НҮБ-ын шинжээчид Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилттэй танилцаж байна /2009.04.22/

A- A A+
НҮБ-ын шинжээчид Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилттэй танилцаж байна /2009.04.22/
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт манай улсад ямар түвшинд байгааг шалгаж, үнэлгээ өгөхөөр НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч Эрик Ларсон нарын таван шинжээч манай улсад дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн ажиллаж байна. Шинжээчид 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан бол дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Шүүх, прокурорын байгууллага, Гадаад хэргийн яам зэрэг байгууллагуудад ажиллав. Харин дөрөвдүгээр сарын 22-нд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байна.

Энэ оны эхээр манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаар өөрийн үнэлгээний мэдээллээ НҮБ-д явуулсан бөгөөд НҮБ-аас Монгол Улсыг Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх байдлаар 29 орноос дөрөвдүгээрт буюу манлайлах байдалтай байна гэж үнэлжээ. Энэ дагуу газар дээр нь шалгаж, үнэлгээ өгөхөөр НҮБ-ын шинжээчдийн бүрэлдэхүүн манай улсад ажиллаж байгаа юм.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг хянах аргыг 29 орон туршиж байгаа бөгөөд Монгол Улс эдгээр 29 орны нэг нь.
Тус конвенцийн хэрэгжилтийг хянах аргыг туршиж буй улс орнууд бие биендээ үнэлгээ өгч байгаа бөгөөд Швед, Пакистан улсын шинжээчид Конвенцийн Монгол Улс дахь хэрэгжилтэд үнэлгээ хийнэ. НҮБ-ын шинжээчдийн бүрэлдэхүүнд дээрх хоёр улсын шинжээчид багтжээ.

Түүнчлэн манай улсын шинжээчид Серби улс дахь Конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж буй юм.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенц нь аль ч улс оронд хэрэгжүүлж болох нийтлэг байдалтай бөгөөд үндэстэн дамнасан шинжтэй авлигыг таслан зогсооход чухал баримт бичиг юм.