Төрийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг баталлаа /2009.07.14/

A- A A+
Төрийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг баталлаа /2009.07.14/
Иргэд, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг ил тод, нээлттэй, шударга ажиллаж байна уу гэдгийг илтгэх үзүүлэлтийг баталлаа. Төрийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийн төслийг Авлигатай тэмцэх газраас санаачлан боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын энэ оны 143 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэлт”-ийг баталлаа.

Төрийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэлт батлагдсанаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтэд хэрхэн нээлттэй, ил тод болгосныг үнэлэх боломж бүрдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Төрийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэлт”-ийг хэрэгжүүлснээр ямар байгууллага хамгийн ил тод, нээлттэй ажилласныг олон нийтэд зарлан мэдээлэх боломж бүрдэх юм.

Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг батлах тухай Засгийн газрын тогтоол болон Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009.5.14                                                            Дугаар 143                                                 Улаанбаатар хот

Ил тод байдлыг илтгэх шалгуур
үзүүлэлт батлах тухай

Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Засгийн газрын агентлагийн дарга болон Засаг дарга нартай байгуулах үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуур болгон дүгнэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.


                             Монгол Улсын Ерөнхий сайд                       С.Баяр

                             Монгол Улсын сайд,
                             Засгийн газрын хэрэг
                             эрхлэх газрын дарга                                   Б.Долгор