Хөрөнгө, орлогоо нуун дарагдуулж, худлаа мэдүүлсэн засаг дарга нартай ямар хариуцлага тооцох вэ?/2009.04.15/

A- A A+
Хөрөнгө, орлогоо нуун дарагдуулж, худлаа мэдүүлсэн засаг дарга нартай ямар хариуцлага тооцох вэ?/2009.04.15/
Авлигын эсрэг хуульд төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан зэрэг этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж заасан байдаг.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав, нийслэлийн Баянгол дүүргийн засаг дарга Л.Амгалан нар хөрөнгө орлогоо худлаа мэдүүлснийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулах тухай албан бичгийг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь хүргүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна.

Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлавын 2007, 2008 онуудад мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад, засаг дарга Ц.Жанлав нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, өөрийн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдийн талаар мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Иймээс Авлигын эсрэг хуульд заасан холбогдох арга хэмжээ тооцуулах тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон Дорнод аймгийн ИТХ-д хүргүүлсэн юм. Уг албан бичгийн хариуд, Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан тогтоол гаргаж, “Засаг даргыгаа огцруулахгүй” гэж шийдвэрлэсэн байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн энэхүү тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэн тогтоолыг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн Засаг даргын асуудлыг аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрлэх ёстой байтал зөвхөн ИТХ-ын тэргүүлэгч хэдхэн хүн шийдэж, тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм. Шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаарч хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн засаг даргатай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болох юм.

Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас Баянгол дүүргийн засаг дарга Л.Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаад, мөн худал мэдүүлснийг тогтоосон. Засаг дарга хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн энэ үйлдэлд нь Авлигын эсрэг хуульд зааснаар хариуцлага тооцуулах тухай албан бичгийг мөн Нийслэлийн засаг дарга болон дүүргийн ИТХ-д тавиад нэлээд хугацаа өнгөрч байгаа боловч ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм.

Хуульд заасны дагуу хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд ийнхүү хөрөнгө орлогоо дарж, худлаа мэдүүлсэнд ямар хариуцлага оногдуулах нь төр, захиргааны байгуллагын удирдлагуудын Авлигатай тэмцэх газарт ирүүлэх хариунаас харагдах юм. Мөн авлигатай тэмцэх, төрийн албанд шударга байдал тогтоох хүсэл сонирхолтой эсэх нь ч хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн дээрх нэр бүхий засаг дарга нартай ямар хариуцлага тооцохоос тодорхой харагдах биз ээ.

Хэдхэн хоногийн өмнө Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн авто замын газрын дарга Д.Батэрдэнэ, /бодит байдал дээр Д.Батмөнх/ хуурамч диплом, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ч.Сайханбаяр мөн хуурамч диплом ашиглан төрийн албанд, агентлагийн даргын албан тушаалд дэвшсэнийг илрүүлж, энэ нь төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйд хэрхэн нийцэж байгаад болон төрийн албаны шударга байдалд хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийж, хариу мэдэгдэхийг Нийслэлийн засаг даргаас хүссэн байсан.

Монголд шударга ёсыг тогтооход нийслэлийн засаг даргын гаргах шийдвэрүүд маш чухал хамааралтой байх нь дамжиггүй билээ.