Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан хаагчдыг ажлаас нь түдгэлзүүлжээ/2009.09.07/

A- A A+
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан хаагчдыг ажлаас нь түдгэлзүүлжээ/2009.09.07/
Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдлыг хянан шалгах ажлын явцад төрийн зарим байгууллагын албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлснийг тогтоож тэдгээр албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар тухайн албан хаагчийн харъяалах дээд байгууллага, удирдлагад нь хандаж албан тоот хүргүүлсэн талаар мэдээлж байсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад нэр бүхий зургаан албан хаагч нь хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн талаарх албан тоот хүргүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар хандсаны дагуу тэрхүү албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есдүгээр сарын 7-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн байна.

Тус байгууллагын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргадаг нийт 460 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан бөгөөд хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлж хууль зөрчсөн Байгал орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар, Байгал орчны хяналтын улсын байцаагч Ц.Нямдорж, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Хоролмаа, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Дуламрагчаа, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Чулуунчимэг нарыг Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасны дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн. Дээрх нэр бүхий таван албан хаагчийг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэх шийдвэр гаргасан талаараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн хариу мэдэгджээ. Нэг албан хаагч Улсын мэргэжлийн ерөнхий газарт шилжсэн тул хариуцлага тооцох боломжгүй тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хариу мэдэгдэлд дурьдсан байна. Иймээс уг албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай асуудлыг Авлигатай тэмцэх газраас Улсын мэргэжлийн хяналтын газарт дахин тавих юм.

Дашрамд дурьдахад, Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтнуудын нэрийг тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох удирдах дээд байгууллага, удирдлагаас ямар нэг хариу ирүүлсний дараа, мөн хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлээгүй тохиолдолд нийтэд зарладаг.