Авлигатай тэмцэгчид Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын бусад байгууллагад хамгийн их мэдэгдэл хүргүүлжээ

A- A A+
Авлигатай тэмцэгчид Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын бусад байгууллагад хамгийн их мэдэгдэл хүргүүлжээ
- Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мөрдөн байцаагч мэдэгдэл бичдэг -
Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа хэргийн дийлэнх нь төрийн шат шатны байгууллагын эрх мэдэл бүхий дарга, албан тушаалтнуудтай холбоотой байдаг. Тэр ч утгаараа тус газрын мөрдөн байцаагчид төрийн байгууллагуудад хамгийн их мэдэгдэл бичжээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоомогц мөрдөн байцаагч тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар зохих хуулийн этгээдэд буюу холбогдох албан тушаалтны нэр дээр мэдэгдэл бичдэг. Авлигатай тэмцэх газар 2008 онд 50 байгууллагад, харин 2009 оны эхний хагас жилд 29 байгууллагад мэдэгдэл өгсөн байна.

Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн салбар байгууллагыг Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын бусад байгууллагууд тэргүүлжээ. Энэ үзүүлэлт нь дээрх салбарт Авлигатай тэмцэх газарт хуулиар харъяалуулсан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, хээл хахууль авсан, өгсөн, хээл хахуул авах, өгөхөд зуучилсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх зэрэг эрүүгийн гэмт хэрэг хамгийн их гарсанг илтгэж байгаа юм.

Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн байгууллагуудыг тоон үзүүлэлтээр авч үзвэл:
Бүх шатны засаг даргад буюу Дорнод, Дархан-Уул аймгийн засаг даргад тус бүр хоёр удаа, Сэлэнгэ, Архангай аймгийн төрийн сангийн даргад, Орхон аймгийн засаг даргад, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын засаг даргад тус бүр нэг, нийт 7 мэдэгдэл бичжээ.

Төрийн захиргааны төв байгууллагад буюу Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Үйлдвэр худалдааны яам, Эрүүл мэндийн яаманд тус бүр нэг, нийт 3 мэдэгдэл өгсөн байна.

Улсын их хурлын байгууллагад буюу Монгол банкинд 1 мэдэгдэл хүргүүлжээ.

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын бусад байгууллагад хамгийн их буюу 20 мэдэгдэл өгсөн байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төвд тус бүр 1-4 удаа мэдэгдэл хүргүүлжээ.

Засаг даргын агентлаг буюу орон нутаг дахь төрийн байгууллагад 9 мэдэгдэл хүргүүлсэн байна. тухайлбал, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн газрын алба, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн татварын хэлтэс, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст нэг нэг удаа мэдэгдэл өгчээ.

Төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар буюу Улаанбаатар дулааны сүлжээ ХХК, Тээвэр ачлал ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК-д тус бүр нэг удаа мэдэгдэл өгсөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага буюу Кашемир файн ази, Номин холдинг, ХХК, Капитал банк, Говь, Монгол системз ХХК-д тус бүр нэг удаа мэдэгдэл өгчээ.

Төрийн өмчийн боловсролын байгууллагад буюу МУИС-ийн захиргаанд нэг мэдэгдэл өгсөн байна.

Мөрдөн байцаагчийн мэдэгдэл авсан дээрх 50 байгууллагын 48 нь мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авснаа, гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, цаашид гэмт гаргуулахгүй байх талаар ямар ажил зохион байгуулж байгаа талаараа хариу мэдэгдсэн бол Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн өвчин судлал эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв гэсэн хоёр байгууллага огт хариу ирүүлээгүй байна.

Мэдэгдэлд хариу ирүүлээгүй албан тушаалтанд Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2-т зааснаар 25-40 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ тооцдог бөгөөд энэ шийтгэлийг шүүгч, эсвэл цагдаагийн байгууллагын ажилтан хүлээлгэдэг гэдгийг дашрамд тэмдэглэх хэрэгтэй.

Мөрдөн байцаагчийн хүргүүлсэн мэдэгдлийн агуулгаас үзэхэд, бүх шатны төрийн албаныхан хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй, дээд албан тушаалтны гаргасан хууль ёсны бус шийдвэрийг доод албан тушаалтнууд нь биелүүлдэг, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан тушаалтан хүнд сурталтай, шударга бус байдал буюу хувийн сонирхолд автан танил танилдаа үйлчилдэг, он дамжсан өр авлагатай, шинээр ажилтан авахдаа танил талаасаа сонгож авдаг, залуу боловсон хүчнийг дадлагажуулах болон давтан сургалт зохион байгуулдаггүй, ажилтнууд нь байгууллагын дотоод дүрэм журамаа мэддэггүй, хууль ёсны ажлаа хийж гүйцэтгэсний төлөө иргэн байгууллагаас хөнгөлөлт эдэлдэг, шан харамж авдаг, төсвөөс гадуур данс нээдэг, хууль хяналтын байгууллагын акт дүгнэлтийг биелүүлж хэрэгжүүлдэггүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал байдгаас болж эрүүгийн гэмт хэрэг гарах орчин нөхцөл бүрддэг аж.

Мөрдөн байцаагч мэдэгдэлд тухайн байгууллага хариуг өгснөөр гэмт хэргийн шалттгаан нөхцөл арилсанд тооцчихдог уу гэвэл тийм биш. Авлиагтай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд тухайн байгууллагад очиж, мөрдөн байцаагчийн мэдэгдэлд заасан зөрчил дутагдлыг арилгасан эсэх, мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авсан болох, ажил үйлчилгээгээ сайжруулж уу гэдгийг газар дээр нь шалгаж, танилцдаг.

Г.Буяндорж онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн нь Дархан-Уул аймгийн Тавтарын хэлтсийн байцаагчдын ажилдаа хайхрамжгүй хандсанаас болжээ

“Мөрдөн байцаалтаар “Дамонтрейд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь харъяалагдах татварын хэлтэст гаргаж өгөх ёстой Онцгой албан татварын тайланд тусгалгүй 78025 шил архины 233 сая төгрөгийн онцгой албан татвар, 43 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдлоо. Дээрх гэмт хэрэг гарахад татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 23.1-д заасны дагуу татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн хуулийн 24.1-д заасны дагуу татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар гаргуулж авах зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцсан аж ахуйн нэгжид тавих хяналтаа сулруулсан, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд татварын тайлангаа үнэн зөв гаргаж байгаа эсэхэд нь хяналт тавьдаггүй, тухай бүр хянаж шалгадаггүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан татварын тайланд тусгагдаагүй архи олгогдож байхад Татварын хэлтэс нь мэдээгүй, төрийн байгууллагын ажлын уялдаа холбоогүй зэрэг байдлууд энэ хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна. Иймд татварын улсын байцаагч нарын хяналт, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, татварын хэлтэстэй харилцдаг аж ахуйн нэгжүүдэд энэ төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байх талаар тодорхой ажил зохиож, холбогдох арга хэмжээг авч, хариуг ирүүлнэ үү“ гэж Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Даваасүрэнгийн нэр дээр мөрдөн байцаагч мэдэгдэл бичжээ.

Дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш сарын дараа Дархан –Уул аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Даваасүрэн “Ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэгтээ хариуцлагатай хандахгүй бол татвар төлөгчдөд ихээхэн хэмжээний хохирол учирч, эрсдэлд орж болзошгүйг бүх байцаагч нартаа анхааруулж, хариуцсан аж ахуйн нэгжүүддээ тавих хяналтаа сайжруулахыг үүрэг болгосон. Мөн тасагт онцгой албан татварыг дагнан хариуцсан татварын улсын байцаагчийг томилж ажиллуулав... гэсэн хариуг ирүүлжээ”.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйл

190.1 Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоомогц хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж, хуулбарыг хэрэгт нь хавсаргана.

190.2 Хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, нэг сарын дотор тэр тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй.

Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хуулиас

9 дүгээр зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи аж аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг

9.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

9.1.1.байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах;

9.1.2.ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах.

9.2.Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.

23 дугаар зүйл.Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийн 9.1 -д заасныг зөрчсөн бол уг ажлыг хариуцсан албан тушаалтанд түүний дээд шатны байгууллагын эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.

23.2.Энэ хуулийн 9.2 -т заасныг зөрчсөн албан тушаалтныг 25000-40000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэлийг тухайн зөрчлийг шалгаж илрүүлсэн байгууллага, албан тушаалтны хүсэлтээр шүүгч, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан ногдуулна.