Яам, агентлагууд авлига, хүнд сурталтайт тэмцэх ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн боловсрууллаа /2009.04.19/

A- A A+
Яам, агентлагууд авлига, хүнд сурталтайт тэмцэх ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн боловсрууллаа /2009.04.19/
Энэ сарын 17-18 ны өдрүүдэд бүх яам, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нар “Авлигын эсрэг ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, сайжруулах арга зам” сэдэвт семинарт оролцлоо.

Оролцогчид “Яамдын авлигаас урдчилан сэргийлэх дөрвөн тулгуурт ажлын төлөвлөгөөний санал” гэсэн баримт бичгийг боловсруулсан нь хоёр өдөр болсон семинарын үр дүн байв.

Өөрөөр хэлбэл, яам, агентлагуудын авлига, хүнд суртлыг арилгах, таслан зогсооход чиглэсэн ажлын төлөвлөгөөг яам, агентлагийн төрийн нарийн бичгийн дарга нар өөрсдөө боловсрууллаа. Боловсруулсан төлөвлөгөөгөө яам, агентлаг бүр өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулж хэрэгжүүлэх юм.

Семинарт оролцогчид төрийн албанд сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хууль баталж мөрдүүлэх, төрийн албан хаагчид шударга ёс зүйтэй байхыг холбогдох хуульд /Төрийн албаны тухай хууль/ тусгаж өгөх, яам агентлаг бүр өөрсдийн онцлог бүхий ёс зүйн дүрэмтэй болж, түүнийгээ мөрдөх, авлигад өртөх эрсдэлтэй ажил үйлчилгээ, түүнтэй холбоотой дүрэм журамд хяналт үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах, ажил үйлчилгээг цаг хугацааны хэмжүүртэй болгож, ил тод мэдээлэх, үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг цахим хэлбэрт оруулж, нээлттэй болгох, ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд шударга ёсны шалгуурыг тогтоох, төрийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчдийн зүгээс тухайн төрийн байгууллагын ажил үйлчилгээг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулах, ажилд авах, албан тушаал дэвшүүлэх үйл явцыг нээлттэй байлгах зэрэг олон санал санаачлагуудыг гаргаж, түүнийгээ авлигын эсрэг хийх ажлын төлөвлөгөөндөө тусгаж өгсөн.

Семинарын төгсгөлд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, семинар олон асуудлыг хөндсөн чухал ач холбогдолтой болсныг онцолсон. Тэрээр “Цаашид хийх ажлаа төлөвлөхөд, төрийн албаны ажлыг чанартай явуулахад энэхүү арга хэмжээ чухал боллоо” гэж онцлон тэмдэглэж байв.

Мөн семинарын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “Авлига, хүнд сурталтай тэмцэх чиглэлээр улс оронд нааштай ахиц дэвшлүүд гарч байна гэдгийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Яам, агентлагийн удирдах хүмүүс хоёр өдөр сургалт семинарт хамрагдсанаар цаашдынхаа зорилтыг тов тодорхой болголоо” гэж мэдэгдсэн.

Энэхүү семинарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар хамтран зохион байгуулсан юм.