Авлигатай тэмцэх газрын дарга нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт албан шаардлага хүргүүллээ /2009.04.30/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт албан шаардлага хүргүүллээ /2009.04.30/
Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Баянгол дүүргийн засаг дарга Л.Амгаланд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас 2009 оны 3 дугаар сарын 5-нд хотын захирагч Г.Мөнхбаярт 01/729 тоот албан бичиг хүргүүлсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн авто замын газрын даргын албан тушаалд Д.Бат-Эрдэнэ гэгч нэрээр томилогдон ажиллаж байгаа Дамжингийн Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад хуурамч диплом, иргэний хуурамч баримт бичигтэй нь тогтоогдсон тул холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцох тухай 06/1072 тоот албан бичгийг 2009 оны 4 сарын 9-ний өдөр хотын даргад хүргүүлсэн билээ.

Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан дээрх асуудлуудад хотын захирагч хариу ирүүлэх үүргээ биелүүлээгүй учир Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа дөрөвдүгээр сарын 30-нд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хууль хэрэгжүүлэх тухай албан шаардлага хүргүүллээ.

Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу авлигатай тэмцэх, авлигаас урдчилан сэргийлэх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, авлигатай тэмцэх хүсэл зориг гарган ажиллахыг Хотын даргаас шаардсан байна. Мөн өмнө хүргүүлсэн албан бичгүүдийн дагуу хууль зөрчсөн албан тушаалтнуудад /Нийслэлийн авто замын газрын дарга, Баянгол дүүргийн засаг дарга/ ямар арга хэмжээ авсан тухайгаа хариу мэдэгдэхийг шаарджээ.

Энэхүү албан шаардлагын хувийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн албаны зөвлөл, Иргэний нийгмийн зөвлөлд хүргүүлсэн байна.