн дарга дэмжиж, зарим байгууллагыг онцгойлон сонгож, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна гэсэн.

Төрийн албыг ариун, тунгалаг байлгах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, ёс зүй, ил тод байдлыг тогтоох хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл цаашид хамтын ажиллагаагаа нягт уялдуулж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаар ийнхүү ярилцаж тогтлоо.