Аймгийн засаг дарга, ИТХ-ын даргад зөвлөмж хүргүүлэв /2009.06.12/

A- A A+
Аймгийн засаг дарга, ИТХ-ын даргад зөвлөмж хүргүүлэв /2009.06.12/
Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний хооронд авлигаас урдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын дарга зөвлөмж хүргүүллээ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, аймаг болгонд ажиллаж байгаа Гэмт хэргээс урдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн дарга нарт хандан хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА, ГЭМТ ХЭРГЭЭС УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОРОН ТООНЫ БУС ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАР ТАНАА

1. Авлигаас урьдчилан сэргийлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн байгууллагуудын нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах талаар орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын Сүлжээтэй хамтран үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх;

2. Төрийн бус байгууллагуудын Сүлжээтэй хамтран ажиллах ажлыг аймгийн ЗДТГ-ын тодорхой ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгаж хариуцуулах

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын арваас доошгүй хувийг Сүлжээний үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилах;

4. Аймгийн Засаг даргын зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сүлжээний төлөөллийг оролцуулах;

5. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хүнд суртал, чирэгдлийн шалтгаан нөхцөлийн талаар судалгаа хийж, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;

6. Төр, захиргааны байгууллагын хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг байгууллагууд дээр зохион байгуулах, Сүлжээнээс гаргасан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэх;

7. Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын Сүлжээнээс санаачлан зохион байгуулж буй арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Сүлжээтэй харилцан мэдээлэл солилцох;

8. Авлига, хүнд суртлын эсрэг иргэн, төрийн бус байгууллагын байр суурийг илэрхийлсэн телевизийн цуврал нэвтрүүлгийг тогтмол явуулж, орон нутгийн сонин хэвлэлд “Авлига, хүнд суртлын эсрэг” сэдэвт нээлттэй буланг Сүлжээтэй хамтран ажиллуулаа

9. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр ашигтай байдлыг олон нийт хянах боломж нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлийн мэдээллийг Төрийн бус байгууллагын Сүлжээнд улирал бүр тогтмол өгч ажиллах;

10. Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлт болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнг хамтран хэлэлцэж Авлигатай тэмцэх газарт мэдээлж ажиллах.

2008 онд Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ энэхүү зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлснийг харгалзах үзэх аж.